Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00501

 

 

 

 

 

 

 

       2024       03            13                                        210/МА2024/00501

 

 

Н.Б-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00031 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны болон ажилласан хугацааны цалин хөлс /алдангийн хамт/, ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Н.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Р ХХК-ийн Барилга, архитектурын хэлтэст Архитекторын албан тушаалд, мөн Маркетинг менежерийн ажлыг хавсран гүйцэтгэхээр нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 1,600,000 төгрөгийн туршилтын хугацааны цалинтай, түүнээс хойш сар бүр 2,000,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон.

Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг зааврын дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг хийж гүйцэтгэн гэрээнд заасан үүрэг, хариуцлагыг биелүүлж ажилласан. Өнөөг хүртэлх хугацаанд олговол зохих цалин хөлс нийт 13,600,000 төгрөгөөс олгосон цалин 2,500,000 төгрөг, үлдэгдэл 11,100,000 төгрөг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 5,550,000 төгрөг болсон. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг үндсэн цалин болох 2,000,000 төгрөгөөс тооцон бодоогүй, өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Улмаар 2022 оны 06 дугаар сард надад хэрэглүүлж байсан компьютерыг авч ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлага хангахгүй компьютер өгсөн. Удалгүй, 6 дугаар сард захирал А.Ц- “ажлаа түр завсарлая ... чиний хэрэг гарвал дуудна” гэсэн. “Цалин хэзээ өгөх вэ...” гэхэд “хөрөнгө оруулалт орж ирэхээр цалинг чинь өгнө, чи ажлын тайлангаа өгөөрэй” гэсэн мессеж бичсэн.

Ингээд тус байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад захирал А.Ц- “удахгүй асуудлыг шийдвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Р ХХК нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж олговол зохих цалин хөлс /нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал/-ийг олголгүй хохироож байна.

Хариуцагч байгууллагатай нэг сарын цалин хөлсийг 2,000,000 төгрөг байхаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Үүнд хариуцагч байгууллага 5 сарын цалин хөлс өгөөгүй бөгөөд цалингаа авахыг удаа дараа шаардсан боловч “удахгүй өгнө” гэсээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “компанийн санхүү хүндрэлтэй тул цаашид ажиллах шаардлага байхгүй, ажилдаа ирэх хэрэггүй, тушаал гарахаар ажлаа хүлээлгэж өгөөрэй” гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаал гараагүй, уг тушаалыг гардан аваагүй байгаа болно. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл, ёс зүйн зөрчил, хамт олон болон удирдах албан тушаалтантай харилцах харилцаанд маргаан байгаагүй. Хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохыг Р ХХК-д даалгаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 04 хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 26,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 10-наас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 2 жилийн амралтын мөнгө 1,300,000 төгрөг, нийт 27,300,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийхийг үүрэг болгуулна. Мөн нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийн байдлаар ажилгүй байсан хугацааны цалин 7,636,362 төгрөгөөр нэмэгдэж, нийт 51,586,361 төгрөг болж байна. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварт 10,833,136 төгрөг хасагдана. Ингээд мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 40,753,226 төгрөгийг тооцон нэхэмжилнэ гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга:

Р ХХК-ийн зүгээс Н.Б-ийг өөрийн компанийн хариуцлагатай албан тушаалд томилж архитектораар ажиллуулсан. Тэрээр хөдөлмөрийн гэрээний үүрэгт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Гэрэлт гудамжны зураг төслийн ажлыг тогтоосон хугацаанд нь стандарт, чанарын шаардлага ханган хийж гүйцэтгээгүйгээр барахгүй, манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулж, ажлын болон санхүүгийн алдагдалд оруулсан. Орхон аймгийн Хан-Эрдэнэ орон сууцны төслийн ерөнхий төлөвлөгөөний зураг болон эскиз зургийг зурах байтал тухайн төслийг хийгээгүйгээс болж манай компанийг хохироосон төдийгүй компанийн нэр хүндийг унагаасан. Н.Б- нь ёс зүйгүй, манай компанийг бодит хохиролд оруулсан.

Н.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Р ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Барилга архитектурын хэлтэст архитекторын албан тушаалд томилогдон ажилласан. Талуудын хооронд эхний нэг сар туршилтын хугацаагаар ажилласан. Н.Б- нь ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ үр дүн гарган хэрэгжүүлж чадаагүй. Мөн ажлын цаг баримтлахгүй, дур мэдэн таслах, хоцрох байдлаар ажил олгогчийг хохироосон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Б- нь ажлын цагт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхгүй, байнгын ажил тасалж байсан болох нь цагийн     бүртгэлийн баримтаар хангалттай тогтоогдох тул ажиллаагүй цаг, хугацааны ажлын хөлсийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Н.Б- дээрх байдлаар ажлын цагт ажил үүргээ үр дүнтэй, хугацаанд нь гүйцэтгээгүйгээс болж Л ХХК, Б ХХК-тай байгуулсан төслийн ажил гүйцэтгэх гэрээнүүд цуцлагдахад хүрсэн ба үүнээс шууд шалтгаалж компани уг гэрээнүүдээс олох ёстой байсан орлогоо олж чадахгүй хохирсон.

Ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Тухайн үед 2 гэрээт ажил гарч ирсэн учраас нэхэмжлэлийг ажилд авсан. Тэдгээр ажлууд нь 2022 оны 05 дугаар сард дуусгавар болох байсан. Иймээс Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тоолж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасныг баримтлан Р ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны болон ажилласан хугацааны цалин хөлс /алдангийн хамт/, ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Н.Б-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

      4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.7, 124 дүгээр зүйлийн 124.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алдангийг хариуцагчаас шаардахад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан заалт хамаарахгүй юм. Гэтэл анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8, 158.2.2-т заасныг үндэслэн шүүхэд гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж, нэхэмжлэл гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэх хугацааг сэргээсний дараа шүүхэд хэрэг маргааныг үргэлжлүүлэх баримтыг нотлох баримтаар хавсаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1.Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Р ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилласан болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, алданги, ээлжийн амралтын олговор зэрэгт 40,753,226 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1. Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Р ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тус компанийн Барилга, архитектурын хэлтэст архитекторын албан тушаалд ажиллах,  мөн маркетингийн менежерийн ажлыг хавсран гүйцэтгэхээр,

 

 2.2. Дээрх хөдөлмөрийн гэрээгээр 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл туршилтын дадлагажих хугацаагаар ажиллуулахдаа сарын 1,600,000 төгрөгийн, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн ажилтнаар сарын 2,000,000 төгрөгийн цалин олгохоор тус тус тохиролцсон байна./хх 8-10/

 

3. Нэхэмжлэгч Н.Б-ийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа талаар өөрт нь амаар мэдэгдсэн, хариуцагч тал нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ бичгээр гаргаагүй тухайд талууд маргахгүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч талыг хөдөлмөрийн гэрээг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр амаар цуцалсан, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байгаа талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан 30 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд хандаж гомдол гаргаагүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэсэн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн гэж үзсэн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш дээрх хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад хандаагүй, шүүхэд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэмэгдүүлэх үедээ ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг анх гаргасан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байгааг дараах байдлаар залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

5.1. Нэхэмжлэгч нь ажиллаж байх үеийн цалин хөлс олгоогүй асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандсан байх ба 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр улсын байцаагчаас хариуцагч байгууллагын захирал А.Ц-г байлцуулан хяналт шалгалт хийж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 02-06-295/09 дугаар улсын байцаагчийн актаар 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны хөлс, ээлжийн амралтыг олгоогүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчид түүний цалин хөлс, ээлжийн амралтын олговорт 4,115,478 төгрөгийг олгохыг захирал А.Ц-д хариуцуулж, уг улсын байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэж, уг акттай хариуцагч байгууллагын захирал А.Ц- танилцаж гарын үсэг зурсан байна./хх 147-149/

 

 5.2. Дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, гомдол гаргасан талаарх холбогдох баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан журмын дагуу хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар эрх бүхий байгууллагад хандсан байх тул түүний ажиллаж байх хугацааны цалин, ээлжийн амралтын олговорт 4,115,478 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн  752,950 төгрөгийг буцаан олгоно.

  

 Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/00031 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Р ХХК-аас 4,115,478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д олгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ажилласан хугацааны цалинд  36,637,748 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 752,950 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Р ХХК-аас 80,798 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-д тус тус буцаан олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ