Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 107

 

С.Отгонбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 131 дүгээр магадлалтай, 201625030151 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хонхот Арслан овогт Самбуугийн Отгонбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Отгонбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, варианы шилийг зэвсгийн чанартай хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар С.Отгонбаярт 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Отгонбаярын өмгөөлөгч М.Алтанцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хэргийн нөхцөл байдлаас харахад гэмт хэргийн сэдэлт санаа зорилго нь хувийн сэдэлттэй, хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн гэмт хэрэг болох нь тодорхой байдаг. С.Отгонбаяр өдөр архи уугаад гэртээ ирж унтаад орой 7 цагт сэрсэн гэдэг бөгөөд энэ байдал нь түүнийг согтуу биш, архины  нөлөө нь гарсан болохыг харуулж байгаа. Охиноо загнаагүй, гуйсан болох нь насанд хүрээгүй гэрч О.Эрдэнэбаярын мэдүүлгээр нотлогддог. Энэ хэрэг “аав нь охиноосоо тамхины мөнгө нэхсэн” хувийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн бөгөөд гэр бүлийн гишүүд хоорондоо хэн нэгнээсээ мөнгө нэхэх нь гэр бүлд байдаг л энгийн харилцаа. С.Отгонбаярын үйлдэл нь олон нийтийн дунд биш гэр бүлийн орчинд гарсан, бусад хүмүүс болох хөндлөнгийн этгээдүүдийн дунд үүсээгүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... С.Отгонбаярын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх С.Отгонбаярыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж дүгнэн нотлох баримтуудыг дурдахдаа уг нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн зөрчил гаргажээ.

С.Отгонбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21-22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Арсогоотын 1 дүгээр гудамжны 251 тоотод согтуурсан үедээ охин О.Халиуныг “мөнгө өгсөнгүй” гэснийг “үл ялих зүйл” байсан гэж дүгнэн гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг буруу тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэс болсон байна.

Танхайрах гэмт хэргийн шинж нь бусдыг илтэд хүндэтгэхгүй, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчихөд чиглэсэн үйлдэл хийж байна гэдгээ урьдаас ухамсарласан, энэ үйлдлээс үүсэх хор уршгийг мэдэж байсан, тийм хор уршиг учруулахыг хүсэж үйлдсэн байдаг бол С.Отгонбаяр нь өөрийн гэртээ, төрсөн охин О.Халиунтай тамхины мөнгөнөөс болж маргалдсан, уг маргаан нь гэмт хэрэг үйлдэх сэдэл болж, С.Отгонбаяр нь О.Халиун руу чиглэсэн хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан нь гэр бүлийн хүрээнд, хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд урьдаас төлөвлөсөн, эсхүл зориуд маргаан үүсгэж шалтаг хайх, түүн дээр дөрөөлөн бусдад айдас төрүүлэх, өөрийн зан авирыг ямар нэг шалтгаангүйгээр хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэн гаргасан гэх хууль зүйн дүгнэлт хийхэд шаардлагатай нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Ийнхүү мөрдөн байцаалт, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүх С.Отгонбаярын үйлдсэн гэмт хэргийн объект нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг чиглэсэн, эсхүл нийгмийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн эсэхийг хууль зүйн хувьд ялгаж дүгнэлгүйгээр үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэсэн нь буруу байх тул С.Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 131 дүгээр магадлалд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас С.Отгонбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч С.Отгонбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, С.Отгонбаярыг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ