Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 111/2018/0029/З |
Дугаар | 221/МА2019/0395 |
Огноо | 2019-07-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2019/0395
“Э Б Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гуравдагч этгээд “И м к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 111/ШШ2019/0008 дугаар шийдвэртэй, “Э Б Э С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 111/ШШ2019/0008 дугаар шийдвэрээр: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Б Э С” ХХК-ийн гаргасан “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг цуцалж хүчингүй болгох” тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Э Б Э С” ХХК-ийн захирал С.Ч давж заалдах гомдолдоо: “...Сангийн яам, Худалдан авах ажиллагааны газрын зөвшөөрөл бүхий сертификаттай иргэд ажилтнуудаас ажлын хэсэг бүрдүүлээгүй зэрэг зөрчилтэй байгаа юм. Үүний улмаас ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулахдаа зөвхөн энэ өдөр сонгон шалгаруулах ёстой, хуурамч зарим баримт бичгийг нягтлан шалгах бололцоогүй, хугацаагүй гэснээр холбогдох хуулийг ноцтой зөрчиж гуравдагч этгээдэд давуу эрх олгосон.
Тухайн аж ахуйн нэгж 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлөгчөөр нэг хүний бүрэлдэхүүнтэй бүртгүүлсэн бөгөөд тендерийн баримт бичигт 6 хүний шимтгэл төлдөг гэсэн тайлан ногдуулалт хуурамчаар бүрдүүлж өгсөн нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүртгэлээс нотлогдож байна.
Татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөлтийн тодорхойлолтыг ямар ч тендер сонгон шалгаруулалтад оролцож мэдүүлэхдээ бар код бүхий тайланг интернетээс авч мэдүүлэх хуулийн заалт журамтай байтал зөвхөн аймгийн татварын хэлтсийн даргын албан бичгээр оролцсон байдаг. Ажлын даалгаварт тухайн аж ахуйн нэгж нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн тогтмол төлөгч байх гэж заасан. Энэ нь сүүлийн 2 жил буюу үүний дотроос 6 сар тасралтгүй татвар шимтгэл төлөгч байж төлөгч гэсэн болзлыг хангадаг.
Ажлын хэсгийн гишүүдийг өөртэйгөө болон тухайн компанитай хамаарал бүхий гишүүдээр бүрдүүлж, сонгон шалгаруулалт явуулсан. Сумын Засаг дарга нууц гэрээ хийсэн бөгөөд үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд сонгон шалгаруулалтад нөлөөлсөн энэ үйлдэл нь ганц энэ удаа биш олон тендер сонгон шалгаруулалтын баримтаар нотолж байна. Бид Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар шат дараалан гомдол гаргасан боловч гомдлыг үл тоомсорлосон, нягтлан шалгаагүй нь дээрх хуульд зааснаар сумын Засаг дарга буюу захиалагч дахин магадлан шалгаж болно гэсэн заалтыг зөрчиж гэрээ байгуулан тус ажлыг яаравчилсан шалтгаан нь мөнгөн амлалт авсан гэж үзэж байна. “И м к” ХХК-ийн шүүхэд нэмэлтээр ирүүлсэн материалтай танилцахад илэрхий худал мэдээллийг ирүүлсэн байсан. Хамгийн илүү шаардлага хангасан гэж үзэх үндэслэл нотолгоо байхгүй байна.
Хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно гэж заасан атал сонгон шалгаруулах ажлын хэсгийн тэмдэглэлийн 3.4 дэх нүүрт тэмдэглэгдсэнээр ажлын хэсэг, үнэлгээний хорооны ахлагч гишүүд нь нэг компанид давуу эрх олгож, сонгон шалгаруулалтын үнэлгээнд оролцуулж, санал солилцож, амлалт авч өгч, асуулт асуусан нь тэмдэглэлд хөтлөгдсөн. Шүүх хуралдааны шийдвэрт хуралдаанд хэлэлцэгдээгүй асуудал болон Ц.Сэмжиддоржийн төлөөлөх эрхгүй, гомдол гаргах эрхгүй гэсэн шүүгчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны А/53 дугаар захирамжаар[1] байгуулсан “сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр[2] “И м к” ХХК, “Э Б Э С” ХХК, “Эх бүрэн” ХХК-уудын ирүүлсэн материалыг судлан сонгон шалгаруулалтыг явуулж, сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажлыг “И м к” ХХК-аар гүйцэтгүүлэхээр, тухайн сумын Засаг даргад тус компани шалгарсан тухай зөвлөмжийг гарган хүргүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э Б Э С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч тухайн маргааны төрлийг буруу тодорхойлж, уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар уг хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “босго үнэ” гэж бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгөөс хамааруулан тендер шалгаруулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулахад баримтлах үнийн дээд, эсхүл доод хязгаарыг;” хэлнэ гэж заажээ.
Баянхонгор аймгийн Засаг даргын сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажлын хэсэг байгуулж, гуравдагч этгээдийг сонгон шалгаруулсан ч уг сонгон шалгаруулалтад төсөвт өртөг тусгагдаагүй, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө гарахааргүй байгаа нь тус ажил гүйцэтгэх аж ахуйн нэгж, компанийг сонгох ажлын даалгавраар[3], ажил гүйцэтгэх 2018/09/18/01 дүгээр гэрээ[4], хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул энэ маргаанд дээрх хууль хэрэглэгдэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” талаарх нэхэмжлэлийн үндэслэл, давж заалдах гомдлыг хүлээн авахааргүй байна.
Баянхонгор аймгийн Засаг дарга хариуцагчид 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1а/631 дүгээр албан бичгээр[5] “...Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 138 дугаар заалт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 125 дахь заалтад Хүрээмарал сумыг инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбохоор тусгасан. ...Нээлттэй тендер шалгаруулахад Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс арга зүйн туслалцаа авч ажиллахыг зөвлөж байна” гэх зөвлөмжийг хүргүүлжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 29.1.4-д “дэд бүтцийн талаар:”, а-д “харьяалах нутаг дэвсгэрийнхээ болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын, түүнчлэн бүс нутгийн чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгэм-соёлын зориулалттай барилга байгууламж барьж байгуулахад орон нутгийн болон хувийн хөрөнгө оруулалт хийх ажлыг дэмжиж, зохион байгуулах;” гэж тус тус заасны дагуу хариуцагч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын цэвэр ус, халаалтын нэгдсэн сүлжээний ажил гүйцэтгэгчийг сонгохдоо шууд гэрээ байгуулахгүйгээр сонгон шалгаруулалт явуулж, гуравдагч этгээдийг шалгаруулан, ажил гүйцэтгэх 2018/09/18/01 дүгээр гэрээг байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд захиргааны хэргийн шүүх нь тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн тохиолдолд сэргээж шийдвэрлэх учиртай.
Гэтэл нэхэмжлэгчийн ирүүлсэн гэх баримтууд нь ажлын даалгаврын 1.1, 1.2, 1.4, 5, 7, 8, 9, 10-т заасан шаардлагыг хангаагүй, зарим нь тодорхойгүй гэж үнэлгээний хороо үзсэн бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд “...уг сонгон шалгаруулалтыг нэхэмжлэгч авна гээгүй. Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь дараа дараагийн сонгон шалгаруулалт хуульд заасны дагуу явагддаг байгаасай гэж үзсэний үндсэн дээр гаргасан” гэж тайлбарлаж байх тул шүүхээс “Э Б Э С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан ч түүний зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхээргүй байна.
“Э Б Э С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “...Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт ...г хүчингүй болгуулах” гэж тодорхойлсонтой холбогдуулан анхан шатны шүүх Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын А/53 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг хариуцагчаар татах ажиллагааг хийгээгүй нь буруу боловч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохооргүй байх тул анхан шатны шүүх цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-54 хуудас
[2] Хавтаст хэрэг 1-65 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-61 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-7 хуудас
[5] Хавтаст хэрэг 1-53 хуудас