Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02175

 

 

 

 

 

 

 

2023 12 18 210/МА2023/02175

 

 

О.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/03105 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.*******, *******-ын иргэн ******* Шанжу /******* *******/, С.******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөггаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.*******, *******-ын иргэн С.******* /*******/ нарын 5,978,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагч *******-ын иргэн С.******* /*******/, хариуцагч бөгөөд хариуцагч *******-ын иргэн ******* ******* /******* *******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч О.*******гийн хүү Ж.*******, түүний эхнэр С.******* нар нь ******* ******* /******* *******/-д орчуулга хийж, мөн хоолны газар хамтран ажиллуулах зэргээр ажил хэргийн хамтрагчид болно.

1.2. Ж.*******, С.******* нар нь ******* ******* /******* *******/-д автомашин авах зорилгоор нэхэмжлэгч О.*******гийн өмчлөлд бүртгэлтэй орон сууцыг 20,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, мөнгө зээлэх саналыг тавьсан.

Ингээд нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Х.д өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, нэг сарын 2,5 хувийн хүүтэй, барьцааны гэрээ болон зээлийн гэрээг тус тус байгуулж, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг Х.гаас /түүний нөхөр Д.Алтанхуягийн данснаас/ хариуцагч ******* ******* /******* *******/-руу шилжүүлсэн.

1.3. Хариуцагч С.******* нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс мөн оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн хүүд нэг сарын 500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан. Гэвч 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хувийн асуудлаас шалтгаалж, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсан.

1.4. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Ж.*******, С.******* бид ээж О.*******д орон сууцаа зээлийн барьцаанд тавьж, мөнгө зээлж тус болооч гэх саналыг тавиагүй. Харин ээж орон сууцаа барьцаанд тавьж, алдах гээд байна тус болооч гэж гуйж байсны дагуу зээлийг нь хааж, барьцаанаас чөлөөлж өгсөн ба ээж О.******* нь 3 удаа орон сууцаа зээлийн барьцаанд тавьж байсан. Ж.*******, С.******* бид хоёрт автомашин авах шаардлага үүсч, ээж О.*******гээс өмнө зээлсэн мөнгөө авъя гэж л ярьсан болохоос биш мөнгө зээлээч гэж яриагүй.

2.2. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ээж О.*******гийн мөнгө зээлээч гэх гуйлтын дагуу нийт 20,298,300 төгрөгийг зээлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буюу 2 хоногийн дараа өөрийн данснаас 10,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр төлж байсан. Энэ нь анх удаа ээж О.*******гийн гуйлтаар орон сууцыг нь барьцаанаас чөлөөлж өгч байсан. Мөн дахин орон сууцаа барьцаалсан ба зээлийн хүүг мөн төлж байсан.

2.3. Ингээд Ж.*******, С.******* бид 2021 оны 06 дугаар сард автомашин авах болж, өмнө нь ээжид зээлж байсан дээрх нийт 21,978,300 төгрөгөө авахаар шаардсан. О.******* нь бидний мөнгийг төлөхийн тулд өөр бусад хүмүүсээс мөнгө зээлсэн асуудал бидэнд хамааралгүй. Биднээс зээлсэн мөнгөний зарим хэсгийг төлсөн баримтаар Ж.*******, С.*******, ******* ******* /******* *******/ нарт зээлсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

2.4. 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Х. болон О.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хариуцагч нарт хамааралгүй. Бид Х., ээж О.******* нартай зээлийн гэрээ болон хэлцэл байгуулаагүй.

Иймд нэхэмжлэгч О.*******гийн зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ж.*******, С.******* нарын сөрөг нэхэмжлэл, түүний агуулга:

3.1. Бид ээж О.*******гийн гуйлтаар байнга мөнгө зээлж, удаа дараа зээлийг нь хааж, орон сууцыг нь барьцаанаас чөлөөлж, зээлийн хүүг олон удаа төлж байсан.

3.2. Банкны дансны хуулга баримтаас харахад ээж О.*******гээс бид ямар нэгэн зээл аваагүйг нотолно.

Ж.*******, С.******* бид ээж О.*******д нийт 25,978,300 төгрөг зээлсэн ба үүнээс 20,000,000 төгрөгийг буцаан авсан тул зөрүү 5,978,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч О.*******гийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. О.******* нь 2014 онд ипотекийн зээлд хамрагдан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10б байр, 120 тоот, 51.2 м.кв 2 өрөө орон сууцыг 2017 онд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

4.2. Хүүхдүүд өөрсдийн хэрэгцээнд миний орон сууцыг барьцаанд тавьж зээл авдаг байсан ба би орон сууц барьцаалж, зээл авч, хүүхдүүдээр чөлөөлүүлж байгаагүй. О.******* нь өөрийн орон сууцаа 5 удаа барьцаалан зээл авсан бөгөөд хувийн хэрэгцээнд 2 удаа авсан зээлээ өөрөө бүрэн төлж дуусгасан. Хариуцагч нар авсан зээлийн хүүг өөрсдөө тогтмол төлдөг байсан.

4.3. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бэр С.*******, хүү Ж.******* нартай үл ойлголцол үүсч дараагийн сард зээлийн хүүгээ төлөхийг шаардахад зээлүүлсэн мөнгийг чинь өгөхгүй гэснээр шүүхээр шийдвэрлүүлэхэд хүрээд байна.

4.4. Иймд хариуцагч нарын болон О.*******гийн дансны хуулгаас харахад 3 удаа орон сууц барьцаалсан зээл чөлөөлж өгсөн гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна.

Ж.******* нь дүү Ж.н өмчлөлийн компанийг худалдан авч, хариу төлбөрт нь 1 удаа зээл чөлөөлсөн тохироо байсан, 2 удаагийн орон сууц барьцаалж зээл авахдаа хариуцагч нарын данс руу шилжүүлж зээлийн зарцуулалтыг өөрсдөө хийдэг, зээлийн хүүгээ ч өөрсдөө сар бүрийн 20-ны өдөр төлдөг байсан.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******-ын иргэн ******* ******* /******* Шанжу/, Ж.*******, *******-ын иргэн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах тухай О.*******гийн үндсэн нэхэмжлэлийг болон хариуцагч Ж.*******, *******-ын иргэн ******* нарын зөрүү 5,978,300 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч О.*******д холбогдох сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч О.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,900 төгрөгийг болон хариуцагч Ж.*******, *******-ын иргэн ******* нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 110,603 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Тус шүүхийн 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 14572 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч *******-ын иргэн ******* *******гийн Хаан банк дахь 5075580384 тоот данс, хариуцагч Ж.*******ийн Хаан банк дахь 5756029762 тоот данс, хариуцагч С.*******ийн Хаан банк дахь 5062274906, 5721509783 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 22,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоосон бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Миний бие 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн бэр *******-ын иргэн С.*******ийн хамтран бизнес эрхлэгч *******-ын иргэн ******* ******* /FAN *******/-ийн дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлж, 2022 оны 03 дугаар сард буцаан төлөх нөхцөлтэйгээр өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалан зээл авч шилжүүлсэн.

Хариуцагч нар нь нэг сарын 2,5 хувийн хүүтэй зээлж авсан болохыг хүлээн зөвшөөрч, сар бүрийн тогтмол төлөлтийг 8 сарын хугацаанд төлж ирсэн.

Мөн зээлсэн мөнгөө буцаад өгч, нэхэмжлэгчийн орон сууцны зээлийг хаалгаж, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 23,000,000 төгрөгийг буцаан зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлж авсан 20,000,000 төгрөгөө төлөөгүй.

6.2. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн байгаа нь зээлийн гэрээ байгуулагдах үндэслэл, шаардлага болох хариуцагч нар нь 40,000,000 төгрөгөөр автомашин авах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн орон сууцыг барьцаанд тавиулж, 20,000,000 төгрөгийг зээлж авсан талаар зөв дүгнэсэн.

Гэвч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх талаар дүгнээгүй. Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл шаардлагын тухайд талуудын хэн аль нь маргадаггүй болно.

Иргэний хуульд заасан зээлийн гэрээний үндсэн шинжийг хангаж, нэхэмжлэгч О.******* рүү мөнгө шилжүүлсэн буюу зээлсэн үйл баримт болон нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүх талуудын дансны хуулгыг шүүж үзээд өмнөх орсон, гарсан мөнгөний асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Шүүх орон сууцыг барьцаанаас чөлөөлөлсөн үйлдэл бүрийг нэхэмжлэгчид зээлүүлсэн гэж дүгнэж, хариуцагч нь зээлсэн мөнгөө буцаан авсан байдлаар дүгнэж байгаа нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн үйл баримтад дутуу, буруу дүгнэлт гаргасан байгаа болно.

Мөн орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн дансны хуулга дахь дүнгүүдийг талаар үйл баримтыг дарааллан дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хариуцагч С.*******ийн данс руу 23,000,000 төгрөгийг шилжүүлсэн нотлох баримтыг огт үнэлээгүй бөгөөд энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Хариуцагч Ж.*******, С.******* нар нь Ж.Есүхэйн өмчлөл, эзэмшилд байсан ХХК болон компанийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сард шилжүүлэн авахаар тохиролцож түүний хариу төлбөрт Инвескор ББСБ ХХК-аас авсан Ж.Есүхэйн зээлийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлж өгч байсан бөгөөд энэ талаар талууд маргадаггүй.

Ж.Есүхэйн хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 13641 дугаар захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлд компанийг шилжүүлэн авахын тулд Ж.Есүхэйн зээлийг өмнөөс нь төлж, чөлөөлж өгсөн талаараа хариуцагч Ж.******* тайлбарладаг.

Эдгээр баримтыг шүүх огт үнэлээгүй бөгөөд орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн үйлдлийг нэхэмжлэгч О.*******д мөнгө зээлүүлсэн гэж дүгнэсэн байдаг.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу О.*******д зээлсэн мөнгөө буцааж авсан гэж тайлбарладаг боловч О.*******гийн данс руу мөнгө шилжүүлж зээлүүлсэн үйл баримт хэрэгт хавсаргагдаагүй болно. Шүүх эдгээр банкны дансны гүйлгээгээр ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр хийгдэж байгаа талаар огт дүгнэхгүйгээр О.*******гийн өмнөөс зээлдүүлэгчид мөнгө төлсөн байгаа нь О.*******д мөнгө зээлсэн үйлдэл мөн, зээлийн гэрээ гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай байна.

6.3. Талуудын хоорондын зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн бөгөөд маргааны зүйл нь зээлүүлсэн мөнгө буюу 20,000,000 төгрөг болно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* Шанжугийн дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тохирсон хугацаанд буюу сар бүрийн 20-ны өдөр 500,000 төгрөгийг төлж нийт 9 удаагийн хүүгийн төлбөр төлсөн.

Нэхэмжлэгч нь 25,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд шүүх маргааны зүйл болон маргааны үйл баримтыг зөв үнэлж, тогтоогоогүй бөгөөд түүнээс үүдэн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 168 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч С.*******ийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

7.1. Би Монгол Улсад ирээд 10 жил амьдрахдаа хадам эхийн байрыг нэг удаа ч барьцаанд тавьж, зээл аваагүй. Харин барьцаанд байсныг нь би олон удаа чөлөөлж өгч байсан. Би 20,000,000 төгрөг аваагүй. Гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

8. Хариуцагч С.*******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/03105 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

8.1. С.*******ээс шүүхэд гаргаж өгсөн банкны дансны хуулга нотлох баримтуудаас зээлдүүлэгч болон зээлдэгчийн мөнгөний дүнг хооронд нь нэг бүрчлэн баримттайгаар шүүж харахад, нэхэмжлэгч О.******* нь надаас зээлсэн мөнгөнөөс 5,978,300 төгрөгийг буцаан төлөөгүй нь нотлох баримтаар нотлогдож байхад сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Ж.*******, С.******* бид нар ээж О.*******гийн гуйлтаар мөнгө зээлж, өр зээлийг нь хааж, барьцаанаас чөлөөлж өгч тус болж байсан.

Хариуцагч Ж.*******, С.******* бид, ээж О.*******д нийт 25,978,300 төгрөг зээлсэн ба үүнээс 20,000,000 төгрөгийг буцаан авсан тул үүний зөрүү 5,978,300 төгрөгийг, нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь тус мөнгийг буцаан төлсөн талаар нотлоогүй.

Иймд 5,978,300 төгрөгийг нэхэмжлэгч О.*******гээс гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяагийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

9.1. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь С.*******ийн гуйлтын дагуу орон сууцаа барьцаанд тавьж зээл гаргаж өгсөн. Тухайн үед зээл сарын 2.5 хувийн хүүтэй байсныг С.*******т хэлж байсан ба тасралтгүй хүүгийн төлбөрийг өөрөө төлж байсан.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэл тогтоогдож байна.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Ж.*******, *******-ын иргэн ******* Шанжу /******* *******/, С.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ээж О.*******гийн зээлийг түүний өмнөөс төлж байсан, харин ээжид 25,978,300 төгрөг зээлдүүлсэн, үлдэх үүргийг гаргуулна гэх үндэслэл заан зээлийн гэрээний үүрэгт 5,978,300 төгрөг нэхэмжлэгч О.*******гээс гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журам зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. О.******* нь Х.тай 2021 оны 06 сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Х.гаас 20,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлдэхээр тохирсон. /1хх-12-14/ Гэрээний дагуу зээлдүүлэгч нь 20,000,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 22-ны өдөр *******-ын иргэн ******* Шанжу /******* *******/-ийн дансанд шилжүүлсэн байна. /1хх-10/

4.2.С.******* нь ХААН банк дахь өөрийн 5721509783 тоот данснаас 2021 оны 7 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр иргэн Х.гийн ХААН банкны 5059054305 тоот данс руу 500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр О.*******гийн ХААН банк дахь 5077093478 тоот данс руу 3,000,000 төгрөгийг зээлийн хүү 99194835 /О.*******гийн гар утасны дугаар/ гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байна. /1хх220-251, 2хх1-8/

4.3.******* Шанжу нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ХААН банк дахь өөрийн эзэмшлийн 507558580384 тоот данснаас О.*******гийн 5077093478 тоот данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /2хх-182/

 

5.Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч О.******* нь Х.гаас 20,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж, шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөө хариуцагч С.*******, ******* Шанжу нарт шилжүүлсэн, хариуцагч С.******* нь сар бүр зээлийн хүүд 500,000 төгрөг төлж байсан, ******* Шанжугаас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 20,500,000 төгрөг зээл, хүүд төлсөн гэх нэхэмжлэгч О.*******гийн тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр байгуулж болно. Иймээс нэхэмжлэгч О.*******, хариуцагч С.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заасантай нийцнэ.

Дээрх гэрээний үүрэг хариуцагч С.*******, ******* Шанжу нараас нэхэмжлэгч О.*******гийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нийт 23,000,000 төгрөг шилжүүлснээр дуусгавар болсон байна.

 

6.Харин хариуцагч С.******* нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргээ гүйцэтгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагыг 20,000,000 төгрөгийн хэмжээнд хангахыг хүссэн байх тул хариуцагч С.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.*******д олгож шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ. Иймээс нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

Нэхэмжлэгч О.******* болон хариуцагч Ж.*******, ******* Шанжу нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй учир тэдгээрт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

7.Хариуцагч Ж.*******, С.******* нар зээлийн гэрээний үүрэгт 5,978,300 төгрөгийг нэхэмжлэгч О.*******гээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ээж О.*******д 25,978,300 төгрөг зээлдүүлсэн, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэж тайлбарласан байна.

 

8.Нэхэмжлэгч О.******* эс зөвшөөрч, өөрийн орон сууцаа 5 удаа барьцаалж зээл авч өгч байсан, ... 2020.08.20-ны өдөр бага хүү Ж.Есүхэйгийн гуйлтаар Инвескор ББСБ-д 20,000,000 төгрөгийн зээл авч, орон сууцаа барьцаалсан, ... Ж.Есүхэй, Ж.******* нар харилцан тохиролцоод Ж.Есүхэйн нэр дээр бүртгэлтэй ХХК болон компанийн нэр дээрх хөрөнгийг ах Ж.*******ийн нэр дээр шилжүүлсэн, хариуд нь Ж.Есүхэйн нэр дээрх 20,000,000 төгрөгийн зээлийг хааж, О.*******гийн орон сууцыг чөлөөлж өгсөн., 2 өдрийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дахин барьцаанд тавьж н.Саранцэцэг гэж хүнээс зээл авч өгсөн, уг зээл, хүүг С.******* төлж байсан ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

9.Анхан шатны шүүх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

10.Хэрэгт Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн О.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг, иргэн Ж.Есүхэйн ХААН банкны дансны хуулга, Инвескор ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ зэрэг бичмэл нотлох баримтууд авагджээ. /2хх-39-148, 228-244, 3хх-51-249, 4хх-1-237/ Эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгч О.*******гийн сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг эргэлзээгүй нотолж байна.

10.1.Тодруулбал, О.*******, Ж.Есүхэй нар нь 2020 оны 08 сарын 05-ны өдөр Инвескор ББСБ3 ХК-тай зээлийн гэрээ байуулан 20,000,000 төгрөгийг сарын 3,50 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэн авч, орон сууцыг барьцаалсан,

10.2.*******-ын иргэн С.******* /*******/ нь 2021 оны 01 сарын 20-ны өдөр Инвескор ББСБ ХК-ийн данс руу нийт 20,298,3000 төгрөгийг шилжүүлснээр дээр О.*******, Ж.Есүхэй нарын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Инвескор ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

10.3.Хэрэгт авагдсан хариуцагч С.*******ийн ХААН банк дахь 5721509783 дугаартай дансны хуулгаас үзвэл, О.******* нь өөрийн 5077093478 тоот данснаас 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нийт 20,000,000 төгрөг төгрөг шилжүүлсэн, С.*******ээс О.*******гийн данс руу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 4,400,000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр тус тус шилжүүлсэн байна.

10.4.Мөн С.*******ээс иргэн гийн 5059053405 дугаарын данс руу 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нийт 20,180,000 төгрөг шилжүүлжээ.

 

11.Дээрх нотлох баримтуудаар хариуцагч С.*******, Ж.******* болон нэхэмжлэгч О.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч О.******* нь 25,978,300 төгрөгийн дүн бүхий зээлийн үүргээс 5,978,300 төгрөгийг гүйцэтгээгүй гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлохгүй байна. Иймд хариуцагч С.*******, Ж.******* нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй тул тэдгээрийн давж заалдах гомдлыг дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй.

 

 

 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/03105 дугаартай шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-ын иргэн С.******* /*******/-ээс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, хариуцагч Ж.*******, *******-ын иргэн ******* Шанжу /******* *******/ нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч О.*******гээс зээлийн гэрээний үүрэгт 5,978,300 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ж.*******, С.******* /*******/ нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.*******гээсулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,900 төгрөг, хариуцагч Ж.*******, *******-ын иргэн С.*******ийн /*******/ нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 110,603 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.******* /*******/-ээс 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,803 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД