Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 7

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                                Б.Батзориг

Шүүгчид                                         Я.Туул

                                                                              Д.Буянжаргал

Оролцогчид:

                         Улсын яллагч                                  П.Золзаяа

                         Ялтны өмгөөлөгч                            А.Хандмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сан овогт Доногдандарын Чулуунбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020118 дугаартай, 149/2016/00100/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, яс үндэс Халх, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Шарын голын 10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадвартай гэх, Урьд:

-1999 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялыг тэнсэн харгалзсан,

-2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 108 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тэнсэн суллагдсан, Сан овогт Доногдандарын Чулуунбаатар /РД:МЗ-67070612/.

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Чулуунбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замчдын 13 дугаар байрны 01 тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын хашаа байшинг 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим санаатайгаар галдан шатааж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Д.Чулуунбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 103 дугаартай шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сан овогт Доногдандарын Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

- Шүүгдэгч Сан овогт Доногдандарын Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунбаатарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар  “тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн тогтоолд “...Гэмт хэргийн улмаас иргэн Д.Баяртогтохын эзэмшлийн 13-01 тоот байшин биет байдлын бүрэн бүтэн байдал устаж үрэгдээгүй, байшинд учирсан хохирлыг засвар үйлчилгээгээр сэргээн засаж хэвийн байдалд орох боломжтой зэргээс үзэхэд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна...” гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т “энэ гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн бол” гэж нийтэд аюултай аргаар дээрх гэмт хэргийг үйлдсэнийг хүндрүүлэхээр хуульчилсныг шүүх бүрэлдэхүүн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн байна.

Гэрч Х.Дашмягмарын “...2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 22 цагт Улаанбаатар хотоос ирсэн...тэгтэл 23 цаг өнгөрч байхад манай төрийн банкны хойно байдаг Төмөр замын 13-01 тоот хашаанд гал гарч байхаар нь эхлээд хашаандаа хог шатааж байгаа юм байхдаа гэж бодоод ажиглаж байх зуураа Хаан банканд хамгаалагчаар ажиллаж байсан Баянбатад хэлэх санаатай хаалгыг нь тогшиж байгаад онгойлгоод дотогш ороод Баянбатад энэ хойд талын хашаанд гал гараад байна гэж хэлээд хоёулаа Хаан банкнаас гарч ирээд харахад модон амбаар нь шатаж байхаар нь Онцгой байдлын албанд гар утсаараа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Амгаланбаатарын “...Би 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 18 цагаас 2016 оны 05 дугаар сарын 22-ны 01 цагийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн...23:30 минутын орчим байхаа Соёмбо талбайн машины зогсоол дээр ойр орчмыг ажиглаж байтал Төмөр замын 13-01 тоот хашаанд гал түймэр гарч эхэлсэн. Тэр үед би Онцгой байдлын 70367101 тоот утсанд гал түймрийн талаар дуудлага өгч гал түймэр дээр биеэр явж очиход Д.Чулуунбаатар гэдэг хүн гал түймрийн хажууд явж байхаар нь дуудаж уулзахад “гал түймэр тавьсан хүнийг би мэднэ, би харсан” гэж яриад байсан. Тэгэхээр нь ойр орчмыг нь шалгаж үзэхэд Д.Чулуунбаатараас өөр ямар нэгэн хүн байгаагүй, гал түймэр гадаа амбаарт нь болон байшин дотор нь хоёр өөр хэсэгт асч байсан. Гадаа амбаараас дотогшоо түймэр дамжиж ороогүй байсан тэгэхээр хоёр өөр газарт түймэр тавьсан байсан. ...Д.Чулуунбаатартай уулзаж ярилцахад “гал түймрийг би тавьсан, Пүлцээкээгийн эхнэр Солонго бид хоёр уг нь суух гэж байсан чинь Пүлцээкээ Солонгоог надаас булааж суусан” гэж ярьсан, тэгээд та яагаад гал түймэр тавьж байгаа юм бэ гэж тэр үедээ асуухад “энэ байшин чинь Пүлцээкээгийн байшин учраас хорлоод гал түймэр тавьсан” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, Сэлэнгэ аймаг Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай №23 дугаартай акт “...гал түймэр үүсвэрлэн ассан цаг хугацаа, нөхцөл байдал, гал түймэр үүсвэрлэн ассан голомт, цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн холбогдох хүмүүсээс асуусан тэмдэглэл зэргийг харьцуулан шалгахад хүний үйл ажиллагаанаас санаатай галдан шатаасан байна” гэх дүгнэлт, гэрч Б.Батмөнхийн “...Төмөр замын 13-01 тоот гээд байгаа хашааны гаднах амбаарт маш хурдан гал гарч эхэлсэн. Би эхлээд барилгын хашаанаас гараад гал түймэр гарч байгаа газарт очиход Чулуунбаатар гэдэг мэдрэл муутай юм зогсож байсан, намайг хараад “энэ гудамжаар тэнэдэг хүмүүс түймэр тавьчихаад явчихлаа” гэж хэлэхээр нь би тэгвэл тэр хүмүүсээ цагдаад хэлээч гэж хэлсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцоно...” гэжээ.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Өмгөөлөгч миний хувьд сум дундын шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Д.Чулуунбаатарын үйлдсэн гэмт хэрэгт 5 жилийн хорих ял, 3 жилийн хорих ял оногдуулахад ял шийтгэл нь хүнддэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Шүүх бол үндэслэлгүйгээр өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж шийдээгүй байх. Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим байдаг. Мөн ял оногдуулах нийтлэг зарчим гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон этгээдэд ял оногдуулахад удирдлага болговол зохих хууль ёс, шударга ёсны зарчмуудыг баримталсан шүүгдэгч бүрд оногдуулсан ял тохирсон, ялгавартай байх шаардлагыг хангасан тэргүүний үзэл санааны цогц бүрдэл юм аа гэж тайлбарлажээ. Шүүх эдгээр зарчмуудыг удирдлага болгон хэргийг тал бүрээс нь дүгнэж, шүүгдэгчид тохирсон ял оногдуулсан байна. Түүнээс биш хуулиа буруу хэрэглээд л үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчлөөгүй ээ. Улсын яллагч бол заавал өөрсдийн нь оногдуулсан ялаа л оногдуулбал болно гэсэн өрөөсгөл бодолтой байна. Улсын яллагч нар ч мөн энэрэнгүй байх ёстой. Д.Чулуунбаатарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлээгүй, үйлдсэн боловч хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байна. Тухайн үед эд зүйл нь ор устаж үгүй болоогүй, түлээний амбаар бусад зүйлийг буцаагаад сэргээн засварлах боломжтой, засварласан байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Ялтан уг гэмт хэргийг үйлдэхдээ хувийн буюу өш хонзонгийн сэдэлттэйгээр үйлдэж,  нийтэд аюултай аргаар хохирогчийн хувийн эд хөрөнгөд халдсан юм.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Шүүх үндэслэлгүй шийдвэр гаргаагүй. Учир нь устгах гэдэгт өмч буюу эд хөрөнгө биет байдлаа бүрэн алдах, хэрэглэх ямар ч боломжгүй анхны шинжээ бүрэн алдах болон устаж алга болохыг хэлдэг. Гэтэл Д.Чулуунбаатарын үйлдсэн гэмт хэрэг дээр уг эд хөрөнгө бүр устаж, ор мөргүй алга болоогүй, бүрэн сэргээн засварлах боломжтой. Анхан шатны шүүх ингэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй...” гэв.

Тодорхойлох нь:

Д.Чулуунбаатар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Төмөр замчдын 13 дугаар байрны 01 тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын хашаа байшинг 2016 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим санаатайгаар галдан шатааж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 103 дугаартай шийтгэх тогтоолоор: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сан овогт Доногдандарын Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Сан овогт Доногдандарын Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэнд  гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Чулуунбаатарт оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Улсын яллагчийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот эсэргүүцлийн дагуу Д.Чулуунбаатарт холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг объектив талынх нь хувьд ...Энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол... гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх “...байшингийн гадна орших түлээний амбаарт юм хайж яваад хөнжлийн даавуунд гал авалцан шатсан, мөн чулуун байшинд байсан эд зүйл галд шатсан нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна, гэмт хэргийн улмаас ...байшин биет байдлын бүрэн бүтэн байдал устаж үрэгдээгүй, байшинд учирсан хохирлыг засвар үйлчилгээгээр сэргээн засаж хэвийн байдалд оруулах боломжтой зэргээс үзэхэд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна...” гэсэн ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сан овогт Доногдандарын Чулуунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж Эрүүгийн  хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хангах үндэслэлтэй байна. 

Иймд Улсын яллагчийн 2017 оны 01 дүгээр сарын 18 ны өдрийн 01 тоот эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн   2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2,317 дугаар зүйлийн 317.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Д.Чулуунбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай

 

                   ДАРГАЛАГЧ                                          Б.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                                        Я.ТУУЛ                                                                  

                                                                                Д.БУЯНЖАРГАЛ