Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 198

 

Х.Ц-, Л.Л-нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай  

 

Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Х өмгөөлөгч П.Өлзийбаяр, Э.Ганбат, хохирогч Д.Саранжав, хохирогч Н.Оюунтуул, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранчилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, Х.Ц-, Л.Л-нарт холбогдох 1714000000186 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Лн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хохирогч Д.Саранжав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1964 онд өдөр төрсөн, эрэгтэй, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 151А таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,.

 

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч Х.Ц-, Л.Л-нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар баг, 10а дугаар гудамжны 11 тоотод Н.Баттулгыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Л- Х.Ц- нарыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хүнийг бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шүүгдэгч Л.Л- Х.Ц- нарт 13 жил хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч Л.Л-1024 хоног цагдан хоригдсон, Х.Ц- 985 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л- Х.Ц- нарын болон өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Саранжав гаргасан гомдолдоо “... Д.Саранжав миний бие нь Н.Баттулгатай гэрлээд 26 жил шахуу болсон бидний дундаас 3 охин гарсан ба дагавар нэг охинтой, зээ хүү 1 нийт ам бүл долуулаа амьдардаг байлаа. Гэвч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр аймшигт мэдээ сонсож, бид хэзээ ч нөхөж болохгүй гарз гарч, бидэнд болон надад харамсалтай хэцүү үе тулгарсан. Гэвч шүүх бидний эрх ашгийг харгалзан үзэлгүй ганц хоног гэрт нь хонож үзээгүй хадам эгч Н.Оюунтуулыг миний адилаар 50 хувиар сонгож байгаа нь бидний эрхийг хязгаарлаж  байгааг онцлон хэлье. Хохирогчийг сонгохдоо гэр бүлийн хүн, 2 үр хүүхэд, үр хүүхдүүд гэдэгт нь “дагавар болон төрсөн үр хүүхдүүд” гэж байдаг юм билээ. Гэтэл насанд хүрсэн 2 хүүхэд байхад яагаад Н.Оюунтуул гэж. Жишээ нь: С.Мөнхзаяа 29 настай, Б.Мөнхзул 24 настай гээд 2 охин нас биед хүрсэн охидууд байгаа. Н.Оюунтуулын тухайд бидний дунд амьдарч байгаагүй дүүгийнхээ алдаа, дутагдалд үнэн шударгаар хандахгүй, мөн хохирлын мөнгө болон 8 сая төгрөгийг аваад “дүүгийнхээ 2 хүүхдийн дансанд хийнэ” гээд 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хийгээгүй байгаа ба шүүгдэгчидээс, ар гэрийн хүмүүсээс мөнгө авч байгаа нь надад таалагдаагүй байгаа юм. Энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Хохирлын мөнгөний 4 сая төгрөгийг Б.Мөнх-Ирээдүйн “Хаан” банкны 5059413130, Б.Түмэнжаргалын 5031955878 гэсэн дансуудад хийхийг нэхэмжилж байна. Тухайн хэрэг явдал бидэнд учирсан гай газар доороос гэсэн юм шиг боллоо. Нэг айлын 3 хүргэн хэзээ ч хэрэлдэж, зодолдож байгаагүй учир маш их гайхаж байна, харамсаж байна. Гэхдээ энэ гэнэтийн үйл явдал болоод талийгаач нөхрийн маань бас буруу байгааг хэлэхэд надад хэцүү ч гэсэн би шүүхийг шударга шийдвэр гарахад хэрэг болж магадгүй гээд шүүх хуралдаа дээр болон одоо ч бас бичиж сууна. Тухайн үед Л.Лхамаад гаргасан хоолой боосон асуудлыг надад хүртэл гаргаж байсан. Дээр гарч суучихаад хоолойг маань боосон, болиулах гээд гар хүрэхгүй хоолой болон нүүрэнд нь хумсаарай самардсан боловч “өө чи муу урчихлаа” гээд миний толгой уруу мөргөж байх тэр явцад нүдэнд минь гал үсрээд харанхуй болж за ингээд л өнгөрдөг юм бодоод үхэлтэй эвлэрч байтал ашгүй хаанаас юм бэ “наад хүн чинь үхчиж” гэж хэлэх хүний үг сонсогдоход талийгаач маань гараа гэнэт авахад амьсгал авч би ухаан алдаад нэг сэрэхэд байшлаад гээд 2 хацар  руу маань алагдаж би сэргэсэн. Энэ байдлыг дүгнэхэд талийгаач маань согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө хянаж чадах чадвараа алддаг юм. Хэдийгээр ингэж цохисоноо мэдчихээд маш их сэтгэлээр унадаг байсан. Бусдаараа миний нөхөр бол маш сайн хүн, хүнд тусархуу сайхан сэтгэлтэй сайн аав, хань байж чадсан юм. Эдгээр нь миний уучлах шалтгаан нь байгаа. Хэрвээ Л.Л-биеэ хамгаалаагүй бол үхсэн байж болох байхаа, тэгвэл хамгийн нэгд манай талийгаачийг буруутгана. Л.Л-2 цохисон хоёуланд нь биеэ хамгаалсан байдаг, тэгээгүй бол үхэх байсан юм уу? Миний нөхрийн шарандаа бичсэн бичлэг болохыг би хэлсэн гэтэл тухайн үед үнэхээр гомдсон бол яагаад “энэ 2 хүргэн намайг элбээд зодлоо” гэж хэлээгүй юм бэ? Над руу биш юмаа гэхэд төрсөн ах, эгч, дүү, охин руугаа, тэгээд маргааш нь өөрөө залгаад над руу ярихдаа яагаад “данхраад унаад хамрыг маань шүргээд шалбалчихлаа” гээд худлаа ярив. Бас Л.Лхамаад 80.000 төгрөг тоолоод өгөөд миний данс руу хийлгэж чадсан. Гэвч Лхамаатай ярихад өчигдөр болж өнгөрсөн талаар яриагүй байдал нь “энэ явдал бидний хооронд болсон учир битгий хэлээрэй” гэсэн болов уу гэж бодсон. Согтуу үедээ шарандаа бичсэн бичлэгийг энэ хэрэгт холбогдуулж байгаа нь буруу гэж үзэж байна. Х.Ц- ахын хувьд бол тэр болгон зодоон цохионд оролцоод байдаггүй, шоронд хоригдож байх хугацаанд охин нь нөхөртөө зэрлэгээр зодуулж өнгөрсөн. Энэ хэрэг дээр охин ямар ч сөрөг үйлдэл хийгээгүй байж байгаад өнгөрсөн нь гэртээ ямар ч зодоон цохио гаргадагүйг гэрчилж байна гэж үзэж байна. Эмнэлэг дээр талийгаач маань 2 давхарт гараад эмчийн асуултанд өөрийн үгээр хариулаад эмнэлэгт хэвтсэн байдаг. Тухайн үед 4-5 дусал хийгдсэн гэдэг. Үнэхээр хүнд байсан бол яагаад палатанд хэвтүүлж байгаа юм бэ? Үхэхээсээ өмнө 3-4 минутын өмнө сэхээн амьдруулах тасагт орсон ороод 3-4 минут болоод амьсгал хураасан гэж би эмчээс нь сонссон. Цус алдаж байгаа хүнд тухайн эмчилгээг таарсан уу, яагаад толгойны зурагыг авхуулж болоогүй юм бэ гэж маш их эргэлзэж байна. Сүүлд нь дүгнэж хэлэхэд тухайн хохирлын мөнгө болох ах, эгч хоёрын зардлаас бусад миний гаргасан мөнгө учир 2 хүүхдийн маань дансанд хийлгэж өгөхийг, бас дээр дурдсан миний эргэлзээтэй зүйлүүдийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Н.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн үйл баримтыг зөрүүтэй дүгнэсэн гэсэн гомдлыг гаргасан. Энэ хэрэгт Х.Ц-г тухайн гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин Л.Х мэдүүлгийг үндэслэж түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх Х.Ц-г бусдын амь насыг санаатай, бүлэглэж хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл Х.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэрэг үйлдээгүй байна гэсэн байр суурьтай байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хоорондоо зөрүүтэй, /Х.Ц-, Л.Л-нарын мэдүүлэг/ мөн мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэл, мэдээлэлд Х.Ц-г буруутгасан нотлох баримт байдаггүй. Түүнчлэн хэргийн газраас авсан ул мөр, бусад нотлох баримтаар миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд Х.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Н.Мэндээ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Х.Ц-гийн хувьд энэ гэмт хэрэгт оролцсон оролцооны хувьд хэрэгт авагдсан баримтаар “нэг удаа өшиглөсөн” гэдэг нөхцөл байдал тогтоогдоод бусад байдлууд өөр нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж үзэхээргүй байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар ял шийтгэл оногдуулсан нь түүний хувьд харамсалтай байгаа. Л.Л-нь Х.Ц-г бүлэглэж бусдын амь насыг хохироосон гэж мэдүүлдэг бөгөөд түүний өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, ямар нэгэн асуудал гаргаад байдаг. Гэтэл Л.Х мэдүүлгийг үндэслэж, Х.Ц-г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хүнийг санаатай алах гэмт хэрэг мөн үү, бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг үү гэдэг дээр буюу хэргийн зүйлчлэл дээр маргадаг. Х.Ц- хохирогчийг нэг удаа өшиглөсөн, түүний улмаас хохирогчид гэмтэл учраагүй гэдэг нь дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл Х.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх юм уу, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч Л.Х өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хууль хэрэглээний талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн агуулгаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хэргийн зүйлчлэлийн талаар мэтгэлцсэн. Л.Х үйлдэлдээ хандаж байгаа субьектив хандлага, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг илүү агуулж байгаа. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр Л.Х биед гэмтлийн шинжтэй нөхцөл байдлууд бий болсон. Өөрөөр хэлбэл хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Мөн амь хохирогчид санал тавьсан боловч эмнэлэгт очиж үзүүлэхгүй гэж татгалзсан байдаг. Хохирогчийн эмнэлгийн тусламж авахгүй гэж байгаа үйлдэл нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлт, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагаа, эмнэлэг дээр очоод Л.Х “энэ хүнийг авраачээ” гэж орилоод гүйж байгаа нөхцөл байдал, сэтгэхүйн хандлагын хувьд “хүнийг алах” гэмт хэргийн сэдэлтээс илүү, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн сэдэлт, шинжийг агуулж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

 Мөн шатны шүүхэд шүүгдэгч Л.Х өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... П.Өлзийбаяр өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол”-ыг хуульд заасан үндэслэлээр бүрэн хянаж чадаагүй. Тухайлбал анхан шатны шүүх “Л.Л- Х.Ц- нар нь хохирогчийг зодох талаар урьдчилан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь тогтоогдсон учир бүлэглэн гүйцэтгэсэн гэж дүгнэлээ” гэсэн. Шүүгдэгч нар нь хохирогчийн биед хүнд гэмтэл санаатай учруулж, тэдний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлаагүй буюу энэ хор уршгийг хүсээгүйгээр гэмтэл учруулсан боловч хохирогчийн толгойд өшиглөсөн, цохисон үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэрийн улмаас хохирогч нас барсан гэж шүүх дүгнэлээ гэж байгаа юм. Ингэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар бүлэглэж гэж шийдвэрээ бичсэн байна. Шүүхээс гаргасан дүгнэлт нь өөр атлаа шийдвэр нь хууль хэрэглээний хувьд хүндрүүлж байгаа юм. Шүүх дүгнэлтдээ тохирсон зүйлчлэлээр нь эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой. Давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн хувьд дутагдалтай болсон буюу хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт, хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял хоёр хоорондоо зөрүүтэй байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч гэмтэл авсны дараа 28 цаг 30 минутын дараа нас барсан. Үүний тал цагт нь хохирогчийн оюун санаа, ухаан нь эрүүл саруул байсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Уг гэмт хэргийн хувьд хохирогч хүнд гэмтлийн хүндрэлээр нас барсан байгаа” гэв.

 

Мөн шатны шүүхэд хохирогч Н.Оюунтуулын өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Энэ хэрэг нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр нийт 9 удаа хэлэлцэгдсэн. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл, оролцоо зэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь хүнийг шууд бус санаатайгаар алсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч нарын идэвхитэй үйлдэл буюу гараар цохих, өшиглөх зэрэг санаатай үйлдлүүдийн улмаас хохирогч Н.Баттулга нас барсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаан холбоотой. Хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн хийсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Л- Х.Ц- нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээр нэгдэж бүлэглэн хамт архи уусан хохирогч Н.Баттулгыг толгой руу гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд “их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорхи цусан хураа” бүхий хүнд гэмтэл учруулж санаатай алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэг айлын хүргэнүүд болох Л.Л- Х.Ц-, амь хохирогч Н.Баттулга нар нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр архидан согтуурхаж, улмаар эхлээд шүүгдэгч Л.Л-нь амь хохирогчтой маргалдан зодолдож, шүүгдэгч Х.Ц- уг зодоонд татагдан орж, шүүгдэгч нар нь тус тусдаа боловч нэг цаг хугацаанд хохирогчийг өшиглөх, толгой руу нь цохих, сандлаар цохих зэргээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээр нэгдэн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн “... тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /170 гр/ бүхий гэмтэл” учруулж, уг гэмтлийн улмаас амь хохирогчийн тархи дарагдаж амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа нь зогсож амь нас нь хохирчээ.

 

Анхан шатны шүүх нь прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Х.Ц-, Л.Л-нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан “хүнийг бүлэглэж алах” гэмт хэрэгт тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ялыг тэдгээрт оногдуулсан байна.

 

Хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэхэд шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан гэх үндэслэлээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч нар “гэмт хэрэг үйлдээгүй учир холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах” тухай гомдол гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэхдээ гэмт хэрэг хамтран үйлдсэн шүүгдэгч Л.Х мэдүүлэг болон нууц мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд тогтоогдсон үйл баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.  

   

Хохирогч Н.Оюунтуул, Д.Саранжав нар нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж мэдүүлсэн ба шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол нөхөн төлөгдсөн гэж дурдсан нь үндэслэлтэй тул хохирогч Д.Саранжавын “... ах, эгч хоёрын гаргасан зардлаас бусад нь миний мөнгө учир 2 хүүхдийн дансанд хийлгэж, эргэлзээтэй зүйлүүдийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлын хувьд нөхөн төлөгдсөн төлбөрийг хэрхэн хуваарилж зарцуулах нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоогдсон этгээдүүдийн өөрсдийн хүсэл зоригийн асуудал болно.

  

Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал нарын “... гэмт хэрэгт оролцсон нь эргэлзээтэй тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү”, шүүгдэгч Л.Х өмгөөлөгч П.Өлзийбаярын “... хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, хохирогч Д.Саранжавын гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан ба давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ц-гийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Х өмгөөлөгч П.Өлзийбаяр, хохирогч Д.Саранжав нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                    С.БАТДЭЛГЭР

 

ШҮҮГЧИД                                                        Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                         Ч.ХОСБАЯР

 

                                                                         Б.ЦОГТ

 

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН