Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0005

 


 “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-ийн

Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 555  дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 496 дугаар магадлалтай, “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар гаргаж өргөдлийн Х20150406985, Х201504061031 дугааруудыг тус тус 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр авсан бөгөөд цахим бүртгэлд заасан хугацаа болох 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө гаргах гэсэн боловч Кадастрын хэлтсээс ойлгомжгүй тайлбар хэлээд өргөдлийг хүлээж авалгүй буцаасанд Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн даргын дээд шатны албан тушаалтанд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргасан.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3202 дугаар албан бичигт "...Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан болно." гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д "Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ." гэж заасан бөгөөд Геологи, уул уурхайн тодорхой харилцаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэглэгдэх боломжтой үүнд маргахгүй. Гагцхүү дээрх чиглэл нь Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д "Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох байгууллагад чиглэл өгөх" нь Ашигт малтмалын газарт чиглэгдэж эрх зүйн хэлбэр, агуулгын шаардлагыг хангасан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглох тухай 2010 оны 06 дугаар сарын 17-ны хууль батлагдахаас өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Ашигт малтмалын газар 2010 оны 04 дүгээр сарын 20-ноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг зогсоох тухай чиглэл өгсөн байдаг. Тэрхүү чиглэлийг нь Ашигт малтмалын газар иргэн, хуулийн этгээдэд мэдээлж, ямар нэг маргаан, эргэлзээтэй асуудал үүсгээгүй юм. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3202 дугаар албан бичигт "... 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4-т заасан акт болно" гэжээ.

Хэвлэлийн бага хурлыг манай компанийн зүгээс тухайн үед үзэж, танилцаагүй ба дээрх албан бичгийг аваад бичлэгтэй танилцахад 104 дүгээр уртрагаас баруун хэсгийн талбайд эхний ээлжид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг үүрэг болгосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэл мөн Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэр дурдагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй байх. Мөн Ашигт малтмалын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид хайгуулын тусгай зөвшөөрлийг бүсчилж олгох, хэрэв бүсчилж олгох бол ямар шалгуур, нөхцлийг баримтлах, хэн тогтоох тухай зохицуулалт байхгүй тул Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурлын үеэр амаар эсхүл бичгээр "захиргааны акт" гаргасан гэж ойлголоо. Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурлын үеэр амаар эсхүл бичгээр гаргасан "захиргааны акт" нь зөвхөн “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-тай холбоотой эсхүл манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохицуулахад чиглэгдсэн гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах хуулийн этгээдүүдэд бүгдэд нь тэгш, байнга давтан үйлчлэх хэм хэмжээ агуулсан зохицуулалт гэж харж байна. Тиймээс дээрх захиргааны акт нь Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор батлагдсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-д нийцсэн байх учиртай. Манай компани төхөөрөмж худалдаж авах, түүнийг идэвхжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар авах зэргээр багагүй зардал гаргасан ба цахимаар өргөдлийн дугаар авч, цахим бүртгэлд заасан хугацаа болох 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлөө гаргахад өргөдлийг огт хүлээж авахгүй байгаад гомдолтой байна. Иймд “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Кадастрын хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа болно. Энэ талаар Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр өргөргөөс баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Уул уурхай сайдын байгуулсан ажлын хэсэг асуудлыг боловсруулж 2014 оны 12 дугаар сарын 28, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зэрэг холбогдох байгууллагуудад удаа дараа танилцуулж чиглэл авч ажилласан. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Уул уурхай яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурал хийж 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрлийг олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 "... "захиргааны акт", гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна ..." гэж заасан захиргааны акт болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 555 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 7.1.2, 7.1.6-д зааснаар “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг компаний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг тус Кадастрын хэлтэст даалгасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 496 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан “нэхэмжлэгчийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11 дэх заалтыг буруу хэрэглэсэн.

Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяагийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3202 дугаар албан бичигт “...хэвлэлийн бага хурал хийж, 104 дүгээр уртрагаас буруун хэсгийн талбайд тусгай зөвшөөрөл олгохоор олон нийтэд зарлан мэдээлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.4-т заасан акт болно гэсэн байдаг. Гэтэл тус хэвлэлийн бага хурлыг манай компанийн зүгээс тухайн үед үзэж танилцаагүй ба дээрх албан бичгийг аваад бичлэгтэй танилцахад 104 дүгээр уртрагаас буруун хэсгийн талбайд эхний ээлжинд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг үүрэг болгосон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн чиглэл болон УИХ, Засгийн газрын шийдвэр дурдагдаагүй юм.

Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11–д заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хэвлэлийн бага хурлыг нийтэд мэдээлсэн гэж үзэх үндэслэлгүй. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Уул уурхайн яам болон Ашигт малтмалын газраас хамтарсан хэвлэлийн бага хурлын мэдэээлэл хариу болно гэж үзсэн нь төрийн захиргааны байгууллагаас компанийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна” хэмээн дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй юм.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг заалтыг буруу хэрэглэсэн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хайгуулын тусгай зөвшөөрлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан зохицуулсан байдаг. 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.3, 19.1.4-д зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг төрийн захиргааны байгууллага өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг бидэнд өгөх бөгөөд тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийж бүртгэсэн даруйдаа өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь тус хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж, байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийн хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа явуулах ёстой юм.

Дээрх ажиллагааг явуулсны үндсэн дээр төрийн захиргааны байгууллагаас аливаа шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд энэ зохицуулалт нь мөн хуулийн 19.2, 19.2.3-т заагдсан. Энэ зохиуцуулалтаас харахад 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу өргөдлийг бүртгэх ажиллагааг явуулсны үндсэн дээр өргөдөл гаргагчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар хариу мэдэгдэж, энэ тухайгаа бас өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэгдэх үүрэгтэй байна.  Энэхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, түүнийг бүртгэх, шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Ашигт малтмалын тухай хуульд дээд шатны байгууллага нь хариу өгснөөр өргөдлийг хүлээн авч бүртгэсэнд тооцно гэсэн ямар ч хуулийн зохицуулалт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хэрхэх талаар хуулийн нарийн процесс байгааг төрийн захиргааны байгууллага үл харгалзан бидний өргөдлийг хүлээн аваагүй нь дээрх хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Үүнийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 7.1.2, 7.1.6-д зааснаар “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож” гэж дүгнэсэн байдаг.

Манай компани төхөөрөмж худалдаж, түүнийг идэвхжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар авах зэрэг багагүй зардал гаргасан ба цахимаар өргөдлийн дугаар авч, цахим бүртгэлд заасан хугацаа болох 2015 оны 07 дүгээр сарын 07-ны өдөр өргөдлөө гаргахад хууль зүйн үндэслэлгүйгээр удаа дараа бүртгэхээс татгалзсан нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, “Их мандал хүрд ресурс проспектинг” ХХК-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг хүлээн авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах“ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг үндэслэн Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэж зааснаар Уул уурхайн сайд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, Засгийн газрын хуралдаан болон Үндэсний аюулгүй байдлын хуралдаанд танилцуулж, тогтоолоор тогтоосон талбайгаас эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун тал буюу 104 дүгээр уртрагийн баруун талд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэн, энэ талаар Ашигт малтмалын газартай хамтран олон нийтэд мэдээлжээ.

Хариуцагч байгууллага нь Ашигт малтмалын газар Уул, уурхайн сайдын дээрх шийдвэрийг хэрэгжүүлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эмх цэгцтэй олгох үүднээс нутаг дэвсгэрийн баруун хагаст эхний ээлжинд, дараа нь зүүн хэсэгт олгохоор зохион байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох” гэж заасантай нийцсэн байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан Засгийн газрын тогтоол болон сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүргийн дагуу өөрийн нөөц бололцоонд тохируулан эхний ээлжинд нутаг дэвсгэрийн баруун хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор нэгэнт шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчээс дээрх байрлалаас өөр газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваагүйг хууль бус гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар шаардлага хангасан өргөдлийг гаргахаар заасан байх тул түүний тусгай зөвшөөрөл олгохоор нийтэд зарлагдаагүй хэсэгт гаргасан өргөдлийг шаардлага хангасан гэж үзэхгүй.

Иймээс нэхэмжлэгчийн “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х20150406985, Х201504061031 дугаартай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах“ боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 496 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН