Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0403

 


Г.М-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.М-гийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан П.З-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн П.З-д холбогдох хэсэг, П.З-ын нэр дээр бүртгэсэн Ү-2202023332 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгах нэхэмжлэгч Г.М-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...хэт нэг талыг барьсан, хуульд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Энэхүү захиргааны хэргийн материал дотор П.З болон н.Батбаатар гэх иргэн нарыг хамаатан гэх баримт байхгүй, мөн тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх баримт байхгүй, тэр бүү хэл тэдний хооронд ямарваа нэг харилцаа ямар нэгэн байдлаар үүссэн гэдгийг нотлох баримт огт байхгүй, зөвхөн гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар амаараа л тайлбарладаг бөгөөд үүнийг нь үндэслэлгүй, нотлох баримтгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс маргадаг байхад ямар баримтаар нотлогдож байна гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна.

Байшингийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Г.М-гийн газар дээр байрлаж байхад П.З-д олгосон гэдэг талаас дүгнэлт хийвэл П.З нь байшингаа өмчилж, ашиглах боломжгүй болох бус харин нэхэмжлэгч газраа эзэмших, ашиглах боломжгүй болж байгаа нөхцөл байдал байгааг буруу үнэлж дүгнэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Анх шүүхэд нэхэмжлэгч Г.М нь “П.Загдад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 30 м.кв орон сууцыг П.З-ын нэр дээр бүртгэсэн Ү-2202023332 дугаартай бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мөн хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодруулбал, “П.З-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэснийг “134 м.кв газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан байна.

Газар эзэмших эрхийн тухайд:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар[1] нэхэмжлэгч Г.М-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 134 м.кв газрыг ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000492711 дүгээр гэрчилгээг[2] мөн оны 03 дугаар сарын 05-ны өдөр олгосон байна.

П.З-д Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 300 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 010603233 дугаартай гэрчилгээг[3] 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдөр олгож, улмаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар[4] дээрх Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 285 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгаж, түүнд олгосон 2000 оны 010603233 дугаар гэрчилгээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмших эрхийн 000554435 дугаар гэрчилгээг[5] мөн оны 03 дугаар сарын 03-ны өдөр олгожээ.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар нь тодорхой хэсгээрээ буюу 131 м.кв газар нь давхцалтай болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/1000 дугаартай албан бичгээр[6] тогтоогдож байгаа бөгөөд уг хэмжээ болон давхцалтай холбоотой асуудлаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй байна.

Гуравдагч этгээд П.З-д 2000 онд эзэмших эрхийн 000554435 дугаар гэрчилгээг олгохдоо үндэслэсэн дүүргийн Засаг дарга захирамж байхгүй байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хувийн хэрэг байхгүй байгаа шалтгаан нь тухайн цаг хугацаанд дүүргийн хэмжээнд оршин сууж буй айл өрхүүдийг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд Засаг даргын шийдвэрээр газар эзэмшүүлэн гэрчилгээ олгож байсан” гэх тайлбар, Архивын газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 04/50 дугаар албан бичгээр тогтоогдож байх боловч зөвхөн уг үндэслэлээр гуравдагч этгээд П.З-ыг маргаж буй газрыг эзэмших эрхгүй байсан гэж үзэх боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан бөгөөд нэгэнт гуравдагч этгээд нь тухайн маргаж буй газрыг нэхэмжлэгчээс өмнө эзэмших эрхтэй байсан тул цаг хугацааны хувьд сүүлд газар эзэмшсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхээргүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой нэхэмжлэлийн хувьд:

Нэхэмжлэгчээс “өөрийн эзэмшил газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авах байтал үндэслэлгүйгээр П.З-ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан” хэмээн тайлбарлан маргажээ.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 30 м.кв орон сууцыг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр нэхэмжлэгчид олгосон гэх баримт хэрэгт байхгүй байх бөгөөд хариуцагч Улсын бүртгэлийн газар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02 дугаар тогтоолоор олгосон 0117008 дугаартай гэрчилгээ, төрийн өмчийн хорооны орон сууц эзэмших эрхийн 471 дүгээр гэрчилгээг үндэслэн дээрх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг П.З-ын нэр дээр бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2013 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг зөрчөөгүй ба анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...П.З болон н.Батбаатар гэх иргэн нарыг хамаатан гэх баримт байхгүй, мөн тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх баримт байхгүй, тэр бүү хэл тэдний хооронд ямарваа нэг харилцаа ямар нэгэн байдлаар үүссэн гэдгийг нотлох баримт огт байхгүй, зөвхөн гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар амаараа л тайлбарладаг бөгөөд үүнийг нь үндэслэлгүй, нотлох баримтгүй” гэсэн боловч гуравдагч этгээдэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилсан хүчин төгөлдөр тогтоол байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгч Г.М /түүний нөхөр Г.Баасанжав/ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэх боломжгүй нь 1 дүгээр хавтаст хэргийн 203-2019 дүгээр хуудсанд авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Г.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байхад шүүх нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0300 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан Г.М-гийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газрын зохион байгуулалтын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “П.З-д Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-1-3 тоот хаягт байрлах 300 м.кв газрыг эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн гэрчилгээ болон 2015 оны А/24 дүгээр захирамжийн 134 м.кв газартай давхцалтай хэсгийг, П.З-ын нэр дээр бүртгэсэн Ү-2202023332 дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож, Г.М миний нэр дээр уг хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, газрыг надад эзэмшүүлэх захирамж гаргахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-6 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-8 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-61 хуудас

[4] Хавтаст хэрэг 154 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-56 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-136 хуудас