Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 526

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2019         4            04                                   526  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Ариунжаргал,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Хохирогч Б.Рэнцэн,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Б.Нд холбогдох эрүүгийн 1906 01217 0534 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Н,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар байрны 68 тоотод Б.Рэнцэнтэй маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                        

  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                   

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 01217 0534 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Б.Рэнцэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Б.Нд хандан байрны цэвэрлэгээгээ хийж байгаач дандаа би цэвэрлэх юм, бас гитар дуугаргаад чимээ шуугиан ихтэй байдаг талаар хэлэхэд Б.Н нь намайг “энд байлгахгүй маргаашнаас зайлуулна” гээд хэлэхээр би “яахаараа явдаг юм, түрээсийн мөнгөө төлчихсөн” гээд бид 2 хоорондоо үл ойлголцож маргалдсан. Энэ үед Б.Н аяга авч шидэн миний нүүрэн тус газар оносон. Би хариуд нь зүүсэн байсан харааны шилийг нь аваад шидчихсэн. Ингээд Б.Н миний үснээс зулгааж, би бас үснээс нь зулгааж бид 2 хоорондоо зодолдсон. Бид 2-ыг зодолдож байхад Далай, өрөөнд байсан залуу 2 салгах гээд хажуунаас татаж байсан. Ингээд Б.Н бид 2 зодолдохоо больсоны дараа Далай намайг манай өрөөнд оруулахад миний нуруу тэр чигээрээ цус болсон байна гэж хэлж би гараараа дарж үзэхэд гар тэр чигээрээ цус болсон. Далай надад “чи хутгалуулсан юм биш үү” гэж хэлэхэд нь би Б.Нгийн өрөөнд ороход Б.Н намайг “уучлаарай” гээд уйлаад байсан. Далай хажуугаас цагдаа, түргэн дуудна гээд миний утсыг бариад кодоо хэл гэхэд би шоконд ороод утасныхаа кодыг санахгүй байсан. Миний жинхэнэ нэрийг Батболдын Рэнцэн гэдэг харин Мишээл гэх нэр миний фэйсбүүк хаягны нэр байгаа юм. Манай гэрийнхэн намайг Рэнцэн гэж дууддаг бусад хүмүүс Мишээл гэж дууддаг гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 тал/,

 

Гэрч Н.Амгаланболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

03 цаг 30 минутын үед Б.Н бие засах өрөө орохоор гарсны дараа хажуугийн өрөөг түрээсэлдэг Мишээл гэх охинтой хамт орж ирсэн. Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад сүүлдээ үл ойлголцож Б.Нгийн зүүж байсан харааны шилийг авч шидэн, духан дээр нь маажсан. Ингээд тэр хоёр хоорондоо зодолдон бие биенийхээ үснээс зулгааж эхэлсэн. Мишээлийн найз гэх эмэгтэй орж ирж бид хоёр нийлж тэр хоёрыг салгасан. Тэр үед нийтийн байрны коридорт шалан дээр цус асгарсан байсан. Би тэр цусыг хараад хөргөгчнөөс гарсан махны шүүс байна гэж бодсон. Гэтэл Мишээлийн нуруунаас цус гарч байхыг харсан гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,     

 

Гэрч Б.Далайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Мишээл, Б.Н 2 хоорондоо бие засах өрөөний цэвэрлэгээний талаар ярилцаж сүүлдээ үл ойлголцон хэрэлдээд байхаар нь би Мишээлийн өрөө рүү орсон. Намайг Мишээлийн өрөөнд орсоны дараа тэр 2 орлилдоод байхаар нь буцаж Б.Нгийн өрөөнд ороход Б.Н, Мишээл нар нь бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай зодолдож байсан. Тэр хоёрыг салгасаны дараа хоорондоо хэрэлдээд Б.Н нь Мишээл рүү аяга шидэж нүүрэнд нь оносон. Б.Нгийн өрөө болон коридорт тэр 2 зодолдоод, салгахаар хэрэлдэж байгаад дахин зодолдож салахгүй их удсан. Би Б.Нгийн өрөөнд Мишээлийг салгах гээд араар нь тэвэрхэд нуруу нь битүү цус болж, тэр өрөө болон коридор цус болсон байсан. Би эхлээд хөргөгчнөөс махны шүүс гарсан юм байхдаа гэж бодсон чинь Мишээлийн нуруунаас цус гарсан байсан. Би цагдаад дуудлага өгөх гээд байж байтал нөгөө Б.Н гэх охиныг нэг залуу гаднаас орж ирэн аваад явсан. Удалгүй цагдаа ирж 103 түргэн тусламж дуудан Мишээлийг эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2354 дугаартай:

Б.Рэнцэнгийн биед нурууны гүн шархнууд, хамар ясны таславч мурийлт, духны өнгөц шарх, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 тал/,

 

Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Гэрт орж ирчихээд согтуу надруу агсан тавиад “чи намайг тоохгүй байна, намайг хүндлэх ёстой” гээд уурлаад хараагаад байхаар нь “би чамайг байрнаас хөөлгөж чадна шүү” гэж хэлэхэд гэнэт миний зүүж байсан харааны нүдний шил болон гар утсыг авч шидэн үснээс зулгааж намайг зодсон. Энэ үед Н.Амгаланболд хажуугаас тэр охиныг барьж аваад надаас салгах үед Н.Амгаланболдыг бас нүүр рүү нь хумсаараа маажиж, үснээс зулгаан зодоод байсан. Би тэр үед ширээн дээр байсан шар иштэй хутга аван тэр охины нуруун тус газар нь 2 удаа хатгасан. Би хүн хутгалчихлаа гэж айгаад хөдөлж чадахгүй байхад тэр охин Амгааг үргэжлүүлээд зодоод, коридорт байсан эд хогшил эвдэж сүйтгээд байхад нь би хутгаа өрөөний цонхоор гаргаж шидсэн. Энэ үед коридорт маш их цус болсон байсныг Амгаланболд тэр охины найз нь гэх эмэгтэй нар нөгөө агсам тавиад байсан охин өрөөндөө орсон хойгуур би Амгаланболдод “би тэр охиныг хутгалчихсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 тал/,

- 001833 дугаартай цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /хх-ийн 29-35 тал/,

-шүүгдэгч Б.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 48 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Нгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Рэнцэн нь 2.493.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх ба 164.150 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Рэнцэнд учирсан, нотлох баримтаар тогтоогдсон 504.150 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн бусад хэсгийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээлээ.

             

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Н нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгээс 504.150 төгрөг гаргуулж хохирогч Б.Рэнцэн /РД: йк98120402/-д олгосугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ