Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 420

 

                                                          О.Б-д холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор С.Оюунжаргал,

          хохирогч О.Ж,

          иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Хр,

          шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч А.Очбадрал,

          насанд хүрээгүй хохирогч О.Х, түүний хууль ёсны төлөөлөгч М.Т,

          иргэний нэхэмжлэгч Э.Д, түүний өмгөөлөгч Г.Баттогтох, Б.Отгонжаргал,

          нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч С.Э, А.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.Б-д холбогдох 1803 0064 40386 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-н Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт ...... дүүргийн ... дугаар хороо, ................. дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

            О.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн замд “Daewoo” загварын, 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Howo” загварын, 56-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Зил-130” загварын, 36-40 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслүүд болон автобусны буудлын хажууд байсан түргэн үйлчилгээний цэгийг мөргөж, явган зорчигч О.Ж-н эрүүл мэндэд хүнд, О.Х, Э.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч Х.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч О.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Б урьдчилан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч М.Х-т төлөх төлбөргүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, О.Б-н жолоочийн В, С, D ангиллын 271831 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “Daewoo” загварын, 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01721887 дугаар гэрчилгээг М.Х-н жолоочийн В, С, D ангиллын 687255 дугаар үнэмлэхийн хамт М.Х-т буцаан олгож, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.Б-с 24.315.977 төгрөг, иргэний хариуцагч М.Х-с 24.315.977 төгрөг тус тус гаргуулж, хохирогч О.Ж-д 581.798 төгрөгийг, хохирогч Э.Ө-д 533.850 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч О.Х-д 658.490 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Х.Г-д 487.700 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Э-д 1.970.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Б-д 38.055.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч М.Т-т нийт 6.345.115 төгрөгийг тус тус олгож, хохирогч О.Ж, насанд хүрээгүй хохирогч О.Х нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжпэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч С.Э, А.Б нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо:  “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

 “Daewoo” загварын, 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас С.Э, А.Б нарын эзэмшлийн “Hоwо” загварын 56-15 УНЕ дугаартай тээврийн хэрэгсэлд 38.055.000 төгрөг, “Зил-130” загварын, 36-40 УБД дугаартай тээврийн хэрэгсэлд 1.970.000 төгрөгийн хохирол буюу нийт 40.025.000 төгрөгийн хохирол учирсан.

 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ. Гэтэл бид хоёрын эзэмшлийн “Hоwо” загварын, 56-15 УНЕ дугаартай тээврийн хэрэгсэлд 38.055.000 төгрөг, “Зил-130” загварын, 36-40 УБД дугаартай тээврийн хэрэгсэлд 1.970.000 төгрөгийн хохирол учирсаар байхад биднийг хохирогчоор тогтоолгүйгээр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, холбогдох хуулийг үндэслээгүй, хуульд заасан хохирогчийн эдлэх эрхийг хязгаарласан, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.

Дээрх шийдвэрийн улмаас давж заалдах шатны шүүхэд хохирогчийн байр сууринаас гомдол гаргах эрхгүй болгож, зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болгон хохирогч миний эрхийг хязгаарлажээ.

2. Мөрдөн байцаалтын шатанд тээврийн прокурор Б.Дэлгэрмаад хүсэлт гаргаснаар осол гаргасан тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч Д.Б гэх хүнийг иргэний хариуцагчаар тогтоосон. Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаагаар 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Б болох нь тогтоогдсоор байтал шүүхээс Д.Б-г иргэний хариуцагчаас хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд иргэн Д.Б-г иргэний хариуцагчаар тогтоон, хохирлыг төлүүлж өгнө үү.

Ослын улмаас бидэнд учирсан хохирлыг барагдуулах талаар гэм буруутай нь тогтоогдсон жолооч О.Б, машины эзэн гэх М.Х нар нь өнгөрсөн 6 сарын хугацаанд нэг удаа ч утсаар яриагүй, ямар ч үйлдэл хийгээгүйгээр барахгүй М.Х нь гэмт хэргийг мөрдөн байцаах явцад осол гаргасан тээврийн хэрэгслийг задлан зарсан. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Миний зүгээс төлбөрөө тэр мөнгөөрөө барагдуулахыг удаа дараа шаардсаар байхад үл тоон, олсон орлогоо хохирогчдын хохирлыг барагдуулах бус өөртөө авсаар байхад шүүх үнэлэлгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхээс хохирлыг хэдий хугацаанд хэрхэн барагдуулах талаар шийдвэртээ тодорхой тусган, үүрэг хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү.

Иймд шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж, биднийг хохиролгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

          Хохирогч О.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд О.Б хохирол барагдуулна гэж хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Би 7 дугаар сард 2 дахь удаагийн хагалгаанд орох гэж байна. Хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.

          Насанд хүрээгүй хохирогч О.Х “тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.

     Насанд хүрээгүй хохирогч О.Х-н хууль ёсны төлөөлөгч М.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Хаан Даатгал“-аас Х-н эмчилгээний зардал 138.000 төгрөг төлсөн. Өөрөөр хохирол төлөөгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэв.

          Иргэний нэхэмжлэгч Э.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэг гараад жил болж байна. Гэтэл хохирол төлөх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүх хуралдааны үед нэг ч төгрөг төлөөгүй байхад О.Б-г тэнсэж шийдвэрлэсэн. Хохирол төлөх талаар бодитой үйлдэл хийж байж тэнсэх ёстой гэж ойлгож байна. Машины эзэмшигчийг тогтоох, хохирол төлөх талаар ажиллагаа хийлгэхээр прокурорт хүсэлт гаргасан боловч олигтой шийдвэрлэж, ажиллагаа хийгээгүй. Осол гарсан тээврийн хэрэгсэл нь олон хүн дамжиж, эцсийн шатанд Б-ын эзэмшлийнх болж байх шиг байгаа. Тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн. Осол гаргасан тээврийн хэрэгслийг задлаад зараад дууссан. Тээврийн хэрэгслийн үнэлгээн дээр маргах зүйл байхгүй. Хохирлыг хэн, хэзээ төлж барагдуулах талаар ойлгомжгүй байна гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Э, Б нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

          Иргэний нэхэмжлэгч Э.Д-н өмгөөлөгч Г.Баттогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын бүртгэлийн лавлагаагаар Б гэдэг хүний нэр дээр байсан тул түүнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Харин шүүх Б шударга эзэмшигч биш, Х-г шударга эзэмшигч гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаанд эд хөрөнгийг авсан этгээд эзэмшигч байдаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б гэдэг хүн Х гэдэг хүнтэй хэлцэл хийсэн асуудал байхгүй. Дансанд нь мөнгө орсон баримт байдаг. Гэхдээ энэ нь хэнээс, юуны төлбөрт шилжүүлсэн нь тодорхойгүй байдаг. Б гэдэг хүн зайлшгүй иргэний хариуцагч  байх шаардлагатай байсан. Худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, хэлцэл хийсэн эсэх нь тогтоогдоогүй байхад Х гэдэг хүн шударга эзэмшигч гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Прокурорын тогтоолоор машиныг битүүмжилсэн байхад өнөөдөр гэрчилгээнээс өөр юу ч үлдээгүй. Энэ нь завших гэмт хэрэг байсан эсэхийг шалгах ёстой байсан. Хохирогч нарын гэм хорын хохирол арилаагүй байна. Иймд иргэний хариуцагчаар Б-г нэмж оруулах зайлшгүй шаардлагатай тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. Давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

          Иргэний нэхэмжлэгч Э.Д-н өмгөөлөгч Б.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Г.Баттогтохтой санал нэг байна. ...” гэв.

          Иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны өмнө О.Б-тай уулзаад “чи хохирлыг төлчих, үлдэгдлийг хоёулаа цувуулаад төлье, би машинаа нэхэмжлэхгүй” гэж ярилцсан. О.Б хашаа байшингаа зараад хохирол төлнө гэж ярьж байсан. Гэтэл шүүх хуралдаан болсноос хойш алга болсон. Залгахаар утсаа авахгүй байгаа. Машины рамыг зараад “Howo” машинд үнэлгээ хийлгэх төлбөрийг төлсөн. Би машиныг эхнэрийн ах, эгч хоёроор банкнаас зээл авахуулаад авч байсан. Гэтэл ах, эгч хоёр банкнаас “зээлээ төл” гээд нэхээд байна гэсэн тул мотор, хропийг зараад үлдэгдэл зээлээ төлсөн. Анх би машинаа 22 сая төгрөгөөр авахаар тохирч, бэлэн 20.500.000 төгрөг өгсөн. Дараа нь үлдэгдэл 1.500.000 төгрөг төлөөд нэрээ шилжүүлэхээр тохироод уг машиныг худалдаж авсан. Би машиныг задалж зараад нийт 6.000.000 төгрөг болсон. Одоо 4 ширхэг тэнхлэг л үлдсэн. ...” гэв.

          Шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирол төлөх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан хугацаа тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хугацааг тооцох боломжтой гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Б тогтоогддог боловч Х гэдэг хүн эзэмшээд ажил хийгээд явж байсан. Тийм учраас иргэний хариуцагчаар Х гэдэг хүн тогтоогдох ёстой. Шүүгдэгч О.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрөө тулгуур эрхтэний гэмтэл аваад суга таягтай болоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Хохирлыг даатгалаас төлж байгаа. Эхлээд эрүүл мэндэд нь хохирол учирсан хүмүүсийн даатгалын төлбөрийг гаргаад дараа нь эд хөрөнгөд хохирол учирсан хүмүүсийн хохирлыг төлж барагдуулахаар явж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

          Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шударга эзэмшигч хэн болох, хэн хэрхэн хохирол төлж барагдуулах талаар тодорхой дурдаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

О.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүүн замд “Daewoo” загварын, 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Howo” загварын, 56-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Зил-130” загварын, 36-40 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслүүд болон автобусны буудлын хажууд байсан түргэн үйлчилгээний цэгийг мөргөж, явган зорчигч О.Ж-н эрүүл мэндэд хүнд, О.Х, Э.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Х.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Ж /1 хх 43-44/, Х.Г /1 хх 148/, Э.Ө /1 хх 160-161/, насанд хүрээгүй хохирогч О.Х /1 хх 76-77/, түүний хууль ёсны төлөөлөгч М.Т /1 хх 74-75/, иргэний нэхэмжлэгч Э.Д /1 хх 132/, С.Э /2 хх 175/, А.Б /2 хх 179-180/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Х /1 хх 175-176, 178-179/, гэрч Б.Б /1 хх 180/, Ч.О /1 хх 183/, шинжээч Г.Цэндсүрэн /2 хх 186-189/ нарын мэдүүлгүүд,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 12-23/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1 хх 27-29/, О.Ж-н эмчилгээний талаарх хохирлын баримтууд, өвчний түүхийн хуулбар /1 хх 45-58, 60-71/, О.Х-н эмчилгээ хийлгэсэн талаарх хохирлын баримтууд, өвчний түүхийн хуулбар /1 хх 80-91, 117-127/, Х.Г-н эмчилгээ хийлгэсэн талаарх хохирлын баримтууд /1 хх 152-153, 155/, Э.Ө-н эмчилгээ хийлгэсэн талаарх хохирлын баримтууд /1 хх 163-172/, “Арвижих эстимейт” ХХК-ийн хохирлын үнэлгээ /1 хх 93-99/, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /2 хх 208, 212/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 139, 142/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...О.Х-н биед зүүн гарын эрхий хурууны алганы шивнүүр, зүүн ухархайн дээд, доод ханын хугарал, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, нүүр, зүүн гарын том хэмжээний шарх, зөөлөн эдийн няцрал, нүүр, баруун гар, бүсэлхий, хоёр хөлийн өвдөг, шилбэнд зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9334 дугаартай дүгнэлт /1 хх 193/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...О.Ж-н биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны доод хэсгийн ил зөрөөтэй хугарал, тархины доргилт, зүүн мөр, тохой, зүүн шилбэ, шагай, өсгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 9384 дугаартай дүгнэлт /1 хх 205/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Э.Ө-н биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 9328 дугаартай дүгнэлт /1 хх 216/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Х.Г-н биед духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалга, хэвлий, зүүн гуянд цус хуралт, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 9332 дугаартай дүгнэлт /1 хх 226/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжилгээний лабораторын “... Шинжилгээнд ирүүлсэн “Зил-130” загварын 36-40 УБД улсын дугаартай ачааны автомашинд кабины дээвэр хонхойж, гажиж, баруун хаалга хаагдахгүй болсон, салхины шил хагарсан, зүүн гадна толь хагарч, нурсан, ачааны тэвш хонхойж зурагдсан, суудлын аравч салсан эвдрэл гэмтэлтэй байна. ... Дээрх эвдрэл гэмтлүүдийн шинж тэмдэгт үндэслэн ослын үед үүссэн байна. ...” гэх 4776 дугаартай дүгнэлт /2 хх 17-18/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжилгээний лабораторийн “... Шинжилгээнд ирүүлсэн “Howo” загварын 56-15 УНЕ улсын дугаартай ачааны автомашины урд талаар их эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. ... уг автомашины урд үүссэн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн. ...” гэх 4777 дугаартай дүгнэлт /2 хх 37-39/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн авто техникийн шинжилгээний лабораторын “... Шинжилгээнд ирүүлсэн “Daewoo Novus ultra” загварын 76-45 УНН улсын дугаартай ачааны автомашин эвдрэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг ачааны автомашины бүхээг, салхины шил, зүүн хаалга, арын болон зүүн хажуугийн, арын шил, урд нүүр, бамбай, урд их гэрэл, дохионы гэрлүүд, жолооны аппарат, зүүн урд дугуй, баруун хойд дугуй, урд самбар, хянах самбар, суудал, гадна толь, тэвш зэрэг эд ангиуд эвдрэлтэй байна. Уг эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байна. ...” гэх 4775 дугаартай дүгнэлт /2 хх 62-64/,  

Тээврийн цагдаагийн албаны “... “Daewoo” загварын 76-45 УНН улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч О.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэснийг зөрчсөн байна. Зорчих хэсгийн гадна талд зогсож байсан гэх тээврийн хэрэгслүүдийн жолооч нар болон ТҮЦ-нд байсан, бусад гэмтсэн хүмүүс болох О.Х, Х.Г, О.Ж, Э.Ө нар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ... ““Daewoo” загварын автомашины дугуйнд хийсэн үзлэг ба шинжилгээгээр “... Гурав дахь тэнхлэгийн зүүн дотор талын дугуй, зүүн дотор талын дугуйнууд элэгдэж халзарсан, баруун хойд давхар дугуйнуудын хээтэй хэсэг элэгдлийн хязгаарт хүрсэн нь МNS: 4598-2011 стандартын 5.14.3-т заасан шаардлагыг хангахгүй байна.” гэх тул Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 3.1 дэх заалт “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм, ачааны автомашинд 1 мм... -ээс бага болсон.” гэснээр хориглосон тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулсан байх ба энэ нь уг зам тээврийн осол гарахад ямар байдлаар, хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. ...” /2 хх 92-93/ гэх 612 дугаартай дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч О.Б-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч О.Ж-н эрүүл мэндэд хүнд, хохирогч О.Х, Э.Ө нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Б-н дээрх гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүгдэгч О.Б-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаж байх тул анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь зөв болжээ.

Иргэний нэхэмжлэгч С.Э, А.Б нараас “... О.Б-д оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн, мөн бид хоёрын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 38.055.000 төгрөг, 1.970.000 төгрөгийн хохирол учирсан байхад хохирогчоор тогтоогоогүй нь үндэслэлгүй, тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Б-г иргэний хариуцагчаар тогтоон, хохирлыг төлүүлж өгнө үү. Мөн хохирлыг хэдий хугацаанд хэрхэн барагдуулах талаар шийдвэртээ тодорхой тусган, үүрэг хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэдийгээр “Howo” загварын, 56-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.Б-ны эзэмшлийнх, “Зил-130” загварын, 36-40 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь С.Э-н эзэмшлийнх болох нь лавлагаагаар тогтоогдсон боловч дээрх хоёр тээврийн хэрэгслийг Э.Д ашиглан, үйл ажиллагаа явуулдаг болох нь иргэний нэхэмжлэгч С.Э, А.Б нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Э.Д-г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.3, 3.4 дэх заалт, 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан, гарын үсэг зуруулж  /1 хх 131/ баталгаажуулан түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх тул хуульд заасан эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний  нэхэмжлэл гаргах эрхтэй ...” гэж тус тус заасан тул С.Э, А.Б нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 Анхан шатны шүүх осол хэрэг гарах үед О.Б-н жолоодон явсан “Daewoo” загварын, 76-45 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь лавлагаагаар Д.Б болох нь тогтоогдсон боловч Д.Б нь М.Х-т худалдаад түүний нэр дээр шилжээгүй байсан бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу М.Х нь тухайн тээврийн хэрэгслийн шударга эзэмшигч гэж үзэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч О.Б, иргэний нэхэмжлэгч, хариуцагч М.Х нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар О.Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн бөгөөд шүүхээс О.Б-н дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний хугацаа нь түүний 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаатай шууд хамааралтай гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, О.Б нь тэнссэн хугацаандаа гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар ямар нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд О.Б нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр эхнэр С.А-с гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Б, охин Б.С нарыг О.Б-н асрамжид үлдээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх ба анхан шатны шүүх О.Б-г өрх толгойлсон эцэг, уг гэмт хэргийн улмаас өөрөө хүнд гэмтсэн зэрэг хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.     

Иймд иргэний нэхэмжлэгч С.Э, А.Б нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.