Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 150

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

             

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ядмаа хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Д.М-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч- овогт Д-ын М-д холбогдох 1810018300000 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд төрсөн, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, Геологийн төв лаборторид ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 00-ы 49-4 дүгээр байрны 000 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч- овогт Д-ын М-

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “00-” хотхоны 49-4 дүгээр байрны 00 тоотод гэртээ эхнэр Д.У-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.М-аас “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Д.У-ийн: “...би 2018 оны 07 дугаар сарын 31-ний орой манай нөхөр Д.М- нь гэртээ ирж хоноогүй юм. Ингээд чи уулзаж учраад байгаа Дөлгөөн гэх эмэгтэйгээс больдоггүй юм уу хүүхдүүдээ бодооч эсвэл чи яваад өгөөч гээд хэлэхэд гэнэт уурлаж босч ирээд миний зүүн нүдний орчимд 2-3 удаа цохиж би газарт ойчсон. Газар ойчиход миний цээжний аймхай орчимд нэг удаа өшиглөхөд би амьсгал авч чадахаа больсон. ...Намайг ганц нэг удаа Д.М- намайг цохиж байсан тохиолдол бий бөгөөд энэ удаагийнх шиг ингэж гэмтэл шарх учруулсан зүйл байхгүй байсан. Намайг Д.М- урьд ганц нэг удаа цохиход нь учирч байсан гэмтэл шарх байхгүй. Манай нөхөр Д.М- нь 2017 оны 9 дүгээр сарын эхлээд өөрийн ажлын газрынхаа Дөлгөөн гэх хүүхэнтэй уулзаж учирдаг болоод байгаа юм. Надад буудлаас гарч яваад баригдаж байсан тохиолдол бий. Манай нөхөр Д.М- бид хоёр хоорондоо маргалдаж муудалцдаг. Тухайн өдөр би “чи яагаад гэртээ хонохгүй байна. нөгөө хүүхэнтэйгээ явлаа, чи энэ байдлаа шийдвэрлэж нэг талдаа багтааж амьдралаа шийд эсвэл яваад зайлаад өг” гэтэл Д.М- гэнэт уурлаад намайг цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч Д.М-ын: “...2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай эхнэр Д.У- нь гэртээ нилээн халамцуу найзуудтайгаа ууж идсэн гээд орж ирсэн. Чи яв зайл гээд тэр хүүхэнтэйгээ яв гээд харааж загнасан. Би урьд өдөр нь гэртээ хоноогүй юм. Ингээд Д.У- над руу дайраад байхаар нь миний уур хүрээд нүүрэнд нь 3 удаа цохисон. Өөр Д.У-ийг цохиж зодсон зүйл байхгүй. ингэж цохиулчихаад Ууганчимэг нь ээж рүүгээ утсаар ярихад нь ээж Тунгалаг нь утсаар цагдаа руу хэлсэн байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

      Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №9459 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Д.М- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай эхнэр Д.У- нь гэртээ нилээн халамцуу найзуудтайгаа уусан гээд орж ирснийхээ дараа над руу “чи яв зайл, тэр хүүхэнтэйгээ яв” гээд харааж загнасан. Би урьд өдөр нь гэртээ хоноогүй юм. Ингээд Д.У- над руу дайраад байхаар нь би “унтаж амар согтуу байна” гэж хэлэхэд Д.У- над руу дайрч маргалдахаар нь миний уур хүрээд Д.У-ийн нүүрэнд 2 удаа цохичихсон. Би урьд өмнө эхнэр Д.У-ийг цохиж зодож байсан зүйл байхгүй. Би өөрийн хоёр хүүхдийг зодож цохиж байгаагүй. Тухайн өдөр манай хоёр хүүхэд байгаагүй бөгөөд эхнэр Ууганчимэг бид хоёр хоёулаа байсан.Би Дөлгөөн гэх эмэгтэйтэй уулздаг дотно харьцаатай байсныг манай ажлын хүмүүсээс эхнэр Д.У-т хэлсэн юм шиг байна лээ. Үүнийг мэдчихээд эхнэр Д.У- надтай хэрүүл маргаан хийдэг болсон. Энэ 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ч энэ асуудлаас болж над руу Ууганчимэг дайрч “чи яв, зайл, тэр хүүхэнтэйгээ яв” гээд харааж загнасан. Үүнээс болж маргаан үүссэн. Одоо би Дөлгөөн гэх хүүхэнтэй уулзахаа болиод ямар нэгэн харьцаа байхгүй болсон байгаа. Намайг Ууганчимэг цохиж зодсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 19 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 18, 42 дугаар хуудас/

-Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “00-” хотхоны 49/4 дүгээр байрны 47 тоотод гэртээ эхнэр Д.У-ийн нүүрэн тус газар цохиж зодож “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.У-ийн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №9459 дугаартай

  1. Д.У-ийн биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салст, дух, хамрын нуруу, эрүү, ооч, хүзүү, цээж, бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна\
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Д.М- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм. Шүүгдэгч Д.М- хохирогч Д.У- нар нь албан ёсны гэр бүлийн баталгаатай эхнэр, нөхөр болох нь хавтас хэргийн 21 дүгээр хуудас “Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ”-ээр нотлогдон тогтоогдож байна.

         Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн “хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.М- нь эхнэр Д.У-ийг зодож түүний биед биед зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салст, дух, хамрын нуруу, эрүү, ооч,хүзүү, цээж, бугалга, гуяны цус хуралт гэмтэл учруулсан үйлдэл нь дээрх хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт хамаарч байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Д.М- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Д.У- нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 48 дугаар хуудас/ байх тул Д.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.М- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Ч- овогт Д-ын М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.М-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.М-д мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ