Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0215/з |
Дугаар | 001/ХТ2016/0068 |
Огноо | 2016-03-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2016/0068
“Централ-Эшиа майнинг” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дүгээр магадлалтай, “Централ-Эшиа майнинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Централ-Эшиа майнинг” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Централ-Эшиа майнинг” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь Улаан чулууны нэртэй талбайд 5372Х тоот тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч бөгөөд их хэмжээний зардал гаргаж тус хайгуулын талбайд барилгын өрлөг шавардлага элс болон хайрганы элсний ордуудыг нээж илрүүлсэн юм. Гэтэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга “Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу 2010 оны хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй” гэх үндэслэл бүхий 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 дугаар шийдвэрээр 5372Х тоот тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалсан юм. Бид өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандахад, шүүхээс 2012 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 257 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн бүртгэж, тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг гаргасан.
Ийнхүү бид хайгуулын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, ажлын үр дүнгийн тайланг бэлтгэж, 2012 оны 11 дүгээр сараас 02-ны өдрөөс эхлэн шинжээч томилуулах, тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх болон Мэргэжлийн зөвлөл хуралдах хүртэлх хугацаанд бидний тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгах хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүнтэй холбогдуулан Кадастрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Чинбаатар 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 6-54 тоот албан бичгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тайланг батлах хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх боломжтой талаар мэдэгдсэн. Улмаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж ХХ-04-14 тоот дүгнэлт гаргасан. Ингээд бид 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа явуулах болон ХХ-04-14 тоот дүгнэлтэд заасан нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан ч тус газраас үндэслэлгүйгээр татгалзсаар ирсэн юм. Ийнхүү бид өөрсдийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд дахин хандаж, шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 502 тоот шийдвэрээр дээрх нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэх тухай шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газарт даалгасан.
Энэхүү шийдвэрийн дагуу тус агентлагийн даргын 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 504 тоот шийдвэрээр нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэсэн. Энэ үед бид Геологи, уул уурхайн хэлтэс, Кадастрын хэлтэст Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Үүний дагуу Ашигт малтмалын газраас холбогдох шийдвэр гарч Кадастрын хэлтсээс 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 6-560 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл нь ашиглалтын өмнөх гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд хүчинтэй байх тухай мэдэгдсний дагуу Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээний төслийг 3 хувь үйлдэн баталж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тус газарт хүргүүлсэн.
Ингээд Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны 2014/09/18 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, тусгай зөвшөөрлийн хавсралт дээр бичилт хийж, вебсайт дээрээ энэ талаарх мэдээллийг байрлуулсан. Гэтэл Уул, уурхайн хэлтсийн дарга С.Баттулга 2014 оны 3 дугаар 05-ны өдөр 5-911 тоот албан бичгээр “ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах үндэслэл тодорхойгүй байна”, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5-4614 тоот албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 23 дугаар зүйл хүчин төгөлдөр бус болсон тул ... хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хянан шийдвэрлэгдэж дуусаагүй танай эзэмшлийн 5372Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болсныг” тус тус мэдэгдэж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлийг хүчинтэй хугацаа дууссан талаарх мэдээллийг өөрийн вебсайт дээрээ байршуулсан.
Бид нэг агентлагийн 2 хэлтэс дээрх байдлаар өөр хоорондоо харилцан уялдаагүй ажиллаж, эсрэг шийдвэр гаргаж буй дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/05 тоот болон 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/06 тоот албан бичгээр тус газрын дарга Д.Үүрийнтуяад гомдол гаргасан. Үүний хариуд Кадастрын хэлтсийн даргаас 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6-5606 тоот албан бичгээр Даргын зөвлөлийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээр “талбайн сонирхсон хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж, үлдсэн талбайн хугацааг сунгах боломжтой байдлаар” бидний хүсэлтийг шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. Үүний дагуу бид хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн хандахад Кадастрын хэлтсийн онлайн бүртгэл болон зураг зүйн бүртгэлд 5372Х тоот тусгай зөвшөөрлийн мэдээлэл, бүртгэл байхгүй байсан.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэр болон Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг буцаан сэргээхдээ энэ талаарх мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хожим ийнхүү илэрсэн юм. Бид 2014 оны 12 дугаар сарын 23 болон 30-ны өдөр, 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулах болон тусгай зөвшөөрлийг сэргээх хүсэлтийг удаа дараа гаргасан. Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/1104 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.
Эдгээрээс үзэхэд Ашигт малтмалын газар нь бидний эзэмшлийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцалж, захиргааны хэргийн шүүхээс тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр шийдвэрлэж, холбогдох актыг гаргах хүртэл 9 сар, хайгуулын ажлын үр дүнд илэрсэн нөөцийг улсын нөөцийн нэгдсэн санд бүртгэхээс хууль бусаар татгалзаж, шүүхийн байгууллагаас зохих бүртгэл хийхийг даалгах шийдвэр гаргах хүртэл 10 сар, нийтдээ 19 сарын хугацааг алдаж, хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох хүсэлт гаргах үед холбогдох мэдээллийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд оруулаагүй зэрэг гэм буруутай үйл ажиллагаа явуулсан.
Түүнчлэн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны шийдвэр гарч, үүний дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сунгаж, тус газраас ирүүлсэн 3 хувь гэрээний төслийг баталж явуулсаар байхад санаатайгаар хугацаа хожиж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээс хууль бусаар татгалзаад байна. Иймд ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмалын газарт даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.
Ашигт малтмалын газраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэр, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрийн тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд өөрчлөлт оруулах хэсгийг цаг тухайд нь биелүүлээгүй буруутай үйл ажиллагаанаас болж хугацаа алдан, энэ нь эргээд манай байгууллагын эрх ашгийг хохироож байгаа тул бид гуравдагч этгээдтэй Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан эрх ашгаа хамгаалахаар ажиллаж байна. Хэрэв Ашигт малтмалын газар дээрх шийдвэрүүдийг цаг тухайд нь биелүүлэн ажилласан бол уг асуудал дахин шүүхээр шийдвэрлэгдэх хэмжээнд хүртлээ даамжрах үндэсгүй байсан бөгөөд мөн манай байгууллага зардал гаргаж мэргэжлийн туслалцаа үйлчилгээ авах хэрэгцээ, шаардлага үүсэхгүй байсан тул бид уг үйлчилгээнд төлж буй үнийн дүн болох 35 сая төгрөгийг хохирол хэмээн үзэж, үүнээс урьдчилгаа төлбөрт гэрээний дагуу төлсөн 28 сая төгрөгийг хариуцагч байгууллагаар нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа тул 35,000,0000 төгрөгийн хохирлыг гаргуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн (хуучнаар) 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэрийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын (хуучнаар) 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр “Централ-эшиа майнинг” ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу” нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 13 минутад кадастрын системд тус хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин бүртгэсэн байна.
2. Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст “Централ-эшиа майнинг” ХХК-ийн ирүүлсэн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахыг хүссэн хүсэлтийг хүлээн аваад тус хэлтсийн дарга С.Баттулга 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 5-911 тоот албан бичгээр “...Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлт гаргасан үндэслэл тодорхойгүй байна” гэсэн хариуг өгсөн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно” мөн 53.1.1 дэх заалтад “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасны дагуу “Централ-эшиа майнинг” ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт байрлах “Улаан чулууны нуруу” нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа 2014 онд дуусгавар болсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болсон “Централ-эшиа майнинг” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх, сунгах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 257 дугаартай шийдвэрийг биелүүлж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр “Централ-Эшиа майнинг” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 5372Х тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг Кадастрын зураг зүйн болон тусгай зөвшөөрлийн бүртгэлд 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн болох нь уг бүртгэлийн системийн дэлгэрэнгүй мэдээллийн хуулбараар нотлогдож байхад цаг тухайд нь бүртгээгүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Уг тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэсэн 2012 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох бүртгэл хийгдсэн 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хооронд 2 жил 2 сарын хугацаанд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж ажиллаагүй болох нь өмнө нь өгсөн хариу тайлбарт дурдсан баримтуудаар нотлогдож байна. Хэдийгээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн тухайн тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний 502 дугаартай шийдвэрийг төрийн захиргааны байгууллага биелүүлж “Централ-Эшиа майнинг” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 5372Х дугаартай тусгай зөвшөөрлийн нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснээс хойш нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хууль (тухайн үед мөрдөгдөж байсан заалтын дагуу)-ийн 23 дугаар зүйлд заасан Ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсэн боловч уг заалтын дагуу тавигдах шаардлагуудыг хангаагүй байснаас гэрээ байгуулагдаагүй байна. Кадастрын хэлтэс нь дээрх шүүхийн шийдвэрийг цаг тухайд нь бүртгэж ажилласан болон тусгай зөвшөөрөл дуусгавар болохоос өмнө хуульд заасан үүргээ биелүүлж ажиллах оролдлого хийгээгүйгээс нэхэмжлэгчид өөрт нь хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул манай байгууллагаас 35 сая төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн /2006 оны/ 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3, 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Централ-Эшиа майнинг” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 5372Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг хариуцагч Ашигт малтмалын газарт даалгаж, 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 угаар 70.4, 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газраас манай байгууллагад учруулсан 35 сая төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзсан байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дүгээр дээрх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ашигт малтмалын газраас байгууллагад учруулсан 35 сая төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыгт хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч Ашигт малтмалын газраас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт байрлах "Улаан чулууны нуруу" нэртэй 14744.19 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон бөгөөд 9 жилийн хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2012 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болох байжээ. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1027 тоот шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрөл нь 9 дэх жилийн хугацаа нь дуусгавар болохоосоо 3 сарын өмнө цуцлагдсан байна.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн / хуучнаар / 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот шийдвэрийг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучнаар / 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 553 тоот шийдвэрээр 'Централ-эшиа майнинг" ХХК-ийн эзэмшиж байсан Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт байрлах "Улаан чулууны нуруу" нэртэй 14744.19 гаталбай бүхий ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 13 минутад кадастрын системд тус хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин бүртгэсэн байна. Дээрх үйл баримтаас харахад шүүхийн "Ашигт малтмалын хуулиар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх 9 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар 5372Х тусгай зөвшөөрлийг бүрэн эзэмшээгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл "Централ-эшиа майнинг" ХХК нь ашигт малтмалын хайгуулын 5372 тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 10 жил 7 сар 14 хоног угтусгай зөвшөөрлийг эзэмшсэн байна.
"Централ Эшиа майнинг" ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргаж өгч байгаагүй бөгөөд уг асуудлаар хавтаст хэргийн материалд ямар ч нотлох баримт бүрдүүлээгүй "Централ Эшиа майнинг" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар дуусгавар болгосныг хууль бус болохыг тогтоосон нотлох баримт хавтаст хэргийн материалд байхгүй.
Нэхэмжлэгч тал төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргаагүй байхад шүүх шийдвэртээ "... захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй нь дээр байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ... нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь нотлох баримт, хэргийн оролцогч нарын мэтэлцээнд үндэслээгүй шүүх өөрийнхөө шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 54 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүхүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, ойлгох, үнэлэх журмыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Централ Эшиа майнинг” ХХК-аас “ашигт малтмалын хайгуулын 5372Х тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, хугацааг сунгахыг Ашигт малтмалын газарт даалгах, тус байгууллагаас учруулсан 35 сая төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д “...хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д[1] “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 9 жил байна.
Ашигт малтмалын газраас 5372Х хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2003 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Хүрзэт” ХХК-д олгосноос хойш 2 удаа сунгасны дараа 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “Централ Эшиа майнинг” ХХК-д шилжүүлж, дээрх хуульд заасан хугацаа дуусахаас 3 сарын өмнө буюу 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1027 дугаар шийдвэрээр уг хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 553 дугаар шийдвэрээр сэргээж, улмаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгожээ.
“Централ Эшиа майнинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газрын даргын 504 дүгээр тушаалын дагуу 5372Х хайгуулын талбайд хийсэн нөөцийг хүлээн авч бүртгэсэн, уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах зорилгоор нэхэмжлэгч ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах асуудлаар хариуцагч байгууллагад удаа дараа хандаж байсан ч хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй болох нь гэрчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Харин нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж, хугацааг сунгах” гэсэн атлаа “хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж, хариуцагчаас “хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2014 онд дуусгавар болсон учир тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, сунгах үндэслэлгүй” гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой үйл баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Хэдийгээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулахтай холбоотой харилцааг зохицуулж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонтой холбогдуулан хариуцагчаас “...хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хянан шийдвэрлэгдэж дуусаагүй 5372Х тоот тусгай зөвшөөрлийн талбайд гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа боловч мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах эрхээс гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх хуулиар олгогдсон байна.
Тухайн тохиолдолд нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан эсэх, хэрэв өргөдөл гаргаж байсан бол захиргааны байгууллага өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралтай байх тул энэ талаарх баримтуудыг хэрэгт авах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан холбогдох нотлох баримтуудыг цугуулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 749 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
[1] Тухайн үед үйлчилж байсан буюу 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнөх хууль