Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2017/01116

 

О.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00066 дугаар магадлалтай,

О.Аийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймаг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор 1.534.090 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бахытгүлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өлгий суманд шинээр байгуулагдсан 16 дугаар цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 612 дугаар шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон тул 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 1.534.090 төгрөгийг 16 дугаар цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг Өлгий сумын 16 дугаар цэцэрлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймаг дах сум дундын анхан шатны хэргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 613 дугаар шийдвэрийг  хүндэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 дугаар тушаал гаргаж О.Аийг ажилд авсан боловч маргаан хийгээд ажилд ороогүй тушаал авахгүй явчхаад шүүхэд ажилд эгүүлэн тогтоох гомдол гаргасан. Нэхэмжлэгч О.Ань тушаал болон гэрээнд заасан хугацаандаа 3 сар ажиллаад гэрээ дуссанаас хойших 8,9,10,11 дүгээр сарын цалин нэхэх үндэслэлгүй. Гэрээт ажилчдын цалинг төсөв мөнгө 2016 оны 06 дугаар сараас 01-ээс 2016 оны 09 дүгээр сар хүртэл тусгагдаагүй бөгөөд 09 дүгээр сараас гэрээт ажилтны цалин хөлс хасагдсан, жилийн төсвөө баримтад хавсарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс нэхэмжлэгч О.Аийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.497.264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Аьд олгож, илүү нэхэмжилсэн 36.826 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.495 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 38.906 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.А-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00066 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бахытгүл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05-р сарын 25-ны өдрийн 212/МА2017/00066 дугаар магадлалыг эс зөвшөөрч шүүхийн байгууллагад холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянуулахаар гомдлыг гаргаж байна. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 13-ны өдрийн 613-р дугаар шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 дугаар тушаал гарган ажилд авсан боловч хөдөлмөрийн гэрээнд маргаан гарган ажилд ороогүй. О.Аийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр томилон .хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажилд авсан. 9 сараас гэрээт ажилтны орон тоо хасагдсан төсөв нь батлагдаагүй, хасагдсан учир цалин төлүүлэх тухай шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна. 2016 оны 06 дугаар сард ажлаагүй боловч цалингаа аваагүй 6 сарын цалинг нэмж нэхэмжилж байгаа нь тэрээр 2016 оны 6 дугаар сарын цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд нэхэмжлээгүй учир хүчингүй гэж бодож байна. Иймд цэцэрлэгээс цалин нэхэж байгаа нь үндэслэлгүй .цалин хөлс хүрэлцээгүй гэдгийг нотлох баримтаар хавсаргасан. Уг хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

О.А нь хариуцагч 16 дугаар цэцэрлэгт холбогдуулан буруу халсан үеийн олговорт 1.534.090 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээт ажилчдын цалин хасагдсан, төсөвт тусгагдаагүй гэсэн тайлбар гарган маргажээ.    

Нэхэмжлэгчийг Өлгийн сумын 16 дугаар цэцэрлэгийн гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон Баян-өлгий аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр хүчин төгөлдөр байна /хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 дугаар тушаалд “О.Атэй төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулсугай” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр  сарын 16-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилгүй байсан хугацааны олговрыг урьд авч байсан 3 сарын цалингийн дунджаар тооцон нэхэмжлэлээс 1.497.264 төгрөгийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00066 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.     

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ