Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0006

 

 “ЭСЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч Х.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 494 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “ЭСЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ, ЧД-ийн ТХ, БГД-ийн ТХ-ийн ТУБ  нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “ЭСЭ” ХХК-ийн захирал Ч.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭСЭ” ХХК-ийн 2011-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, удирдлага, арга зүйн газраас хяналт шалгалт хийж, 264.955.8 мянган төгрөгийн зөрчилд 19.362.7 мянган төгрөгийн нөхөн татвар, 5.808.8 мянган төгрөгийн торгууль, 4.045.3 мянган төгрөгийн алданги, нийт 29.216.8 мянган төгрөгийг тус компаниар төлүүлэхээр акт тавьсан. Тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулаагүй, бодит зөвлөгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай. Тухайн тайлант хугацаанд худалдан авалтын падааныг шивж оруулахад асуудалгүй шивэгдэж байсан тул хуурамч, хий бичилттэй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй.

Иймд “Силикон стийл” ХХК-ийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас “ЭСЭ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж, маш их хохирол амсаж байгаа тул татварын улсын байцаагчдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21/0009989 дүгээр актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Сүнжидмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Силикон стийл” ХХК-иас бараа материал худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа 2011 оны 12 дугаар сард 009698863, 2012 оны 10 дугаар сард 0012336450, 0012336428 дугаартай хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг нийт 264955.8 мянган төгрөгийн дүнд тааруулан бичүүлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2011 оны 12 дугаар сарын, 2012 оны 10 дугаар сарын тайланд "Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт тусгаж, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг санаатайгаар бууруулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг зөрчсөн.

Хяналт шалгалт хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгч нь худалдан авалт хийсэн анхан шатны баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч "ЭСЭ" ХХК-ийн "Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Г.Б, Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Х.С, Баянгол дүүргийн татварын улсын байцаагч Р.Ц нарын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21/0009989 дүгээр актыг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 494 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Хавтаст хэрэг татварын улсын байцаагч Х.Сүнжидмаагийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоёр итгэмжлэл авагдсан байдаг. Уг итгэмжлэлээр татварын улсын байцаагч нь хуулийн мэргэжилтэн Т.Номин-Эрдэнэд итгэмжлэл олгож давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсоныг хууль ёсны бус гэж үзэж байна. Учир нь шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлийн дагуу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн шаардлагыг хангасан байх ёстой. Иргэний хуулийн 64.2.1-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга хуулийн дагуу итгэмжлэл олгох ёстой гэж үзэж байна. Энэхүү итгэмжлэл нь хуулийн шаардлага хангаагүй байна.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүд хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, удирдлага арга зүйн газрын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210009989 тоот татварын хяналт шалгалтын актын Тогтоох хэсэгт Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74-р зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн нийт 29.216.800 төгрөгийн захиргааны хариуцлага хүлээлгэсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан заалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж байгаа бөгөөд, татварын хяналт шалгалтын актын хууль зүйн үндэслэл болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн нэр нь Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэх заалт нь мөн хуулийн дагуу өршөөгдөх ёстой болов уу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх” тухай хууль батлагдсантай холбогдуулан зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмын дагуу шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.        

Нэхэмжлэгч “ЭСЭ” ХХК нь Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21/0009989 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг актаар “татвар ногдох орлогыг санаатай бууруулсан” гэж 29,216,800 төгрөгийн төлбөр тогтоожээ.

Нэхэмжлэгч нь “Силикон стийл” ХХК-иас бараа худалдан аваагүй, төлбөр төлөөгүй атлаа хий бичилттэй падаан ашиглаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчсөн тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.            

Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Силикон стийл” ХХК-иас 2011, 2012 онд 264,955,800 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх боловч үүнийг нотолсон санхүүгийн анхан шатны баримт байхгүй байна.

Хариуцагч татварын улсын байцаагч Х.С нь уг маргаан бүхий актыг гаргахад оролцсон, хяналт шалгалтыг биечлэн шалгаж, энэхүү хэрэгт хариуцагчаар татагдсан, хэргийн оролцогч юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татварын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, улсын байцаагч Х.С нь байгууллагын даргыг төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэг хамааралгүй. Иймээс нэхэмжлэгчийн “итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй, Татварын хэлтсийн дарга итгэмжлэл олгох байсан” гэх гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр зохицуулжээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэжээ. Тодруулбал хууль тогтоогчоос захиргааны журам гэдэгт нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон зан үйлийн горим, эрх зүйн хэм хэмжээг хамруулан, өргөн утгаар тайлбарласан байна. Эндээс татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага нь өөрөө захиргааны хариуцлагын нэг төрөл, захиргааны шийтгэл мөн юм.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго нь зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн байх бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө ямар төрлийн захиргааны шийтгэлийг өршөөн хэлтрүүлэхийг хууль тогтоогчоос нарийвчлан заагаагүй, хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр хуулийг баталсан байх тул зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг үндэслэл болгов.

Иймээс Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар 5,808,800 төгрөгийн торгууль, 4,045,300 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийг багасгах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулжээ.

Хууль тогтоогчийн энэхүү хүсэл зориг нь захиргааны зөрчил гаргасан этгээдэд ч мөн хамааралтай байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх зорилгоор уг хуулийг батлан мөрдүүлсэн байна.

Эндээс уг хуулийн зорилго нь татварын хууль тогтоомж зөрчсөн этгээдийн тухайд захиргааны хариуцлага болох торгууль, алдангиас зөрчил гаргагчийг чөлөөлөх зорилготой болохоос учруулсан хохирол, төлөх ёстой байсан татвараас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх зорилгоор уг хуулийг батлаагүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээд нь нөхөн татвар 19,362,700 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Нөгөө талаар Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, харин торгууль, алдангийг өршөөхөөр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 536 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 494 дүгээр магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭСЭ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 21/0009989 дүгээр актын 5,808,800 төгрөгийн торгууль, 4,045,300 төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 19,362,700 төгрөг болгож, багасгасугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ