Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00494

 

 

 

 

 

 

 

 

         2024       03            13                                        210/МА2024/00494

 

 

Ч.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/05615 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Э-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Х.С-, Б.Э-нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,824,261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагч нарын өмгөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Ч.Э- миний бие Х.С-, Б.Э-нарын гуйлтаар 2014 оны 06 дугаар арын 04-ний өдөр М ХХК-д Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 1 дүгээр байрны 4 тоотод байршилтай орон сууцаа барьцаалж 15,000,000 төгрөгийг зээлж авч өгсөн. Тухайн үед тусалж байна гэж бодсон, гэтэл өөр бусад хүмүүст маш их хэмжээний өглөгтэй болохыг сонсож, Х.С-, Б.Э-нарыг хайсан хүмүүс гарч ирж, зээлийн эргэн төлөлтийн асуудлаар асуудал үүсэж эхэлсэн. Иймд цагдаагийн байгууллагад хандсанаар тэдэнд холбогдох хэргийг удаан хугацаанд шалгах нэрийдлээр хугацаа алдаж эцэст нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн. Прокурорын тогтоолд шат шатанд нь гомдол гаргасан боловч тэдэнд ял завшуулж, зөвхөн энэ мэт аргаар хохирсон 5 иргэн хохироод үлдсэн. Эрүүгийн хэргийг нь шалгаж байх явцад М ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргааныг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрээр бидний эвлэрлийг баталж шийдвэрлэсэн тул 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлбөрийг барагдуулах үүднээс иргэн Б.А-аас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж, тухайн өдрөө өдөр М ХХК-д 11,119,930 төгрөгийг төлж зээлийн үүргийг барагдуулсан.

Б.А-тай байгуулсан гэрээгээр давхар хүү төлж хохироход хүрсэн ба Х.С-, Б.Э-нарыг миний мөнгийг төлөх байх гэж итгэж хүүтэй зээл авахаас өөр аргагүйд хүрсэн. Орон сууцаа алдах дээрээ тулчихаад байхад хүүтэй мөнгө зээлэх хүн ч олдохгүй байсан. Дээрх байдлаас болж зээлдүүлэгч Б.А-ад 2016 оны 05 дугаар 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хүүд 3,600,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 7 сарын хүүд 8,400,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн зээлээс 7,000,000 төгрөгийг өгч, хүүг багасгаж 5 хувь болгосон хэдий ч алдаг оног төлсөөр хүүд 4,300,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, нийтдээ 16,300,000 төгрөгийг зөвхөн хүүд төлж хохирсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад өмгөөлөгчид 500,000 төгрөгийг төлсөн.

Х.С-, Б.Э-нараас 28,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 475,739 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагч нараас 27,824,261 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Миний нөхөр Б.Э-ямар ч хамааралгүй бөгөөд энэ асуудлыг огт мэдэхгүй. Харин 2014 онд миний бие Ч.Э-гаас 14,500,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд энэ мөнгийг түүнд төлж барагдуулж дуусгасан. Ч.Э- нь зээлсэн мөнгөө буцаан авсан атлаа дахин гаргуулахаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Ч.Э- нь “Х.С- намайг заавал шоронд явуулна” гэж заналхийлэн олон жил цагдаа, прокурорын байгууллагаар шалгуулж байсан. Энэ талаар мэдүүлэг тайлбар өгөхдөө Цагдаагийн байгууллагад гаргаж өгч байсан баримтууд бүрдүүлэн гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар М ББСБ-д төлөгдсөн 11,024,261 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө, харин Б.А- гэх хүнээс зээлсэн зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн хүү 16,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь бодитой зээлийн гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Эх сурвалж нь эргэлзээтэй, Б.А- нь нэхэмжлэгчийн садангийн хүн байх тул эргэлзэж байна. Б.А-аас зээлсэн гэх 16,000,000 төгрөгийг зээлсэн гэрээний үүрэг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “гэрээний үүрэг 3 жил” гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Ч.Э- нь, хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийг үнэ төлбөргүй эзэмшиж ямар ч төлбөр төлөхгүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн хариуцагчаар татагдах ёсгүй Б.Э-ийг татсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ямар эрх, ашгийг Б.Э-зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна. Ийм Б.Э-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.С-, Б.Э-нараас 23,724,261 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үлдэх 4,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 276,571 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлан тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШЗ2023/25306 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд энэ хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар урьд нь авсан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: “2 талын байр суурийг сонслоо нэхэмжлэгч талаас нэхсэн 500,000 төгрөг болох өмгөөлөгчийн зардлыг төлөх, харин 16,000,000 төгрөгийг мэдэхгүй байна” гэжээ.

 

5. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Б.Э-би нэхэмжлэгч Ч.Э-тай зээлийн гэрээ буюу ямар нэгэн хэлцэл огт байгуулаагүй бөгөөд түүний өмнө үүрэг хүлээж байгаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч”-ийг тодорхойлж заасан. Гэтэл шүүхээс ямар ч нотлох баримтгүйгээр, үндэслэлгүйгээр Б.Э-ийг “хариуцагч” гэж дүгнэж нэхэмжлэгч О.Э-аас нэхэмжилсэн 28,300,000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Б.Э-нь О.Э-аас авсан, өгсөн, гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байхгүй, хэрэгт энэ талаар баримт байхгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Хариуцагч Б.Э-нь М ХХК-д нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлж байсан, эрүүгийн журмаар шалгагдаж байсан зэрэг баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас чөлөөлөгдөх үндэслэлгүй" гэж дүгнэсэн нь илтэд нотлох баримтгүйгээр Б.Э-т хариуцлага хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн журмаар шалгаж шүүхийн ямар нэгэн шийдвэр гараагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь Б.Э-ийн гэм бурууг тогтоосон явдал огтоос биш бөгөөд тэрээр М ХХК-д мөнгө төлсөн нотлох баримт хэрэгт огт байхгүй.

5.2. Нэхэмжлэлийн шаардлагаас Б.А- гэх хүнээс мөнгө зээлсэн гэрээний үүрэгт төлөгдсөн гэх хүү 16,300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б.А- гэх хүнээс 12,000,000 төгрөг зээлж түүний хүүд төлсөн гэх 16,300,000 төгрөгийг нэхэмжилсэн нь дараах үндэслэл, нотлох баримтуудаар няцаагддаг.

2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр авсан зээлийг 2016 оны 09 сарын 01-ний өдөр төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээний ард бичвэрээс үзэхэд уг зээлийн гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан гэж харагддаг. Төлөх үүрэг үүссэнээс хойш шаардах эрхийг тоолж үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаа өнгөрсөн бөгөөд энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна. Харин Х.С- миний зүгээс М ХХК-д төлөх ёстой 11,024,261 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

5.3. Ч.Э-гийн мөнгө зээлсэн гэх Б.А- нь шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ Ч.Э-д зээлсэн гэх 12,000,000 төгрөгийн эх үүсвэр болон зээлийн төлбөрт хичнээн төгрөгийн хүү авснаа ч нотолж чаддаггүй. Гэтэл шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, буруу дүгнэж шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нараас гаргуулахаар заасан 23,724,261 төгрөгөөс 12,604,331 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэг 5 жил шалгагдсан. Хариуцагч талын хүсэлтээр эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, хэрэгт хавсаргасан. Х.С-, Б.Э-хоёр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн. Тухайн үед Х.С-, Б.Э-нар ял завшсан нь завшаантай хэрэг боловч гэм хорын хохирлоос зайлсхийх боломжгүй. Удаа дараагийн гаргасан Прокурорын тогтоол, хууль хяналтын байгууллагын гаргасан шийдвэрүүд дээр нэр бүхий 5 хүнийг залилсан болох нь тогтоогдсон. Б.Э-хариуцагч биш гэж ярьж байгаад харамсалтай байна. Тухайн үед эхнэр, нөхөр 2 бүлэглэж, бусдаас их хэмжээний мөнгө авсныг шүүх үндэслэж шийдвэрээ гаргасан. Ч.Э- 8 жил хохирч байна. Нэхэмжлэгч Б.А-аас мөнгө зээлж, М ХХК-аас авсан зээлээ төлөөгүй байсан бол өөрөө орон сууцаа алдахад хүрсэн. Бүх зүйл шалтгаант холбоотой байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч Ч.Э- нь хариуцагч Х.С-, Б.Э-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 27,824,261 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч Х.С- нь М ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлсөн 11,024,261 төгрөгийг зөвшөөрч, Б.А-ын зээлийн хүүд нэхэмжилсэн 16,300,000 төгрөгийг “шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх, хариуцагч Б.Э-ийн хувьд “би мөнгийг хүлээн аваагүй тул хариуцагч биш, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр  эс зөвшөөрч, тус тус маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

2.1. Ч.Э- нь Х.С-, Б.Э-нарын хүсэлтээр М ХХК-тай  2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 1 дүгээр байрны 34 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 15,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай зээлж, зээлийн 15,000,000 төгрөгийг Х.С- шилжүүлэн өгсөн.  /хх201-203/

2.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/2580 дугаар захирамжаар Ч.Э- нь 11,024,261.74 төгрөгийг М ХХК-д төлөх тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. /хх 26-28/

2.3.  Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Ч.Э- нь М ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн төлбөрт 11,024,261.74 төгрөгийг төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болжээ.  /хх 152-158/

 

3. Нэхэмжлэгч Ч.Э- нь нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нарын хүсэлтээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, зээлийн үүргийг хариуцагч нар төлөхөөр харилцан тохиролцсон байсан” гэж тайлбарладаг. Хариуцагч Х.С- дээрх тайлбарыг үгүйсгэж маргаагүйгээс гадна “нэхэмжлэгчийн М ХХК-д төлсөн 11,024,261 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн  тайлбар гаргажээ.

 

Хариуцагч Б.Э-ийн хувьд М ХХК-д дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийг өөрийн нэрээр төлж байсан, мөн Ч.Э- нь Х.С-, Б.Э-нарт холбогдуулан гаргасан гомдлын дагуу эрүүгийн журмаар шалгагдаж байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.

 

4. Дээрх үйл баримтуудыг харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгч Ч.Э-, хариуцагч Х.С-, Б.Э-нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд “би мөнгийг хүлээн аваагүй, хариуцагч биш, надад хамааралгүй” гэх хариуцагч Б.Э-ийн татгалзал үндэслэлгүй.

 

            Хариуцагч Х.С-, Б.Э-нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн  үүргээ гүйцэтгээгүй болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Э- нь хариуцагч нараас  зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

            5. Анхан шатны шүүх хариуцагч нараас  зээлийн гэрээний үүрэгт төлсөн 11,024,261 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь шаардах эрхийн үндэслэлд хамаарах хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулна.

 

6. Нэхэмжлэгч Ч.Э- нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр маргажээ.

 

6.1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор  Ч.Э-, Б.А- нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, зээл төлсөн тооцоолол бүхий  баримтыг шүүхэд гарган өгч, шүүхийн журмаар Б.А-аас гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. /хх21-22, 199-200/

Хариуцагч тал дээрх нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзээд хариуцагч нар хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид 12,700,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцжээ. Харин, хариуцагч нараас 12,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ уг шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг шийдвэрт баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийн заалтыг нэмж оруулна.

 

6.2. Нэхэмжлэгч нь, хариуцагч нарт холбогдуулан дээрх зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар 2016 онд  эрх бүхий газарт гомдол гарган, эрүүгийн журмаар шалгуулж байсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 94 дүгээр тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3695 дугаар Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар “гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4/974 дугаар хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон./хх 11-20, 23-24/

 

6.3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/00101 дугаар  захирамжаар хариуцагч Х.С-, Б.Э-нарт холбогдох нэхэмжлэгч Ч.Э-гийн нэхэмжлэлийг хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх 36-37/

 

6.4. Мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2022/00506 дугаар шийдвэрээр Х.С-, Б.Э-нарыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ч.Э-гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 28/196 дугаар албан бичгээр Б.Э-, Х.С- нарын оршин суух хаягийг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. /хх34-35, 38-41/

 

6.5. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн зээлийн гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 79.1 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус заасантай нийцжээ.

 Иймд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.  

 

7. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэх үндэслэлээр өмгөөллийн хөлс 500,000 төгрөгт гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

8. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д хариуцагч Б.Э-ийн нэрийг “Ч.Э-” гэж буруу бичсэн болохыг  дурдах нь зүйтэй.

 

9. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэг” гэж алдаатай бичсэнийг залруулна.

 

 Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон техник алдааг залруулан өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/05615 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “186 дугаар зүйлийн 186.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэг” гэснийг “нэхэмжлэгч” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,820 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ