Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00418

 

Ш.П*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00036 дугаар шийдвэртэй,

Ш.П*******гийн нэхэмжлэлтэй, М*******д холбогдох

М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаартай тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.П*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. М*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б/12 дугаар тушаалаар намайг Оюутны хөгжлийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн захирлын Б/205 дугаар тушаалаар тус албаны даргаар тус тус томилсон. Тус сургуульд ажиллах хугацаанд сахилгын болон ёс зүйн хариуцлага алдаж шийтгүүлж байгаагүй, харин төрийн хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэн мөрдөн хариуцсан ажилдаа эзэн байх, шуурхай, чанартай үйлчилгээг хүргэх, бусдад үлгэрлэхийг эрхэм болгосон.

1.2. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр М*******ийн Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.А*******, мэргэжилтэн П.О******* нараас надад холбогдуулан БШУ-ны сайд болон сургуулийн Ёс зүйн хороо, Чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний албанд тус тус өргөдөл гаргасны дагуу Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар намайг МУБИС-ийн ёс зүйн дүрмийн 2.1.16-д заасан зөрчил гэх үндэслэлээр 01 дугаартай дүгнэлт гаргасан.

Уг дүгнэлтийг үндэслэн сургуулийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаарта тушаал гарч, уг тушаалыг надад танилцуулан албан тушаал бууруулсан. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих үйл ажиллагааг удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтнуудтай зүй бусаар харилцдаг гэх үйлдэл нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж дурдсан. Гэтэл Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.А*******, мэргэжилтэн П.О******* нарын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус хороонд гаргасан өргөдөлд дурдагдсан асуудлууд бодит байдал дээр болоогүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, намайг бусдад гүтгэгдсэнийг ойлгосон зарим гишүүд уг дүгнэлтэд гарын үсэг зураагүй. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд баримталсан хууль, дүрэм, гэрээний зохицуулалт нь миний гаргасан гэх сахилгын зөрчил буюу албан тушаал бууруулсан үндэслэлтэй тохироогүй, хуульд нийцээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх бөгөөд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан. Гэвч захирлын тушаалаар надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах ажиллагаа явагдаж байх үед зөрчил гаргаагүй болохыг нотлох баримтыг хуралдаанд би өөрөө гаргаж өгсөн ч Ёс зүйн хорооны гишүүн хүлээн аваагүй, өргөдөл гаргасан Т.А*******, мэргэжилтэн П.О******* нартай зүй бус харилцдаггүй, нас, эрхэлсэн ажлыг хүндэтгэж харьцдаг байсан нь тэдгээр иргэдтэй харилцсан зурвас, ажлын харилцаанд хэрэглэгддэг и-мэйл, зурвас зэрэг бичгийн баримтаар тогтоогддог. Хэрэгт ач холбогдол бүхий тухайн баримтыг хорооны хуралдаанд нотлох баримтаар хүлээн авч дүгнээгүй атлаа дүгнэлт нь нэг талын гүтгэлгийн шинжтэй аман яриагаар гарсан.

1.3. Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн Ёс зүйн хороонд Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.А*******, мэргэжилтэн П.О******* нарт холбогдуулан өргөдөл гаргасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ёс зүйн хорооны хуралдаанаар Т.А*******, мэргэжилтэн П.О******* нарт сахилгын шийтгэл оногдуулсан. Эдгээр иргэдэд сахилгын шийтгэл оногдуулах болсон гол баримт нь надад холбогдох 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд өөрийгөө буруугүйг нотлох зорилгоор гаргаж өгсөн баримтууд байсан. Намайг гүтгэж өргөдөл гаргасан нь Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон тул надад сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын үндэслэл шууд үгүйсгэгдэж байна.

Учир нь захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар намайг Оюутны хөгжлийн албаны даргаар томилсноос хойш Т.А*******, П.О******* нарын надтай харилцах харилцаа, хандлага эрс өөрчлөгдөж намайг гадуурхах, доромжлох, гүтгэх үйлдлийг шат дараатайгаар хэрэгжүүлэн 21,000 орчим дагагчтай фэйсбүүк хуудаст оруулсан зураг, постын сэтгэгдэл бичих хэсэгт илтэд доромжилсон шинж агуулсан сэтгэгдлийг удаа дараа үлдээсэн, өөрийн цахим хуудсанд блок хийсэн боловч уурлаж, бухимдсан, айлган сүрдүүлсэн утга бүхий зурвасыг маш ихээр илгээж байсан. Би ажлын байранд маш их дарамтад өртөж байгаа талаараа сургуулийн удирдлагуудад мэдэгдсэн боловч учир, ялгааг ойлгож дүгнэж чадаагүй.

Иймд М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

М*******ийн Оюутны хөгжлийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, оюутны хөгжлийн арга зүйч нараас Ёс зүйн хороонд хандан Оюутны хөгжлийн албаны дарга Ш.П*******д холбогдуулан өргөдөл гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Ш.П*******гийн талаар хувийн харилцааны доголдолтой, ёс зүйгүй, ялгаварлан гадуурхаж, дарамталдаг байдал хэрээс хэтэрсэн гэсэн гомдлыг цугларсан баримт, материалын хүрээнд хэлэлцээд уг үйлдлийг тогтоох баримт, материал оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж 01 тоот дүгнэлтийг гаргасан.

Мөн Оюутны хөгжлийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, оюутны хөгжлийн арга зүйч нараас М*******ийн захиргаанд хандан Оюутны хөгжлийн албаны дарга Ш.П*******д холбогдуулан өргөдөл гаргасныг өөрийн чиг үүргийн хүрээнд шалгаж, эргэн судалж, танилцуулахыг Чанарын баталгаажилт, хяналт, үнэлгээний албанд даалгаж өргөдлийг шилжүүлсэн. Чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний алба нь тухайн өргөдөлд дурдсан асуудлаар холбогдох ажилтнуудтай дуудан уулзаж, тайлбар, тодруулгыг авч түүнийгээ баримтжуулсан. Уг тайлбар, тодруулгаар Оюутны хөгжлийн албаны дарга Ш.П******* нь өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудаа зүй бус үг хэллэгээр доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах, сэтгэл зүйн дарамт үзүүлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэсэн болох нь тогтоогдож, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул Ш.П*******гийн гаргасан уг үйлдийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Иймд Ш.П*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухайн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар Ш.П*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, үлдсэн урд эрхэлж байсан М*******ийн Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.П*******гийн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаалаар надад албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, мөн өдөр Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр томилсон. Би 2023 оны 11 дүгээр сард ээлжийн амралтын дутуу 5 хоног, эрүүл мэндийн шалтгааны улмаас 15 хоногийн чөлөөтэй байж байгаад 2023 оны 12 дугаар сард ажилдаа ороход сургуулийн удирдах зөвлөлийн 08 тоот тогтоолоор бүтцийн өөрчлөлт оруулаад миний томилсон ахлах мэргэжилтний орон тоо байхгүй болсон. Би ажиллах, хөдөлмөр эрхлэх хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гарахыг хүлээх, шүүхийн шийдвэрээр миний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

4.2. Намайг ажиллуулахаар томилсон ахлах мэргэжилтний орон тоо бүтцийн өөрчлөлтөд орж байхгүй болсноос хойш ямар нэгэн ажлын байраар хангаагүй. Шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосноор миний бие 2022 оны 12 дугаар сараас өнөөг хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгал тасарч, цалин хөлсгүй хохирч байна. Хариуцагч нь Ш.П*******г Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаас тушаалыг хүчингүй болгох шаардлагыг биелүүлсэн учир тухайн асуудлаар гомдол гаргаагүй.

Иймд шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2022 оны 10 дугаар сарыи 31-ны одрийн Б/299 дугаар тушаалаар Ш.П*******г Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр томилж албан тушаалыг бууруулж байгаа үйлдэл нь бодит байдал дээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 08 тоот МУБИС-ийн бүтэц, захиргааны орон тоог шинэчлэн тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар бүтцийг, 2 дугаар хавсралтаар ажилчдын орон тоог тус тус баталсан. Хоёрдугаар хавсралтад заасан албан тушаалд ахлах мэргэжилтэн гэх орон тоо байхгүй болж зөвхөн мэргэжилтэн орон тоог үлдээж уг орон тоонд Т.Ариужинг томилсон. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаалын дагуу албан тушаал бууруулсан буюу Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр нэхэмжлэгч нь ажиллах гэсэн ч бодит байдал уг орон тоо байхгүй болсон. Шинэ бүтэц орон тоог баталсны дараа уг орон тоонд нийцүүлж Ш.П*******г Хөдөлмөрийн тухай хуулийы 43 дугаар зүйлийн 43.2.6-т заасан ажилтныг ажлаар хангах, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах үүргээ ажил олгогч биелүүлээгүй, шүүхээр асуудал шийдэгдэх хүртэл ахлах мэргэжилтний ажлын байранд ажиллаж байх хүсэлтээ ажил олгогчид нэхэмжлэгч нь мэйлээр, биеэр уулзаж, бичгээр тус тус илэрхийлж уулзахад боломжгүй шүүхийн шийдвэр харна гэх хариуг өгч буруулсан ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллуулаагүй, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

5.2. Ёс зүйн хороо 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг гаргаж, Ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т сануулах, уучлал гуйх, амлалт өгөхийг үүрэг болгох 2 шийдвэрийн аль нэгийг гаргаж, ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд хороо нь хариуцлага оногдуулахаар зохицуулсан байх ба Ёс зүйн хорооны шийдвэр нь ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэл болохгүй байхаар дотоод хэм хэмжээндээ тусгасан байхад ажил олгогч нь уг дотоод хэм хэмжээг зөрчин өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах тушаал гаргасан үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаартай Ш.П*******г албан тушаал бууруулсан тушаалыг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүчингүй болгосон хэдий ч тушаалаас үүдэлтэй ажилтанд учирсан хохиролд цалинг гаргуулаагүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгып шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгыи зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-г заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх хуулийг зөрчсөн ажил олгогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т зааснаар ажилтаны цалин хөлсийг олгох үүрэгтэй. Ёс зүйн хороо нь бичгийн нотлох баримт болон бусад байдлаар нотлогдоогүй асуудлаар эргэлзээтэй дүгнэлтийг Ш.П*******гийн тухайд гаргасан. Тухайлбал өргөдөл гаргагч Т.А*******, П.О******* нарын өргөдөл дурдагдсаныг асуудлын нэгэн ч нотлогдоогүй. Ёс зүйн хороонд Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.А*******, мэргэжилтэн П.О******* нарт холбогдуулан өргөдөл гаргасны дагуу 2022 оны 10 сарын 23-ны хуралдаанаар Т.А*******, мэргэжилтэн П.О******* нарыг Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.11, 2.1.12, 2.1.14 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоож, сануулах хариуцлага хүлээлгэсэн.

Ш.П*******гийн тухайд Ёс зүйн хороо нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 гоот дүгнэлтийг гаргаж, Ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу Ёс зүйн хороо нь сануулах, уучлал гуйх, амлалт өгөхийг үүрэг болгох чиг үүрэгт хамааралгүй асуудлаар Ш.П*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үл ялгаварлан гадуурхах суурь зарчим, ажилтны үндсэн эрхийг зөрчсөн. Мөн нэгж бүтцийн шийдвэр, дүгнэлт үнэн зөв эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэх, тайлбар авах, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзахыг ажил олгогчид хуулиар үүрэг болгосон учир ажил олгогч хариуцлагыг хүлээх учиртай.

Иймд шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах байдлаар өөрчлөлт оруулж өгмө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

6.1. Ш.П******* нь өнөөдрийн байдлаар М*******ийн оюутны хөгжлийн менежерийн албан тушаалд томилогдсон. Учир нь М*******ийн захирал, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд нартай тохиролцож, уг албан тушаалд томилогдсон. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ш.П*******г ажилд томилсон зүйл байхгүй.

6.2. Анхан шатны шүүхийн шүүгч нь танилцуулан сонсгосноос өөр шүүхийн шийдвэр гаргасан. Шүүгч шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа тушаалыг хүчингүй болгох үндэслэл нь ажилтныг тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж тайлбарласан. Гэвч Ш.П*******г урьд эрхэлж байсан ажилдаа орох нь зүйтэй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд томилно гэх шийдвэр гараагүй, мөн танилцуулан сонсгосноос өөр шийдвэр гаргасан.

6.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ш.П******* ажилдаа ирж байсан гэх тайлбарыг гаргаж байна. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар Ш.П*******д сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулсан. Тухайн үеэс хойш 20 гаруй хоног Ш.П******* чөлөөтэй байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр чөлөөний хугацаа дууссан. 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ш.П******* ажилдаа ирээгүй бөгөөд ахлах мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаагүй. Хариуцагчийн зүгээс Ш.П*******г хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, ахлах мэргэжилтний ажил үүргээ хийж гүйцэтгэхийг сануулсан албан бичгийг нэхэмжлэгчийн оршин суугаа хаягт шуудан болон имейл хаягаар хүргүүлсэн. Уг баримтуудыг нотлох баримтаар хэргийн материалд хавсаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс би олон удаа очиж уулзаж байсан гэх тайлбарыг гаргадаг боловч нотлогддоггүй. Монгол улсын боловсролын их сургуульд хандаж, бичгээр гаргасан тайлбар, хүсэлт байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс бүтцээр орон тоо алга болсон гэж тайлбарладаг. Ш.П******* нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орох ёстой байсан. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тушаал гарснаас хойш ахлах мэргэжилтний орон тоо байсан. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолоор бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулсан. Уг тогтоол гарснаар тухайн орон тоо алга болох боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30-аас дээш хоногийн дотор ажилтанд мэдэгдэж, ажилтныг тухайн ажлаас чөлөөлөх ёстой. Ш.П******* нь тухайн үед ажилдаа ирж, хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллаж байсан тохиолдолд уг бүтэц орон тоонд хамрагдаж, өөр ажлын байранд шилжих бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа ажил олгогчийг буруутгасан нь үндэслэлгүй.

6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.4-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлтэй байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар Ш.П*******г ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Ш.П*******гийн албан тушаалыг бууруулж, сахилгын шийтгэл оногдуулсан нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-т зааснаар шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах үүргээ биелүүлээгүй. М*******ийн А байрны 1 давхрын нэг өрөөг Ш.П******* түгжиж 1 жил, 2 сарын хугацаа өнгөрсөн. Ш.П*******гээс болж М*******ийн 1 өрөөг цоожилж ашиглаж болохгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагчийн зүгээс тухайн өрөөг ямар нэгэн байдлаар эвдэж орох боломжгүй байсан. Тухайн газарт Ш.П*******гийн өмнө нь ашиглаж байсан бүх тоног төхөөрөмж байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол гаргуулах гэж тайлбарладаг. Гэвч хохирол гаргуулах гэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар зүйл, заалт үндэслэлээр шаардсан нь тодорхойгүй байна.

Мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгоно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч Ш.П*******г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй бөгөөд тухайн газарт үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүйгээс болж, учирсан хохирлыг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүйн хорооны дүгнэлтэд холбогдуулан гомдол гаргасан зүйл байхгүй. Тухайн байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч Ш.П******* ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан учраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нь үндэслэлгүй байна гэжээ.

7. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах ажил олгогчийн эрхийг буруу тайлбарлан, ёс зүйн хариуцлага, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар үндэслэлгүй дүгнэсэн. М*******ийн багш, ажилтан нь Ёс зүйн дүрмээр тогтоосон ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг тул ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг Ёс зүйн хороо хэлэлцэн шийдвэрлэж дүгнэлт гаргадаг. Ёс зүйн хорооны үйл ажиллагаанд М*******ийн удирдах албан тушаалтнаас гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлдөггүй, хараат бус байдлаар шийдвэр гаргадаг. Ёс зүйн хариуцлага нь ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэн тухайн багш, ажилтныг боловсролын байгууллагын албан хаагчийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд ногдуулж буй хариуцлага бөгөөд ёс зүйн хариуцлага ногдуулах эсэх нь Ёс зүйн хорооны бүрэн эрхийн асуудал. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл бол Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод хэм хэмжээ зөрчсөн ажилтанд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажил олгогчоос ногдуулж буй хөдөлмөрийн сахилгын шийтгэл юм.

Гэтэл анхан шатны шүүх Ёс зүйн хорооны дүгнэлтэд гомдол гаргаагүй гэж зөв дүгнэсэн атлаа Ёс зүйн хороо нь нэхэмжлэгч Ш.П*******д ёс зүйн дүрэмд зааснаас өөр дүгнэлт ногдуулсан буюу Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн сахилгын хариуцлага нь тухайн ажилтны сахилгын зөрчилд ногдуулж буй хариуцлага юм. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах журмыг бүрэн баримталсан буюу Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр дүгнэлт болон хөдөлмөрийн гэрээний 2.7, 3.1 дэх заалт, дотоод журмын 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргах үндэслэлийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр танилцуулан, тайлбар авч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаалаар албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4, 123.3, 123.4-т заасантай бүрэн нийцэж байх ба хуульд заасан журмыг зөрчөөгүй. Иймээс шүүх хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн үндэслэлгүй ба харин ч уг заалтад байх Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу тухайн асуудлыг хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн.

7.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр МУБИС-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаад комиссын шийдвэр гараагүй байхад тухайн өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд тус тус хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-т Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана гэж зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдлтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлнэ гэснийг зөрчин хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

7.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сард МУБИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхээр шүүхэд хандсан. Харин шүүх 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь урьд өмнө нь ажиллаж байсан албан тушаалдаа эргүүлэн тогтоолгоё гэдэг нь тушаалыг хүчингүй болгуулья гэдэг шаардлагаа тодотгож зөвтгөж гаргасан. Шинэ бие даасан шаардлага биш МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эргүүлэн томил гээд байна. Эргүүлэн томилно гэдэг нь албан тушаалаас нь сахилгын шийтгэл ногдуулаад бууруулсан тушаалыг зөвшөөрөхгүйгээр хуучинд нь эргүүлэн томил гэх агуулгаараа тодруулсан.

Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр нэмэгдүүлсэн зүйл байхгүй гэж тайлбарласан. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан гэж ойлгох уу гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч жинхэнэ хүсэл санаа нь тийм юм, бичилтийн хэлбэрээр хараад байх шиг байна гэж хариулсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дахь хуудаст тусгагдсан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараар нэхэмжпэгч нь МУБИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлагаа нэмэгдүүлээгүй гэж болно. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй гэж тайлбарлаж байхад захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, шаардаагүй шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж үзэх юм бол МУБИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаалыг хүчингүй болгуулах хүсэл зоригоо 2023 оны 08 дугаар сард илэрхийлсэн буюу МУБИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 тоот тушаал гарснаас хойш даруй 7 сарын дараа илэрхийлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөөгүй.

7.4. 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч шийдвэрээ танилцуулан сонсгохдоо хариуцагчийг Ш.П*******д сахилгын шийтгэл ногдуулахдаа түүнд тайлбар гаргах боломжоор хангаагүй тул захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалыг хүчингүй болголоо гэж танилцуулсан атлаа шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа энэ тухай дурьдаагүй буюу танилцуулан сонсгосноор өөр үндэслэлээр шийдвэр бичигдсэн. Энэ тухай шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигдсэн. Харин шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй.

Иймд тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

М*******ийн дотоод нэгжийн байгууллагын гаргасан шийдвэрийг анхаарч үзэх ёстой гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Ёс зүйн хорооны шийдвэрийг ажил олгогч өөрөө эцэслэн хянаж, тушаалыг гаргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс уг тушаалтай маргах бөгөөд ёс зүйн хорооны дүгнэлт бодитой байсан эсэх, хуралдаан болж нотлогдсон эсэхийг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хянах үүргээ хэрэгжүүлээгүй. М*******д ариун цэврийн хороотой байсан тохиолдолд хумсаа ургуулж, этгээд хувцасласан ажилчдад арга хэмжээ авсан бол уг хорооны шийдвэрийг тусад нь авч үзэх хэрэгтэй. Нэгжийн байгууллагын саналыг үндэслэж, ажил олгогч шийдвэр гаргаж байна. Ёс зүйн хорооны шийдвэр хүчин төгөлдөр эсэхийг ажил олгогч хянах ёстой. Уг нөхцөл байдлыг шүүхээс хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тухайн байгууллагын дэд бүтцэд тулгуурлаж, хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гомдол гаргасан.

Гэвч хариуцагчийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зөрүүтэй байдлаар гомдол гаргасан. Ш.П******* ажил олгогчдоо шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авсан эсэхийг тодруулахад н.Батбаатар би гомдол гаргасан эсэхийг мэдэхгүй гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан тул шүүхээр хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн ажлын байраар хангасан мэт хэлбэрийн төдий албан бичгийг дурддаг. Бодит нөхцөл байдалд ахлах мэргэжилтний орон тоог хассан. Тухайн мэргэжилтний орон тоог дээр н.А*******ыг томилсон боловч бодитоор хассан орон тоон дээр тушаал гарсан тохиолдолд уг ажилтан очих ёстой. Мөн ёс зүйн зөрчил хэзээ, хаана, ямар цаг хугацаанд гарсныг тогтоох ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, сахилгын шийтгэл шалган шийдвэрлэх ажиллагаа зэрэг тодорхой асуудалд шийтгэл оногдуулах нь зүйтэй. Монгол улсын боловсролын их сургуулийн бодитой нотлох баримтуудыг харгалзан үзэх ёстой.

Ажлын шаардлага болон ёс зүйн асуудлыг ялгаж, тогтоох боломжгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад даргын албан тушаалыг авна гэж хүлээж байсан н.А******* асуудлын талаар нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн. Уг ажилтны асуудал нь жинхэнэ ёс зүйн асуудалд хамаарах боломжтой. Уран бүтээлч, яруу найрагчийн 35,000 дагагчтай болонгуут зураг, пост, шүлэг бичсэн боловч н.А******* өөрийн хаягаар авлигачин, худалч, хулгайч гэх комментыг бичсэн. Уг асуудал нь баримтаар нотлогдож буй ёс зүйн асуудал байхад хариуцагчийн зүгээс ялгаварлаж хандсан. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж, тушаалыг хүчингүй болгох шаардлага биелсэн гэж үзэж байна. Цалин хөлсний асуудал нь бодит нөхцөл байдалд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М*******иас таныг ажилд томилох боломжгүй байгаа учраас шүүхээр хянан шийдвэрлүүлэх албан бичгийг ирүүлсэн. Уг нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг ажлын байраар хангаагүй болохыг нотолж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ш.П******* нь хариуцагч М*******д холбогдуулан М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгчийн тодорхойлсон М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой маргааныг шийдвэрлэхэд уг тушаал маргааны үндэслэл болно.

Иймд анхан шатны шүүх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, уг тушаалд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, мөн хуулийн 158.2.2 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан.  

4.1. Нэхэмжлэгч Ш.П******* нь хариуцагч М*******д холбогдуулан М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгч шууд шүүхэд хандах эрхтэй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, МУБИС-ийн дүрмийн 4.4.1, МУБИС-ын дотоод журмын 8.1, Хөдөлмөрийн гэрээний 2.7, МУБИС-ын Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн Ш.П*******д албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 6/

Тодруулбал, Оюутны хөгжлийн албаны дарга Ш.П*******г хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих үйл ажиллагааг удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтнуудтайгаа зүй бусаар харилцдаг гэх үйлдэл нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон тул оюутны хөгжлийн албаны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд албан тушаал бууруулж Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэжээ.

5.1. М*******ийн Оюутны хөгжлийн албаны ажилтнуудаас нэхэмжлэгч Ш.П*******д холбогдуулан гаргасан гомдлоор тус сургуулийн Ёс зүйн хороо 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр худалдан Ш.П*******г Ёс зүйн дүрмийн 2.1.16-д заасан хамт олонтойгоо хүндэтгэлтэй харилцах, ажил төрлийн холбогдолтой бодит шүүмжлэл, саналыг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэхийг нэн тэрүүнд тавих гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн болох нь Ёс зүйн хорооны дүгнэлт, хурлын тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 52-83/

5.2. М*******ийн ёс зүйн дүрэм-ийн 6.2.1-т Ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэсэн Ёс зүйн хороо нь МУБИС-ийн удирдлага, багш, ажилтныг зөрчил гаргасан гэж дүгнэсэн тохиолдолд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд а.Сануулах, в. Уучлал гуйх, амлалт өгөхийг үүрэг болгох гэж заасан.

5.3. Хариуцагч байгууллага нь Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан боловч уг дүгнэлтэд ямар хариуцлага ногдуулах талаар тусгаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч Ёс зүйн дүрэмд зааснаас өөр хариуцлага ногдуулсан талаар хийсэн дүгнэлт буруу байна.

Учир нь ажил олгогч нь Ёс зүйн дүрэмд заасан шийдвэрийн төрлөөс үл хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргасан ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч мөн зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасныг бүрэн тогтоох учиртай.

5.4 Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн, энэ нь тогтоогдсон эсэх талаар дүгнэлтийг ажил олгогчийн зүгээс хийгээгүй атлаа Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг үндэслэн албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.П*******гийн албан тушаал бууруулсан М*******ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ш.П*******г М*******ийн Оюутны хөгжлийн албаны даргын тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

6. Анхан шатны шүүх хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй байх тул нэхэмжлэгчийг ажлын байранд нь эгүүлэн тогтоох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах үндэслэлгүй гэж дүгнэн, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл муутай болжээ.

6.1. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 5 хоногийн ээлжийн амралт эдэлсэн, улмаар 15 хоногийн чөлөөтэй байсан хугацааг дуусган эргэн ажилдаа орох үед М*******ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор М*******ийн бүтэц, захиргааны орон тоог шинэчлэн тогтоосон бөгөөд уг тогтоолын 2 дугаар хавсралтад Оюутны хөгжил, үйлчилгээний төвд Оюутны карьер хөгжлийн менежерийн орон тоог 1 байхаар баталжээ. /хх-ийн 206-210/

6.2. Мөн нэхэмжлэгч нь тухайн бууруулж томилсон албан тушаалд ажиллах хүсэл зоригоо илэрхийлж хариуцагч байгууллагад удаа дараа хандсан боловч хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6 дэх хэсэгт заасан ажилтныг ажлаар хангах үүргээ биелүүлээгүй буруутай байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр бодитоор ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

6.3. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүнд сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 103 дугаар зүйлийн 103.1.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын 2.3-т тус тус заасныг баримтлан сүүлийн 3 сарын цалин, хөлсөөр тооцон хариуцагч М*******иас 28,283,074 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.П*******д олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

6.4. Дээрх байдлаар шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд М*******ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай М*******ийн бүтэц, захиргааны орон тоог шинэчлэн тогтоох тухай тогтоол саад болохгүй болохыг дурдав.

7. Хариуцагчийн шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас өөр байдлаар ёслогдож гаргасан гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас өөр байдлаар бичигдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг татан авч хянах эрх хэмжээг хуулиар олгоогүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.П*******г М*******ийн Оюутны хөгжлийн албаны даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын боловсролын Их сургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 28,283,074 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.П*******д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М*******иас улсын тэмдэгтийн хураамжид 299,365 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар захигчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ