Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00543

 

 

 

 

 

 

 

 

     2024         03           18                                    210/МА2024/00543

 

 

И ХХК, О.М-рын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04260 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И ХХК, О.М-рын нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.А-эд холбогдох,

Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 203 дугаар байр, 10 давхрын 189 тоот хаягт байрлалтай, 79.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7,526,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

И ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 19/05 тоот бараа материал худалдах-худалдан авах арилжааны гэрээг И ХХК-тай байгуулж, нийт 539,044,990 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлж, харин И ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 203 байр, 10 давхар, 189 тоот хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай бүхий 3 өрөө орон сууцыг бартерт тооцон өгсөн. Манай компанийг төлөөлж гүйцэтгэх захирал О.М-р нь итгэмжлэлээр дээрх орон сууцыг Ц.А-тэй 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тохирч, орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийг тус тус үндэслэн харилцан тохиролцож байгуулсан.

Хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгаар бариулах 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээгээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 203 байр, 10 давхар, 189 тоот хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ын үнийг 1,650,000 төгрөгөөр тооцож, орон сууцны нийт үнэ 130,366,500 төгрөгөөс 39,109,950 төгрөгийг төлж, үлдэгдэл 91,256,550 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Орон сууц захиалгаар бариулах 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 3.6 дахь хэсэгт, Б тал банкнаас зээл гаргуулах боломжтой гэсэн албан бичгийг А талд авч ирж баталгаажуулснаар Б талын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах бичгийг А тал хийж өгнө. Б тал орон сууцыг банкны зээлээр авч байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор зээлээ гаргуулж А талд орон сууцны үлдэгдэл төлбөр 91,256,550 төгрөгийг А талын Хаан банкны 000 тоот данс руу шилжүүлж төлбөрийг дуусгана гэж заасан. Мөн энэ хэсэгт гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх шилжүүлэн авагч тал цаашид төлбөрөө төлж чадахгүй нь илэрхий болсон тохиолдолд 1 сарын 800,000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцож, урьдчилгаа мөнгөнөөс суутган авч, эрх шилжүүлэгч тал орон сууцыг буцаан авч, нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулна гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүн 130,366,500 төгрөгөөс, торгууль 13,036,650 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тооцож 2023 оны 08 дугаар сар хүртэл 42 сарын түрээсийн төлбөр 33,600,000 төгрөг, нийт 46,636,500 төгрөгөөс Б талын төлсөн 39,100,950 төгрөгийг хасаж, 7,526,700 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Ц.А-ээс Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 203 байр, 10 давхар, 189 тоот хаягт байрлалтай 79.01 м.кв талбайтай 3 өрөө орон орон сууцыг  чөлөөлж, мөн 7,526,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Ц.А- нь 2020 оны 02 дугаар сард байр худалдаж авахаар хайж байгаад Нисэхийн фэйсбүүк зараас орон сууцны зээлээр 3 өрөө орон сууц зарна гэсэн зарын дагуу И ХХК-ийн төлөөлөгч О.М-ртай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр уулзаж танилцаад орон сууц худалдаж авахаар болсон. Тухайн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буман залуус хорооллын 203 дугаар байрны 189 тоот 79.1 м.кв 3 өрөө орон сууцыг И ХХК бартераар авсан байр байгаа юм банкны зээлээр худалдана та нийт 130,366,500 төгрөгөөр ав 30 хувиа төлөөд үлдэгдэл 70 хувийг орон сууцны ипотекийн зээлд оруулж худалдахыг зөвшөөрөөд тухайн өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн.

Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа “орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах компанийн бичиг баримтыг бүрдүүлж өгнө” гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй. Миний бие банканд хандаж орон сууцны зээл гаргуулахаар удаа дараа хандаж байсан бөгөөд банкнаас худалдан авсан орон сууцны мэдээлэл өгөхийг  шаарддаг. Энэ дагуу нэхэмжлэгчээс байрны бичиг баримтыг өгөхийг удаа дараа шаардахад надад гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

И ХХК болон О.М-ртай миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээ огт байгуулаагүй бөгөөд миний бие нь зөвхөн И ХХК-аас орон сууц худалдан авсан. Нэхэмжлэлд дурдсан И ХХК нь И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг ажлын гүйцэтгэлд авсан гэдгийг огт мэдээгүй, энэ талаар тухайн үед иргэн О.М-р ч надад хэлээгүй.

Тухайн үед И ХХК-ийн захирал Б.Ц- О.М-рт маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах эрхийг итгэмжлэлээр олгосон байсан бөгөөд миний бие итгэмжлэлийг шалгахад 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаанд олгосон хүчинтэй итгэмжлэл байсан. Маргаан бүхий орон сууцыг бариулсан П ХХК нь Буман залуус хорооллын 203, 204 дүгээр байрыг Хөгжлийн банкны барьцаанд тавигдсан байсныг 2023 оны 04 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдсэн. Надад орон сууцны бичиг баримтыг гаргаж өгөхгүй байх шалтгаан нь тухайн орон сууц нь банкны барьцаанд тавигдсанаар илэрч байна. Нэхэмжлэлд дурдсанаар миний бие үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх санаа зорилго байгаагүй бөгөөд төлбөр төлж чадахгүй нь илэрхий болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Иймд хариуцагч Ц.А- миний бие, нэхэмжлэгч нараас орон сууц худалдаж аваагүй, нэхэмжлэгч нартай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК, О.М-р нарын хариуцагч Ц.А-эд холбогдох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 203 дугаар байр, 10 давхар, 189 тоот хаягт байрлалтай, 79.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7,526,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,580 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч Ц.А- нь худалдан авч буй орон сууцыг бартераар нэхэмжлэгчид ирсэн гэдгийг мэдэж байсан бөгөөд урьдчилгаа төлбөр 39,109,950 төгрөгийг И ХХК-ийн захирлын эхнэр Б.Г-ын Хаан банкны 000 тоот дансанд шилжүүлсэн, мөн бартерын орон сууц болохыг мэдэж байсныг хариуцагчийн шүүхэд гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тайлбар зэргээс нотлогдож байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

            И ХХК-ийн И ХХК-тай байгуулсан бараа материал худалдах-худалдан авах арилжааны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19/05 тоот гэрээний төлбөрт ирсэн бартерын орон сууцыг Ц.А- худалдан авахдаа мэдэж байсан учраас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасны дагуу хийсэн хэлцэл юм.

            4.2. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь И ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

            Өөрөөр хэлбэл, хэрэгт байгаа И ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр И ХХК-ийн И ХХК-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах арилжааны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19/05 тоот гэрээний төлбөрт бартераар орон сууцыг өгсөн болох, мөн И ХХК-ийн захирал Б.Ц-гийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгосон итгэмжлэл, бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах арилжааны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 19/05 тоот гэрээний 5.3-д маргаан бүхий орон сууцыг бартерт өгөхөөр тохиролцсон, И ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 01/96 тоот албан бичгээр маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг хамтран нэхэмжлэгч О.М-рт олгосон, одоо маргаан бүхий орон сууцны захиалагч нь О.М-р болохыг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1640 тоот лавлагаагаар тус тус нотлогдож байхад анхан шатны шүүх үнэлээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийсэн. Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг И ХХК-тай байгуулаагүй, И ХХК-тай байгуулсан. Үүнд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээн дээр гэрээний 2 талыг тодорхой заасан. И ХХК-ийг О.М-р төлөөлж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ гэрээний нэг тал биш И ХХК шаардлага гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Арилжааны гэрээний дагуу бартераар авсан орон сууц гэдгийг хариуцагч мэдэж байсан гэж тайлбарладаг. Гэтэл үүнийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Ц.А- мэдсэн. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч И ХХК, О.М-р нар хариуцагч Ц.А-эд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 203 дугаар байр, 10 давхрын 189 тоот хаягт байрлалтай, 79.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7,526,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

2.1. И ХХК, И ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 19/05 дугаар бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах арилжааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 589,375,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг И ХХК нь И ХХК-д нийлүүлж, төлбөрийн 50 хувийг төгрөгөөр, 50 хувийг бартерын нөхцөлөөр хийхээр тохиролцож, бартерт Хан-Уул дүүрэгт байрлах, Буман залуус хотхоны барилгаас 79.01 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр тооцож, нийт 138,302,500 төгрөгийн орон сууц авахаар тохиролцсон./хх7-8/

 

2.2. И ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр И ХХК-ийн захирал О.М-рт олгосон 102/23 тоот итгэмжлэлээр, дээр дурдсан Хан-Уул дүүргийн, Буман залуус хотхоны 203 дугаар байрны 10 давхрын 79.01 м.кв орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах, төлбөрийг хүлээн авах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, гэрээний үүргийн биелэлтийг шаардах зэрэг эрхийг олгосон./хх37/2.3. Мөн И ХХК-аас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн захирал О.М-рт дээрх орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулах, төлбөрийг хүлээн авах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, гэрээний үүргийн биелэлтийг шаардах зэрэг эрхийг олгосон./хх 36/

 

2.3. И ХХК-ийг төлөөлж О.М-р нь Ц.А-тэй 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр дээрх 3 өрөө орон сууцыг Ц.А-эд шилжүүлж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 39,109,950 төгрөгийг, үлдэгдэл 91,256,550 төгрөгийг гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон. Уг орон сууцны урьдчилгаа төлбөрт Ц.А- нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 39,109,950 төгрөгийг Хаан банкны 000 /Б.Г-/ тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ./хх 13, 45/

 

3. Дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь И ХХК, О.М-р нарын хэн алины өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

3.1. И ХХК-аас О.М-рт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу компанийг төлөөлж орон сууц захиалгын гэрээг хариуцагч Ц.А-тэй байгуулсан байх боловч нэхэмжлэгч нар нь дээрх гэрээний шаардах эрхийг бие даан хэрэгжүүлэх үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Учир нь зөвхөн эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл эрх олгогдсон этгээд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардлагыг гаргах эрхтэй.

 

3.2. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1640 дугаартай лавлагаагаар маргаан бүхий орон сууцыг Монгол Улсын хөгжлийн банкны зээлийн барьцаанд П ХХК-аас бүртгүүлсэн байх бөгөөд уг орон сууцны захиалагч нарын нэрсийн жагсаалтын 189-т О.М-рын нэр бүртгэлтэй байгаа талаар дурдсан байна./хх67/

 

Дээрх үндэслэлээр уг эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байх бөгөөд орон сууцны захиалагч нь орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4. Нэхэмжлэгч И ХХК, О.М-р нар нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн итгэмжлэлээр И ХХК төлөөлүүлэгч, О.М-р төлөөлөгч байгаа тохиолдолд уг итгэмжлэлийг үндэслэн хийгдсэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой бүх эрх, үүрэг гагцхүү төлөөлүүлэгч буюу И ХХК-д үүснэ.

 

Иймд нэхэмжлэгч И ХХК, О.М-р нар хариуцагч Ц.А-эд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 203 дугаар байр, 10 давхрын 189 тоот хаягт байрлалтай, 79.01 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7,526,700 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргах эрхгүй гэж үзэх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт нэхэмжлэгч И ХХК-ийн нэрийг И ХХК гэж буруу бичигдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/04260 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                                                       ШҮҮГЧИД                                    С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ