Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00185

 

 

 

 

 

 

             

    2024          01            24                                       210/МА2024/00185

 

БЭЛ ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн, даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/03711 дугаар шийдвэртэй,

 

БЭЛ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Н.Дд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 18,947,848.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. БЭЛ ХХК , ББ ХХК-иуд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан боловч бодит байдалд уг гэрээг Н.Дтай байгуулж, түүний өмчлөлийн хоёр тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлүүлэхээр тохиролцсон.

1.2. 72****улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгсэл нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тээвэрлэлтийн гэрээ байгуулах үед 0778 УНЛ улсын дугаартай байсан бөгөөд өмчлөгч Н.Д тээврийн хэрэгслийг өөрийн эцэг Ч.Нд эзэмшүүлж байсан.

1.3. Ч.Н нь гэрээний дагуу ББ ХХК-ийн өмнөөс 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Эрхүү хотоос Монгол Улс руу тээвэрлэлт хийж явахдаа Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт 26**** дугаартай чиргүүлийнхээ дугуйг шатаж байгааг анзаарахгүй, хэт болгоомжгүй байдал гаргаснаас БЭЛ ХХК -ийн зуучилж ачуулсан цэвэр жин нь 18,950.4 кг хэмжээтэй 32,447,848.65 төгрөгийн үнэ бүхий Сэнгүүр шар айргийг шатааж БЭЛ ХХК -д хохирол учруулсан.

БЭЛ ХХК гэрээний үүргийг гүйцэтгэж ачуулсны хувьд захиалагч МСС ХХК -д шар айргийн үнэ 32,447,848.65 төгрөгийг бүрэн төлсөн.

1.4. Н.Д нь дээрх хохирлоос 13,500,000 төгрөгийг тээврийн хөлснөөс суутгуулан 18,947,848.65 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо харилцан тохиролцож тооцоо нийлсэн.

Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэгт зааснаар тээвэрлэгч ачааг аюул, осолгүй тээвэрлэх, үүрэг хүлээсэн. Мөн Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн 5.5-т зааснаар тээвэрлэгч ачааг тогтоосон хугацаанд хүлээн авах газарт нь чанар байдлыг алдагдуулахгүйгээр бүрэн бүтэн хүргэх үүрэгтэй. Гэтэл галын улмаас 18950.65 тн жинтэй 32,447,848.65 төгрөгийн үнэ бүхий Сэнгүүр шар айраг шатаж хэрэглэх боломжгүй болсон тул устгасан.

 

1.5. Хариуцагч Н.Д нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БЭЛ ХХК -д учирсан хохирлыг бүрэн хариуцан арилгах хууль зүйн үндэслэлтэй байх тул 18,947,848.65 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.6. Тээвэрлэлт хийх саналыг БЭЛ ХХК -д анх Н.Д тавьж байсан ба нэхэмжлэгчийн зүгээс Н.Дд ажлын хөлсийг төлсөн.

 

Иргэний хуульд заасны дагуу тээвэрлэлтийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг ашиглагч, эзэмшигч нь хариуцна гэж заасны дагуу тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч Н.Д хариуцах ба тооцооны үлдэгдлийн баталгаанд “би төлнө” гэж гарын үсэг зурсан. Н.Д нь 13,500,000 төгрөгийг хохиролд суутган төлүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

 

2.  Хариуцагч Н.Д татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч БЭЛ ХХК болон ББ ХХК-иуд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 07/16 дугаартай “Тээвэрлэлтийн гэрээ”-ээр Н.Дын эзэмшлийн Волво маркийн 23*** улсын дугаартай зүтгүүр /арлын дугаар 4**********/, Волво маркийн 07**** улсын дугаартай зүтгүүр /YV************/ гэсэн хоёр техникээр тээвэрлэлтийг хийхээр тохиролцсон.

 

2.2. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотоос хариуцагч Н.Дын эцэг Ч.Н БЭЛ ХХК -ийн барааг тээвэрлэж явахад 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр чиргүүлд гал гарсан ба хэний буруугаас болж гарсныг тогтоосон ослын акт, талуудын хооронд байгуулсан гэрээ байхгүй. Зөвхөн Н.Дын гарын үсэг зурсан тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн хариуцагчаар татсан нь үндэслэлгүй.

 

2.3. Компанийн хооронд хийсэн гэрээнээс үүдсэн хариуцлагыг хувь хүн хариуцах  нь шударга бус бөгөөд Н.Дын тээврийн хөлснөөс 13,500,000 төгрөгийг хохиролд суутгаж авсан нь үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь манай компанид гэм хор учруулсан гэдэг боловч тээвэрлэж явсан шар айраг нь өөр компанийн өмчлөлийнх байдаг ба ОХУ-ын гаалиас орж ирсэн 18,905 литр барааны хэдэн хувь нь шатсан нь тодорхойгүй.

 

2.4. Ч.Н ослын үеэр компаниас хүмүүс дуудсан ба тухайн үед “гал команд дуудах шаардлагагүй, хууль бусаар орж ирж байгаа юм” гэж яриад байсан учир би гомдол гаргаагүй гэх тайлбар нь үндэслэлтэй. Учир нь ОХУ-аас орж ирж байгаа барааны үнийн дүн дээр 8 машинд ачих барааг 1 машинд ачсан ба барааг 8 машинд хувааж ачсан гэдгээ нэхэмжлэгч тал нотолж чадаагүй. Гал дугуйнаас гарсан гэдэг боловч тогтоосон баримт байхгүй тул ачаанаас гал гарсан гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгч БЭЛ ХХК хариуцагч Н.Даас 18,947,848.65 төгрөг нэхэмжилж байгаа боловч бодит хохирлоо өнөөдрийн байдлаар тооцоолоогүй, нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.5. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БЭЛ ХХК болон ББ ХХК-ийн хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гарсан ослоос үүдэлтэй гэм хорын хохирол нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй ба ажлын хөлсөнд 13,500,000 төгрөгийг “Би Эф Си ложистиск” ХХК-иас авахаар тохиролцсон байсан боловч хоёр компани миний ажлын хөлсийг хоорондын тооцооны үлдэгдэлдээ тооцсонд надад хохиролтой байна.

Иймд миний 3-4 удаагийн тээвэрлэлтийн хөлс 13,500,000 төгрөгийг БЭЛ ХХК -иас гаргуулж өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Даас 18,947,848.65 төгрөг гаргуулах тухай БЭЛ ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан БЭЛ ХХК -иас 13,500,000 төгрөг гаргуулах хариуцагч Н.Дын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч БЭЛ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,690 төгрөг, хариуцагч Н.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн.

Хариуцагч ажлын хөлсөө шаардсан сөрөг нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгч БЭЛ ХХК -тай тээвэрлэлтийн харилцаанд орсон, тээвэрлэж явсан ачаа шатсанд буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг ОХУ дахь шар айргийн үнээр тооцон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд тооцооны алдаа гарган нэхэмжлэгч БЭЛ ХХК , хариуцагч Н Даваанямаас 13,500,000 төгрөг нэхэмжилсэн мэтээр буруу дүгнэсэн байх тул   шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга

7.1. Шүүх шар айргийг ОХУ-ын үнээр дүгнэсэн нь зөв байна. Галын шалтгааны хувьд гэнэтийн осол байсан тул жолоочийн буруутай үйлдэл байхгүй. Н.Д өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй, Ч.Н гэдэг хүн жолоодож байсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч БЭЛ ХХК нь хариуцагч Н.Дд холбогдуулан гэм хорын хохиролд 18,947,848.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүрэгт 13,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. БЭЛ ХХК болон ББ ХХК  2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Тээвэрлэлтийн гэрээ”-г байгуулж, ББ ХХК нь Н.Дын эзэмшлийн Волво маркийн 23*****, 07***** улсын дугаартай 2 тээврийн хэрэгслээр БЭЛ ХХК -ийн ачааг тогтоосон газар, хугацаанд тохиролцсон маршрутаар тээвэрлэж, бүрэн бүтэн хүлээлгэн өгөх, тээвэрлүүлэгч нь ачаа хүлээлцсэн актыг үндэслэн ажлын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.    

 

 4. Дээрх гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Ч.Н 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 72****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт жолоодож явах үед уг тээврийн хэрэгсэлд гал гарч, тээвэрлэж байсан шар айраг гэмтэж хохирол учирсан талаар талууд маргаагүй.

4.1. Ч.Нн жолоодож явсан 72***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Н.Д болохыг тээврийн хэрэгслийн лавлагааг үндэслэн шүүх зөв тогтоосон бөгөөд хэн аль нь энэ талаар маргаагүй.  

 

4.2 Гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, гарах боломжгүй байх боловч Н.Д нь  өмчлөгчийн хувьд орчин тойрондоо аюултай зүйлийг эзэмших, ашиглахдаа бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх ёстой.

 

 Иймд хариуцагч буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч Н.Д нь бусдад учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцан арилгах үүрэгтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар өөрийн эцэг Ч.Нд тээврийн хэрэгслээ шилжүүлэн өгсөн өмчлөгчийн хувьд ч Н.Дыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

4.4. Харин өмнө дурдсан  2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Тээвэрлэлтийн гэрээ” нь БЭЛ ХХК  болон ББ ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь энэ гэрээний дагуу хохирол шаардаагүй болно.

  

5. Тээврийн хэрэгсэлд ачигдсан бараа болох “Сэнгүр” шар айраг нь МСС ХХК-ийн бараа болох талаар талууд маргаагүй.

 

Уг шар айргийн үнийг БЭЛ ХХК  32,447,848.65 төгрөгөөр тооцож МСС ХХК-д төлөхөөр тохиролцсон байх бөгөөд үүнийг зуучлалын гэрээний хөлсөөр харилцан тооцохоор болжээ. Иймд МСС ХХК-ийн албан бичгийг үндэслэн БЭЛ ХХК  нь гэм хорын хохирлыг шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн авсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх цэвэр жингээр 18950.4 литр, бохир жингээр 19611.648 кг буюу 8064 ширхэг шар айраг гэж тодорхойлсон хэмжээг харгалзан ОХУ-аас худалдаж авсан үнэ болох 11,362,344 төгрөгөөр тогтоож дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Учир нь: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг бодит хохирлоор тооцох бөгөөд БЭЛ ХХК -иас МСС ХХК -д төлсөн шар айрагны үнэ гэх 32,447,848.65 төгрөгийг бодит хохирол гэж тооцох үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад ББ ХХК-ийг төлөөлж Н.Д тооцоо хийхдээ 13,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч хохиролд тооцуулан суутгасан, уг үйлдлийг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.4 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгахгүй юм. Түүнчлэн хариуцагч тал шүүхийн энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

7.Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/03711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА