Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 487

 

105/2019/0467/Э

 

 

 

 

 

 2019           5             23                                            2019/ДШМ/487                                                           

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

 

прокурор П.Болормаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н- гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1906012170534 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Б-ны Н- , ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........./;

 

Б.Н-  нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар байрны 68 тоотод Б.Рэнцэнтэй маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Н- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н- г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- г есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- гээс 504,150 төгрөг гаргуулж хохирогч Б.Рэнцэн /РД:ЙК98120402/-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-  давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг хөнгөрүүлж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял болгож өгнө үү.

Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлдээ би гүнээ гэмшиж байна. Гэвч уг үйлдэл нь хохирогчоос үйлдэлтэй. Хохирогч оройн цагаар согтуугаар гэрт минь орж ирээд танхайрч, биед минь халдсан учир би өөрийгөө хамгаалах гэж буруу алхам хийсэн. Хохирогч мөн буруутай учир түүний хохирлыг би барагдуулах хүсэлгүй байна.

Учир нь, би ч бас хохирсон. Эрүүгийн хуулиар хууль аль алинд нь адил үйлчлэх ёстой. Шөнийн 03 цаг 30 минутад айлын гэрт зөвшөөрөлгүй орж ирж, танхайрсан хүнд мөн шийтгэл оногдуулах ёстой гэж бодож байна. ...” гэжээ.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н- гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал нөхцөл байдалд дүгнэлт хийж, 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Б.Н-  нь хутга хэрэглэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нийгмийн аюулын хувьд их хүнд байдалтай байх тул шүүгдэгч Б.Н- гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.Н-  нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар байрны 68 тоотод Б.Рэнцэнтэй маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Рэнцэнгийн “...Бид 2 хоорондоо үл ойлголцож маргалдсан. Энэ үед Б.Н-  аяга авч шидэн, миний нүүрэн тус газар оносон. Би хариуд нь зүүсэн байсан харааны шилийг нь авч шидчихсэн. Ингээд Б.Н-  миний үснээс зулгааж, би бас үснээс нь зулгааж бид хоёр хоорондоо зодолдсон. Бид хоёрыг зодолдож байхад Далай өрөөнд байсан залуу 2 салгах гэж хажуугаас татаж байсан. Ингээд Б.Н-  бид хоёр зодолдохоо больсны дараа Далай намайг манай өрөөнд оруулахад миний нурууг “тэр чигээрээ цус болсон байна” гэж хэлж би гараараа дарж үзэхэд, гар тэр чигээрээ цус болсон. Далай надад “чи хутгалуулсан юм биш үү” гэж хэлэхэд нь би Б.Н- гийн өрөөнд ороход Б.Н-  “намайг уучлаарай” гээд уйлаад байсан. Далай хажуугаас “цагдаа, түргэн дуудна” гэж миний утсыг бариад “кодоо хэл” гэхэд би шоконд ороод утасныхаа кодыг санахгүй байсан. ...” /хх 15-18/,

гэрч Б.Далайгийн “...Б.Н- гийн өрөөнд ороход, Б.Н- , Мишээл нар нь бие биенийхээ үснээс зулгаасан байдалтай зодолдож байсан. Тэр хоёрыг салгасны дараа хоорондоо хэрэлдээд Б.Н-  нь Мишээл рүү аяга шидэж нүүрэнд нь оносон. Б.Н- гийн өрөө болон коридорт тэр 2 орилолдоод, салгахаар хэрэлдэж байгаад дахин зодолдож, салахгүй их удсан. Би Б.Н- гийн өрөөнд Мишээлийг салгах гэж араар нь тэврэхэд нуруу нь битүү цус болж, тэр өрөө болон коридорт цус болсон байсан. Би эхлээд хөргөгчөөс махны шүүс гарсан юм байхдаа гэж бодсон чинь Мишээлийн нуруунаас цус гарсан байсан...” /хх 40-41/,

гэрч Н.Амгаланболдын “...Тэр хоёр хоорондоо юм ярьж байгаад сүүлдээ үл ойлголцож Б.Н- гийн зүүж байсан харааны шилийг авч шидэн, духан дээр нь маажсан. Ингээд тэр хоёр хоорондоо зодолдон, бие биенийхээ үснээс зулгааж эхэлсэн. Мишээлийн найз гэх эмэгтэй ирж, бид хоёр нийлж тэр хоёрыг салгасан. Тэр үед нийтийн байрны коридорт шалан дээр цус асгарсан байсан. Би тэр цусыг хараад хөргөгчөөс гарсан махны шүүс байна гэж бодсон. Гэтэл Мишээлийн нуруунаас цус гарч байхыг харсан. ...” /хх 38-39/,

шүүгдэгч Б.Н- гийн “...Амгаланболд хажуугаас тэр охиныг барьж аван надаас салгах үед Амгаланболдыг хумсаараа маажиж, үснээс нь зулгаан зодоод байсан. Би тэр үед ширээн дээр байсан шар иштэй хутга аван тэр охины нуруун тус газар нь 2 удаа хатгасан. Би хүн хутгалчихлаа гэж айгаад хөдөлж чадахгүй байхад тэр охин Амгааг үргэлжлүүлээд зодоод, коридорт байсан эд хогшил эвдэж сүйтгээд байхад нь би хутгаа өрөөний цонхоор гаргаж шидсэн. Энэ үед коридорт маш их цус болсон байсныг Амгаланболд тэр охины найз нь гэх эмэгтэй нар нөгөө агсам тавиад байсан охин өрөөндөө орсон хойгуур би Амгаланболдод “би тэр охиныг хутгалчихсан” гэж хэлсэн. ...” /хх 36-37/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2354 дугаартай “...Б.Рэнцэнгийн биед нурууны гүн шархнууд, хамар ясны таславч мурийлт, духны өнгөц шарх, баруун нүдний зовхинд цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 22/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-4/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан эдгээр нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н- г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Н- гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Н-  нь “...торгох ялыг хөнгөрүүлж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял болгож өгнө үү, би ч бас хохирсон ба хохирогч мөн буруутай учир түүний хохирлыг би барагдуулах хүсэлгүй ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Н- , хохирогч Б.Рэнцэн нар нь маргалдаж, улмаар бие биедээ хүч хэрэглэн зодолдсон нөхцөл байдал хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба харилцан бие биедээ хүч хэрэглэснээс Б.Рэнцэнгийн биед хөнгөн гэмтэл учирч, Б.Н- гийн биед учирсан “...дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл...”-д Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны 2293 дугаарын шинжээчийн дүгнэлт /хх 21/-ээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй  байна.

 

Иймд Б.Рэнцэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно...” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэмтлийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцохгүй.

 

Харин Б.Н- гийн хүч хэрэглэсэн үйлдлээс Б.Рэнцэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул Б.Н- гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

 

Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс торгох ялыг сонгон оногдуулсан нь, уг  оногдуулсан торгох ялын хэмжээ зэрэг нь Б.Н- гийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нөхцөл байдалд болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н- гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 526 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н- гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ