Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00048

 

 

 

 

 

 

      2023         12             27                                          210/МА2024/00048                           

 

А.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03092 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.Даваажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1. А.******* нь Ш.*******д 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 26,000,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

1.2. Ш.******* нь зээлийн гэрээний хүүд 3,000,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй, гэрээний 4.7-д заасныг зөрчсөн. Зээлийн гэрээний 1 сарын хүүд 2,080,000 төлөхөөс төлсөн 3,000,000 төгрийг хасч, үлдэх 980,000 төгрөгийг дараа сарын хүүгийн төлбөрт суутган тооцож, зээлийн хүүд төлөөгүй дүн нь 3,180,000 төгрөг болно. Нэхэмжлэл гаргах үед 18,000,000 төгрөгийн үнэтэй автомашин нэхэмжлэгчид өгсөн.

1.3. Хариуцагч Ш.******* нь төрсөн эгч Ш.*******ээр дамжуулан нэхэмжлэгчээс зээл авах үедээ нэмж 2,000,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч, дээрх   төлөхөө илэрхийлсэн баримт үйлдсэн учир нэмэгдүүлэн шаардаж байна.

1.4. Иймд үндсэн зээл 26,000,000 төгрөг, хүүд 3,180,000 төгрөг, эгчээрээ дамжуулан авсан 2,000,000 төгрөг, алданги 13,000,000 төгрөг, нийт 44,180,000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс автомашины үнэ 18,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 26,180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие өөр этгээдийн төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээхгүй.

2.2. Мөн зээлийн төлбөрт автомашин шилжүүлэн өгсөн байхад уг автомашиныг хэт үнэгүйдүүлэн авч, намайг өр төлбөрт оруулсан нь илт хууль бус үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.*******гаас 11,240,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,940,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******гаас 194,790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03092 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Хариуцагч Ш.*******гаас зээлийн гэрээний үүрэг шаардаж, шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчийг цагдаагийн байгууллагаар удаа дараа эрэн сурвалжлуулж, хаягийг тогтоосон.

4.2. Хариуцагч нь нэхэмжлэлийг хуулийн хугацаа хэтрүүлж гардан авч, хариу тайлбар ирүүлсэн.

4.3. Шүүх Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, баримтыг үнэлээгүй.

4.4. Мөн хэрэгт авагдсан хариуцагч Ш.*******, Ш.******* нарын гар бичвэрийг зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй, мөнгөн хөрөнгийг Ш.*******д хүлээлгэн өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.9, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй.

4.5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулахаар 4 жилийн хугацаанд шүүхэд хандаж, сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирсон байхад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүхэлд нь гаргуулаагүй нь  хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03092 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Автомашиныг авсан зээлийн хэмжээнд үнэлэх боломжтой байсан тул нэхэмжлэгчид шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал 18,000,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж оруулсан. Өөрөөр хэлбэл, бид нараас шалтгаалаагүй.

5.2. Хариуцагч Ш.******* 2,000,000 төгрөгийг аваагүй учир энэ талаарх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

5.3. Шүүх өөрийн эрх хэмжээний дагуу хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжийн талыг нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.4 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ш.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 42,180,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 26,180,000 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... өөр этгээдийн төлбөрийг хариуцах үүрэггүй, ... өөрийн авсан зээлийн төлбөрт автомашинаа шилжүүлэн өгсөн байхад хэт үнэгүйдүүлэн авч өр төлбөрт оруулсан ...” гэж тайлбарлан маргажээ.

 

3. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч А.******* нь 26,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Ш.******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийг эргэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон. Гэрээний дагуу зээлдүүлэгчээс 26,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргийг үндэслэн шүүх зөв тогтоосон. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын хооронд зээлийн хүүгийн талаар тохиролцсон нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн зээл, зээлийн хүүг шаардах эрхийн үндэслэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.1. Зээлдэгч Ш.******* нь гэрээгээр үндсэн зээл 26,000,000 төгрөг, 3 сарын хүүд 6,240,000 төгрөг, нийт 32,240,000 төгрөгийг зээлдүүлэгч А.*******т төлөх үүрэг хүлээсэн. Уг үүргээс гэрээний хугацаанд зээлийн хүүд 3,000,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 18,000,000 төгрөгийн үүрэгт тооцуулж, ******* УНК улсын дугаартай ******* Ай Эс 250 маркийн автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгч А.*******т шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогджээ. /хх 61-62/ Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Ш.*******гийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 11,240,000 төгрөг гэж тогтоосон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нийцэж байна.

 

4. Талууд гэрээний 3.7 дахь заалтаар “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх” нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин алдангид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагааг үндэслэн алданги тооцох хугацаа тодорхойгүй, тоолох боломжгүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

4.1. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Хариуцагч Ш.******* нь гэрээгээр сар бүрийн 16-ны өдөр зээлийн хүү төлөх, гэрээний хугацаа дуусахад буюу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл төлөх үүргийг хүлээсэн. Энэ үүргээ бүрэн гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн үйл баримт тогтоогдсон талаар дээр дүгнэсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон шаардах эрхтэй.

4.2. Иймээс хариуцагч Ш.*******гийн гүйцэтгээгүй үүрэг болох 11,240,000 төгрөгөөс хоног тутамд алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 50 хувиар хязгаарлаж 5,620,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

 

5. Нэхэмжлэгч нь “Ш.******* эгч Ш.Мөнгөнцэцэгээр дамжуулан 2,000,000 төгрөг нэмж зээлсэн, үүнийгээ зөвшөөрч дээрх мөнгийг хариуцаж төлөхөө илэрхийлсэн баримт үйлдсэн” гэх үндэслэлээр 2,000,000 төгрөг гаргуулах хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

5.1. Хэргийн 40 дэх талд авагдсан баримтад Ш.******* нь Ш.Мөнгөнцэцэгээр дамжуулан А.*******аас 2,000,000 төгрөг зээлсэн гэх агуулга тусгагдаагүй байх тул уг баримтыг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй. Иймд “шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн” гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж  төлсөн байна. Уг хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан бол тэр хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. Ингэхдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хувь хэмжээгээр тооцдог журамтай тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2023/03092 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11,240,000” гэснийг “16,860,000” гэж, “14,940,000” гэснийг “9,320,000” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “194,790” гэснийг “242,250” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

    ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД