Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 131

 

С.Отгонбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Алтантүлхүүр,

Ялтан С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Хохирогч О.Халиун, түүний хууль ёсны төлөөлөгч А.Түвшинжаргал нарын өмгөөлөгч А.Сандагдулам,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан  даргалж, шүүгч С.Батгэрэл, Г.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор С.Отгонбаярт холбогдох эрүүгийн 201625030151 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хонхот арслан овогт Самбуугийн Отгонбаяр, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:РЮ72101911/.

С.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод буюу өөрийн гэртээ  гэртээ хохирогч О.Халиуныг “мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Отгонбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар С.Отгонбаярт 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярын цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримт байхгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Отгонбаярыг "согтуугаар бие муутай охиндоо 5000 төгрөг байгааг мэдэх үүднээс тамхины мөнгө нэхэж, үг хэлээр доромжилж, амгалан тайван байдлыг нь удаан хугацаагаар алдагдуулж, эцэст нь нүүр лүү нь варианы шил шидэж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь зэвсгийн чанартай зүйл ашиглаж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй буюу хувийн сэдэлттэйгээр бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэж маргаж байгаа болно. Насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад "Эгч муухай чанга орилоод байсан, аав эгчээс гуйгаад байсан" гэсэн мэдүүлэг өгсөн. Хэргийн нөхцөл байдлыг харахад хувийн сэдэлттэй, хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн гэмт хэрэг болох нь тодорхой харагдана. Миний үйлчлүүлэгч С.Отгонбаяр нь өдөр архи уугаад гэртээ ирж унтаад орой сэрсэн /7 цагт/ гэдэг бөгөөд энэ байдал нь түүнийг согтуу биш, архины нөлөө нь гарсан болохыг харуулж байна. Хамгийн гол нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Учир нь энэхүү хэрэг гарах болсон шалтгаан "аав нь охиноосоо тамхины мөнгө нэхсэн" асуудлаас үүссэн буюу гэр бүлийн хувийн харилцаанаас үүдэлтэй. Бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулсан бүхий л үйлдэл нь өөрөө "догшин авирласан"-ны үндсэн дээр үүссэний улмаас бий болдог бөгөөд энэхүү шинжийг гол үндэслэл болгож, С.Отгонбаярыг "танхайн" гэмт хэргээр зүйлчилж буй нь үндэслэлгүй болно. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт "бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн" гэж дүгнэсэн. С.Отгонбаяр нь олон нийтийн дунд биш /нийгэмд биш/ нийгмийн орчноос гадна гэр бүлийн орчинд энэхүү үйлдлийг гаргасан. Мөн бусдыг буюу олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн гэж үздэг. Гэтэл "бусад буюу олон нийтийг" биш гэр бүлийн гишүүд дунд л энэхүү харилцаа үүссэн болохоос бусад хөндлөнгийн этгээдүүд дунд үүсээгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Сандагдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан С.Отгонбаярын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэл муутай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, зүйлчлэлийг зөв гэж үзэж байна. Хохирогч О.Халиун нь С.Отгонбаярын төрсөн охин. Түүний хувийн байдал буюу өвчин эмгэг, зан төрхийн өөрчлөлтийн байдлыг төрсөн эцгийнх нь хувьд С.Отгонбаяр сайн мэддэг. Хохирогчоос мөнгө гуйхад өгөөгүй гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдах шаардлага байгаагүй. Ялтны хувьд мөнгө гуйсан нь хувийн шалтгаан боловч хохирогч өөрийн хэрэгцээ шаардлагаа хэлээд өгөх боломжгүй, эм тариагаа авна гэж хэлснийг нь дүгнэж үзэх ёстой. Заавал олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийн орчинд танхайн гэмт хэрэг үйлдэгддэг юм биш. Гэр бүлийн хүрээнд, гэр бүлтэйгээ хэрхэн харьцаж, яаж хандаж байгааг дүгнэж шүүх шийдвэр гаргасан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Алтантүлхүүр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч “...гэмт хэрэг гарахад хохирогч О.Халиуны зүй бус үйл ажиллагаа нөлөөлсөн, О.Халиун, С.Отгонбаяр нарын дунд хувийн таарамжгүй харьцаа байсан” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хувийн таарамжгүй харьцаатай байсан нь тогтоогдоогүй тул прокурорын зүгээс С.Отгонбаярын үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх С.Отгонбаярын үйлдлийг танхайрах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзээд түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан учраас хэвээр үлдээж, ялтан С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байнагэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар С.Отгонбаярт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

С.Отгонбаяр нь 2016 оны 1 дүгээр сарын 1-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод буюу өөрийн гэртээ хохирогч О.Халиуныг “мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн шидэж, түүний бие махбодид тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Халиуны "...2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр аав Отгонбаяр гэртээ байж байгаад өдөр айл руу явлаа гээд явсан. Гэртээ буцаж ирэхдээ аав согтуу хүрч ирсэн. Тухайн үед надад 5000 төгрөг байсныг аав мэдэж байсан болохоор надаас тамхины мөнгө гуйгаад байхаар нь би өгөөгүй. Тэгтэл аав намайг хойд ор луу түлхээд унагаасан. Тэгээд над руу варианы шил шидчихсэн. Тэгээд варианы шил хагараад миний баруун талын хацрыг зүссэн. Тэгээд аав уйлаад аавынх нь буруу, уучлаарай гээд уучлалт гуйж, түргэн дуудсан. Манай аав намайг тамхины мөнгө зээлүүлсэнгүй гэх шалтгаанаар миний нүүр лүү варианы шил шидэж гэмтэл учруулсан.

            ...би гэртээ дүү Эрдэнэбаяр, Тэргэл нарын хамтаар байж байсан. Тэгээд бид гурвыг байж байхад аав гаднаас архи уучихсан согтуу орж ирсэн. Аавыг гэрт ирэхэд нартай байсан. Тэгээд гэртээ орж ирчихээд “Халиунаа чи аавдаа 2000 төгрөг өгөөч, аавдаа тамхины мөнгө өгөөч” гээд байсан. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ, ядаргаатай юм, би өгөхгүй. Би мөнгөөрөө эм авч ууна”, ... өгөхгүй гэхэд “аавдаа зээлүүлчихээч дээ” гээд чанга хэлээд байсан. Тэгээд над руу ширээн дээр байсан саладны шилийг шидсэн. ..." /1 дүгээр хавтас, 12-13, 15-16 дугаар хуудас/,

гэрч А.Түвшинжаргалын "...2016 оны 1 дүгээр сарын 1-ний орой 21 цаг 30 минутын орчим манай нөхөр Отгонбаяр над руу яриад “тарах болж байна уу?, орой ирэхдээ 1 шил архи авчирч өгөхгүй бол ална шүү, пизда минь” гэсэн. Тэгснээ 30 минутын дараа буюу 22 цагийн үед над руу Отгонбаяр дахиад яриад “би охиноо гэмтээчихлээ, чи хурдан ирээд хар. Аймаар болгочихлоо” гэсэн. Тэгээд би 22 цаг 30 минутын үед гэртээ очсон. Тэгтэл манай охин Халиуны нүүр аймаар болчихсон байсан. Би түргэний тэрэгтэй зэрэгцэж очсон бөгөөд түргэний эмч шууд гэмтэл яв гэсэн. Манай охин гэмтлийн эмнэлэгт 2 хоноод татаж унаад байхаар нь дүүргийнхээ эмнэлэгт би өөрөө сахиж хэвтсэн. … Намайг очиход гэрт мал нядалчихсан юм шиг хамаг юм цус болсон байсан. Охины минь хацраас гарч буй цус тогтохгүй байсан. Отгонбаяр орой 21 цагийн үед над руу ярихдаа нилээд согтуу байсан. ..." /1 дүгээр хавтас, 18-20 дугаар хуудас/,

гэрч Ж.Цэвэгмидийн “...2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр би гэртээ эхнэр, хүүхдийн хамт байж байхад орой 22 цагийн орчимд манай гэрийн гадаа эрэгтэй хүн Цээгий, Тайваан гээд дуудаад байсан. Манай арын гудамжны Отгонбаяр “би охиноо алаад хаячих шиг боллоо, туслаач” гэхээр нь эхнэр бид 2 гэр рүү нь орсон. Гэрт нь ороход Отгонбаярын том охин Халиун цусандаа хутгалдчихсан гар, нүүр угаадаг угаалтуурынхаа урд зогсож байсан. ... Халиунаагийн ах нь бэлэг гэж мөнгө өгсөн юм шиг байна лээ. Тэгээд Отгонбаяр тамхи авах гээд мөнгөгүй болчихоод Халиунаагаас мөнгийг нь авах гээд саладны шилээр цохьсон гэж хэлсэн. Намайг харахад саладны шилний ёроол хэсэг нь хагараад, ёроол нь байхгүй болчихсон байсан. Отгонбаяр өдөр архи уусан гэж байсан, тэр үедээ бага зэрэг халамцуу байсан. ...” /1 дүгээр хавтас, 26 дугаар хуудас/,

шинжээч эмч М.Энхтайвангийн "...тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун хацрын хууларсан шархнаас үлдсэн сорви нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь хохирогчийн нүүрний хэлбэр дүрсийг алдагдуулахгүй. Цаашид гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй, гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ..." /1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас/,

С.Отгонбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... 21 цаг өнгөрч байхад тамхи татах гээд охин Халиунаас “аавдаа 2000 төгрөг зээлчих, аав нь дэлгүүр хаахаас өмнө тамхи аваадахъя” гэж хэлсэн. Урьд нь би Халиунаас 1000, 2000 төгрөг зээлчихээд буцаагаад өгчихдөг байсан юм. Халиунаа өгөхгүй гээд байсан. Тухайн үед Халиунаа гэрийн хойморт газар зассан орон дээр хувцастайгаа хэвтэж байсан. Би гэрийн зүүн талд байсан ширээний хажууд сууж байсан. Тэгээд би Халиунаагаас мөнгө гуйгаад өгөхгүй болохоор нь “ааваасаа 2000 төгрөг харамлалаа” гэж хэлээд ширээн дээр байсан хоосон саладны шил харагдахаар нь айлгах санаатай Халиунаа руу санаандгүй шидсэн. Намайг шил шидэх үед Халиунаа өөдөөс өндийж таараад миний шидсэн шил охины баруун хацарт таараад хагарч унасан. ... Охин Халиунааг мөнгө өгөхгүй болохоор нь бухимдсандаа л шил харагдахаар нь шидчихсэн. ...” /1 дүгээр хавтас, 46-48 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...О.Халиуны биед тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх 1028 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, 28 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

С.Отгонбаярын согтуурсан үедээ “мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан өөрийн төрсөн охин О.Халиун руу варианы шил шидэж, түүний бие махбодид тархи доргилт, баруун хацрын хууларсан шарх, үүдэн 1 шүдний хугарал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримтыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зорчиж, догшин авирлан танхайрахдаа варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, С.Отгонбаярын дээрх үйлдлийг өөрийн охин О.Халиунтай мөнгө өгсөнгүй гэдгээр шалтаглан маргалдсан буюу таарамжгүй харилцаанаас шууд болсон гэж үзэхээргүй, харин гэр бүлийн харилцаанд хүчирхийлсэн зан араншин гаргадаг, архи хэрэглэж, согтуурсан байдлаасаа хамааралтай хийсэн гэж үзэв.  

Мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Отгонбаярын гэмт хэрийн улмаас бусдад учруулсан хохирлын мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.