Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00506

 

 

 

 

 

 

             

    2024        03           15                                       210/МА2024/00506

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/04288 дугаар шийдвэртэй,

 

            “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

            Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 76,242,750 төгрөг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 230,635,875 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх уралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “М” ХХК, “Б ХХК-тай “Арматурын төмөр нийлүүлэх, худалдан авах гэрээ”-г байгуулж, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 199,891 тонн жинтэй, нэгж үнэ 1,750,000 төгрөг, нийт 349,809,250 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр худалдан авахаар тохиролцсон. “Б ” ХХК-д 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дээрх гэрээний төлбөрөөс 85,500,000 төгрөгийг бэлнээр төлж, мөн өдрөө тооцоо нийлсэн акт үйлдэж, авлага, өглөгөө баталгаажуулах үед манай төлбөрийн үлдэгдэл 264,309,250 төгрөг байсан.

1.2. “М” ХХК 2020 оны 9 дүгээр сард өөрийн өмчлөлийн Б дүүрэг, ** хороо, ** байр, ** тоот тоотод байрлах, 85,04 м.кв талбай бүхий орон сууцыг 110,552,000 төгрөгөөр тооцон “Б ” ХХК-д шилжүүлсэн. 

Мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн Б дүүрэг, ** хороо, ** байр, ** тоот тоотод байрлах, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Б ” ХХК-д баримт бичгийг нь шилжүүлэн өгч үүргээ гүйцэтгэсэн. 

1.3. Өөрөөр хэлбэл, “Б ” ХХК-д бид гэрээний дагуу 349,809,250 төгрөгийг төлөх ёстойгоос 426,052,000 төгрөгийг төлсөн буюу 76,242,750 төгрөгийг илүү төлсөн байна. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний дагуу илүү төлсөн 76,242,750 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. 

1.4. Хариуцагч “Б ” ХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт дурдсан үйлчилгээний талбайг “Б ” ХХК-аас авлагатай Т ХХК-ийн төлөөлөгч А.Э-д 230,000,000 төгрөгт тооцон авсан талаараа баталгаа гаргаж өгсөн.

Тухайн хөрөнгийг манайхаас гэрээний дагуу төлөх төлбөртөө тооцон шилжүүлсэн, харин одоо илүү гарсан төлбөрийн зөрүүгээ авахаас биш манайх гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс татгалзсан зүйл огт гаргаагүй. Манайд “Б ” ХХК-д төлөх төлбөр байхгүй.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “Б ” ХХК, “М” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Худалдах,худалдан авах гэрээ”-г байгуулж, тухайн оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд 1 тонн арматурыг 1,750,000 төгрөгөөр тооцон, 199,891 тонн буюу 349,809,250 төгрөгийн арматур нийлүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн.  Нэхэмжлэгчийн зүгээс манайд 35,000,000 төгрөг, 110,552,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 204,257,250 төгрөгийг төлөөгүй.

 Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 204,257,250 төгрөг, алданги 102,128,625 төгрөг, нийт 306,385,875 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.

2.2. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн хүлээлгэн өгсөн гэх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Т ХХК хүлээн авсан, тухайн компани бидний хооронд үүссэн харилцаанд хамааралгүй тул тус компанид өгсөн гэх төлбөрийг бид тооцоонд оруулах үндэслэлгүй.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн тайлбар:

3.1.Т ХХК, “Б ” ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний нийт үнийн дүн 5,070,000,000 төгрөг байна. Уг төлбөрөөс тодорхой хэмжээний төлбөрийг “Б ” ХХК нь Т ХХК-д төлөөд явж байгаа бөгөөд одоо төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Мөн төлбөр тооцоотой холбоотой маргаан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа.

3.2. Манай зүгээс “Б ” ХХК-д холбогдуулж гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагаасаа “М” ХХК-иас “Т ” ХХК-д хүлээлгэж өгсөн орон сууцны үнийг хасчихсан байгаа. Манай компани нь “М” ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд “Б ” ХХК нь манайхаас арматур төмөр худалдаж авсан, төлбөрөө төлөхгүй байсан учир тус компаниас “М” ХХК нь манайд төлөх төлбөрөө төлөхгүй байна тэднийх манай төлбөрийг төлчихвөл бид танай төлбөрийг төлнө гэх тайлбарыг өгсөн.

Ингээд “Б ” ХХК-ийн захирал “М” ХХК нь манайд төлөх төлбөрийн оронд орон сууц шилжүүлнэ, та нар шилжүүлээд ав гээд Т ХХК, “М” ХХК нарыг хооронд нь холбосон.

3.3 Т ХХК-ийн нягтланА.Э уг орон сууцыг “М” ХХК-иас шилжүүлэн авсан. “Б ” ХХК нь манай компанийг “М” ХХК-тай холбож өгөөгүй бол манай компани уг компанийг мэдэхгүй, танихгүй, уг компаниас авах өр авлага байхгүй. “Б ” ХХК-аас манайд төлөх өр төлбөрийг уг орон сууцны тохиролцсон үнийн дүнгээр тооцож өрийг бууруулсан.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Б ” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 76,242,750 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 153,757,250 төгрөг, алданги 76,878,625 төгрөг, нийт 230,635,875 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Б ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539,163  төгрөг, хариуцагч “Б ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,689,879 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ” ХХК-иас 539,163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Талууд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр "Арматур төмөр нийлүүлэх, худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 1 тонн арматур төмрийг 1,750,000 төгрөгөөр тооцож, нийт 200 тонн буюу 349,809,250 төгрөгийн арматурыг "Б " ХХК нь "М" ХХК-д нийлүүлсэн. Үлдэх 153,757,250 төгрөгийг төлбөрт Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны зам гудамж, 73А байр, 4а тоотод байрлах 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг "Б " ХХК нь хүлээн аваагүй.

Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр "Төлбөр төлсөн тухайн баримт" үйлдэж нэхэмжлэгч "М" ХХК нь хариуцагч "Б " ХХК-д төлөх 153,757,250 төгрөгийн төлбөрийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 230,000,000 төгрөгөөр тооцож барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч "Б " ХХК-ийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан гэх "Төмөрт-Өргөө" ХХК-ийн ажилтанА.Э нь манай байгууллагын ажилтан биш, байгууллагын өмнөөс төлбөр тооцоо хүлээн авах эрх ч олгогдоогүй болохыг тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан.

5.2. Гуравдагч этгээд “Т" ХХК-иас хэрэгт аливаа байдлаар "Б " ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн талаарх бичгийн нотлох баримтыг өгөөгүй байхад шүүхээс тайлбарыг шүүхийн шийдвэрийнхээ нэг үндэслэл болгосон.

 Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг заагаад "Б " ХХК-ийн "Т" ХХК-д төлөх өр төлбөрт маргаан бүхий орон сууцыг шилжүүлэхийг хариуцагч зөвшөөрсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Манай авлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэх болохыг бидэнд огтоос мэдэгдээгүй, нэгэнт мэдэгдээгүй учраас үүнд нь зөвшөөрөл өгөх ямар ч боломжгүй атал шүүх хуулийг хэт нэг талыг барьж тайлбарлан хэрэглэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг "М" ХХК-ийн өмчлөлөөс иргэн А.Э-д шилжүүлж ,А.Э-гаас Н.М-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 250,000,000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээнээс үүдэж хариуцагч "Б " ХХК-иас илүү төлсөн гэх нэхэмжлэгчийн тодорхойлсон нь шаардлага үндэслэл биш гэж үзэж байна.

5.3. Гэрээний чөлөөт байдлын хүрээнд үнийн дүнгээ гэрээний талууд өөрсдөө тодорхойлдог. Түүнчлэн 250,000,000 төгрөг эсхүл 230,000,000 төгрөгийн хэмжээнд “Б " ХХК-ийн өр төлбөрийг суутгасан эсэх нь бичгийн баримтаар хэрэгт авагдаагүй. "Т" ХХК-иас “Б " ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайн нэхэмжлэл, шаардлагад тухайн үнийн дүнгээр хасаж тооцож нэхэмжилж байгаа эсэхийг ч нягтлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд талуудын тайлбар, татгалзал үнэн зөв байх ёстой гэж зохицуулсан. Гуравдагч этгээдийн зүгээс үнэн зөв, тайлбар гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Уг тайлбартай анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас маргаагүй. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б ” ХХК-д холбогдуулан гаргасан төлбөрийн маргаантай холбоотойгоор ямар нэгэн төлбөр хасагдсан талаар маргаан байхгүй. Гэвч хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад маргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүх нь талуудын хоорондын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Т ХХК-ийн ажилтан А.Э нь ямар шалтгаанаар өр төлбөрийг авсан талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарласан зүйл байхгүй.

 А.Э нь Б.У, Г.Г нарыг уулзуулж, Б.У-г ямар тайлбар гаргасныг гэрчийн мэдүүлгээр нотолдог. Уг нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан тул зөвшөөрөл аваагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 496 дугаар зүйлд бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих гэх зохицуулалттай. Өөрийнх нь бусдад төлөх төлбөрийг сайн дураараа төлсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд зааснаар буюу ямар нэгэн байдлаар алдагдал нэхэмжлээгүй.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Т ХХК-ийн зүгээс “Б ” ХХК-д 5,000,000,000 төгрөгийн төмөр нийлүүлж, уг төлбөрийн үлдэгдэл 200,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн. Хариуцагчийн авсан гэх 4,800,000,000 төгрөгт “М” ХХК-аас Т ХХК-д шилжүүлэн өгсөн байрыг оролцуулан тооцсон.

7.2. Т ХХК нь “Б ” ХХК-тай гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд орсон. Уг хэрэг маргаан үүсэхээс өмнө манай байгууллага “М” ХХК-ийг мэддэггүй байсан. Тухайн нөхцөл байдлын улмаас манай байгууллагын ажилтанА.Э нь “М” ХХК-аас орон сууц худалдан авч, тухайн байрыг “Мөнгөн тулга” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.

7.3. Мөн Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б ” ХХК-д холбогдох хэрэгт уг хэрэг маргаанд оролцож буй төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцож байгаа бөгөөд тухайн хэрэгт талуудын тооцоо нийлсэн акт авагдсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Б ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 76,242,750 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 230,635,875 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байна. 

 

3. “М” ХХК, “Б ” ХХК-ийн хооронд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Арматурын төмөр нийлүүлэх, худалдан авах гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр “Б ” ХХК нь 1 сарын хугацаанд 200 тонн арматур төмрийг “М” ХХК-д нийлүүлэх, “М” ХХК нь 1 тонныг 1,750,000 төгрөгөөр тооцож 350,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

“Б ” ХХК-аас 199,891 тонн арматур төмрийг “М” ХХК-д нийлүүлсэн,  2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээний үнэ 349,809,250 төгрөг болсон, уг үнээс “М” ХХК нь  85,500,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, мөн өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 73А байрны 27, 28 тоотод байрлах, 85,04 м.кв талбай бүхий орон сууцыг 110,552,000 төгрөгөөр тооцон 2020 оны 9 дүгээр сард “Б ” ХХК-д шилжүүлэх замаар төлсөн талаар талууд маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх “М” ХХК гэрээний үлдэгдэл 153,757,250 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж 73а байрны 4а тоотод байрлах, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “Б ” ХХК-д шилжүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хамааралтай талаас нь үнэлээгүй алдаа гаргажээ.

4.1. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Төлбөр төлсөн тухай баримт”-ыг нэг талаас “М” ХХК, нөгөө талаас иргэн А.Э нар үйлдэж, гарын үсэг зурсан байх ба уг баримтад “М” ХХК болон “Б ” ХХК-ийн хооронд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3,4-т заасан гэрээний төлбөрт  “М” ХХК-ийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, *** байрны ** тоотод байрлах 100 м.кв талбайг 230,000,000 төгрөгт тооцож А.Эд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцожээ.

Энэ баримтад “Б ” ХХК-ийн төлөөлөл оролцсон талаар тэмдэглээгүй байна.

4.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК нь “Б ” ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бараа бөөнөөр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа, уг маргаанд  “Б ” ХХК-ийн өрөнд тооцон авсан Б дүүргийн ** дүгээр хороо, *** байрны *** тоотод байрлах, 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үнээс хасч  нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан боловч энэ талаар баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, “”Б ” ХХК нь Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн хэмжээ тодорхойгүй, төлөгдсөн гэх 230,000,000 төгрөгийн хэмжээний талаар маргаантай тохиолдолд үйл баримтыг тодруулж хэргийг шийдвэрлэх байжээ. 

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2023/04288 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 540,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЗОЛЗАЯА

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА