Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2019/0245

 

 

 

 

Р.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Р.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд Н.Ж, М.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0137 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Р.О-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0137 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 6, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар 3.1, 3.1.2, 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.2.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.10-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Р.О-ийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдлийг хуульд зааснаар хянан шалгахгүйгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Y-00000 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 00-000 тоот 43.73 м кв орон сууцны өмчлөгчөөр Н.Ж-ыг бүртгэсэн бүртгэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийн иргэн М.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Иргэн Р.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нотлох баримт, тайлбарыг холбогдох хуулийн дагуу шүүхэд гаргаж өгсөн, тухайн бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн нь нотлох баримтаар нотлогдсон мөн тус хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд өгсөн тайлбар холбогдох нотлох баримтаар нотлогдсоор байхад нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгчийн хандаж гаргасан гомдолд хуулийн хугацаанд тухай бүрд хариу өгч байсан. Нэхэмжлэгч нь тус байгууллагад урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан мэдүүлэг гаргаж, 9 дүгээр зүйлд зааснаар үйлчилгээний хураамж тушааж, 20, 21 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хавсарган үйлчилгээний зааланд хандаагүй байхад тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хуульд зааснаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж...” гэж, мөн “...ажил хариуцсан албан тушаалтнууд үндэслэлгүй хариу өгч...” гэж байгаа нь хууль бус үндэслэл болсон гэж үзэж байна.

Мөн уг шийдвэрийн тогтоох хэсэгт “...өргөдлийг хуульд зааснаар хянан шалгалгүйгээр татгалзсан нь хууль бус болохыг тогтоож...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хууль бус шийдвэр болж байна. Тус байгууллагад хандаж гаргасан гомдлыг хуулийн хугацаанд холбогдох хариуг өгсөн байхад хянан шалгаагүй татгалзсан гэж тогтоож байгаа нь буруу байна Тус байгууллага нь хянан шалгах чиг үүрэг хуулиар хүлээдэггүй болно. Мөн нэхэмжлэгч тал хуулийн хүрээнд тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий байгууллагаар хамгаалуулах шийдвэр гаргуулах нөхцөл боломж цаг хугацаа байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Р.О нь “Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Р.О-ийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Y-00000 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 00-000 тоот 43.73 м.кв орон сууцны өмчлөгчөөр Н.Ж-ыг бүртгэсэн бүртгэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заагдсан иргэн М.З-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анх 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр М.З-ыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 34 дүгээр байрны 000 тоот, 43.73 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 000000000 дугаар гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгожээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Р.О нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл цуцлуулах тухай өргөдлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд гаргаж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 02, 08-ны өдөр, мөн оны 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “...гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох тус дүүргийн 14 дүгээр хороо, 00-000 тоот үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр М.З гэрчилгээ үрэгдүүлсэн гэж шинээр гэрчилгээ гаргуулан авч өөр этгээдэд шилжүүлж болзошгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийг хуурамч дүр үзүүлэн бусдад шилжүүлэх хөдөлгөөн хийхийг хориглосон тэмдэглэгээ хийж өгөх...” гэсэн хүсэлтийг гаргахдаа уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 181/ШЗ2018/06758 дугаар захирамж зэрэг баримтуудыг хавсаргасан байсан болох нь тогтоогдож байна.

Харин гуравдагч этгээд М.З нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Ү-22000000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 34 дүгээр байрны 000 тоот, 43.73 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн 000000000 дугаар гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газарт гаргасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авч 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буюу мөн өдрөө маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000000000 дугаар гэрчилгээг дахин олгосон байна.

Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1.4-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасныг үндэслэн “М.З-ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2200000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол ХД-34 дүгээр байр, 000 тоот орон сууцны 000000000 дугаартай гэрчилгээг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

Үүний дараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр М.З болон Н.Ж нарын хороонд дээрх орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж мөн оны 6 дугаар сарын 07-ны өдөр Н.Ж-ыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 34 дүгээр байрны 000 тоот, 43.73 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220000000 дугаарт бүртгэж, улсын бүртгэлийн 000000000 дугаар гэрчилгээг Нийслэлийн бүртгэлийн газраас олгосон байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/610 дугаар тушаалын 1.4 дэх хэсэг, мөн маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Н.Ж-ыг бүртгэсэн, нэхэмжлэгч Р.О-ийн гаргасан өргөдлийг татгалзсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж заасан эрхийн улсын бүртгэлийн зарчимтай нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч Р.О нь гэр бүл цуцлуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь түүнд байгаа болон нөхөр М.З маргаан бүхий орон сууцны гэрчилгээг шинээр авч өөр этгээдэд шилжүүлж болзошгүй талаар удаа дараа харьяалах улсын бүртгэлийн газарт мэдэгдэж байсан.

Гэтэл хариуцагч М.З-ын гаргасан хүсэлтийг үндэслэн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000000000 дугаар гэрчилгээг дахин олгож, улмаар орон сууцны өмчлөгчөөр гуравдагч этгээд Н.Ж-ыг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглосон заалтыг зөрчиж эрхийн улсын бүртгэл хийсэн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцны гэрчилгээний эх хувь хаясан, үрэгдүүлсэн тохиолдол бодитоор үүсээгүй байхад гуравдагч этгээд М.З-д дахин гэрчилгээг олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасантай нийцэхгүй юм.

Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагад холбогдох нотлох баримт, тайлбарыг холбогдох хуулийн дагуу шүүхэд гаргаж өгсөн, тухайн бүртгэл нь хуулийн дагуу хийгдсэн нь нотлох баримтаар нотлогдсон мөн тус хэргийн хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхэд өгсөн тайлбар холбогдох нотлох баримтаар нотлогдсоор байхад нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “Тогтоох” хэсэгт маргааны үйл баримттай хамааралгүй хуулийн зүйл, заалтыг баримталсан алдаа байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2019/0137 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, 3.1.6, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 6, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар 3.1, 3.1.2, 3.1.4, 6 дугаар зүйлийн 6.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.2.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1.4, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.10-д” гэснийг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 18 дугаар зүйлийн 18.6, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР