| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2019/0163/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-02-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 173
-
-
2019 02 12 173
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Ч.Н, өмгөөлөгч С.Болдбаатар,
шүүгдэгч Э.З, өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ч.Н, Э.З нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808000001501 дүгээр хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, ажилтай, ам бүл 1, оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Амбаа овогт Чулуунбатын Н /РД: /,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, ах, эгчийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тавьнайхан овогт Энхбаатарын З /РД:ПЖ/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ч.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Оын 96.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг S-3 маркийн гар утсыг хулгайлсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр З.Зтай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Оын халааснаас бэлэн 1.200.000 төгрөгийг хулгайлсан,
Яллагдагч Э.З нь Ч.Нтай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Оын халааснаас бэлэн 1.200.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө “Хаан бууз” орж цай авсан. Гаднаас таксины хэдэн жолооч нар орж ирсэн. Хохирогч гээд байгаа залуу миний ширээний зүүн талд сууж байсан. Жолооч нар хохирогч руу заагаад яриад байсан. Тонгойгоод утсыг нь авахаар нь болиоч гэсэн. Би найз энэ тэр гэж хэлээгүй. З ирээд мөнгийг нь авсан. Тэгээд гарч буудал орчихоод буцаж иртэл цагдаа нар ирсэн байсан. Зг огт танихгүй. Гар утас надаас гарч ирсэн. Хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй. Хаанаас авсныг нь мэдэхгүй” гэв.
Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө нь мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Нтай өмнө нь 1 удаа хамт архи ууж байсан. Буцах замдаа хувааж авсан мөнгөө нийлүүлээд цагдаад өгсөн. Хохирогч мөнгөтэй гэдгийг Н надад хэлсэн. Байрны ард очоод мөнгийг хувааж авсан. Мөнгийг авсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Н кассан дээр сууж байгаа хүнийг надад хааж өгөөд наад халаасанд чинь байгаа гэж надад зааж өгч байсан. Гэмшиж байна” гэв.
Эрүүгийн 1808000001501 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.Оын: “...2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед хамаатны Мөнхөөд машиныг нь хүлээлгэж өгөөд цуглуулсан мөнгө болох 1.200.000 төгрөгөө бэлнээр аваад нутаг буцахаар болсон. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон автозокзал дээр унаанд суухаар ирээд “Хаан бууз” нэртэй хоолны газар хоол идчихээд сууж байгаад түр зуур ширээ дэрлээд унтсан. Удалгүй босоод ирсэн чинь миний “Samsung S-3” маркийн гар утас болон 1.200.000 төгрөг алга болчихсон байсан. Би тус хоолны газрын кассан дээр хоол авахдаа мөнгөө гаргаж ирж тоолоод буцаагаад баруун халаасандаа хийгээд гар утсаа гартаа бриад унтсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч Ц.Алтансүхийн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 07 цагийн үед тэр хавийн таксинд явдаг жолооч нартайгаа хамт хоолонд орж байсан. Бид нарын сууж байсан ширээний ард талын ширээнд сууж байсан 170см орчим өндөртэй, ногоон өвлийн куртиктэй, хар өмд, хар пүүзтэй залуу Золоог “нааш ир” гээд дуудахаар нь Золоо очоод хамт юм ярьж сууцгаасан. Удалгүй “автобус ирлээ” гэхээр нь Золоогоос бусад жолооч гадагшаа гарцгаасан. Аагий гарах хаалганы баруун талын ширээний доор гар утас хэвтэж байсныг аваад “би гар утас оллоо” гэж хэлтэл Золоотой юм яриад сууж байсан ногоон өвлийн куртиктэй залуу гүйж ирээд “наадах чинь манай найзын утас, энд суугаад унтаж байгаа хүн чинь манай найз байгаа юм” гэж хэлээд цагаан өнгийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг аваад явсан. ...Бүүр дараа нь Аагий бид хоёр автобуснаас хүн авч чадалгүй буцаад кофе уух гээд орсон чинь нөгөө унтаж байсан залуу ганцаараа сэрчихсэн байсан. Золоо, ногоон өвлийн куртиктэй залуу хоёр байхгүй байсан. Би очоод “яасан чиний нөгөө найз чинь гар утсыг чинь өгсөн үү” гэж асуутал нөгөө унтаж байсан залуу халаасаа нэгжиж байснаа “миний гар утас болон халаасанд байсан сая гаруй төгрөг алга болчихсон байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгүүлээд удалгүй цагдаа нар ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/,
Гэрч Д.Алтанхуягийн: “...Алтансүх бид хоёр хаалга руу явж байтал хаалганы баруун талын ширээний доор цагаан өнгийн, мэдрэгчтэй ухаалаг утас байхаар нь тэр ширээн дээр унтаж байсан залуугийн утас гэж бодоод өгөх гэж байтал Золоог дуудаад хамт юм яриад сууж байсан ногоон куртиктай залуу цаанаас босож ирээд “Хөөе наад утсыг нь аваад ир. Наадах чинь манай найзын утас” гэж хэлээд утсыг надаас авчихсан. Тэгснээ “хөөе” гээд зөөлөн дуудах шиг болсон. Буцаад орсон чинь Золоо, ногоон куртиктай залуу хоёр байхгүй. Унтаж байсан залуу босож байсан. “Найз чинь яасан бэ, гар утсыг чинь өгсөн үү” гэсэн чинь халаасаа ухаж байснаа гар утас, сая гаруй төгрөг алга болчихсон байна гээд бөөн юм болсон.
...Хоолны газарт болсон асуудлын дараа ойролцоогоор нэг цагийн дараа Золоо, нөгөө үл таних өндөр залуутайгаа явж байгаад ирээд миний машинд суучихсан. Би тэр хоёрт “Та хоёр хүний мөнгө аваад хаашаа явчихдаг юм, цагдаа нар хайгаад бөөн юм болж байна” гэсэн чинь Золоотай хамт явж байсан залуу нь бид хоёр мөнгийг нь тэнцүү хуваагаад авчихсан юм гэж хэлсэн. Одоо очиж мөнгийг нь өг гэхэд тэр хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг /32-34, 103/,
Гэрч А.Эрхэсийн: “Би тус өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнээр ажиллаж байсан. 08 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” нэртэй хоолны газарт гар утас болон сая гаруй төгрөг хулгайд алдагдлаа гэсэн дуудлага ирээд бүрэлдэхүүний хамт очиж хэргийн газарт үзлэг хийгээд камерийн бичлэгийг шүүхэд нэг дэх нь хар малгайтай, цагаан судалтай хар куртиктэй, хар өмд, улбар бараан шар гуталтай, 160см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй, хоёр дахь нь ногоон өвлийн куртиктэй, хар өмд, хар пүүзтэй, 170см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хоёр хүн тус хоолны газарт унтаж байсан эрэгтэйн гар утас, бэлэн мөнгийг авсныг илрүүлээд тухайн газраар холбогдогч этгээдүүдийг эрэн сурвалжилж, гүйцэтгэх ажиллагаа хийж нэг холбогдогч этгээдийн машиныг олоод машиных нь гадаа ойролцоогоор нэг цаг хүлээсний дараа ирж явааг хараад барьж аваад биед нь үзлэг хийхэд хар куртиктэй эрэгтэйгээс 1.200.000 төгрөг, ногоон куртиктэй эрэгтэйгээс Самсунг Эс-3 маркийн гар утас гарч ирэхээр нь цагдаагийн хэлтэс рүү хүргэж ирсэн. ...Хоёул хоёулаа гар утас авсан, мөн мөнгөө хувааж авсан талаараа бүх зүйлээ ярьж хэргээ хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг /хх-104-105/,
“Дамно” ХХК-ийн 2018.12.12-ны өдрийн СХ3-18-646 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө /Samsung S3 гар утас/ нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 96.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-37-38/,
Шүүгдэгч Ч.Нын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ...Драгон авто вокзал дээр 07 цагийн үед ирээд автобус хүлээх хооронд “Хаан бууз” нэртэй хоолны газарт гар утсаа цэнэглүүлэх гэж орсон. Ганцаараа сууж байтал гаднаас жолооч нар ороод ирсэн. Тэр дундаас өмнө нь хамт архи уугаад танилцаж байсан Э.З ах байхыг хараад би дуудаж бид хоёр хамт юм ярьж суусан. Юм ярьж суунгаа таксины жолооч ах нарын сууж байсан ширээний зүүн талд ширээ дэрлээд унтаж байсан 30 орчим насны эрэгтэйн хөлд цагаан өнгийн Самсунг маркийн гар утас уначихсан байхыг хараад байж байтал тэр жолооч ах нарын нэг нь тэр утсыг тонгойж аваад “энд нэг гар утас газар уначихсан байна” гэхээр нь би очоод “манай найзын гар утас” гэж хэлээд халаасандаа хийчихсэн юм. Удалгүй жолооч нар “автобус ирчихлээ” гээд гарахаар нь би З ахыг дуудаж үлдээгээд бид хоёр ойр зуурын юм ярьж байгаад хоолны газраас гарахаар болоод босцгоосон. Тэгсэн чинь З ах нөгөө унтаж байсан залуу дээр очоод халааснаас нь мөнгийг авчихсан. Бид хоёр хамт гараад булан тойрч гүйгээд ард талынх нь нэг байрны мухарт очоод мөнгөө тоолтол 1.200.000 төгрөг байсан. Бид хоёр тэнцүү хувааж аваад тэр хавийн нэг буудалд тухлангаа ганц хоёр шил архи ууя гэж бодоод нэг буудалд ороод хоорондоо ярилцаж мөнгөө буцааж нийлүүлээд эргүүлж өгөхөөр Драгон дээр ирсэн. Тэгээд шууд цагдаа нартай таараад баригдаад явсан...
...Нөгөө ганцаараа согтуу унтаж байсан хүний ардуур нь тонгойж байснаа гар утас авах шиг болсон. Яг хаанаас авсныг нь би анзаараагүй. Би хараад “хөөе, энэ хүний утас авчихлаа, болиоч” гэсэн чинь 180 см орчим орчим өндөртэй, махлагдуу, бор төрхтэй залуу гайхаж харснаа нөгөө гар утсыг ширээн дээр нь тавиад гараад явчихсан. Би очоод нөгөө утсыг аваад унтаж байсан согтуу залууд өгөхөөр татаж чангаатал сэрэхгүй байхаар нь би зүүн халаасандаа хийчихсэн. Би тухайн үед уг “Хаан бууз” нэртэй хоолны газрын 20 орчим насны нэг эмэгтэйд “хөөе ахын дүү энэ согтуу унтаж байгаа хүний гар утсыг хүмүүс хулгайлах гээд байна шүү, гар утсыг нь авах юм уу” гэж хэлсэн боловч тоохгүй байхаар нь би гартаа барьж явж байгаад сууж байсан ширээн дээрээ очоод дээд талд нь тавьсан. Тэгж байтал нөгөө үл таних дөрвөн залуугаас үлдсэн нэг залуу нь над дээр ирээд сүрхий танимхайраад байсан. Би тухайн үед сайн таниагүй. Зүгээр зүс таних л хүн байх шиг байсан. Нөгөө намхан залуу надтай яриа өдөж байснаа “хоёулаа гадагшаа гаръя” гэхээр нь хамт гарах гэж байсан. Тэгтэл нөгөө намхан залуу согтуу унтаж байсан эрэгтэйн хажууд очоод нэг юм хийх шиг болсон. Тэгснээ буцаж ирээд “за хоёулаа гаръя” гэхээр нь би дагаад гарсан. Гарахдаа ширээн дээр байсан согтуу залуугийн гар утсыг би зүүн талын гадна халаасандаа хийгээд гарсан. Гадаа гараад нөгөө намхан залуу “чимээгүй дагаад яв” гэхээр нь дагаж яваад 5 шарын призер гараад “миний байнга ордог зочид буудал байдаг юм” гээд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн урд талд байдаг буудал руу намайг дагуулж орсон. Ороод нэг шил архи уух гээд сууж байтал намхан залуу халааснаасаа боодол мөнгө гаргаж ирээд “би саяны согтуу залуугийн халааснаас энэ мөнгийг авчихсан” гэхээр нь би “хүний мөнгө авч болохгүй, утас нь бас надад байгаа юм чинь хоёулаа буцааж аваачиж өгье” гэж хэлээд бид хоёр буцаж Драгон дээр очтол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би гар утсыг нь, мөнгийг нь нөгөө намхан залуу гаргаж өгсөн...
...Би 1200.000 төгрөгийг аваагүй болохоор зөвшөөрөхгүй байна. З мөнгийг авсан...” гэх мэдүүлэг /хх-55-58, 60-61, 120/,
Шүүгдэгч Ч.Нын яллагдагчаар өгсөн: “...Тэр дундаас өмнө нь хамт архи уугаад танилцаж байсан ах болох Зг хараад би дуудаж бид хоёр юм ярьж суусан. Ширээ дэрлээд унтаж байсан 30 орчим насны эрэгтэйн хөлд нэг цагаан өнгийн гар утас уначихсан байхыг хараад байж байтал жолооч ах нарын нэг нь утсыг тонгойж аваад “Энд нэг утас уначихсан байна” гэхээр нь би очоод “манай найзын гар утас” гэж хэлээд халаасандаа хийчихсэн. Жолооч ах нар бөөнөөрөө гарахаар нь би З ахыг дуудаж үлдээгээд бид хоёр юм ярьж байгаад гарахаар болоод босоцгоосон. З ах нөгөө унтаж байсан залуу дээр очоод халааснаас нь мөнгө авчихсан. Бид хоёр хамт гараад булан ойрч гүйгээд ард талынх нь байрны мухарт очоод тоолтол 1.200.000 төгрөг байсан. Бид хоёр мөнгөө тэнцүү хувааж аваад тэр хавийн нэг буудалд тухлангаа ганц хоёр шил архи ууя гэж бодоод нэг буудалд ороод хоорондоо ярилцаж мөнгөө буцааж нийлүүлээд эргүүлж өгөхөөр Драгон дээр ирсэн. Тэгээд цагдаад баригдсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бага зэргийн халамцуу байсан болохоор өөрийгөө удирдаж чадаагүй байх...” гэх мэдүүлэг /хх-56-58/,
Шүүгдэгч Э.Згийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 07 цагийн үед тэр хавийн таксинд явдаг 5 хүнтэй хамт “Хаан бууз” хоолны газарт ороод уг газрын баруун урд талын мухрын ширээнд сууцгаасан. Бид нарын сууж байсан ширээний зүүн талын ширээнд 30 орчим насны эрэгтэй хүн гараа дэрлээд ширээн дээр унтаж байсан. Хойд талын ширээн дээр Ч.Н гээд бүр өмнө нь хамт сууж юм уунгаа танилцаж байсан залуу сууж байсан. Тэгээд би Ч.Нын ширээн дээр очоод хамтдаа юм ярьж хэсэг сууж байтал манай жолооч нарын нэг нь нөгөө гараа дэрлээд унтаж байсан залуугийн хажуухнаас нь “энэ утсаа энд орхичихож” гэж хэлээд цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг гартаа барьсан чинь Ч.Н очоод “наад залуутай чинь би хамт явж байгаа юм, алив надад гар утсыг нь өгчих” гэж хэлээд авсан. Удалгүй жолооч нар “автобус ирлээ, гарцгаая” гээд гарсан. Тэр үед би гаралгүй Ч.Нтай юм ярьж үлдээд Ч.Н “би наад унтаж байгаа хүнтэй чинь хамт явж байгаа юм, та таксигаараа хүргээд өг” гэж хэлэхээр нь бид хоёр тэр унтаж байсан 30 орчим насны залуу дээр очтол Н намайг “тэр харагдаж байгаа мөнгийг нь авчих” гэхээр нь би халаас руу нь гараа хийсэн чинь багц зузаан мөнгө гарт баригдсан. Тийм зузаан мөнгө барьсан хүн чинь эргэж тавьж чаддаггүй юм байна лээ. Тэгээд л би мөнгийг аваад халаасандаа хийгээд Н бид хоёр хоолны газраас гарч булан тойрч гүйгээд нэг буланд очиж зогсоод мөнгийг тоолоход 1.200.000 төгрөг байсан. Н бид хоёр мөнгийг тэнцүү хувааж аваад “ойрхон буудал орж тухалъя” гээд тэр хавьд байсан нэг буудалд хамт орсон. Их мөнгө авчихсан болохоор байж чадахгүй байхаар нь мөнгөө буцааж нийлүүлээд буцааж өгье гэж бодоод тус буудлаас гараад Драгон үйлчилгээний төв рүү буцаад очтол цагдаа нарт баригдсан. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-46-47, 101, 115-116/,
хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-8/, хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, мөрдөгчийн санал /хх-10/, прокурорын тогтоол /хх-11, 15/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-13/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-69, 75/, “Коулд Гоулд Монгол” ХХК-ийн тодорхойлолт /хх-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76, 77/, гэрч Я.Хулангийн мэдүүлэг /хх-94-95/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг СД болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн СД-ийг талуудын хүсэлтээр тус тус шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Оын 96.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг S-3 маркийн гар утсыг авсан,
мөн шүүгдэгч Ч.Н үргэлжилсэн үйлдлээр З.Зтай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Оын халааснаас бэлэн 1.200.000 төгрөгийг авсан,
шүүгдэгч Э.З нь Ч.Нтай бүлэглэж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө 08-09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Хаан бууз” хоолны газарт унтаж байсан иргэн Н.Оын халааснаас бэлэн 1.200.000 төгрөгийг авсан нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.Оын “...ширээ дэрлээд унтсан. Удалгүй босоод ирсэн чинь миний “Samsung S-3” маркийн гар утас болон 1.200.000 төгрөг алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Ц.Алтансүхийн “...ширээний доор гар утас хэвтэж байсныг аваад “би гар утас оллоо” гэж хэлтэл Золоотой юм яриад сууж байсан ногоон өвлийн куртиктэй залуу гүйж ирээд “наадах чинь манай найзын утас, энд суугаад унтаж байгаа хүн чинь манай найз байгаа юм” гэж хэлээд цагаан өнгийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг аваад явсан. ...Би очоод “яасан чиний нөгөө найз чинь гар утсыг чинь өгсөн үү” гэж асуутал нөгөө унтаж байсан залуу халаасаа нэгжиж байснаа “миний гар утас болон халаасанд байсан сая гаруй төгрөг алга болчихсон байна” гэж хэлэхээр нь...” гэх мэдүүлэг /хх-30-31/, гэрч А.Эрхэсийн “...камерийн бичлэгийг шүүхэд нэг дэх нь хар малгайтай, цагаан судалтай хар куртиктэй, хар өмд, улбар бараан шар гуталтай, 160см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй, хоёр дахь нь ногоон өвлийн куртиктэй, хар өмд, хар пүүзтэй, 170см орчим өндөртэй, 40 орчим насны эрэгтэй хоёр хүн тус хоолны газарт унтаж байсан эрэгтэйн гар утас болон бэлэн мөнгийг авсныг илрүүлээд ...хоёр хүн барьж аваад биед нь үзлэг хийхэд хар куртиктэй эрэгтэйгээс 1.200.000 төгрөг, ногоон куртиктэй эрэгтэйгээс Самсунг Эс-3 маркийн гар утас тус тус гарч ирэхээр нь цагдаагийн хэлтэс рүү хүргэж ирсэн. ...Хоёул хоёулаа гар утас авсан, мөн мөнгөө хувааж авсан талаараа бүх зүйлээ ярьж хэргээ хүлээн зөвшөөрч байсан” гэх мэдүүлэг /хх-104-105/, шүүгдэгч Э.Згийн яллагдагчаар өгсөн “...30 орчим насны эрэгтэй хүн гараа дэрлээд ширээн дээр унтаж байсан. ...жолооч нарын нэг нь нөгөө гараа дэрлээд унтаж байсан залуугийн хажуухнаас нь “энэ утсаа энд орхичихож” гэж хэлээд цагаан өнгийн Самсунг маркийн гар утсыг гартаа барьсан чинь Ч.Н очоод “наад залуутай чинь би хамт явж байгаа юм, алив надад гар утсыг нь өгчих” гэж хэлээд авсан. ...Н намайг “тэр харагдаж байгаа мөнгийг нь авчих” гэхээр нь би халаас руу нь гараа хийсэн чинь багц зузаан мөнгө гаранд минь баригдсан. ...Би мөнгийг аваад халаасандаа хийгээд Н бид хоёр хоолны газраасаа гарцгаагаад булан тойрч гүйгээд нэг буланд очиж зогсоод мөнгийг нь тоолоход 1.200.000 төгрөг байсан. Н бид хоёр мөнгийг нь тэнцүү хувааж аваад...” гэх мэдүүлэг /хх-46-47/, шүүгдэгч Ч.Нын яллагдагчаар өгсөн “...Тэр дундаас өмнө нь хамт архи уугаад танилцаж байсан ах болох Зг хараад би дуудаж бид хоёр юм ярьж суусан. Ширээ дэрлээд унтаж байсан 30 орчим насны эрэгтэйн хөлд нэг цагаан өнгийн гар утас уначихсан байхыг хараад байж байтал жолооч ах нарын нэг нь утсыг тонгойж аваад “Энд нэг утас уначихсан байна” гэхээр нь би очоод “манай найзын гар утас” гэж хэлээд халаасандаа хийчихсэн. Жолооч ах нар бөөнөөрөө гарахаар нь би З ахыг дуудаж үлдээгээд бид хоёр юм ярьж байгаад гарахаар болоод босоцгоосон. З ах нөгөө унтаж байсан залуу дээр очоод халааснаас нь мөнгө авчихсан. Бид хоёр хамт гараад булан ойрч гүйгээд ард талынх нь байрны мухарт очоод тоолтол 1.200.000 төгрөг байсан. Бид хоёр мөнгөө тэнцүү хувааж аваад тэр хавийн нэг буудалд тухлангаа ганц хоёр шил архи ууя гэж бодоод нэг буудалд ороод хоорондоо ярилцаж мөнгөө буцааж нийлүүлээд эргүүлж өгөхөөр Драгон дээр ирсэн. Тэгээд цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-56-58/, хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, “Дамно” ХХК-ийн “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 96.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /хх-37-38/, гэрч Д.Алтанхуягийн мэдүүлэг /хх-33, 103/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Згийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Нын өмгөөлөгч С.Болдбаатар “Гар утас авсан гэдгээ зөвшөөрдөг. Гар утасны үнэлгээ нь 300.000 төгрөг хүрэхгүй учраас гэмт хэрэг биш. Үргэлжилсэн үйлдэл биш. Харж зогссоных нь төлөө хүнийг гэмт хэрэгтэн болгох гээд байна. З авсан. Түүнээс буцааж хураан авсан нь тогтоогдож байгаа. Насаар хүний дүү хүний үгэнд ороод хулгай хийгээд байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Ч.Над холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэж гэм буруугийн дүгнэлт гаргасан болно.
Гэвч энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж мөрдөн байцаалт явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн бүх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна. Хохирогч Н.Оын гар утсыг шүүгдэгч Ч.Н, болон 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Н, Э.З нар бүлэглэж хулгайлсан талаар өгсөн гэрч Ц.Алтансүхийн “...Золоотой юм яриад сууж байсан ногоон өвлийн куртиктэй залуу гүйж ирээд “наадах чинь манай найзын утас, энд суугаад унтаж байгаа хүн чинь манай найз байгаа юм” гэж хэлээд цагаан өнгийн Самсунг Эс-3 маркийн гар утсыг аваад явсан. ...Бүүр дараа нь Аагий бид хоёр автобуснаас хүн авч чадалгүй буцаад кофе уух гээд орсон чинь нөгөө унтаж байсан залуу ганцаараа сэрчихсэн байсан. Золоо, ногоон өвлийн куртиктэй залуу хоёр байхгүй байсан. Би очоод “яасан чиний нөгөө найз чинь гар утсыг чинь өгсөн үү” гэж асуутал нөгөө унтаж байсан залуу халаасаа нэгжиж байснаа “миний гар утас болон халаасанд байсан сая гаруй төгрөг алга болчихсон байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгүүлээд удалгүй цагдаа нар ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/, гэрч Д.Алтанхуягийн “...Алтансүх бид хоёр хаалга руу явж байтал хаалганы баруун талын ширээний доор цагаан өнгийн, мэдрэгчтэй ухаалаг утас байхаар нь тэр ширээн дээр унтаж байсан залуугийн утас гэж бодоод өгөх гэж байтал Золоог дуудаад хамт юм яриад сууж байсан ногоон куртиктай залуу цаанаас босож ирээд “Хөөе наад утсыг нь аваад ир. Наадах чинь манай найзын утас” гэж хэлээд утсыг надаас авчихсан. Тэгснээ “хөөе” гээд зөөлөн дуудах шиг болсон. Буцаад орсон чинь Золоо, ногоон куртиктай залуу хоёр байхгүй. ...Хоолны газарт болсон асуудлын дараа ойролцоогоор нэг цагийн дараа Золоо, нөгөө үл таних өндөр залуутайгаа явж байгаад ирээд миний машинд суучихсан. Би тэр хоёрт “Та хоёр хүний мөнгө аваад хаашаа явчихдаг юм, цагдаа нар хайгаад бөөн юм болж байна” гэсэн чинь Золоотай хамт явж байсан залуу нь бид хоёр мөнгийг нь тэнцүү хуваагаад авчихсан юм гэж хэлсэн. Одоо очиж мөнгийг нь өг гэхэд тэр хоёр гараад явсан...” гэх мэдүүлэг /32-34, 103/, гэрч А.Эрхэсийн “...Хоёр хүн тус хоолны газарт унтаж байсан эрэгтэйн гар утас болон бэлэн мөнгийг авсныг илрүүлээд... барьж аваад биед нь үзлэг хийхэд хар куртиктэй эрэгтэйгээс 1.200.000 төгрөг, ногоон куртиктэй эрэгтэйгээс Самсунг Эс-3 маркийн гар утас тус тус гарч ирэхээр нь шуурхай албаны машиндаа уг этгээдүүдийг суулгаж цагдаагийн хэлтэс рүү хүргэж ирсэн. ...Хоёул хоёулаа гар утас авсан, мөн мөнгөө хувааж авсан талаараа бүх зүйлээ ярьж хэргээ хүлээн зөвшөөрч байсан” гэх мэдүүлэг /хх-104-105/, шүүгдэгч Э.Згийн яллагдагчаар өгсөн “...Н намайг “тэр харагдаж байгаа мөнгийг нь авчих” гэхээр нь би халаас руу нь гараа хийсэн чинь багц зузаан мөнгө гаранд минь баригдсан. ...Би мөнгийг аваад халаасандаа хийгээд Н бид хоёр хоолны газраас гарч булан тойрч гүйгээд мөнгийг тоолоход 1.200.000 төгрөг байсан. Н бид хоёр мөнгийг нь тэнцүү хувааж аваад...” гэх мэдүүлэг /хх-46-47/, хүний биед нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-16/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18, мөн шүүгдэгч Э.Згийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Н, Э.З нар хохирогчийн халаасанд байгаа мөнгийг авах зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөр өөрсдийн хүсэл зоригоор үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгдсэн шинжтэй болох нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-д бичигдсэн бичлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий СД-ээр нотлогдсон гэж шүүх үзэв. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Нын “Э.З намайг гаргахгүй хориглоод байсан. “Дуугүй дагаад яв” гэсэн учраас би дагаад явсан. Би түүнээс айсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон СД-нд бичигдсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Ч.Нын өмгөөлөгч С.Болдбаатарын гэм буруугийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Н, Э.З нарын хохирогч Н.Оыг хоолны газарт ширээ дэрлээд унтаж байхад нь түүний гар утсыг авсан, халааснаас нь 1.200.000 төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.От 1.296.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид “Бэлнээр 1.200.000 төгрөг, цагаан өнгийн, 8559 кодтой, “Samsung S3” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн” тэмдэглэл /хх-12/-ийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо /Ч.Н нь гар утас, бэлэн мөнгө авсан, гэм буруугаа зөвшөөрөөгүй, Э.З нь бэлэн мөнгө авсан/-г харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Над 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Э.Зд 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болдбаатар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан тэнсэж өгнө үү” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар, 7.1 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх талаар тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Ч.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тус тус харгалзан хуулийн дээрх зохицуулалтын аль нэгийг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.
Шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэмт хэрэг үйлдэхдээ оролцсон оролцоо, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.296.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирогчид биет байдлаар хохирлыг төлсөн, хохирогч “гомдол саналгүй” гэсэн/, шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч нар эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай байдлаар буюу шүүгдэгч Э.Зд 240 цагийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Над 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий СД 1 ширхэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн бичлэг бүхий СД 1 ширхгийг тус тус хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьдчилсан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Амбаа овогт Чулуунбатын Н, Тавьнайхан овогт Энхбаатарын З нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ныг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Э.Зг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н, Э.З нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хэрэг үйлдэгдэх үеийн бичлэг бүхий СД 1 ширхэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн бичлэг бүхий СД 1 ширхгийг тус тус хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Н, Э.З нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьдчилан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Н, Э.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР