Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00162

 

 

 2024 01 19 210/МА2024/00162

 

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04933 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлс болон хохирол 17,486,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Талууд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* ******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, ******* төвийн Улаан байшин барилгын дээврийн засварын ажил болон Нэг цэгийн үйлчилгээ барилгын дээврийн засварын ажлыг 6,525,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

1.2. ******* ******* ХХК гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл ******* ******* ******* ХХК ажлаа гүйцэтгэснээс хойш засварласан дээврээс дусаал дусаж доголдол илэрсэн ба доголдлыг арилгуулахаар удаа дараа холбогдоход янзалж өгнө гэсэн боловч холбогдохгүй болсон.

1.3. Бид доголдлыг арилгуулах зайлшгүй шаардлагын улмаас Улаан байшин барилгад Өдөн үзэг ХХК-аар салхивч хийлгүүлж, дээврээс дусаал дусах асуудлыг шийдвэрлэж гарсан зардлыг хариуцагчаас нэхэмжилж байна.

1.4. Мөн манай компанийн үйл ажиллагаа явуулдаг Сансар зочид буудалд дээврийн засварын ажлыг гүйцэтгүүлэхээр ******* ******* ******* ХХК-тай амаар тохиролцож, 4,500,000 төгрөгийг төлсөн. ******* ******* ******* ХХК нь дээврийг резинэн будаг ашиглан 3 үе давхарлах байсныг 1 үе нимгэн давхарласнаас болж бороо ороход дээврээс дусаал дусаж эхэлсэн.

Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн 6,525,000 төгрөг, Өдөн үзэг ХХК-ийн салхивч хийсэн ажлын төлбөр 6,461,000 төгрөг, Сансар зочид буудал барилгын засварын ажилд төлсөн 4,500,000 төгрөг, нийт 17,486,000 төгрөгийн хохирлыг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Улаан байшин, Сансар зочид буудал барилгуудын дээврийн засварын ажлыг ******* ******* ХХК-ийн өгсөн төсөв, мөнгөнд тааруулан орц норм стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Анх Г.Пунсанцогвоо нь бага мөнгөнд тааруулаад дээврээс ус гоожихгүй болгоод өгөөч гэсэн. Зах зээлийн үнээс багаар хийвэл чанаргүй болохыг Г.Пунсанцогвоод хэлэхэд тэрээр Улаан байшин барилгын дээврийн ажлыг 6,525,000 төгрөг, Сансар зочид буудал дээврийн ажлыг 4,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон. "Сансар" зочид буудлын дээврийн ажлыг Г.Пунсанцогвоотой аман гэрээ хийж зах зээлийн үнээс тал үнээр нь буюу хийгдэх ёстой орц нормыг тал хувиар багасган хийж өгөхөөр тохиролцсон. Дусаал гоожсон тохиолдолд төсвийг нэмж орцын дагуу дахин хийе гэж тохирсон. Удалгүй бороо орж дусаал гоожсон, бид нэмэлт ажлаа хийе мөнгөө шилжүүлнэ үү гэхэд маргааш, нөгөөдөр гэж ярьсаар чимээгүй болсон.

2.2. Улаан байшин барилгын дээврийн ажлыг гэрээнд тохирсны дагуу 3 үе шингэн түрхсэн. Гэрээгээр дээврийн хар цаасыг хуулаад шинээр хар цаас тавьж засах тохиролцоо байгаагүй, зөвхөн 3 үе шингэн түрхэх ажил байсан. Уг ажлыг гүйцэтгэснээс хойш хэд хоногийн дараа бороо ороход дотогш ус шүүрсэн. Уг шалтгааныг тус компанийн инженерийг байлцуулан олж тогтоосон. Ус шүүрсэн шалтгаан нь гэрээнд ороогүй талбай болох уг барилгын хоёр хаалганы саравчуудаар үндсэн хана руугаа нэвчин хучилтын хавтан дагаж дотогш шүүрч байсныг олж тогтоосон. Иймд нэмэлт ажлын гэрээ хийж нэмж төсөв өгвөл засч өгье гэхэд нэхэмжлэгч талаас дахиж мөнгө гаргахгүй гээд дахин энэ тухай яриагүй.

2.3. "Нэг цэгийн үйлчилгээ" барилга нь ******* төвийн зүүн талын үргэлжилсэн нэг хэсэг ба уг дээврийн ажлыг үнэгүй хийж өгсөн. Гэрээнд тохирсноор өгсөн төсөвт нь тааруулан орц норм стандартын дагуу зассан.

Бид гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн ба эв зүйгээр харилцан тохирох талаар яриа хэлцэл явуулж ирсэн, бусдыг хуурч хохироосон зүйл байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 630,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,856,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн хөлсөнд нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас 275,000 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 275,000 төгрөгийг тус тус гаргуулж шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шинжээчийн дүгнэлтэд дээврийн засварын ажлыг хийхдээ хуучин хар цаасан дээвэр дээр шингэн резинус тусгаарлагч түрхсэн байна, хуучин дээвэр нь ус гоождог байсан бөгөөд дээврийг засварлахдаа хар цаасыг хуулж дээврийн налууг шинээр гаргах ажлыг хийгээгүй, гэрээгээр зөвхөн дээврийг шингэн резин ус тусгаарлагч түрхэхээр тохирсон тул технологийн аргаар хийх ёстой байсан ажлыг хийгээгүй, хуучин дээврийн ус нэвчдэг хэсгийг засварлахгүйгээр шууд дээр нь резин ус тусгаарлагч түрхсэн байна гэж дүгнэсэн.

Дүгнэлтийг олон улсын үнэлгээний International valuation standards стандартын дагуу дүгнэж Улаан байшин болон Сансар зочид буудлын дээврийн ажилд тус тус доголдол үүссэн, уг доголдол дээврийн ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс болжээ гэж дүгнэсэн.

Хариуцагч барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бөгөөд холбогдох дүрэм, журам, стандарт, норм технологийн дагуу барилгын дээврийн засварын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж илтэд чанаргүй ажил гүйцэтгэсэн байтал гэрээгээр технологийн дагуу гүйцэтгэнэ гэж тохиролцоогүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Талуудын байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний зорилго нь дээврийн ус нэвчих, дусаал дусах явцыг засварлах бөгөөд үүнийг барилгын ажлын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг тухайн ажилд мөрдөгдөх дүрэм, стандартыг гэрээндээ тусгаагүй гэж дүгнэсэн нь гэрээний зорилгыг харгалзалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3в-д эдгээрээс дүгнэвэл гүйцэтгэгч ******* ******* *******" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн Улаан байшингийн дээврийн засварыг 3 үе шингэн резинэн ус тусгаарлалт хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгэсэн, уг гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг захиалагчаас төлсөн 6,525,000 төгрөг болохыг шинжээч тогтоосон. Иймд нэхэмжлэгчээс гаргасан ... гэрээний дагуу шилжүүлсэн 6,525,000 төгрөгийг буцаан гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчаар ажил гүйцэтгүүлснээс хойш ус нэвчих, дусаал дусах явцад өөрчлөлт ороогүй ба ажлын үр дүн гараагүй. Өөрөөр хэлбэл асуудлыг арилгуулахаар төлбөр төлсөн ба асуудал нь арилаагүй дээврээс дусаал дуссаар байтал шүүхээс хариуцагч ажлаа гүйцэтгэсэн, төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Мөн хариуцагч дээврийн засварыг 3 үе шингэн резинэн тусгаарлалт хийсэн нь тогтоогдоогүй байтал шүүх хариуцагч гэрээнд заасан 3 үе шингэн резинэн ус тусгаарлалт хийх ажлыг гүйцэтгэсэн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээж аваагүй байна. Гэрээний 1.3-д гүйцэтгэгч нь ажлыг хүлээлцсэнээс хойш чанар, аюулгүй байдлын баталгааг 5 жилийн хугацаатай олгоно. Баталгаат хугацаанд чанарын болон аюулгүй байдлын доголдол үүсвэл гүйцэтгэгч өөрийн зардлаар доголдлыг арилгах буюу захиалагчид учирсан хохирол зардлыг барагдуулахаар заасан. Мөн гэрээний 2.1-д гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн үүрэг, даалгаврын дагуу захиалгат ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгнө гэж тус тус заасныг зөрчиж хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүйн ззрэгцээ баталгаат хугадаанд гарсан зөрчлийг арилгахаас зайлсхийсэн билээ.

Дээр дурдсанчлан шинжээчийн дүгнэлтээр хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь нотлогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226 дугаар зүйлүүдэд тус тус заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн төлбөрийг шаардах эрхтэй юм.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5в-д "Талууд Сансар зочид буудлын дээврийн ажлын үр дүн, чанарын талаар заагаагүйн дээр ямар материалаар хэрхэн засварлах талаар тохиролцоогүй гэжээ. Шинжээчийн дүгнэлтээр дээврийн засварын ажил чанар муутай, алаг цоог хуучин хучилтын зарим хэсгийг дээврийн түрхлэг бүрэн дараагүй, мөн дээврийн ажил чанаргүй болсныг хоёр тал хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан. Талууд гэрээгээр Сансар зочид буудлын дээврийг засахаар 4,500,000 төгрөгөөр харилцан тохиролцон нь гэрээгээр гүйцэтгэх ажлын гол нөхцөлийг тодорхойлсон гэж үзэхээр байна.

Иймд Сансар зочид буудлын дээврийн засварын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн зардал болох 3,870,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлж хэргийг шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн ажил гүйцэтгэсэн дээврийн нөхцөл байдлын талаар бичлэг болон фото зургийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргуулсан.

Хэрэгт авагдсан фото зураг болон бичлэг, гэрчийн мэдүүлгээр хариуцагч ажлыг ямар байдалтай гүйцэтгэсэн нь тодорхой харагдана. Гэтэл шүүхээс доголдолтой гүйцэтгэсэн эсэх нь фото зураг болон бичлэг түүний тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр тогтоогдох боломжгүй гэж үзэж шинжээч томилж шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар шинжээчийн дүгнэлтээр хариуцагч ажлыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн болох нь тогтоогдоход өмнө хийсэн дүгнэлтээ үгүйсгэж хариуцагч ажлыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн ч ямар ч байсан ажил хийсэн байна гэх байдлаар явцуу, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 6,461,000 төгрөгийн хохирол шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлс 6,525,000 төгрөг, дээврийн засварын ажил гүйцэтгэх хэлцлийн дагуу төлсөн 4,500,000 төгрөг, нийт 11,025,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 11,025,000 төгрөг, хохирол 6,461,000 төгрөг, нийт 17,486,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. ******* ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ******* ******* ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москвагийн гудамж хаягт байрлах ******* төвийн Улаан байшин нэртэй барилгын дээврийн засвар хийх, 3 үе шингэн резинэн ус тусгаарлалт хийх болон Нэг цэгийн үйлчилгээ-ний байрны дээврийн засварыг хийх, ******* ******* ХХК нь ажлын хөлс 6,525,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

3.2. Мөн ******* ******* ******* ХХК нь "Сансар" зочид буудлын барилгын дээврийн ажлыг гүйцэтгэх, ******* ******* ХХК нь ажлын хөлс 4,500,000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь гэрээнд дурдсан барилгуудын дээврийн засварын ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 11,025,000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

5. Улаан байшин болон Сансар зочид буудал барилгуудын дээврийн ажил гүйцэтгэсэн үр дүн доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.

5.1. Талууд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд Улаан байшин болон Сансар зочид буудлын дээврийн ажилд тус тус доголдолтой, дээврийн ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс болжээ гэж дүгнэсэн талаар маргаагүй байна.

5.2. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг үгийн шууд утгаар тайлбарлахад гүйцэтгэгч ******* ******* ******* ХХК нь дээврийн засварын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, чанар, стандартын шаардлагыг хангаж гүйцэтгэх үүрэг хүлээжээ.

Гэвч хариуцагч нь уг засварын ажлыг гүйцэтгэхдээ хуучин хар цаасыг хуулж, дээврийн налууг шинээр гаргах ажлыг технологийн дагуу хийгээгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул ажлын үр дүнг доголдолтой гэж дүгнэнэ.

Анхан шатны шүүхийн гэрээгээр гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих ажлыг Улаан байшингийн дээврийн засварыг 3 үе шингэн резинэн ус тусгаарлалт хийх-ийг тохирсон ... гүйцэтгэгч нь дээврийн ажлыг гүйцэтгэхдээ хар цаасыг хуулах замаар дээврийн налууг гаргаж гүйцэтгэх ажлыг тохиролцоогүй гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээврийн ажлыг гүйцэтгэхэд хар цаасыг хуулж, налууг гаргах талаар гэрээнд тухайлан заагаагүй нь уг ажлыг технологийн дагуу гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй.

5.3. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн 6,525,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

6. Нэхэмжлэгч нь Өдөн үзэг ХХК-аар агааржуулалтын хоолой хийлгэсэн үндэслэлээр ажлын хөлсөнд төлсөн 6,461,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан ба тухайн ажил нь маргаан бүхий ажлын үр дүнтэй холбогдолгүй, ажлын хөлс төлсөн байдал санхүүгийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн ба энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

7. Сансар зочид буудал барилгын дээврийн засварын ажлын хувьд, шинжээчийн дүгнэлтэд дээврийн засварын ажил чанар муутай, алаг цоог хуучин хучилтийн зарим хэсгийг дээврийн түрхлэг бүрэн дараагүй гэж дүгнэсэн боловч гэрч Г.Пунсанцогвоо хариуцагчийн төлөөлөгч А.Баярсайханы тавьсан Сансар зочид буудлын ажлыг та бид 2 ажлыг орц нормын дагуу орох үнийн тал үнээр нь тохирсон, цаашид ус нэвтэрч гоожсон тохиолдолд нэмж засварлаж үнийг 100 хувиар төлөхөөр тохиролцсон биз дээ, ...ус гоожсон гэчихээд та өөрөө холбогдохгүй алга болчихсон шүү дээ гэсэн асуултуудад ... Энэ хүний ярьж байгаа нь үнэн гэж бодож байна ... засварлаад өгье гэхэд нь би холбогдохгүй байсан нь үнэн. Учир нь доголдолтой ажил хийсэн хүмүүсээр дахин ажил хийлгэхгүй гэж манай компанийн хүмүүс хэлсэн учир би холбогдоогүй..., нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Сансар зочид буудлын дээврийн ажлыг ... дахин гүйцэтгэхэд мөнгөөр гүйцэтгэх байсан уу гэсэн асуултад Тийм, мөнгөөр гүйцэтгэх байсан гэж мэдүүлснээс үзэхэд, нэхэмжлэгч нь уг гэрээт ажлын үр дүнд доголдол үүсвэл зардлыг өөрөө хариуцахаар хариуцагчтай тохирчээ.

Гэрч Г.Пунсанцогвоо нь нэхэмжлэгч талын засварын ажлын анхны тохиролцоог хийсэн этгээд учир түүний мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.4-т зааснаар захиалагч нь гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу чанар муутай буюу шаардлага хангахгүй материалыг сольж өгөх, буруу зааварчилгаагаа өөрчлөх, ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх бусад нөхцөл байдлыг арилгах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь тус гэрээтэй холбоотой хохирол шаардсан нь үндэслэлгүй байна.

8. Харин анхан шатны шүүх гэрээний үнийн дүн, шинжээчийн дүгнэлтэд ажлын хөлсийг тогтоосон дүнгийн зөрүүгээр тооцон хариуцагчаас 630,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 630,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг 7,155,000 төгрөг (6,525,000+630,000) гэж өөрчилж нэхэмжлэлээс үлдэх 10,331,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/04933 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 7,155,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,331,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...19,550... гэснийг 129,430 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ЗОЛЗАЯА