Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/0016

 


 “Гравелстоун” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сумъяа даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 524 дугаар магадлалтай, “Гравелстоун” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Гравелстоун” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гравел стоун" ХХК нь 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гадаад худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд  2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх олголт хийгдсэн 12920А тусгай зөвшөөрлийг 2008 оны 364 дүгээр шийдвэрээр хуваан Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Татам-3 нэртэй газарт 25 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрлийг 2037 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл эзэмших болсон байдаг.  Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль"-д орсон учраас ашигт малтмалын газраас хүчингүй болгосон гэж бид ойлгож байсан. Хэрэв 13401А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дээрх хуульд орсон бол манай компанид “Ашигт малтмалын тухай” хуулийн 56.1.3-д заасны дагуу нөхөн олговор олгох ёстой. Гэтэл манай компанид огт нөхөн олговор олгоогүй байдаг бөгөөд манай тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалсан, хүчингүй болгосон нь тодорхой байсан бол бидний зүгээс нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргах байсан.

Манай компани хуулийн дагуу Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлөө сэргээлгэх, ямар үндэслэлээр цуцалсныг тодруулахаар хандахад Ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 дугаарын албан бичгээр "...Танай компанийн эзэмшилд байсан 13401А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр зүйлд заасны дагуу ээлжит жилийн төлбөр төлөөгүй улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна, ... хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг ирүүлсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой байна" гэж, мөн зүйлийн 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ" гэж, мөн зүйлийн 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тус тус заасан.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг баримтлах тухай 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 6-д "... мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг агуулсан, албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно." гэсэн байдаг. Гэвч Кадастрын хэлтсийн дарга нь тус компанийн эзэмших 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаасаа өмнө "Гравел стоун" ХХК-д хандаж "хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит" жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй учир тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн" болох талаар мэдэгдлийг гардуулах буюу  хүргүүлээгүй, түүнчлэн тус компани тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байгаа эсэх талаар холбогдох нотлох баримтаа төрийн захиргааны байгууллагад ирүүлэх боломжоор хангаагүй атлаа ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 5б дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг зөрчсөн зөрчил мөн юм.

13401А тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 32, 34 дүгээр заасны дагуу ээлжит жилийн төлбөр төлөөгүйн улмаас мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан гэж 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д "...тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;" бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д "...Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална." гэж заажээ. Үүнээс үзвэл “Гравел стоун" ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлсөн тохиолдолд цуцлах эрх, үндэслэл үүсэхээргүй байна. “Гравел стоун" ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн бөгөөд холбогдох баримтыг ашигт малтмалын газарт гаргаж өгсөн атал үндэслэлгүйгээр Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль бус шийдвэр болсон учир уг шийдвэрээс "Гравел стоун" ХХК-ийн 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулж, 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2–д зааснаар "Гравел стоун" ХХК нь 13401А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө ирүүлэхээр хуульчилсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоотоор хүргүүлсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөр төлсөн тухайгаа нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна. Иймээс "Гравел стоун" ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй бол ...", 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан "хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй" гэсэн үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба "Гравел стоун" ХХК-д Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279 тоот, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 дүгээр тоотоор мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай" 174 дүгээр тогтоол, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн "Хилийн заагийг тогтоох тухай" 194 дүгээр тогтоолууд гарахаас өмнө буюу 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дээрх шалтгаанаар цуцлагдсан тул "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 13401А тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарч энэ талаар төрийн захиргааны байгууллагад гомдлоо хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлээгүй атал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлэн гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож "Гравел стоун" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3, 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Гравел стоун” ХХК –ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн “Гравел стоун” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 13401А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 524 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Гравел стоун” ХХК нь 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх олголт хийгдсэн 12920А тусгай зөвшөөрлийг 2008 оны 364 тоот шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Татам-3 нэртэй газарт 25 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрлийг 2037 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл эзэмших болсон байдаг.

Манай компанийн ашигт малтмалын ашиглалтын 13401А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд орсон учраас Ашигт малтмалын газраас хүчингүй болгосон гэж бид ойлгож байсан. Хэрэв 13401А дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд орсон бол манай компанид Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасны дагуу нөхөн олговор олгох ёстой. Гэтэл манай компанид огт нөхөн олговор олгоогүй байдаг бөгөөд манай тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалсан, хүчингүй болгосон нь тодорхой байсан бол бидний зүгээс нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргах байсан.

Манай компани хуулийн дагуу ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлөө сэргээлгэх тухай хүсэлт албан бичгээр гарган хандахад тус газраас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/3739 дугаарын албан бичгээр "...хуулийн байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг ирүүлсэн.

Ашигт малтмалын газраас үндэслэлгүйгээр хүчингүй болгосон 13401А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс нөхцөл байдлыг судлан үзэж нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн юм. Гэтэл Ашигт малтмалын газар өөрийн хууль бус үйлдлээ эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Гравел стоун” ХХК-ийн 13401А тоот тусгай зөвшөөрлийг үндэслэлгүйгээр цуцалсан нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болгосон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсгийг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 524 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасантай нийцсэн байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтггэгчийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй хэмээн “Гравелстоун” ХХК-ийн эзэмшиж байсан 13401А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж заажээ.

Хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн гэх боловч нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн аваагүй хэмээн маргасан, хэрэгт авагдсан баримтаар Ашигт малтмалын газрын 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6-6279, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6-6577 албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн хаяг нь тус компанийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр баталсан шинэчилсэн дүрэм болон, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дахин олгосон Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн хаягаас өөр болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч өөрийн хаяг өөрчлөгдсөн талаар Ашигт малтмалын газарт мэдэгдсэн, мөн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүлээн авсан эсэх, хариуцагч мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар нотлох баримт хэрэгт бүрэн гүйцэт авагдаагүйгээс хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар  хязгаарлагдсан хилийн бүсэд хамрагдсан үндэслэлээр үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан хэмээн тайлбарласан байна. Энэ талаар Ашигт малтмалын газраас тодорхой шийдвэр гаргаж, нэхэмжлэгчид мэдэгдсэн эсэх, мэдэгдсэн бол хариуцагч нь “ээлжит жилийн төлбөр төлөөгүй” гэж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байгаа эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 524 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Ц.СУМЪЯА

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН