Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2018/0828/З |
Дугаар | 221/МА2019/0222 |
Огноо | 2019-04-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0222
|
|
|
“И ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, О.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, П.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах гомдлыг гаргаж байна.
“И ө” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2016/09 дугаартай хамтран ажиллах гэрээг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл байгуулсан. Тус гэрээний 1.5-д “Хавсралтад тусгасан ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг харгалзан үзэж, гэрээний хугацааг сунгах асуудлыг талууд шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд гэрээний хугацаа Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1 дэх заалтад заасны дагуу дуусгавар болсон. Гэтэл талууд 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээг сунгаагүй дахин шинээр байгуулсан нь гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэл болохгүйг шүүх харгалзан үзсэнгүй.
“И ө” ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул тус газрыг хүчингүй болгосон. Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 10-д газрыг 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй гэдгийг тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрт Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримталж шийдвэрийг гаргасан нь ойлгомжгүй байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “И ө” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/484 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд мөн оны 8 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “И ө” ХХК-ийн захирал Г.Анар болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар 2016/09 дүгээр хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д эрх бүхий албан тушаалтан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь хамтран ажиллах гэрээнд заасан тохижилт бүхий авто зогсоолын зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх нөхцөл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч “И ө” ХХК нь маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглахаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2016/17-04 дүгээр “Архитектур төлөвлөлтийн даалгавар”, Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 714/2017 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт, мөн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилгын эскиз зургийг хийлгэсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2 жил дараалан газраа ашиглаагүй, анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг баримталж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0092 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР