Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00333

 

 

 

 

 

 

             

    2024          02            19                                       210/МА2024/00333

 

Э.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03675 дугаар шийдвэртэй,

 

Э.Бгийн нэхэмжлэлтэй,

МД ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2018 оны 10 дугаар сард ГБ ХК-ийн ипотекийн зээлээр Сонгинохайрхан дүүрэг, **********************талбайтай амины орон сууцыг худалдан авч, амь насны болон барьцаа хөрөнгийн даатгалыг МД ХХК-д даатгуулж, 13255113798 тоот даатгалын гэрээ байгуулсан.

МД ХХК нь гэрээ байгуулахдаа дээрх амины орон сууцыг үзэж шалгасан ба даатгалын хамгаалалтад гал, сантехник, байгалийн эрсдэл, цахилгаан эрчим хүч болон гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл зэргийг хамааруулан, даатгалын үнэлгээг 163,200,000 төгрөг байхаар тохиролцож, хураамжийг гэрээнд заасан хувь хэмжээгээр төлсөн.

1.2. Э.Б нь худалдан авсан амины орон сууцандаа 2018 оноос хойш амьдарч байсан боловч 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гэнэт байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хөрс овойж, хөрсний хөдөлгөөн бий болсноор байшин өргөгдөж хагарч, цуурч хохирол учирсан.

Байшинд байгалийн хүчин зүйлийн нөлөө буюу хөрсний овойлтоос шалтгаалан хагарч цууран хохирол учирч, даатгалын тохиолдол бий болсон тул МД ХХК-д хандан даатгалын нөхөн төлбөр олгох хүсэлт гарган холбогдох материалуудыг хавсарган хүргүүлсэн.

Гэтэл МД ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 тоот албан бичгээр Даатгалын гэрээний 7 дугаар зүйл “Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл”-ийн 7.2.4, 7.2.5, 7.2.13, 7.2.15, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

1.3. Ингээд Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргахад, уг тохиолдлыг судалж үзээд 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 тоот албан бичгээр даатгуулагчид даатгалын тохиолдол бий болсныг дурдаад хууль болон гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон ч МД ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд хариу өгөхдөө нөхөн төлбөр олгох боломжгүйг дурдаад, уг маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

1.4. Нэхэмжлэгч нь даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөр авах бүрэн эрхтэй. Байгалийн эрсдэл гэдэгт газар хөдлөлт, хөрсний гулгалт, хөрсний суулт, хөрс өргөгдөх буюу хөрсний овойлт, үер, ус, салхины гамшиг зэрэг хүний үйлдлээс үл хамаарах байгалийн хүчин зүйлийн бүхий л нөлөөг оруулан тооцох бөгөөд бидний тохиолдолд хөрсний овойлт буюу хөрсний хөдөлгөөнөөс шалтгаалан байшин эвдэрч сүйдсэн.

Байшинд учирсан хохирол нь хүний үйлдлээс болоогүй байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл болох нь Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.383/188 тоот албан бичигт “ ...Шалгалтаар хөрсний овойлт, суултаас шалтгаалан сууцны үндсэн хийц, бүтээц хэв гажилтад орж /суурь, дотор, гадна хана, хучилт, хаалга, цонх/ ташуу, хөндлөн нэвт хагарал цууралт их хэмжээгээр үүссэн, цахилгаан холболт тасарсан, хаалга цонхнууд хэв гажилтад орж хаагдаж нээгдэхээ больсон, эвдэрсэн, газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн нь хүний амь нас, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулахуйц байна. ...Амины орон сууцны барилга нь газар хөдлөлийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх, тогтвортой байх/ заалтын хэрэгжилтийг хангахгүй байна” гэж тогтоосон.

Дээрх дүгнэлт, эд хөрөнгөд учирсан хохирлын гэрэл зургууд, мөн бичгийн бусад баримтуудаар талуудын байгуулсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон, даатгалын нөхөн төлбөр төлөх үндэслэл байгаа тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж үзэж байна.

1.5. Иймд МД ХХК-иас даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагчийн зүгээс даатгалын тохиолдол биш гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгуулагчийн үл хөдлөх хөрөнгө нь 136 м.кв байх бөгөөд зуслангийн зориулалттай газар дээр баригдсан, бие даасан дэд бүтэцтэй байгаагаас харвал нэг айлын сууц буюу Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилгад хамаарч байна.

2.2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд “Амины сууцны барилга нь газар хөдлөлтийн чичирхийлэл болон механик үйлчлэлд хэсэгчлэн болон бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтын хэрэгжилтийг хангахгүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл Барилгын тухай хуулийн энэ заалтад нийцүүлэн барилгыг барих үүрэг нь тухайн амины сууцыг барьж, ашиглалтад оруулсан этгээдийн үүрэг байна. Өөрөөр хэлбэл, энэ шаардлагад нийцүүлэн тухайн барилгыг барьсан, хуульд болон норм дүрэмд нийцүүлж барих үүргээ биелүүлээгүйгээс эрсдэл үүссэн гэж үзэж байна.

2.3. Хөрсний шинж чанар нь гэнэт өөрчлөгдөөд байдаг байгалийн эрсдэл биш  бөгөөд анх амины орон сууцыг барих үед хөрсөнд инженер геологийн судалгаа хийлгэж, хөрсний шинж чанарыг тодорхойлсны үндсэн дээр тухайн газарт ямар барилга барих эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байсан.

Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс харахад анхнаасаа тухайн барилга нь зураг төсөлгүй, инженер геологийн судалгаагүй, нэг айлын сууцны норм, хуульд заасан шаардлагыг хангаж баригдаагүй.

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.24-т “энэ хуулийн 10.1.11-д заасан ангилалд хамаарах барилгын ажлыг холбогдох зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээд гүйцэтгэж болно. Энэ тохиолдолд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг дагаж мөрдөх” гэж заасныг зөрчсөн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Г.Гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Э.Б 2016 оны намраас Сонгинохайрхан дүүрэг, ***************** хаягт байрлалтай амины сууцыг хөлслөн сууж байсан, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Өмчлөгч Э.Б нь 2 жил орчим уг байрыг хөлсөлж суусан бөгөөд уг хугацаанд тухайн байранд гал тогооны тавилга, ширээ, сандал, хөргөгч, зочны өрөөнд буйдан зэрэг тавилгатай хүлээлгэн өгч байсан.

3.2. Тухайн байшинг худалдах үед уг хөрөнгө нь ямар нэгэн эвдрэл гэмтэл, доголдолгүй байсан бөгөөд Э.Б өөрөө хүлээн авч, гэрээ байгуулан байшинг шилжүүлэн өгсөн.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны хавар 3 дугаар сард ӨХ ХХК нь гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан барьж, ашиглалтад оруулж байсан.

ӨХ ХХК нь манай нөхөр П.Ц-ны үүсгэн байгуулсан компани бөгөөд тухайн үед гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь миний нэр дээр байсан тул уг газар дээрх үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн **********************хаягт байрлалтай амины сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ З.Г миний нэр дээр гарсан байсан.

Байшингийн цууралт, газар зүйн өөрчлөлт нь их хэмжээний ус бороо орсон, газрын чичирхийллээс үүсэх боломжтой учир нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасныг баримтлан МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Э.Б нь 2018 оны 10 сард амины орон сууц худалдаж авахдаа ГБ ХК-тай Ипотекийн зээлийн гэрээ хийж, уг гэрээний хамт амь насны болон барьцаа хөрөнгийн даатгалын гэрээг МД ХХК-тай байгуулсан.

 Даатгуулсан хөрөнгө нь 2020 оны 12 сараас эхлэн байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр хөрсний хөдөлгөөн бий болсноор газар өргөгдөж, хагарч цуурч хохирол амсаж эхэлснээр Баяраа нь МД ХХК-иас хөрөнгийн эрсдэлийн нөхөн төлбөр шаардаж эхэлсэн.

5.2. Маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх явцад нийт 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтүүдэд "... 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн дүгнэлт’’... тус талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ойр байрлах амины орон сууцанд урсан орж сууринд нэвчсэнээр хэв гажилтад орсон...” үнэлж буй хөрөнгө байрлаж буй хөрс нь цэвдэгтэй, намагтай хөрс байсан...” гэх дүгнэлтүүдээс үзэхэд хөрөнгө эрсдэлд орсон нөхцөл шалтгаан нь тус талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдсэн үйл баримт тогтоогдсоныг шүүхээс анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

5.3. Шүүхээс дүгнэхдээ зөвхөн хөрсний цэвдэгт тохируулж байшингийн суурийг хийгээгүй тул дулаан доош алдагдаж, цэвдэгтэй хөрсийг сэргээсэн нь байгалийн хүчин зүйл биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хөрсний цэвдэг сэргээгдсэн анхны шалтгаан нь дүгнэлтээр ойр орчмын булаг сэргээгдсэн гэж тогтоогдсон. Хөрсөн дэх булаг сэргээгдэх нь хүний ухамсраас үл хамаарах байгалийн хүчин зүйл мөн. Гэтэл байгалийн гэнэтийн үйл явдал болох булаг сэргээгдэх эс сэргээгдэх эсэхийг мэдэх боломжгүй нөхцөлд барилгыг барьсан нь худалдан авагчийг буюу даатгуулагчийг хохироох үндэслэлгүй.

5.4. Даатгагч нь хожим гарах хөрөнгө эрсдэх үгүй болох хохирол амсах тохиолдолд эрсдэлийг хүлээх тохиролцоо нь уг хөрс нь цэвдэгтэй байсан гэх үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Хэрвээ барилгын компанийн алдаа бүрд даатгалын компанийг хариуцлага нөхөн төлбөрөөс энэ мэтээр чөлөөлбөл даатгалын компани нь иргэн, аж ахуй нэгжтэй хийсэн гэрээнээс авсан төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг хуулийн хүрээнд бий болгож байна.

 Өөрөөр хэлбэл “хөрсний гэнэтийн овойлт нь” байгалийн эрсдэлд шууд хамаарч байхад шүүхээс энэ үйл баримтыг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д заасан “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" үндэслэлээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж буй тул даатгуулагчид тохиолдсон үл баримт нь байгалийн эрсдэл мөн эсэх, даатгагч нь нэхэмжилсэн нөхөн төлбөрийг төлөх үндэстэй эсэхийг дахин нягталж, шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэлийн дагуу гарсан, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлсэн гэж үзэж байна.

6.1. Хэрэв барилгын компанийн алдаа бүрд даатгалын компанийг хариуцлага, нөхөн төлбөрөөс чөлөөлөөд байвал даатгалын компани үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна гэсэн агуулгаар гомдол гаргаж байна. Барилгын компанийн алдаатай үйл ажиллагаанаас болж энэ эрсдэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж харагдаж байна. Даатгалын компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөждөг байгууллага биш. Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо хэрэгт авагдсан баримтын хүрээнд бус, урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн байдаг. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр барилгыг стандартын дагуу баригдсан гэж дүгнэсэн. Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тус дүгнэлтээр Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан барилгын үйл ажиллагаанд баримтлах зарчим, барилга нь механик аюулгүй байдлыг хангах, барилга, байгууламжийн материал, хийц, бүтээц, эзлэхүүн нь ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй байх, тогтвортой байх шаардлагыг хангаагүй байна гэж гарсан. Тухайн барилга нь анхнаасаа баригдахдаа Барилгын тухай хуулийг зөрчиж баригдсан. Шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр анхнаасаа голын ай сав буюу эргийн хамгаалалтын бүсэд байрлаж байгаа, барилгын норм, дүрэмд заасан үндэслэлээ баримтлаад барилга барих боломжтой, гэхдээ тухайн газар нь голын энгийн хамгаалалтын бүс гэсэн байдаг.

6.2. Барилгын тухай хуульд заасан барилгын зураг хийгээд инженер, геологийн дүгнэлт гаргаад энэ хөрсөнд нь таарсан барилга барьсан бол энэ эрсдэл учрахгүй байх боломжтой байна гэсэн дүгнэлт гаргасан.  Байгалийн эрсдэлээс хамаарахгүй, хүний хүчин зүйлээс шууд хамаараад буюу хууль, дүрэм, журмаа мөрдөөгүйгээс үүссэн эрсдэл байна.

Даатгуулагч нь тухайн барилгыг худалдан авсан ба барилгыг худалдсан гуравдагч этгээд тухайн барилгыг барихад оролцсон байдаг. Тухайн этгээдээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардах эрх нь байгаа. Хотхон нь тэр чигтээ эвдрэл үүссэн гэдэг асуудал ярьдаг. Барилга барьсан этгээдийн буруутай үйл ажиллагаанаас болж, норм, дүрэм хуулиа баримталж бариагүйгээс болж эрсдэл учирч байгаа учраас энэ нь даатгалын тохиолдолд хамаарахгүй эрсдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч МД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Э.Б МД ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ”-г байгуулж, даатгагч МД ХХК хэлэлцэн тохиролцсон даатгалын тохиолдол бий болоход Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон гудамжны 17/5 тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч Э.Б даатлагын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээний хугацаа 2038 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар харилцан тохиролцжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан даатгалын харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн, энэ талаар талууд маргаагүй. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4. Дээр дурдсан амины орон сууц 2016 онд баригдсан, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Э.Б өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, өмчлөгч болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс даатгалын зүйл оршин байх газрын хөрс овойж, хөдөлгөөн бий болсноор даатгалын зүйл болох амины орон сууцны хийц, бүтээцэд ан цав, цууралт үүсч хохирол учирсан үйл баримтад талууд маргаагүй.

Харин дээрх байгалийн үзэгдэл нь даатгалын эрсдэлд хамаарах эсэх талаар талууд маргасан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6.  МД ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 21/211 дугаар албан бичгээр Э.Бд нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. 

 

6.1. Санхүүгийн зохицуулах хороо 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1432 дугаар “Даатгалын нөхөн төлбөр олгох тухай” албан бичгийг МД ХХК-д илгээсэн байх ба уг албан бичигт даатгалын тохиолдолд бий болсон, нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж хариу ирүүлэхийг мэдэгджээ.

 

7. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлснээс үйл баримт буруу тогтоогдсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

7.1. Шинжээч “Инженер геодези” ХХК-ийн 2021 оны дүгнэлтэд барилгын одоогийн нөхцөл байдал болон усанд автсан шалтгааныг “... 1 давхар амины орон сууцны зориулалттай хэв гажилтад орсон барилгын тайлбайн хойно байрлах худгийн ундарга ихэссэнтэй холбоотой 2020 оноос ус алдагдаж эхэлсэн. Энэ нь барилгын буурь хөрсөнд хүчтэй нөлөөлөх нөхцөл үүссэн”, мөн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 22/А-009 дугаар дүгнэлтэд “... амины орон сууцны талбайд байгалийн гэнэтийн үзэгдэл болох булаг сэргээгдэж улмаар ойр байрлах амины орон сууцанд урсан орж сууринд нэвчсэнээр хэв гажилт орсон. ... Булгийн ус нь байгалийн хөрсөнд нэвчиж усажсанаас дулааны улиралд барилгад нэмэлт суулт болон хүйтний улиралд хөрсний овойлт үүсгэдэг тул уг хөрсний шинж чанарт нөлөөлж ан цав үүсгэн эвдэрсэнтэй шууд нөлөө үзүүлсэн” гэжээ.

7.2. Харин шинжээч “Уран асар” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 02, “Жоншт-Уул” ХХК-ийн 2023 онд тус тус дүгнэлт ирүүлсэн боловч энэ 2 дүгнэлтийг Монгол Улсын зөвлөх инженер О.Н гаргасан, хоорондоо үг, үсгийн зөрүүгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Энэ 2 дүгнэлтэд “...Барилгын суурь нь буруу хөрсөнд суусан, хөрсний болон гадаргуугийн уснаас хамгаалсан арга хэмжээ аваагүй, голын голдирол дээр барилга барьсан, барилга даах чадваргүй хөрсөнд суурийг шийдсэн, хөлдөлт овойлтыг тооцоогүй зэргээс шалтгаалан барилга бүрэн хагарч, хэв гажилтад орсон” гэх боловч “Инженер геодези” ХХК-ийн дүгнэлтэд дурдсан худгийн болон булгийн усны талаар огт дурдаагүй байна.

Иймд “Инженер геодези” ХХК-ийн дүгнэлтийг илүү үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

8. Түүнээс гадна МД ХХК нь Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй буюу даатгалын үйл ажиллагааг эрхлэх мэргэшсэн этгээдийн хувьд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д зааснаар “даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах” үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд даатгалын гэрээний 1.2-т заасан “байгалийн эрсдэл”-д орох нөхцөл болон гэрээний 7.2.4-т заасан “гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол”-д хамаарах нөхцөл байдлыг тайлбарлаж өгөөгүй байна.

8.1. Харин даатгалын гэрээний 7.2.5-д заасан “газар хөдлөлт, түүний үр дагавар” нь маргааны зүйл болоогүй тул хариуцагчийн холбогдох тайлбар үндэслэлгүй болжээ.

8.2. Хариуцагчийн татгалзалд дурдагдсан даатгалын гэрээний 7.2.13-т “алдаатай болон буруу зураг төсөл, загварыг ашигласан эсвэл чанарын шаардлага хангахгүй материал хэрэглэсэн, зураг төслийг өөрчилсөн” гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг буруу гэж үзнэ. Учир нь уг гэрээний 7.2.13-т заасан нөхцөлийг даатгуулагч иргэн Э.Бд тайлбарлан өгсөн гэх баримт байхгүй, даатгалын зүйл болсон барилга нь гэрээний 7.2.13-т хамаарах нөхцөл байдал бий эсэхийг лавлаж тодорхойлох боломжтой байсан, энэ ажиллагааг хийгээгүй гэж дүгнэнэ.

            9. Иймд дээр дурдсан үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс газрын хөрс овойж, хөдөлгөөн бий болсноор даатгагдсан амины орон сууцанд эвдрэл гэмтэл бий болсон нь байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан даатгалын тохиолдол бий болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

            10. “Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 02.07.0383/188 тоот албан бичигт уг амины орон сууц “бүхэлдээ нурах нөхцөл бүрдсэн нь амь нас, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулахуйц байна.” , “Уран асар” ХХК,  “Жоншт-Уул” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд “одоо байгаа барилга хүн амьдрах боломжгүй тул бүрэн нураах” гэсэн байдлуудыг харгалзан үзэж нөхөн төлбөрийн хэмжээг даатгалын гэрээний 1.2-т тохиролцсон даатгалын үнэлгээний хэмжээ болох 163,200,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

11. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2023/03675 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 163,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгосугай.” гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Э.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-иас 973,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Э.ЭНЭБИШ

                                           

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                             

  ШҮҮГЧ                                             Э.ЗОЛЗАЯА