Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

-

-

     2019          01           25                                         136               

 

-                           

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч О.Ж, Э.Ө,

насанд хүрээгүй хохирогч О.Х, хууль ёсны төлөөлөгч М.Туяацэцэг,

иргэний нэхэмжлэгч Х.Г,

иргэний нэхэмжлэгч С.Энхжаргал, А.Баярсайхан нарын өмгөөлөгч Ө.Галцог,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Хосбаяр,

иргэний хариуцагч Д.Баярбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт О.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803006440386 дугаар 3 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бэйл овогт Очирын Б /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч О.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Сонгионхайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн замд Daewoo маркийн 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Howo маркийн 56-15 УНЕ, Зил-130 маркийн 36-40 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслүүд болон автобусны буудлын хажууд байсан түргэн үйлчилгээний цэгийг мөргөж, явган зорчигч О.Жн эрүүл мэндэд хүнд, О.Х, Э.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Осол гаргасан машиныг анх удаа жолоодсон. Тоормосгүй болоод л осол гарсан. Хохирлыг барагдуулах талаар даатгалд хандсан. Миний бие бүрэн эдгэрээгүй байгаа. Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гэмшиж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял өгнө үү” гэв.

Хохирогч Э.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Автобусны буудал дээр зогсож байсан. Би машин тэрэг хараагүй. Хүмүүс гүйлдээд явчихаар нь гүйсэн. Тэгээд гэмтсэн. Зүүн хөл хугарсан, бороолоод эдгэж байгаа. Эм тариа, хагалгааны зардал 800.000 төгрөг гарсныг нэхэмжилнэ. Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна, хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохиргч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зүүн нүд, нулимсны суваг тасарсан. Зүүн гарын эрхий хуруу тасарсан байсан. Тэгээд хагалгаанд орсон” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Туяацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Охин гэмтсэн байсан. ТҮЦ-ний үнэ 4.300.000 төгрөг, бараа 2.000.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөг болсноос одоо 5.877.500 төгрөг нэхэмжилнэ. Х хагалгаанд орсон. Баримтаар 700.000 төгрөг гарсан. Цаашид дахин хагалгаа хийлгэж, эмчилгээ хийлгэнэ. Хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

Хохирогч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 7 дугаар сарын 27-нд буудал дээр зогсож байсан. Гэнэт нүргэлсэн чимээ гарсан. Эргэж харах завдалгүй ТҮЦ-ний төмөрт дарагдсан. Эмнэлэгт 1 сар, гэртээ 45 хоног хэвтсэн. Саяхан хагалгаанд орсон, эмнэлэгт хэвтэж байгаа. Ялтас тавиулж, 15 ширхэг хадаас хадуулсан. 1.000.000 төгрөгийн баримттай зардал гарсан, түүнийг нэхэмжилнэ. Сүүлийн баримтыг өгөөгүй. Эдгэх хүртлээ гомдолтой. Эрүүл болмоор байгаа тул О.Бийг хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Туяацэцэгийг танина. ТҮЦ-нд нь түр сууж байсан. Х гаднаас орж ирсэн. Удалгүй баруун талаас мөргөсөн. Тэгээд ухаан алдсан. 500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хөнгөн шийдэж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Хосбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Б ахыг 2018 оны 7 дугаар сарын 27-нд хот руу 2 удаа яваад өгөөч гэж гуйсан. 30.000 төгрөгөөр 1 рейс хийхээр тохирсон ч 60.000 төгрөгийг өгөөгүй байсан. Нэхэмжлэх зүйлгүй. Баярбатаас машиныг Батбилэг авсан гэсэн. Би Батбилэгээс авсан. Машинаа үнэлүүлээгүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг төлөх ёстойг ойлгосон. Миний жолооны үнэмлэхийг хураагаад авсан учраас ажил хийж чадаагүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ” гэв.

Иргэний хариуцагч Д.Баярбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Батбилэг гэдэг хүний машин юм. Батбилэг ирж гуйгаад машинаа нэр дээр чинь шилжүүлье гэсэн. Түүнд 9.000.000 төгрөг зээлүүлсэн. Уг мөнгөө 3 хонуулаад надад өгсөн. Би байнга л тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж ав гэдэг байсан. Тэгээд эд нарт зарсан байсан. Би хохирол төлөх боломжгүй, төлөхгүй” гэв.

 

Эрүүгийн 1803006440386 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

1. Хохирогч О.Жн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны орой 17 цаг өнгөрч байсан байх Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны тойргийн автобусны буудал дээр замынхаа доод тал руу автобус хараад зогсож байтал гэнэт нүргэлсэн чимээ гарсан. Эргээд хартал ТҮЦ нураад ороод ирсэн. 2 хөлийг маань дарчихсан. Тэгээд хартал хажуу талд нэг залуу хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүс хөл дээр нурсан байсан ТҮЦ-ний төмрийг холдуулаад “хөдөлж болохгүй шүү” гэсэн. Тэгээд түргэн ирээд Гэмтлийн эмнэлэг явсан. ...Эмчилгээний зардал, амжиргааны зардал гээд хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43-44/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.08.10-ны өдрийн 9384 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Жн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод хэсгийн ил, зөрөөтэй хугарал, тархины доргилт, зүүн мөр, тохой, зүүн шилбэ, шагай, өсгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-205/,

- Өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-60-71/, “Саран гоёл” ХХК-ийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-2/,

2. Насанд хүрээгүй хохирогч О.Хгийн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би ...ТҮЦ-рүү ортол ээж Маралаа эгчтэй хамт байсан. Ээж бараандаа явлаа гээд надтай зөрөөд гарсан. Би Маралаа эгчид авсан үсний хайчаа үзүүлээд байж байсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Нэг сэргэхэд эмнэлгийн маүинд явж байсан. Миний толгой, гар янгинаж өвдөөд, оройд унтаж чадахгүй, хамар битүүрээд байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-76-77, 115/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Туяацэцэгийн: “Тухайн өдөр ...танихгүй дугаараас “Тойрог дээр осол гарчихлаа, охиныг чинь дайрчихлаа, та хурдан ирээч” гэж хэлсэн. Охин Х, Г 2-ыг түргэн тусламжийн машин аваад явчихсан байсан. Мухлагт ойролцоогоор 2 сая орчим төгрөгийн бараа байсан. Үүнээс 422.500 төгрөгийн тамхи яүгээр, бүтэн байсан. ...Хгийн зүүн нүдний яс хугарч бяцарсан. Нулимсны 2 сүв тасарсан гуурс хийсэн, зүүн хамар хугараад оёдол тавиулсан, уруул язарч оёдол тавиулсан, тархи доргилттой, нүдний алим доргисон, зүүн гарын сарвууны хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-72-75/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.31-ний өдрийн 9334 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Хгийн биед зүүн гарын эрхий хурууны алганы шивнүүр, зүүн ухархайн дээд, доод ханын хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, нүүр, зүүн гарын том хэмжээний шарх, зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун гар, бүсэлхий, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-193/,

- Өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-117-151/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн 2018.08.13-ны өдрийн авто ослын улмаас учирсан хохирлын үнэлгээнд: “Зөөврийн сууц, ТҮЦ-ийн зориулалттай лангуу, төмөр тавиур зэрэгт авто ослын улмаас учирсан хохирлын хэмжээг 4.380.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтас, хх-93-99/, Түргэн үйлчилгээний цэгт байсан бараанд учирсан хохирлын талаар гаргаж өгсөн баримтууд /1 дүгээр хавтас, хх-100-106/,

3. Хохирогч Э.Өын: “2018 оны 7 дугаар сарын 27-ны 17 цаг 10 минутын орчим Баянхошууны тойргийн автобусны буудал дээр ТҮЦ-ний хажуу талд зогсож байтал гэв гэнэт Хово маркийн автомашин ТҮЦ мөргөөд хамаад ороод ирсэн. Би хажуу тийшээ гүйсэн. Тэгээд амжилгүй ТҮЦ-д цохигдоод унасан. ...Ослын улмаас зүүн шилбэ хугарсан, нуруу, баруун шилбэ хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-157-161/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.31-ний өдрийн 9328 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Э.Өын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-216/,

- Өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-163-172/,

4. Иргэний нэхэмжлэгч Х.Гын: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд танил эгч Туяацэцэг нь бараанд гарахаар болоод намайг “түр суугаад өгөөч” гэхээр нь би сууж байсан. Араас нь эгчийн охин Х орж ирсэн. “Үсний индүү авсан эгчээ, та хар даа” гээд ярьж байтал баруун талаас мухлагны хана цохих шиг болсон, би ухаан алдчихсан. Нэг сэртэл түргэн тусламжийн эмнэлгийн машинд сэрсэн. Тархи хавагнасан, баруун гар, 2 гуя, дух хөхөрсөн. ...Эмчилгээнд 500.000 төгрөг зарцуулсан. Хохирлоо авчихвал өөр ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-147-149/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.08.01-ний өдрийн 9332 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Г-н биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалга, хэвлий, зүүн гуянд цус хуралт, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-226/,

5. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Хосбаярын: “Daewoo маркийн 76-45 УНН улсын дугаартай автомашиныг би 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр худалдаж аваад мөнгө нь дутуу байсан болохоор нэр дээрээ шилжүүлж авч амжаагүй байсан. Тэрнээс биш миний өөрийн автомашин. 2018 оны 7 дугаар сарын 27-ны 11 цаг өнгөрч байхад Налайхын тоосгоны үйлдвэрээс тоосго ачуулахаар танил Бийг хөлслөөд машинаа өгч явуулсан. Баянхошуунд буулгах газар луу явж байгаад тухайн зам тээврийн ослыг гаргасан байсан. 2018 оны 5 дугаар сард үзлэг оношилгоонд орчихсон байсан. Бүрэн бүтэн байдлыг хангасан байсан. Тоормос хэвийн ажиллагаатай байсан. Учир нь би тухайн үед Налайх дүүрэгт тоосгоны үйлдвэр лүү машинаа өөрөө барьж хүргэж өгсөн. Тэр үед автомашин тоормостой, бүрэн бүтэн байсан. ...Машинд гарсан, учирсан хохирлыг гаргаад өгөх юм бол надад гомдол, санал гээд байх зүйл байхгүй. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулах бол Бийн өөрийнх нь шийдэх ёстой асуудал гэж үзэж байна. Тухайн машин одоохондоо миний нэр дээр шилжээгүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-174-176, 178-179/,

6. Иргэний нэхэмжлэгч Э.Даваанямын: “Хово маркийн 56-45 УНЕ тээврийн хэрэгсэл нь дүү Баярсайханы, Зил-130 маркийн 36-40 УБД тээврийн хэрэгсэл нь ээж Энхтуяагийн нэр дээр байдаг. Гэхдээ ер нь би дээрх тээврийн хэрэгслүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Хово маркийн 56-15 УНЕ машины кабин нь бүхэлдээ эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон. Моторын тослох эд ангиуд кабиний рамтай холбогддог хэсгүүд гээд тэр чигтээ эвдэрсэн. Машины баруун талын рам нь урд хэсгээрээ гулзайсан байсан. Зил-130 маркийн 36-40 УБД машины ачааны тэвш эвдэрсэн, кабин гажиж хаалга нь хаагдахаа болисон. Урд салхины шил хагарсан, кабин хонхойсон. Ачаатай байсан учраас рам нь жоохон мушгиа орсон юм шиг байна лээ. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-130-132/,

Иргэний нэхэмжлэгч С.Энхтуяагийн: “...Уг машин нь миний нэр дээр байдаг, миний машин. ...Гомдолтой байна, машиныхаа эвдрэл хохирлын үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-174-175/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтас, хх-236/, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2018.08.31-ний 11319288 дугаар үнэлгээний тайланд: “Зил 130 загварын 3640 УБД дугаартай автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.970.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-208-209/,

- Иргэний нэхэмжлэгч А.Баярсайханы: “2018 оны 7 дугаар сарын 27-ны үүрээр 06 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Хово маркийн 56-15 УНЕ улсын дугаартай том оврын ачааны машиныг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баянхошууны тойрог дээр аваачиж тавьчихаад, ...цоожлоод гэр лүүгээ очсон. Тэгтэл араас Баянхошууны тойрог дээр хамт зогсоол дээр зогсдог танил хүн залгаад “чиний машиныг том оврын ачааны машин ирж мөргөчихсөн байна” гэж хэлсэн. ...Гомдолтой байна. Машиныхаа эвдрэл үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-179-180/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтас, хх-237/, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2018.08.31-ний 11319288 дугаар үнэлгээний тайланд: “Sinotruck ZZ3257 N4147C1 загварын 5615 УНЕ дугаартай автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 38.055.000 төгрөг” гэжээ /2 дугаар хавтас, хх-212-213/,

7. Иргэний хариуцагч Д.Баярбатын: “2017 оны 11 дүгээр сард манай найз Энхболдын хүргэнийх нь дүү болох Батбилэг над дээр ирээд “дүү нь Англи улс руу явах шаардлага гараад байгаа юм. Иймд өөрийн нэр дээр байгаа Daewoo маркийн 76-45 УНН улсын дугаартай автомашиныг таны нэр дээр шилжүүлж 9 сая төгрөг зээлмээр байна” гэж хэлсэн. Би зөвшөөрч Батбилэгт 9 сая төгрөг өгөөд түүний нэр дээр байсан Daewoo маркийн 76-45 УНН улсын дугаартай автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Батбилэг нь 2018 оны 3 дугаар сарын багцаанд надад өгөх 9 сая төгрөгөө дууссан. Одоо Батбилэг бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. ...Удаа дараа Батбилэгт машинаа шилжүүлэхээр утсаар хэлж байсан боловч ажил төрлийнх нь боломж бололцоо байхгүй байсан. Тэгээд би шилжүүлж өгч чадаагүй. Уг машин нь миний нэр дээр боловч өөр хүн унадаг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-169-170/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтас, хх-238/,

Гэрч Б.Батзоригийн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 16-17 цагийн орчимд Баянхошууны тойргийн “Сод монгол” шатахуун түгээх станцын зүүн талд байрлах автобусны буудлын хойд хашааны гадаа Портер машинд танил 2 хүний хамт сууж байсан. Гэтэл дээрээс уруудаад шороон замаар цагаан өнгийн ачаатай том тэрэг хурдтай орж ирээд хашааны урд зогсож байсан цагаан өнгийн Хово маркийн машиныг мөргөөд ард нь зогсож байсан Зил-130 нь давхар мөргөгдсөн. Буугаад хартал автобусны буудал дээр байсан түргэн үйлчилгээний цэгийг мөргөсөн байсан. Түргэн үйлчилгээний цэг дотор байсан хүүхэд гэмтсэн байсан, би эмээг нь таньдаг болохоор дуудсан. Эмээг нь дагуулаад иртэл түргэний машин ирээд бэртэж гэмтсэн хүмүүсийг аваад явсан байсан. Тухайн мөргөсөн машин 60-70 км/цаг-ийн хурдтай явж байсан байх, нүд ирмэхийн зуур л ирээд мөргөчихсөн. Зогсож байсан хоёр машинд хүн байгаагүй, харин түргэн үйлчилгээний цэг дотор 2 эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-180/,

Гэрч Ч.Оюуннямын: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 16 цагт Офицеруудын орднуудын Хас банк дээр Бтай уулзсан. ...Баянхошууны тойрог руу уруудах гээд Хөтөлийн цаад талын гэрлэн дохион дээр зогсох гэтэл машин тоормосгүй болчихлоо, ямар ч хий хураахгүй байна, чи манай охиныг аваад үсэрчих гэсэн. Би үсэрч чадаагүй, урд их машин байсан учраас зорчих хэсгээс машинаа гаргаад шороон зам руу тэр чигээрээ уруудаад юм мөргөсөн, юу мөргөсөн талаар сайн харж чадаагүй. Офицероос хөдлөөд явж байхад тоормос нь зүгээр ажиллаж байсан. Гэнэт л тоормос нь ажиллахаа байсан. Ачаатай байсан учир маш удаан явж байсан. Гэвч тоормосоо алдсан гээд эрчээрээ явчихсан. Б бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-183, 2 дугаар хавтас, хх-181-182/,

Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын 2018.09.25-ны өдрийн 612 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Зам тээврийн осол, хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэлүүд, ослын улмаас эвдэрсэн обьект, эд зүйлсийн эвдрэл, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, гэрчүүдийн мэдүүлгүүд хүний биед хийсэн ШШҮХ-ийн нэр бүхий шинжээчдийн 2018.07.31-ний өдрийн 9334, 9384, 9328, 08 дугаар сарын 01-ний өдрийн 9332, 08 дугаар сарын 30-ны өдрийн 10512 дугаартай дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд хийсэн ШШҮХ-ийн нэр бүхий шинжээчдийн 8 дугаар сарын 17-ны өдрийн 4776, 8 дугаар сарын 23-ны өдрийн 4777, 8 дугаар сарын 30-ны өдрийн 4775 дугаартай дүгнэлтүүд, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018.09.11-ний өдрийн 131 албан бичгээр ирүүлсэн хариу зэргийг үндэслэхэд Дэү маркийн 76-45 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Зорчих хэсгийн гадна талд зогсож байсан гэх тээврийн хэрэгслүүдийн жолооч нар болон ТҮЦ-нд байсан, бусад гэмтсэн хүмүүс болох О.Х, Х.Г, О.Ж, Э.Ө нар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. 3.Мөн зам, орчны байдал, түүний байгууламжийн байдал нь уг осол гарахад нөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна. 4.Дэү маркийн автомашины техникийн байдлыг шалгасан оношилгооны байгууллагын үзлэг ба шинжилгээгээр “...Дэү маркийн 76-45 УНН улсын дугаартай ачааны автомашин нь эвдрэл, гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ...явах анги болон тоормосны системийн эд ангид үзлэг хийх боломжгүй.” гэх тул уг тээврийн хэрэгслийн техникийн байдал нь осол гарахад хэрхэн нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Харин дугуйнд хийсэн үзлэг ба шинжилгээгээр “...Гурав дахь тэнхлэгийн зүүн дотор талын дугуй, зүүн дотор талын дугуйнууд элэгдэж халзарсан /Зураг 37, 43/, баруун хойд давхар дугуйнуудын хээтэй хэсэг элэгдлийн хязгаарт хүрсэн /Зураг 47, 48/ нь MNS: 4598-2011 стандартын 5.14.3-д заасан шаардлагыг хангахгүй байна” гэх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм-...ээс бага болсон.” гэснээр хориглосон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан байх ба энэ нь уг зам тээврийн осол гарахад ямар байдлаар, хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй” гэжээ /2 дугаар хавтас, хх-92-93/,

Шүүгдэгч О.Бийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд ...Хосбаяр гэх залуу залгаж “би ажилтай болчихоод байна, иймд Налайх дүүргээс ирж машин аваад Улаанбаатар хот руу яваад өгөөч ээ” гэж хэлсэн. “Надад машин байхгүй байна, тэглээ ч гэрээсээ зайтай байна” гэж хэлсэн чинь надаас шалаад гуйгаад байхаар нь “за за тэгье” гэж хэлээд утсаа тасалсан. 09 цаг өнгөрч байхад Налайх дүүрэгт гэртээ хүргүүлсэн. Гэртээ дөнгөж ороод байтал Хосбаяр машинтай ирж аваад Налайх дүүргийн 9 дүгээр хороонд хүргэж өгсөн. Тэгээд би Хосбаярын бариулах Daewoo маркийн 76-45 УНН улсын дугаартай ачааны машин дээр очиж тухайн машиныг барих гэтэл нэг л эвгүй санагдаад байхаар нь Хосбаяраар өөрөөр нь бариулж Налайх дүүргийн урд талын тоосгоны үйлдвэр дээр 10 цаг өнгөрөөгөөд очсон. Машинд нь тоосго ачуулчихаад охины хамт Улаанбаатар хот руу явахдаа замд Хосбаяр шатахуун түгээх станцаас түлш хийж өгсөн. Тэгээд Хосбаяр “би ажилтай” гэж хэлээд үлдсэн. Би охины хамт Улаанбаатар хот руу 15 цагийн орчимд орж Офицеруудын ордонд байдаг Хас банк дээрээс танил болох Оюуннямыг авч Баянхошуу орох гээд явж байгаад гэрлэн дохиотой уулзвар дээр зогсоох зорилгоор 2 удаа тоормосоо гишгэсэн боловч хийгүй болсон. Урд зогсож байсан машинтай дөхөөд ирэхээр нь эсрэг урсгал руу дарсан боловч зогсохгүй байсан. Өөдөөс машин ирэхээр нь буцаж өөрийнхөө урсгал руу дарж ортол уруу замтай болж таараад хурдаа аваад ирэхээр нь замын хажуу тал руугаа дарсан. Үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан орсон чинь машиндаа дүүжлэгдээд байж байсан. Түргэн ирж машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд явсан...” /2 дугаар хавтас, хх-108-109/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.08.30-ны өдрийн 10512 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Б-н биед зүүн шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун алганы 5 дугаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-237/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-23/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-24/, хохирлын баримтууд /1 дүгээр хавтас, хх-45-58, 79-91, 151-155, 2 дугаар хавтас, хх-3-10/, гэрч Б.Батбилэгийн мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-185/, Налайх дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-115/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтас, хх-119/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-120/, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /2 дугаар хавтас, хх-132-141/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-227/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /3 дугаар хавтас, хх-5-6/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн “Хаан даатгал” ХХК-д нөхөн төлбөрийн материал хүлээлгэн өгсөн баримтыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Сонгионхайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн замд “Daewoo” маркийн 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Howo” маркийн 56-15 УНЕ, “Зил-130” маркийн 36-40 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслүүд болон түргэн үйлчилгээний цэгийг мөргөж тэдгээрт эд хөрөнгийн хохирол, явган зорчигч О.Жн эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч О.Х, хохирогч Э.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Х.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Жн “...эргээд хартал ТҮЦ нураад ...2 хөлийг дарчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-43-44/, өвчний түүх /1 дүгээр хавтас, хх-60-71/, шүүх эмнэлгийн 9384 дүгээр “1.О.Жн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод хэсгийн ил, зөрөөтэй хугарал, тархины доргилт, зүүн мөр, тохой, зүүн шилбэ, шагай өсгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-205/, насанд хүрээгүй хохирогч О.Хгийн “...Юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-76-77, 115/, шүүх эмнэлгийн 9334 дүгээр “1.О.Хгийн биед зүүн гарын эрхий хурууны алганы шивнүүр, зүүн ухархайн дээд, доод ханын хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, нүүр, зүүн гарын том хэмжээний шарх, зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун гар, бүсэлхий, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-193/, “Арвижих-эстимейт” ХХК-ийн хохирлын “Зөөврийн сууц, ТҮЦ-ийн зориулалттай лангуу, төмөр тавиур зэрэгт авто ослын улмаас учирсан хохирлын хэмжээг 4.380.000 төгрөг” гэх үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-93-96/, иргэний нэхэмжлэгч Э.Даваанямын “...Гадна байдлаас нь харахад Хово маркийн 56-15 УНЕ машины кабин нь бүхэлдээ бүрэн эвдэрсэн, ашиглах боломжгүй болсон. Моторын тослох эд ангиуд кабиний рамтай холбогддог хэсгүүд гээд тэр чигтээ эвдэрсэн. ...Урд салхины шил хагарсан, кабин хонхойсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-132/, иргэний нэхэмжлэгч Х.Гын “...баруун талаас мухлагны хана цохих шиг болсон, би ухаан алдчихсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-148/, шүүх эмнэлгийн 9332 дугаар “1.Х.Г-н биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалга, хэвлий, зүүн гуянд цус хуралт, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-226/, хохирогч Э.Өын “Хово маркийн автомашин ТҮЦ мөргөөд, хамаад ороод ирсэн. ...ТҮЦ-д цохигдоод унасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-15-16/, шүүх эмнэлгийн 9328 дугаар “1.Э.Өын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 4.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-216/, гэрч Б.Батзоригийн “...дээрээс уруудаад шороон замаар цагаан өнгийн ачаатай том тэрэг хурдтай орж ирээд зогсож байсан цагаан өнгийн “Хово” маркийн машиныг мөргөөд ард нь бас зогсож байсан “Зил-130” нь давхар мөргөгдсөн. Автобусны буудал дээр байсан түргэн үйлчилгээний цэгийг мөргөсөн байсан. Түргэн үйлчилгээний цэг дотор байсан хүүхэд гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-180/, гэрч Ч.Оюуннямын “...гэрлэн дохион дээр зогсох гэтэл “машин тоормосгүй болчихлоо, ямар ч хий хураахгүй байна, чи манай охиныг аваад үсэрчих” гэсэн. Би үсэрч чадаагүй, урд их машин байсан учраас зорчих хэсгээс машинаа гаргаад шороон зам руу тэр чигээрээ уруудаад юм мөргөсөн, юу мөргөсөн талаар сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-183, 2 дугаар хавтас, хх-181-182/, Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын 612 дугаар дүгнэлт /2 дугаар хавтас, хх-92-93/, шүүгдэгч О.Бийн яллагдагчаар өгсөн “...2 удаа тоормосоо гишгэсэн боловч хийгүй болсон. Эсрэг урсгал руу дарсан боловч зогсохгүй байсан...” /2 дугаар хавтас, хх-108-109/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-23/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч О.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Жн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүний шүүх хуралдаанд гаргасан “Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримт /1 дүгээр хавтас, хх-45-58/-аар тогтоогдсон эмчилгээний зардал 581.798 төгрөгийг,       

мөн насанд хүрээгүй хохирогч О.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний “Эмчилгээний зардалд 700.000 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримт /1 дүгээр хавтас, хх-79-91/-аар тогтоогдсон эмчилгээний зардал 658.490 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэхийн зэрэгцээ О.Ж, О.Х нарын “Цаашид хагалгаанд орно, эмчилгээ хийлгэнэ” гэх хүсэлтийг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тус тус дурдаж байна.    

Хохирогч Э.Өын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний “Эм тариа, хагалгааны зардалд 800.000 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримт /2 дугаар хавтас, хх-3-10/-аар тогтоогдсон 533.850 төгрөгийг,   

иргэний нэхэмжлэгч Х.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “Эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилнэ” гэх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримт /1 дүгээр хавтас, хх-151-153/-аар тогтоогдсон 487.700 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч С.Энхтуяагийн эзэмшлийн “Zil 130” маркийн 36-40 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээ /2 дугаар хавтас, хх-208-209/-ээр тогтоогдсон нийт 1.970.000 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч А.Баярсайханы эзэмшлийн “Sinotruck ZZ3257 N4147C1” маркийн 56-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд үнэлгээ /2 дугаар хавтас, хх-212-213/-ээр тогтоогдсон нийт 38.055.000 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч М.Туяацэцэгийн түргэн үйлчилгээний цэгийн зориулалтын лангуу, төмөр тавиур зэрэгт учирсан хохиролд үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-93-99/-ээр тогтоогдсон 4.380.000 төгрөг, барааны үнэ 1.833.115 төгрөг /1 дүгээр хавтас, хх-100-101/, үнэлгээ хийлгэхэд төлсөн 132.000 төгрөг /1 дүгээр хавтас, хх-99/, нийт 6.345.115 төгрөгийг тус тус гаргуулахаар тогтоов.

Эцэст нь дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагад баримтаар тогтоогдсон нийт 48.631.953 төгрөгийг шүүгдэгч О.Б, иргэний хариуцагч М.Хосбаяр нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 24.315.977 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.      

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаагаар 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Баярбат болох нь /2 дугаар хавтас, хх-142/ тогтоогдсон хэдий боловч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна”, 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа этгээд болох иргэний хариуцагч М.Хосбаяр нь шударга эзэмшигч болно. Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Хосбаяр ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна гэж шүүх үзсэн болно.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугийн талаар маргаангүй, өөрөө бас хүнд гэмтэл авсан байгаа. Эмнэлгээс гараад хор уршиг арилгах талаар арга хэмжээ авч байгаа. 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж үзэж байна” гэж,

хохирогч нар “Хөнгөн шийдэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүйгээр үйлдсэн, тээврийн хэрэгслийн тоормос ажиллагаагүй болсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /8-16 насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, гэмт хэргийн улмаас өөрөө хүнд гэмтэл авсан/-ыг тус тус харгалзан шүүгдэгч О.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч О.Бт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч О.Бийн жолоочийн ВCD ангиллын 271831 дүгээр үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.  

Харин “Daewoo” маркийн 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01721887 дугаар гэрчилгээг М.Хосбаярын жолоочийн BCD ангиллын 687255 дугаар үнэмлэхийн хамт хууль ёсны эзэмшигч М.Хосбаярт буцаан олгохоор шийдвэрлэж байна.

Шүүгдэгч О.Бийн өмчлөлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 14 дүгээр гудамж, 04 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууцыг битүүмжилсэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бэйл овогт Очирын Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч О.Бт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Б урьдчилан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч М.Хосбаярт төлөх төлбөргүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, О.Бийн жолоочийн ВCD ангиллын 271831 дүгээр үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “Daewoo” маркийн 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01721887 дугаар гэрчилгээг М.Хосбаярын жолоочийн BCD ангиллын 687255 дугаар үнэмлэхийн хамт М.Хосбаярт буцаан олгосугай.

  6. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Баас 24.315.977 төгрөг, иргэний хариуцагч М.Хосбаяр /Налайх дүүргийн 2 дугаар хороо, 16-47 тоотод оршин суух, РД-УД/-аас 24.315.977 төгрөг тус тус гаргуулж,

хохирогч О.Ж /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-12 дугаар гудамж, 149 тоотод оршин суух, РД-НЮ/-д 581.798 төгрөгийг,

хохирогч Э.Ө /Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 5-23 тоотод түр оршин суух, РД-ЖЖ/-д 533.850 төгрөгийг,  

насанд хүрээгүй хохирогч О.Х /Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 8 дугаар гудамж, 38 тоотод оршин суух, 76 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг, РД-УТ04270425/-д 658.490 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Х.Г /Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 57 дугаар гудамж, 42 тоотод оршин суух, “Горгаз” ХХК-д түгээгч ажилтай, РД-НВ\/-д 487.700 төгрөгийг,  

иргэний нэхэмжлэгч С.Энхтуяа /Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 3 дугаар гудамж, 34 тоотод оршин суух, РД-Ч\/-д 1.970.000 төгрөгийг,   

иргэний нэхэмжлэгч А.Баярсайхан /Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 3 дугаар гудамж, 34 тоотод оршин суух, РД-\/-д 38.055.000 төгрөгийг,   

иргэний нэхэмжлэгч М.Туяацэцэг /Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 8 дугаар гудамж, 38 тоотод оршин суух, РД-\/-т нийт 6.345.115 төгрөгийг тус тус олгосугай.

8. Хохирогч О.Ж, насанд хүрээгүй хохирогч О.Х нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР