Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/00999

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дүгээр магадлалтай,

Б.О-ийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Тинд 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлаар ажилласан ба ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл Тны Тэргүүн орлогч захирал Б.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр миний ажлыг хүлээж авсан. Тны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Тны бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан гэсэн үндэслэл нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах үндэслэл болохгүй тул Б/1417 тоот тушаалыг хууль бус гэж үзэж байна.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, “Т” ХХК-ийн орон нутгийн банкны газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл ба мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Тны Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Тны зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” 118 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсон. Б.О-ийн хашиж байсан албан тушаал болох хэлтсийн захирлын хувьд ТУЗ-ийн зөвшөөрөл шаардагддаггүй албан тушаал. Б.О-д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайг  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-аар мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг Тны Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 дугаар тушаалаар цуцалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийг “Т” ХХК-ийн орон нутгийн банкны газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.581.804 /нэг сая таван зуун наян нэгэн мянга найман зуун дөрвөн мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч “Т” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “Т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40.258 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.259 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1039 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна.

Тны ТУЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтаар тус банкны Улаанбаатар салбарын удирдлагын газрын харьяанд “Мөнгөний төв” гэсэн нэгж байсныг ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Тны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 118 дугаар тогтоолын хавсралтаар хасагдаж батлагдсан. Мөн тогтоолоор тус банкны Орон нутгийн салбарын удирдлагын газрыг шинээр байгуулж, тус газрын харьяанд Үйл ажиллагааны хэлтэс, Зээлийн хэлтэс гэсэн 2 нэгжийг шинээр байгуулсан. Энэ нь аль нэг дээд буюу төв байгууллагад системийн болон үйл ажиллагааны хувьд харьяалагдаж байгаа нэгж, газар, хэлтэс, алба төвийн харьяалал өөрчлөгдөх үйл явц биш бөгөөд Тны дотоод салбар нэгжид бүтцийн өөрчлөлтийг Тны ТУЗ-аас өөрийн бүрэн эрхийн хүрээнд шинээр зохион байгуулж байгаа үйл явц юм.

Иймд шүүх бүрэлдэхүүн Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу банкны зүгээс ажилтан Б.О-д мэдэгдсэн, мэдэгдсэнээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч банкны гаргаж өгсөн нотлох баримтыг “гарын үсэг зуруулж, баталгаажуулаагүй” байна гэсэн хуулийн тайлбартайгаар шүүх үнэлж үзээгүй, орхигдуулсан нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон. Т Б.О-д мэдэгдлийн хугацааны цалин хөлс болон хуулийн дагуу тэтгэмжийг 3 сараар нь тооцож олгосон, түүнийг Б.О- хүлээн авсан зэрэг нь ажлаас халсан асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Б.О-ийн эрхэлж байсан Орон нутгийн зээлийн хэлтсийн захирлын ажлын байр, албан тушаал хасагдсан эсэх дээр үнэлэлт дүгнэлт хийгээгүй байж “Орон нутгийн зээлийн хэлтсийн захирал”-ын албан тушаалд Б.О-ийг эгүүлэн тогтоон шийдвэрлэсэн нь буруу бөгөөд банк ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Тинд холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...орон тоо хасагдсан” гэсэн тайлбар гаргажээ.

Т-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1419 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.О-ийг орон нутгийн зээлийн хэлтсийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан “...банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан газар, хэлтсийн чиг, үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн, ажил олгогчийн зүгээс санал болгосон ажлын байрны саналыг хүлээн авахаас татгалзсан” гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 19 дүгээр тал/.  

Хэрэгт авагдсан Т-ны ТУЗ-ийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор өмнө нь байсан тус банкны орон нутгийн салбарын удирдлагын газрыг орон нутгийн банкны газар нэртэй болгож, тус газрын харьяанд үйл ажиллагааны хэлтэс, зээлийн хэлтэс байхаар өөрчлөн зохион байгуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар аж ахуйн нэгж,  байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах ба нэхэмжлэгч Б.О-ийн эрхэлж байсан ажил, албан тушаалын байр орон нутгийн зээлийн хэлтэс болж өөрчлөгдсөнийг аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан гэж үзэхгүй.

Түүнчлэн  газар, хэлтсийн чиг, үүрэг, бүтцийн харьяалал, ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн нь ажилтныг ажлаас халах үндэслэл болохгүй юм.

Мөн дээрх тогтоолын дагуу тус банкны ажилчдын орон тоо хасагдсан гэх байдал тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ба хариуцагч нь Б.О-д ажлаас халах тухай мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр танилцуулсан гэжээ.

Хэргийн 77 дугаар талд авагдсан Тны ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаар тогтоолоор ТУЗ-ийн 2016 оны 118 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон ба уг тогтоолын дараа ажлаас халахыг мэдэгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд ажил олгогч нь ажлаас халах тухайгаа ажилтанд хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзэхгүй.  

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Б.О-ийг орон нутгийн банкны газрын харьяа зээлийн хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 10.281.804 төгрөгөөс тэтгэмжид олгосон 8.700.000 төгрөгийг хасаж үлдэх 1.581.804 төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.  

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/00502 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1039 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 5 дугаар сарын 23-ний өдөр төлсөн 40.259 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ