Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0137/З |
Дугаар | 001/ХТ2016/0038 |
Огноо | 2016-02-15 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2016/0038
Иргэн Ч.Мөнгөншагайн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сумъяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 548 дугаар магадлалтай, иргэн Ч.Мөнгөншагайн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ч.Мөнгөншагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Булганы 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 тоот тушаалаар яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн батлагдсан гэсэн нэрээр хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ дараах хууль тогтоомжийг тушаалын үндэслэл болгосон. Үүнд:
1. Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “Хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах” заалтыг үндэслэл болгосон. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхэд 9.6.9-г үндэслэл болгожээ.
Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гээд Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасанчлан Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилох байтал Засгийн газрын бүрэн эрхэд халдаж шинээр томилогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь хууль бус үйлдэл юм.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зарласан. Яамны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргад байгаа бөгөөд Т.Булган нь хууль бус үүрэг гүйцэтгэгч юм.
Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тодорхой зохицуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтын тайлбарын 15-д “Төрийн байгууллага татанбуугдсан гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд зохион байгуулагдсаныг, төрийн байгууллага татан буугдсан гэж Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг ойлгоно” гэж тодорхой тайлбарласан байдаг.
Харин Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэж зохицуулсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтын тайлбарын 15-д “Төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөгдөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн түүнчлэн томьёолол нь өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэжээ.
3. Яамны зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2014 оны 382 дугаар тогтоолыг мөн үндэслэл болгосон. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй, харин татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын чиг үүргийг тус яаманд нэгтгэсэн. Аялал жуулчлалын чиг үүрэг тус яаманд ирснээр яамны нэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон өөрчлөгдсөн, Газрын шинэтгэлийн хороо, Усны Үндэсний хороо шилжин ирснээр Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар гэж яамны өмнөх газар усны бодлогыг зохион байгуулсан, Ойн хэлтэс нь татан буугдаагүй Ойн бодлого зохицуулалтын газар болон томорсон, нэр хэвээр, орон тоо нь хэвээр хадгалагдсан.
Миний ажлын чиг үүрэг алдагдаагүй, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-05 дугаар Орон тоо батлах тухай тушаалаар Ойн бодлого зохицуулалтын газар нэртэйгээр батлагдсан. Түүн дотор Ойн үрийн аж ахуй тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж цэцэрлэгжилтийн бодлого зохицуулалт гэсэн албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн. Гэтэл дээрх хууль зүйн үндэслэлгүй тушаалаар намайг ажлаас чөлөөлж, уг албан тушаалд надтай хамт ойн хэлтэст ойн арчилгаа, цэвэрлэгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан хүнийг томилоод байна.
Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Булганы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас яамдын Төрийн нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг яамдын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар түр орлон гүйцэтгүүлэх чиглэл өгсөн бөгөөд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул/ тэд орлох боломжгүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлнэ. Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Булганд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр хариуцуулан томилсон болно.
Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-н 4.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
2. Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Ойн бодлого зохицуулалтын газрын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг 2015 онд шинэчлэн баталсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуурыг Ч.Мөнгөншагай хангахгүй байсан, ойн мэргэжлийн бус хүн байсан тул алжаас чөлөөлөх тушаал гарсан.
Ч.Мөнгөншагай нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Албан тушаалд томилох тухай” 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 дугаар тушаалаар Ой хамгаалах, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр анх ажилд орж ажиллаж байсан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын “Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар Ой хамгаалах, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн болно.
Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 382 дугаар тогтоолын “а”-д зааснаар манай яамны бүтцэд өөрчлөлт орж нэхэмжлэгч Ч.Мөнгөншагайг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б-27 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3764790 төгрөгийг түүнд олгосон болно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Мөнгөншагайг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Ч.Мөнгөншагайгийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгож, Ч.Мөнгөншагайгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасан байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 548 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4.1,” гэснийг хасч, 2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Мөнгөншагайн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 5216013 төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Мөнгөншагайд олгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сайнбаяр, Б.Мөнхбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Засгийн газрын шинэ бүтцээр /Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор/ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам 116 орон тоотойгоор батлагдсан бөгөөд дээрх байгууллагуудад ажиллаж байсан 40-өөд ажлын байрны чиг үүргийг тус яамны бүтцэд шилжүүлж, чиг үүргийг нэмэгдүүлж, ажлын байрны ачааллыг нягтруулах төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор орон тоог цөөрүүлсэн болно.
Шинэ бүтцээр Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс хоёулаа татан буугдсан бөгөөд Ойн бодлого зохицуулалтын газар байгуулагдаж өмнө ажиллаж байсан 10 хүний орон тоог 2 орон тоогоор цөөрүүлж, 8 хүний орон тоотойгоор батлагдсан. /Хавтас хэрэгт авагдсан Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны А-07 дугаар тушаал, 2014 оны А-05 дугаар тушаалаас/
Иймд ажлын байрыг нягтруулж, Ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Ойн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрыг нэгтгэн Ойн баялгийн нөөцийн ашиглалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны ойн дагалт баялгийг ашиглах, хамгаалах зорилтыг нэмж, Ойн арчилгаа, цэвэрлэгээ, дагалт баялаг, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх бодлого зохицуулалт хариуцсан ажлын байранд И.Дорж /Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ойн баялгийн нөөцийн ашиглалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/, Ч.Мөнгөншагай /Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн ойн аж ахуйн арга хэмжээ, ойн менежментийн төлөвлөгөөний удирдлага зохицуулалт-арчилгаа цэвэрлэгээ хариуцсан мэргэжилтэн/. Ц.Төмөрбаатар /Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ойн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/ нараас Ц.Төмөрбаатарыг ойролцоо ажлын байрны хувьд Цэвэр технологийн хэлтэст шилжүүлсэн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу яамны удирдах албан тушаалтан нар 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, ажлын туршлага, мэргэжил, мэргэшил, 2014 оны жилийн эцсийн байдлаар үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн үнэлгээ зэргийг харгалзан үзэж И.Дорж, Ч.Мөнгөншагай нарыг өрсөлдүүлсэн.
Шүүхийн магадлал нь тухайн ажлын байранд мэргэжлийн /ойн мэргэжлийн, агрономич биш/ улмаар мэргэшсэн төрийн албан хаагч ажиллуулах талаар тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн заалтыг гажуудуулсан шийдвэр болсон байна гэж заасан байна.
Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад ..Ч.Мөнгөншагайгийн ажилгүй байсан хугацаа буюу 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговороор зохих журмын дагуу тооцон олгож..." гэж заасан нь хариуцагч тал Ч.Мөнгөншагайг ажлаас чөлөөлөхдөө түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3 764 790 /гурван сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун ерэн/ төгрөгийг олгосоныг нэхэмжлэгчид олгох мөнгөн дүнгээс хасах яг хэдэн төгрөгний олговор олгохыг тодорхой зааж өгөөгүй алдаатай шийдвэр гаргасныг Давж заалдах шатны шүүх зөв болгож залруулсан байна.
"Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 4 дүгээр тогтоолоор батлагдсан тус яамны Бүтцийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах "газарт ойн чиг үүргийг хариуцан ажиллаж байсан 2 орон тоо, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэс 8 орон тоо нийт 10 орон тоотой ойн асуудлыг тус яаманд хариуцаж ажиллаж байсныг Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулалтыг хэлтсийг тус тус татан буулгаж тухайн газар, хэлтэст ойн асуудлыг хариуцан ажиллаж байсан 10 орон тооноос 2 орон тоог хасч, Ойн бодлого зохицуулалтын газар болгон байгуулсан. Хэдийгээр Ойн бодлого зохицуулалтын газар 10 орон тоотойгоор батлагдах байсан боловч 8 орон тоотойгоор батлагдаж 2 орон тоо хасагдаж, орон тоо 2-оор цөөрүүлсэнийг шүүх харгалзан үзэх ёстой байсан боловч харамсалтай нь шүүх энэ асуудлыг хавтас хэрэгт байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэт судлаагүй орхигдуулсан шийдвэр, магадлал гаргасан гэж үзэж энэ асуудлыг эргэж харж үзэж Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, ойлгох, үнэлэх журмыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрвэрлэсэн нь хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасантай нийцээгүй байна.
Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2014 оны 382 дугаар тогтоолыг тус тус үндэслэн яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнгөншагайг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Анх Ч.Мөнгөншагай нь Ойн газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б-25 дугаар тушаалаар Ойжуулалтын бодлогын хэлтсийн Мод үржүүлгийн тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтнээр томилогдож, улмаар Ойн газар татан буугдсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 дугаар тушаалын хавсралтаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б-38 дугаар тушаалаар жирэмсний амралт авсан боловч 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б-60 дугаар тушаалаар ажиллаж байсан хэлтэстээ мэргэжилтэнээр ажиллахаар болсон байна.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий 2015 оны Б-27 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд буюу “Ойн бодлого зохицуулалтын газарт “мод үржүүлэг тарьц суулгацын хангамж, үрийн аж ахуй, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч тэрээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс маргаан бүхий тушаал гарах хүртэл хугацаанд дээрх албан тушаалд ажиллаагүй болохыг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б-60 дугаар тушаалаар албан тушаал хэвээр хадгалах хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийг жирэмсний амралт авахаас өмнөх албан тушаалд нь томилжээ” гэж дүгнэсэн атлаа Ч.Мөнгөншагайг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасан нь ойлгомжгүй болжээ.
Учир нь нэхэмжлэгчийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө ойн арчилгаа цэвэрлэгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулж байсан гэх боловч уг албан тушаалд ажиллуулсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны А-05 дугаар тушаалаар Ойн бодлогын зохицуулалтын газрыг байгуулахдаа дээрх албан тушаалыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ойн 2 орон тоотой нэгтгэж, нягтруулсан гэсэн нөхцөл байдалд шүүхүүд дүгнэлт өгөөгүй, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч “жирэмсний амралтын дараа түүнийг өөр ажилд ажиллуулсныг хүлээн зөвшөөрөөгүй” гэж тайлбарласан ч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ч.Мөнгөншагайг гадаадад докторын зэрэг хамгаалахаар явсан н.Энхжаргалын оронд түр ажиллаж байсан учир жирэмсний амралтаа дуусган ажилдаа ороход өмнөх албан тушаалд нь томилоогүй” гэсэн тайлбартай холбогдуулан нотлох баримт цуглуулж, нягтлан шалгах, шаардлагатай бол бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байх тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин шалгаж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 512 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 548 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.СУМЪЯА
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН