Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 194

 

 

Г.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Г.С-, түүний өмгөөлөгч Н.Болормаа, хохирогч Ц.Доржбадам, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг, нарын нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30ы өдрийн 1897 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар магадлалтай, Г.С-д холбогдох 2006001922284 дугаартай хэргийг шүүгдэгч Г.Солонгын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй

 

Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Их Соёмбо хотхоны 25 дугаар байрны 3 тоотод амьдарч байхдаа хохирогч Ц.Дын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар 20 айлын орон сууцны захиалгын урьдчилгаа, түрээсийн орлого болох 33.683.409 төгрөгийг өөрийн ХААН банкны 5050159918 тоот дансанд байсныг мэдсээр байж 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр авсан буюу хохирогч Ц.Доржбадамын итгэмжлэн хариуцуулсан 33.683.409 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Солонгыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.С-ос 33.683.409 төгрөг гаргуулж хохирогч Ц.Доржбадамд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Г.С-д 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С-, хохирогч Ц.Доржбадам нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.С- гаргасан гомдолдоо “... хохирол хэмээн үзсэн 33.683.409 төгрөг нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд цаг хугацаанд орж ирсэн мөнгө биш бөгөөд хадмууд болон би нөхөр Мөнх-Эрдэнийн хамт 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл дундаа захиран зарцуулж ирсэн болох нь миний “Хаан” банкны 5050159918 дугаарын дансны хуулгаар тодорхой харагдана.

Гэрч Жаргалсайхан “2019 оны 12 дугаар сарын 17-нд 10.000.000 төгрөг, дараа нь 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга,

2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хадам ээж Дын шилжүүл гэсэн данс руу 20.000.000 төгрөгийг шийлжүүлсэн боловч эргээд 2 хоногийн дараа нөхөр Мөнх-Эрдэнийн данснаас орлого хэмээн буцаж орж ирсэн нь миний “Хаан” банкны дансны хуулгаар нотлогдоно. Яагаад гүйлгээ хийгдээгүй шалтгааныг мэдэхгүй.

3. Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр охиноо төрүүлсэн ба 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “нөхрийгээ гэртээ ирсэнгүй, намайг нялх биетэй байхад архи дарс ууж, халамжилсангүй” гэх шалтгаанаар муудалцсан. Энэ үед хадам ээж Д нь ирж улам маргаж, улмаар тэднийхээс нялх хүүхдээ тэврээд өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа гарсан. Энэ үйл явдал нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч Рэгзэнгомбо, Тэргэл нарын өгсөн мэдүүлгийн хуулбар, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагдана. Харин хохирогчийн мэдүүлээд байгаа шиг дансан дахь мөнгийг авахаар эхнээсээ төлөвлөсөн зүйл огт байхгүй болно.

Тухайн үед би нялх хүүхэдтэйгээ очих газаргүй, ажил хийх боломжгүй байсан учраас, түүнчлэн өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа захиран зарцуулж байсан учраас байр түрээслэх, хүүхдэд хэрэгцээтэй эд зүйлс, хоол хүнс, эм тариа худалдан авах зэргээр дансанд байсан мөнгөнөөс зарцуулсан. Холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Өөрөөр хэлбэл би гэр бүлийн таарамжгүй харьцаа маргаанаас болж, хүүхдээ асран хамгаалах гарцаагүй нөхцөл байдлаас шалтгаалан гэр бүлийн хөрөнгө, зарцуулах эрхтэй гэж ойлгож байсан учраас мөнгийг зарцуулсан юм.

Түүнчлэн цагдаагийн байгууллага хэргийг шалгахдаа зөвхөн нэг талыг барьж, яллах талын нотлох баримтыг цуглуулж, цагаатгах талын буюу миний хувийн байдал, тухайн үед хамт байж бүхнийг харсан гэрч ээжийг минь, найзыг минь ч огт гэрчээр асуугаагүйд гомдолтой байна.

Шүүх хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шалгаж нягтлалгүйгээр.шалтгаант холбоог тогтоолгүйгээр зөвхөн мөнгийг зарцуулсан байна хэмээн өрөөсгөл дүгнэлт хийж, намайг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй хэмээн үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа хэлсэн саналдаа “... шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийж чадсангүй. Шүүгдэгч нь тухайн үед гарцаагүй нөхцөл байдлын улмаас мөнгийг захиран зарцуулсан байдлыг анхаарч үзээгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Ө.Одончимэг хэлсэн саналдаа “... хохирогчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хохирогч нь Г.Солонгын хүүхдийг асран хамгаалах, гэр бүлийн харилцаанд ямар нэгэн үүрэг хүлээх этгээд биш юм. Г.С-д итгэмжлэн харицуулсан мөнгө болох нь түүний өөрийн гаргасан гомдлоос тодорхой харагдаж бөгөөд дундын хөрөнгө бус зөвхөн бизнесийн орлого юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эсэхэд хэрэгсэхгүй болгосон шийдвэр шүүхээс гаргасан нь хэрэгт авагдсан. Хэрэв захиран зарцуулаагүй гэж байгаа бол андуурагдсан мөнгийг буцааж шилжүүлэх боломж байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа” гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүх Г.Сг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн хадам ээжийн орон сууцны урьдчилгаа дансанд нь орж буйг мэдсээр байж завшсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр өөрийн “ХААН банкны 5050159918 тоот дансанд байсан, хадам эх Ц.Дн итгэмжлэн хариуцуулсан 33.683.409 төгрөгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан  шүүгдэгч Г.Сн үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэж, хуульд заасан төрөл хэмжээ буюу 2 жил хорих ял оногдуулж уг ялыг биелүүлэхийг шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан мөн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдалд тохирсон байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

 

Хэргийг мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн бүх ажиллагааг хянахад тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэдийгээр шүүгдэгч Г.С-, хохирогч Ц.Д нар нь хадам эх болон бэрийн харилцаатай боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд” биш бөгөөд тус тусдаа амьдардаг, хамтран аж ахуй эрхэлдэггүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул гэр бүлийн гишүүд гэсэн тодорхойлолтод хамаарахгүй байна.

 

Мөн хохирогч Ц.Д нь хувийн бизнесийн орлого болох “түрээсийн төлбөр, байр захиалгын төлбөр” зэргийг хүү Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран амьдарч байсан Г.Сн “Хаан” банкны дансанд хийлгэж, шилжүүлдэг байсан нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байх бөгөөд үүнийг дундын өмчлөлийн хөрөнгө мэтээр үзэж захиран зарцуулах эрх Г.С-д олгогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Сн хяналтын шатны шүүхэд гаргасан “... гарцаагүй нөхцөл байдлаас шалтгаалан гэр бүлийн хөрөнгө, зарцуулах эрхтэй гэж ойлгож байсан учраас мөнгийг зарцуулсан, хэргийг шалгахдаа зөвхөн нэг талыг барьсан, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30ы өдрийн 1897 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                         Б.АМАРБАЯСГАЛАН

 

ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

 

                                                             Б.БАТЦЭРЭН

 

                                                             Б.ЦОГТ

 

                                                             Ч.ХОСБАЯР