Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1082

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.М-холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1331 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн эсэргүүцлээр Д.М-д холбогдох эрүүгийн 1810018360574 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д-ын М

 

Яллагдагч ь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Пийс таун” хотхоны 49 дүгээр байрны ..... тоотод буюу гэртээ эхнэр Д.У-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.М-нүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн, прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллагдагчаар татаж, ял сонсгон мэдүүлэг авсан атлаа, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 431 дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй, зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Д.М-ггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.У-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул эрүүгийн 1810018360574 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Яллагдагч Д.М-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох  хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 431 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хурлын тов зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн 1331 дугаартай захирамжийг хүлээн авч танилцахад, яллагдагч Д.М-холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн мэт байдлаар бичсэн бөгөөд тус хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгтэй танилцахад хэргийг хянан хэлэлцсэн хуралдаанаар огт хийгдээгүй яллах дүгнэлт уншсан, нотлох баримт шинжлэн судалсан, эрүүгийн хариуцлага, гэм буруугийн талаар санал хэлсэн гэх мэт процесс ажиллагаануудыг бичиж, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй тэмдэглэл, захирамж гарган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

 

 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1331 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.  

 

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр яллагдагч Д.М-холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд эсэргүүцэлд дурдсан зарим нөхцөл байдлуудын хүрээнд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”-ын 2.4-т “камерын бичлэгийг хэргийн оролцогч болон бусад этгээд хуулбарлан авах хүсэлтээ тухайн шүүхийн тамгын газрын даргад хандан шийдвэрлүүлнэ” гэжээ.

 

Прокурор шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлах хүсэлтийг тухайн шүүхийн тамгын газарт гаргаагүй мөртлөө дүрс бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл хоорондоо зөрүүтэй үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаар эсэргүүцэл гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх, эсэргүүцлийн үндэслэлийг тодруулах үүднээс анхан шатны шүүхийн Тамгын газраас хуралдааны дүрс бичлэгийг авч хянаж үзэхэд, анхан шатны хуралдаанд улсын яллагчийн зүгээс гаргаагүй дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлд оруулсан байх бөгөөд тус хуралдаанд оролцсон оролцогчдоос шүүгчийн асууж тодруулсан зүйлс огт тусгагдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл, хуралдааны үйл явцыг бэхжүүлсэн дүрс бичлэг хоорондоо эрс зөрүүтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримт шинжлэн судалж, гэм буруугийн хэлэлцүүлэг, эрүүгийн хариуцлагын дүгнэлт, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэрэг үйл явц явагдсан мэтээр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан “анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдож байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

Иймд  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1331 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.М-холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1331 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.М-холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцтэл Д.М-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ