Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00184

 

 

 

 

 

 

             

    2024         01           24                                       210/МА2024/00184

 

Г.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01643 дугаар шийдвэртэй,

 

Г.Тгийн нэхэмжлэлтэй

ТТ ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г.Т нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ТТ ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас халагдсан. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1725 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1616 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр, Улсын дээд шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгч ажлаас халагдсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалингаа авсан.

1.2. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс ажилд эргүүлэн тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 7 сар 14 хоног ажилгүй байсан тул олговорт 20,123,644 төгрөгийг нэхэмжилж байна. Тодруулбал, 3 сарын дундаж цалин 2,679,000 төгрөг бөгөөд 1 өдрийн 124,604 төгрөг юм.

Иймд ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Г.Т нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн дотор буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргах ёстой байсан боловч энэ хугацааг хэтрүүлэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2. Мөн уг маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой атал шууд шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТТ ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19,936,724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож, үлдэх 186,920 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,633 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Тд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т зааснаар нэхэмжлэлийг шүүхэд шууд гаргана гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу гаргах  бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүссэн маргаан тул мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан зохицуулалтад хамаарна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйл заалт нь хөдөлмөрийн хууль тогтоомжид хамаарч байгаа болно.

Түүнчлэн шүүх уг маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасан “хууль тогтоомжид заасан бусад маргаан” гэж үзэж шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй байх ямар хууль тогтоомжид заасан маргаан гэдгийг нь тодорхойлоогүй байна.

4.2. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл тул мөэ ауулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 154.2.2-т заасныг шүүх баримтлах ёстой байсан. 

4.3. Нэхэмжлэгч нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш 90 хоногийн буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор гомдлоо гаргах ёстой байсан боловч тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасан.

Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч цалин хөлсөө авч чадахгүй байгаа хохирлыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олгох үүрэгтэй бөгөөд уг хохирол нь Иргэний хуульд заасан олж авах ёстой байсан орлогоо олж авч чадахгүйгээс үүссэн хохирол юм.

Хариуцагч үүргээ биелүүлж, хөөн хэлэлцэх хугацаа ярилгүй хууль бус шийдвэрийн улмаас ажилтанд учруулсан хохирлыг барагдуулах ёстой тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан нийтлэг зарчмын дагуу ажилтанд ашигтайгаар дүгнэж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч ТТ ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01725 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1616 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00018 дугаар тогтоолоор Г.Тг ТТ ХХК-ийн уурхайн хэлтсийн операторын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 43,362,416 төгрөгийг хариуцагч ТТ ХХК-аас гаргуулж шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

3.1. Хариуцагч ТТ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 158/22 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Тг операторын албан тушаалд эгүүлэн томилж, 43,362,416 төгрөгийн олговрыг олгосон байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.

 

4. Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр ажил олгогч тал ажилтныг ажил нь эгүүлэн авч  шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч ажилтан  шүүхийн шийдвэр гарснаас хойш тушаал гарах хүртэл хугацааны олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар ззүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар шаардаах эрхтэй бөгөөд энэ шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсантай шалтгаант холбоотой. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар шүүхэд гомдол гаргаж  шийдвэрлүүлэх боломжтой тул анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглээгүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй болжээ.

 

5. Харин нэхэмжлэгч нь гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоног буюу 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2022 оны 6 сарын 22-ны өдрийн дотор гаргах байтал 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргаснаар хуульд заасан гомдол гаргах хугацааг 3 сар 5 хоног хэтрүүлсэн байна.

Ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч байгууллагаас цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангана.   

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2023/01643 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТТ ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,123,644 төгрөг гаргуулах тухай Г.Тгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ТТ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА