Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0262

 

 

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0163 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.О-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0163 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлалгүйгээр, хуулийн дагуу нийгмийн даатгалд шимтгэл төлсөн цалингаас тэтгэврийг тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлээгүй Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг зөвтгөн тогтоож, дутуу олгосон тэтгэврийн зөрүү мөнгийг олгохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Тус анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч БНД-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ЗГ-ын №153 тоот тогтоолын 2в заалтад дурдсан цалин хөлсний дээд хэмжээг 1080000 төгрөгөөр тогтоосон тул нэхэмжлэгч Д.О-ийн НД-д илүү төлсөн шимтгэлийг түүнд эгүүлэн буцаан олгосон тухай шүүхэд мэдүүлсэн ба миний бие энэ тухай хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тухай хариу тайлбартаа хэлсэн бөгөөд шүүгч үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Гэвч хариуцагч Д.О-д илүү төлсөн шимтгэлийг буцаан олгосон тухайгаа эсэргүүцэн дахин дахин тайлбарласан болно. Шүүхийн шийдвэр гарахад хариуцагчийн энэхүү тайлбар нөлөөлсөн хэмээн би ойлгож байгаа.

НД-ын байгууллага нь нэхэмжлэгч Д.О-ийн сар бүр авах хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос шимтгэл төлснийг хүлээн зөвшөөрч, НД-ын дэвтрийг нь баталгаажуулсан бөгөөд 2011.07.01-нд тэтгэвэрт гарах үед түүний шимтгэл төлсөн цалингаас хуульд заасны дагуу тэтгэврийг тогтоох ёстой атал Засгийн газрын 92 тоот тогтоолын дагуу тэтгэвэр тогтоох цалингийн дээд хэмжээг хязгаарлан бодож, тооцсон нь хууль бус үйлдэл юм. Нэхэмжлэгч Д.О-ийн сард авбал зохих тэтгэврийн хэмжээг илтэд бууруулан олгосон нь түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг шүүх хууль зөрчөөгүй хэмээн шийдвэрээрээ зөвтгөснөөс гадна шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн нь шүүх хуралдаан дээр хариуцагчийн гаргасан тайлбарт дурдагдсан “илүү төлсөн шимтгэлийг нэхэмжлэгч Д.О-д эгүүлэн буцаан олгосон гэх баримтууд”-ыг шүүх энэхүү ач холбогдол бүхий нотлох баримтыг хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно.

2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Анх нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2011 онд Засгийн газрын 1996 оны №80, 1998 оны №92 тоот тогтоолын дагуу тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 14 сарын цалин хязгаарлагдаж байсан бол Засгийн газрын 2015 оны 52 тоот тогтоолын дагуу тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 17 сарын цалин хязгаарлагдсан нь үндэслэлтэй байна. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15-р зүйлийн 15.7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно”, мөн хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг НД-ын Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, 32-р зүйлд “Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээ, дунджийг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно”, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.6-д заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан ҮСХ, НД-ын ҮЗ-ийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно” гэж тус тус зохицуулжээ. Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Засгийн газрын 2012.05.02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаа олгох тэтгэвэр бодох цалинг итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” №153 тоот тогтоолын 2 дахь заалтын “в”-д “2011.04.05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1080000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцох”-оор заасны дагуу нэхэмжлэгчийн сонгосон онуудын цалинг 1080000 төгрөгөөр хязгаарлаж тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн байна. Тодруулбал Засгийн газраас Нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжсэн үеэс тэтгэвэр тогтоох сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарласан шийдвэр нь НД-ын хуулийг хэрэгжүүлэхээр авч байгаа нийгэм, эдийн засгийн арга хэмжээ бөгөөд НД-ын байгууллага энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй” гэжээ. Үүнээс уншихад шүүгч хууль хэрэглээний хэд хэдэн алдаа гаргасан. Үүнд:

Шүүхийн үндэслэлд дурдагдсан Засгийн газрын 1996 оны №80 тоот тогтоолыг Засгийн газар нь 1998 оны 92 тоот тогтоолоор хүчингүй болгосон. Гэвч Засгийн газрын 92 тоот тогтоол нь “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” бөгөөд уг тогтоолын хуулийн иш үндэс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэсэн байдаг. Энэхүү хуулийн 32 дугаар зүйлд “Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээ, дунджийг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэх хэсэгт мөн адил иш үндэс болгосон байх ба уг зүйл заалтын агуулгыг 2008 оны 05 сарын 08-ны өдрийн УИХ-аас батлагдсан хуулиар бүрэн өөрчлөн найруулсан тул хүчингүй болсон заалтын агуулгыг шүүх буцаан хэрэглэсэн байна. Мөн хуулийн уг заалтын агуулга бүрнээ өөрчлөн найруулагдсан байх бөгөөд Засгийн газрын 92 тоот тогтоолын хуулийн иш үндэслэл болгосон заалт үгүй болсон атал шүүх Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу үндэслэх хуулийн заалт хүчингүй болсон бол Засгийн газрын 92 тоот тогтоол автоматаар хүчингүй болсонд тооцох ёстой.

Засгийн газрын 92 тоот тогтоолын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” гэсэн гарчгийн агуулга нь маш тодорхой илэрхийлэгдсэн бөгөөд уг тогтоолын 1-д “НД-ын тухай хуулийн 15-р зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн НД-ын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, ... мөрдөхийг ... даалгасугай” гэжээ. Нэхэмжлэгчийн хувьд нэгэнт шимтгэлээ төлсөн болохыг НД-ын дэвтэр дээр нь НД-ын байгууллагаас баталгаажуулсан бөгөөд түүнийг тэтгэвэрт гарах үед хэрэглэж байсан 2008 оны 5 сарын 08-нд УИХ-аар шинээр нэмэлтээр батлагдсан НД-ын тухай хуулийн 15-р зүйлийн 15.7-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ҮСХ-оос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын ҮЗ-ийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” хэмээх заалт болон дээрх 92 тоот тогтоол зэргийг судлан үзэхэд “шимтгэл төлөх” журмыг зохицуулсан байна. Засгийн газрын энэхүү тогтоолд “зөвхөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг” тогтоосон агуулгатай байх ба хариуцагч байгууллага уг тогтоолыг нийгмийн даатгалд нэгэнт шимтгэл төлсөн сарын хөдөлмөрийн хөлснөөс өндөр насны тэтгэврийг шинэчлэн тогтоох харилцаанд хамаатуулан хязгаарласан нь илт хууль бус үйлдэл юм.

“Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлс”-ний талаар НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн НД-ын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45%-иар тогтооно”, мөн хуулийн 22-р зүйлийн 22.1-д “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс”-өөс тооцно хэмээн тодорхойлжээ. Монгол Улсын хуулиар даатгуулагч иргэний өндөр насны тэтгэврийг “НД-ын шимтгэлд төлсөн хөдөлмөрийн хөлс”-өөс хуульд заасны дагуу тооцохоор журамласан байхад хариуцагч байгууллага нь “тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарласан” хэмээн нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгон авах шударга журмыг үгүйсгэж, Үндсэн хуулиар баталгаажуулсан түүний үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдлийг шүүх дэмжиж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Дээрх хуулиудын гол агуулга нь “Тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлстэй дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан индексжүүлж, ...шинэчлэн тогтооно” гэж тодорхой дурдсан байхад шүүх энэхүү хууль, зүйл, заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн ба эдгээр хуулийн зүйл заалтуудад “тэтгэвэр бодох цалин хөлсний дээд хэмжээг хязгаарлах” тухай огт дурдаагүй болно.

Гэвч энэ хуулийн 2008 оны 5 сарын 08-ны нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 01 сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тухай хамгийн их ач холбогдол бүхий цаг хугацааг шүүх үнэлэлгүй орхигдуулсан ба хууль гарсан цагаас хойш үйлчлэх ёстой хууль хэрэглээний үндсэн зарчмыг баримтлалгүй, 2011 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон Д.О-д 2015 оны 01 сарын 30-ны өдрийн хуулийг буцаан хэрэглэж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дордуулсан шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн хавсралт хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “МУ-ын ҮХ-д тодорхойлсон хүний эрхийг дордуулсан заалт бүхий БНМАУ-ын болон ОУ-ын гэрээ, тэдгээрийн заалтыг мөнхүү Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэрэглэхийг хориглоно” гэж заасныг шүүх үл хэрэгсэв.

Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 12 сарын 14-ний өдрийн 1/02 тоот тогтоолын үндэслэлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын 2005 оны 02 сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоолын 2 дахь хэсгийн “1998 оны 7-р сарын 1-ний өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 120000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн заалтыг буцаан хэрэглэж өмнө нь тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн эрхийг хязгаарласнаараа хууль гарснаас хойш үйлчлэх үндсэн агуулга болон хуулийн заалт нь тухайн зохицуулж буй харилцаанд оролцогчдын эрх ашгийг сөргөөр хөндөж байвал буцаан хэрэглэж болдоггүй тухай эрх зүйн ерөнхий зарчимтай зөрчилдөж, ингэснээрээ иргэдийг тэтгэвэрт гаргасан он, сараар ялгаж Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль,...-ийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсгийн “Хүнийг ...нас, ...эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” хэмээх үндэслэлээр Засгийн газрын 2005 оны 22 тоот тогтоолын 2 дахь хэсгийг хүчингүй болгосон бөгөөд энэхүү тогтоолтой Засгийн газрын 2012 оны 153 тоот тогтоолын “в” заалт нь тоон утгаас бусад агуулгын хувьд агаар нэгэн бөлгөө. Үндсэн хуулийн цэцээс гаргасан дээрх дүгнэлт бүхий тогтоолд “ҮХ-ийг зөрчсөн байна” хэмээх шийдвэр нь шүүхийн хууль хэрэглээний практикт ёсчлон биелэгдэж, шүүхээс гарах шийдвэрээр баталгаажиж, иргэнийхээ үндсэн эрх, Үндсэн хуулиар хамгаалагдах ёстой. Засгийн газар мэдсээр байж, Үндсэн хуульд үл нийцэх энэ мэт тогтоолыг санаатайгаар удаа дараалан гаргасан тохиолдолд захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэцийн хүчин төгөлдөр шийдвэрийг шүүхээс гаргах шийдвэртээ иш үндэс болгон тусгаж, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан үүргээ төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх ёстой. Учир нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчиж, болзошгүй субъект нь төр, төрийн албан хаагч бөгөөд Үндсэн хуулийн 19.1-д “...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... иргэнийхээ өмнө хариуцна” хэмээн заасны дагуу иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалан, баталгаажуулах үүднээс захиргааны хэргийн шүүхийг байгуулсан гэж ойлгож байгаа. Шүүх төрийн нэрийн өмнөөс шийдвэрээ гаргадаг тул Үндсэн хуулийн цэцээс “Үндсэн хууль зөрчсөн” тухай нэгэнт гаргасан шийдвэрийг хамгаалан, бэхжүүлэх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0163 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлв.

Нэхэмжлэгч Д.О нь “Нийгмийн даатгалын байгууллагууд нь миний тэтгэвэр бодох цалингийн дээд хэмжээг хязгаарлалгүйгээр хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингаас тэтгэврийг тогтоож өгөхийг хүссэн хүсэлт гомдлыг шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, миний дээрх хүсэлтийг хангаж хуульд зааснаар зөвтгөн тогтоохыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, мөн дутуу олгосон тэтгэврийн зөрүү мөнгийг олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “миний бие 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэврээ хүнд нөхцөлтэйгөөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 60-н сараас 2006 оны 7 дугаар сараас 2011 оны 6 дугаар сарын цалинг сонгож, тэтгэврээ тогтоолгосон юм. Гэтэл миний сонгосон 60-н сарын цалингаас 23 сарын цалинг 1,080,000 төгрөгөөр хязгаарлаж бодсон байх ба миний авбал зохих тэтгэврийн хэмжээг дордуулан олгож байсан” гэжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд “Даатгуулагчийн шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дээд хэмжээ, дунджийг тодорхойлох журмыг Засгийн газар тогтооно”/ энэ зүйлд 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “дээд хэмжээ” гэж нэмснийг мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар бүхэлд нь өөрчлөн найруулсан/, 15 дугаар зүйлийн 7-д “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно”/ энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар /“Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно”/ гэж өөрчлөн найруулагдсан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь улсад 29 жил 5 сар 5 өдөр ажилласан, сарын дундаж цалин түүнтэй адилтгах орлого нь 757,471 төгрөг байсан болох нь нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгохын өмнөх сүүлийн 5 жилийн буюу 2006-2011 онд зарим үед 1,381,119 төгрөгийн цалин авч байсан ч энэ нь түүний тэтгэврийн хэмжээг энэхүү цалингийн хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж тооцож, тэтгэврийн хэмжээг тогтоох үндэслэлгүй.

Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 153 дугаар тогтоолын 2 дахь заалтын “в”-д “2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1.080.000 /нэг сая наян мянган/ төгрөгөөр тооцох”-оор заасны дагуу хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгчийн сонгосон 2006-2011 онуудын цалинг 1,080,000 төгрөгөөр хязгаарлаж тогтоосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2019/0163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР