Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Л , Х.Ц  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч Д.С /онлайнаар/

Хохирогч Н.О , түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ, П.Өлзийбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Н.Энхжаргал /онлайнаар/  

Шүүгдэгч Л.Л , Х.Ц

           Нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/340 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Л , Х.Ц , шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Л , Х.Ц  нарт холбогдох эрүүгийн 1714000000186 дугаар хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  овогт Х.Ц , 1964 оны 12 дугаар сарын 04-нд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, Монгол улсын онц тээвэрчин цол тэмдэг, хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, урьд 2001 оны 12 сарын 25-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

 

Монгол Улсын иргэн, овогт Л.Л , 1982 оны 7 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Л.Л  нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Х.Ц той бүлэглэн Н.Б  зодож алсан гэмт хэрэгт,

Х.Ц  нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Л.Л тай бүлэглэн Н.Б  зодож алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Л.Л , Х.Ц  нарт  тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар  зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт Л.Л ,  овогт Х.Ц нарыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хүнийг бүлэглэж  алсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шүүгдэгч  овогт Л.Л ,  овогт Х.Ц нарыг арван гурван / 13 / жилийн   хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Л.Л , Х.Ц  нарт арван гурван / 13  /  хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Л  энэ хэргийн учир 1024 хоног цагдан хоригдсон, Х.Ц гийн 985 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь  тус тус оруулан тооцож, шүүгдэгч Л.Л , Х.Ц  нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Н.Баттулгын өмсөж явсан улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн ноосон цамц, ягаан өнгийн дотоож, шүүгдэгч Х.Ц гийн хар өнгийн хагас түрийтэй хос гутал, Х.Ц гийн гэрээс хураан авсан 3-н хөлтэй сандал, хэргийн газрын үзлэгээр хураан авсан 00-ын цаас хөрс шороотой хатсан цус мэт зүйл, хатсан цус зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хохирогчийн LGF-30L маркийн гар утас 1 ширхэг, уг утаснаас хуулбарласан бичлэг бүхий СД нэг ширхэг, шүүгдэгч нараас мэдүүлэг авах үед дуу дүрс бичлэг хийсэн СД 4 ширхэг, нууц ажиллагааны магадалгаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан мөрдөгчийн магадалгаа, нууц ажиллагааны СД 1 ширхэг  зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Л гийн 47-58 УНТ улсын дугаартай авто машин, шүүгдэгч Х.Ц гийн 58-58 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг авто машинуудыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Л.Л , Х.Ц  нар хэрэгцээний дагуу тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Л , Х.Ц  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Ц гийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Мэндээ би Хаянхярваа овогтой Цогтоогийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/340 дугаар шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

 

Шүүгдэгч  овогт Х.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар 13 / арван гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 16 -ны өдрийн шүүх хуралдаанаар хүнийг бүлэглэн алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар шийтгэл оногдуулсан.

Шүүгдэгч Х.Ц д холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь гурван удаа хийгдэж 2018 онд болсон шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 -д зааснаар хорих ял, 2019 онд болсон шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 -д зааснаар шүүх хурал болж цагаатгасан, 2020 оны 01 сард болсон шүүх хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 -д зааснаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэж байсан юм.

Энэ байдлаас дүгнэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хуулийн зүйл хэсэгт эргэлзээ төрж байна.

Олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон гаргасан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зүйлчилсэн бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хор уршгийг заажээ.

Хууль зүйн сайд , Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын 2.2-д “ гэмтлийн “ хүнд “ зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох ,амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

2.2.1.  амь насанд аюултай гэмтэл

2.2.2.  амь тэнссэн байдал

2.2.3.  гэмтлээс үүссэн үлдэц уршиг

2.2.4.  ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр / 35-100 хувь / тогтонги

Алдагдсан гэмтлийг хэлнэ гэжээ.

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 тоот шинжээчийн....Талийгаач Н.Баттулгын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, зовхи, хамар гарт зулгаралт, цус хуралт , зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ .... Талийгаачийн тархины хатуу хальсны доор үүссэн цусан хурааны байдлаас харахад уг цусан хураа нь нас барахаас 24-36 цагийн өмнө үүссэн байж болохоор байна. / 1-р хх-ийн 229-233/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 тоот шинжээчийн ... Талийгаач Н.Баттулгын цогцост тархины баруун

тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа ( 170 грамм ) зүүн нүдний зовхи, хамар гарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын алга, 2,3,4-р хуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа ( 170 грамм ) гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана ... Гэмтэл авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношилж, мэс засал эмчилгээг хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. / 3-р хх-ийн 105-109/

 

Талийгаач Н.Б д учирсан гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, эмчлүүлснийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримтууд , цаг хугацаа алдаагүй эмчлүүлсэн тохиолдолд амь нас нь аврагдах боломжтой байсан зэргээс үзэхэд хохирогч Н. Баттулга нас барсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай улмаас хохирогч нас барсан хэргийн шинж, бүрэлдэхүүн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймээс Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16 -ны өдрийн 2020/ШЦТ/340 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 -д зааснаар хорих ялаар тус тус шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Х.Ц гийн хувьд шүүгдэгчийн хуулийн зүйл хэсэгт эргэлзээтэй шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж байгаа тул хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Ц гийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-д д заасан эрх үүргийн дагуу Х.Ц гийн өмгөөлөгчөөр оролцож түүнд холбогдох Эрүүгийн 1714000000186 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тус хэргийг анхан болон давж заалдах шат, хяналтын шатны шүүх нийтдээ 10 дахь удаагаа хянаж, хамгийн сүүлд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/340 тоот шийтгэх тогтоол гаргасан.

Тус шийтгэх тогтоолоор Х.Ц г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан хүнийг бүлэглэн алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ял оноож, тус ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгчөөс энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүх нь Х.Ц г хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдээгүй байхад түүнд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 1.15 дугаар зүйлийн 2-д заасан хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Х.Ц  нь амь хохирогч Н.Б  сандлаар цохисон, гадаа гарахад нь өшиглөсөн гэх үйл баримт хангалттай тогтоогдоогүй.

Энэ үйл баримтын талаар тус хэрэгт хамт сэжиглэгдэн шалгагдаж байсан Х.Лхамаагийн анхны мэдүүлэгт ярьсан байдаг ч тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхны шүүх хуралдаан болон удаа дараагийн шүүх хуралдаанд "би Х.Ц  ахыг тухайн үед салгачихгүй гэж бодоод худлаа ярьсан, тухайн үед Х.Ц  гадаа гараагүй, гэрт байсан. Гадаа талийгаач бид хоёр зодоо хийсэн, талийгаачийн хамарт учирсан гэмтэл миний үйлдлээс болсон гэх мэдүүлэг болоод гэрт болсон үйл баримтын талаар "талийгаач Х.Ц  ах хоёр биеэ сандлаар цохисон талаар хараагүй", Х.Ц гийн "би тэр хоёрыг зодоо хийсний дараа ахархаад талийгаачийг бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн, өөрөөр цохиж зодоогүй гэх мэдүүлгүүд, Н.Баттулгын биед хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн толгойн тус газарт, толгойны ар хэсэгт ямар нэгэн хатуу биетээр цохисон, хавдсан гэх гэмтэл байхгүй байгаа талаарх дүгнэлт зэргээр:

Амь хохирогч Н.Баттулгын нүүр, толгойд учирсан гэмтэл нь Х.Лхамаа амь хохирогч Н.Баттулгын гадаа гараад зодоо хийгээд орж ирэхэд учирсан байсан талаар мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад ч гэсэн тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7-д заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэх мөрдөн шалгах нууц ажиллагааны тэмдэглэлийг шүүх үнэлэхгүй байх боломжтой. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай зарчмыг зөрчсөн.

Х.Ц  нь тус гэмт хэрэгт бүлэглэн оролцсон оролцоо байхгүй, талийгаач Н.Б д учруулсан хохирлыг Л.Л  учруулсан, энэ үйлдлээ ч гэсэн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны танхимд ямар шалтгаанаар ингэж хэлснээ тайлбарлан ярьсан, хэрэгт авагдсан нотлох баримт болоод бусад баримтаар Х.Ц гийн үйлдлээс шалтгаалж талийгаач амь хохирсон гэж үзэх хангалттай үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй.

Тус хэрэгт Н.Баттулгын биед учирсан гэмтлийг Л.Л  учруулсан гэдэг үйл баримт хангалттай тогтоогдсон, шалтгаант холбоотой, харин Х.Ц  тус хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй нотлох баримтууд хэргийг материалд авагдсан байгааг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Амь хохирогч Н.Б  нь тухайн үед шууд амь насаа алдаагүй, маргааш орой нь эмнэлэгт амь насаа алдсан, шинжээчийн дүгнэлтээр эмнэлэгт эрт ирсэн бол амь нас аврагдах боломжтой байсан гэдэг дүгнэлт гарсан байгааг шүүх харгалзан үзээгүй.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ямар шинжээрээ ялгаатай, тухайн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн заалтыг яагаад хэрэглэхгүй байгаа талаар тайлбарлахдаа "шүүгдэгчийн толгойд цохисон, өшиглөсөн үйлдэл"-ийн улмаас амь нас хохирсон нь гэм буруугийн холимог хэлбэр гэж тайлбарлажээ.

Харин Х.Ц  хохирогчийг өшиглөсөн, сандлаар цохисон гэдэг нь тогтоогдохгүй байхад түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн байгааг зөвшөөрөхгүй байна.

 Иймд: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Х.Ц д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Л.Л  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие овогт Л.Л  нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд болсон үйл явдлыг үнэн зөвөөр ярьж өөрийнхөө гэм буруутай үйлдлийн улмаас баз ахынхаа амь насанд хүрсэндээ маш ихээр харамсаж гэм буруугаа хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн билээ. Гэтэл анхан шатны шүүх хүндрүүлэн зүйлчилж өндөр ял шийтгэл оноож эрх зүйн байдлыг минь маш ихээр дордуулсанд би гомдолтой байна. Миний гэр бүл болох эхнэр 3 хүүхэд, өндөр настай аав, ээж минь хүний асрамжид байдаг. Хөгшин эмээ нарыгаа асран халамжлаад тусалж дэмжиж чадахгүй байгаадаа би маш ихээр харамсаж байна. Энэ хэрэгт холбогдсондоо маш ихээр гэмшиж, харамссан байдал, мөн миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан өндөр ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө  үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Ц  тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

 

Хаянхярваа овогтой Цогтоо миний бие 2020 оны 10 дугаар сарын 16-нд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-т зааснаар 13 жилийн хорих ял авсан тул энэ зүйлчлэлийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж байна.

Миний бие Х.Ц  нь Н.Б , Л.Л  хоёртой архи уусан нь үнэн. Н.Б тай маргаж зодоон хийгээгүй, харин ах хүний хувьд унтаж амарцгаа гээд Н.Баттулгын бөгсөн бие рүү өшиглөөд харьж амрахаар гарч явсан. Би энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Миний бие 56 настай цусны даралт байнга ихэсдэг, намайг мөрдөнд байх хугацаанд дунд охиныг минь нөхөр болох хүнд зүй бусаар хорлогдож амиа алдсан. Бага насны хоёр хүүхэд үлдсэн, миний эхнэр асарч байгаа. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

 

            Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/340 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гомдол эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Талуудын гомдлын гол үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлд заасан зүйл ангиар зүйлчлэгдэнэ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлээс сэтгэхүйн байдлаараа ялгагдана гэж хууль зүйн болон онолын ямар ч үндэслэлгүйгээр тайлбар хийж байгааг гайхаж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байна гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч Н.О ын хувьд гомдолтой байгаа гэв.

 

            Шүүгдэгч Х.Ц гийн өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Х.Ц гийн хувьд бүлэглэсэн, сандлаар цохисон гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлд заасан гэмт хэрэг гарцаагүй мөн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл 11.1 зүйлийн 2.5 дахь хэсгийн хамгийн гол ялгагдах зүйл нь үйлдэлдээ хандсан сэдэлт байдаг. Х.Ц , Л.Л  нарт холбогдох сэдэлт бол нэг нь биеэ хамгаалах гэсэн байдал, нөгөө нь больцгоо гэж ахархаж хөшиглөснөөс болж ийм байдалд хүрсэн. Ийм учраас хүнийг санаатай алах ямар нэгэн санаа сэдэлт байхгүй байсан гэдийг нэмж хэлье. Прокурор нэг гэмтэл аваад түүнээсээ өөр гэмтлээр нас барвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 гэж тайлбарлаж байна. Энэ тайлбар нь өрөөсгөл байна. Үүнийг нэг мөр тайлбарласан тайлбар практикт байдаггүй. Бүлэглэсэн, цохисон, зодсон, амь насыг нь хохироосон гэх үйлдэлд Х.Ц гийн үйлдэл холбогдол холбогдохгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс Х.Ц гийн үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийн бүрэлдэхүүн байна гэж үзэж байна гэв.

            Шүүгдэгч Х.Ц гийн өмгөөлөгч Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Бүлэглэн оролцсон оролцоо хангалттай тогтоогдодгүй юм. Хохирогч Баттулгын бичлэг дотор энэ нь ингээд цохичихлоо тэр нь тэгээд цохичихлоо гэдэг зүйл огт ярьдаггүй. Х.Ц гийн хувьд хохирогч болон шүүгдэгчээс 10 насаар ах хүн юм. Тэр хоёр хүнийг зодолдож байхад салгачихгүй яаав даа гэсэн байдлаар дотроо их харамсаж байгаагаа илэрхийлдэг. Түүнээс биш цохиж зодсон үйлдэл гаргаагүй гаргаагүй гэдгээ анхны мэдүүлэг болон бүх шатанд өгсөн мэдүүлгээрээ хэлсэн байдаг. Гэтэл эдгээр зүйлүүдийг хянан үзэхгүйгээр мөн шүүгдэгчид ашигтай мэдүүлгийг үнэлэхгүйгээр зөвхөн яллах талын нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Хоёрдугаарт Х.Ц  нь хэрэг явдал болох үед гарч яваад ирээд ороод ирэхэд дууссан байсан. Тэгээд би ахархаад талийгаачийг нэг хөшиглөсөн гэдэг. Талийгаачийг өшиглөсөн зүйл дээр маргадаггүй. Ийм нөхцөл байдал байхад хүндрүүлж зүйлчилж байгаад эргэлзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Х.Ц д холбогдох хэргийг хуульд байгаа боломжит хуулийн заалтуудыг хэрэглэн оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Л.Л гийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын тайлбар шинжлэн ухаан болон хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьсан гэдэг талаар ярьсан. Зүйлчлэлийн хувьд өнөөдрийн байдлаар хүнд гэмтлийн хүндрэлийн улмаас амь хохирсон гэмт хэргийн 80 хувь нь тархины цусан хураа гэх зүйлээс болсон байдаг. Энэ нь битүү гэмтэл учраас цаана нь юу болж байгааг бид хэлж мэдэхгүй хүндрэлд нь болгоомжгүй хандсан холимог төрлийн сэдэлтээр үүссэн гэмт хэрэг гэж үздэг. Хохирогч битүү гэмтэл авсан. Гэмтэл авснаас хойш 12 цагийн дараа эмнэлэгт очсон, 16 цагийн дараа амь хохирсон байдаг. Ийм нөхцөл байдал байхад хүнийг шууд алсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийг хуучин Эрүүгийн хуулийн 91.1 заасантай адилтгаж шийдвэрлэдэг ийм практик тогтож байна гэсэн үг. Тийм учраас сайн нягталж үзэж хэргийг шийдвэрлэх нь чухал гэж үзэж байна гэв.

            Шүүгдэгч Л.Л гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн эмнэлэгт очихгүй цааргалж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. Мөн сэтгэхүйн хандлагын асуудал яригддаг, гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг асуудлыг хянан үзэж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Л.Л  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байгаагаа шүүх хурал болгон дээр хэлдэг. Цагдан хоригдсон 3 жилийн хугацаанд энэ хэргийн талаар бодоогүй өнгөрүүлсэн өдөр гэж байхгүй. Тухайн үед ахыгаа над руу дайрахад хүлээн зөвшөөрөөд зүгээр өнгөрөөж болох байтал яагаад тийм үйлдэл гаргаад ийм байдалд хүрснээ бодохоор үнэхээр их гэмшдэг. Хэрвээ гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгвөл би гараад нийгэмтэйгээ харьцаад цаашид хохирогчийн ар гэрийнхэнд чадах чинээгээрээ тусална. Энэ гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байгаагаа хохирогчийн талынхан болон энд байгаа хүмүүст хэлмээр байна. Надад бага ял шийтгэл оногдуулж өгөөч гэж хүсэж байна гэв.

            Шүүгдэгч Х.Ц  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Х.Ц , түүний өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал, шүүгдэгч Л.Л  нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Х.Ц , Л.Л  нарт холбогдох хэргийг давж заалдах шүүх хуралдаанаар хэлэлцэж давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Прокуророос шүүгдэгч Х.Ц , Л.Л  нарыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсахын 3 дугаар багийн 10а гудамжны 11 тоотод согтуурсан үедээ бүлэглэн Н.Б  зодож алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Л , Х.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт зааснаар хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялаар тус  тус шийтгэжээ.

 

Мөрдөн байцаах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлахгүйгээр, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд үнэлэх боломжтой нотлох баримт цугларчээ.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байна. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжаар нь магадлах зэргээр шинжлэн судалж шалгахад хохирогч Н.Б  бүлэглэн зодож толгойн тус газар нь өшиглөх, сандлаар цохих зэргээр зодоход хохирогчийн амь нас нь хохирч болно гэдгийг шүүгдэгч нар нь энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой бөгөөд ингэж ухамсарлан ойлгож байгаа ч гэсэн бий болох амь нас хохирч болох аюулыг санаатай үйлдлээрээ шууд биш болгож хор уршигт хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Л , Х.Ц , талийгаач Н.Б  нар нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Л.Л  нь Х.Ц той бүлэглэж Н.Б  зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Баттулгын гар утсаар хийж авсан бичлэг, гэрч С.Эрдэнэбаатарын мэдүүлэг / 1-р хх-ийн 142-147-р тал /, Л.Л гаас яллагдагчаар мэдүүлэг өгсөн тэмдэглэл, / 2-р хх-ийн 103-108-р тал /, Х.Ц  яллагдагчаар мэдүүлэг өгсөн тэмдэглэл / 2-р хх-ийн 121-127-р тал/, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ ... талийгаач Н.Баттулгын тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа 170 грамм гэмтэл нь зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... ” гэсэн дүгнэлтээр амь тэнссэн байдал нь талийгаачийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байгаа тухай шинжээч нарын дүгнэлт, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 03 дугаар дүгнэлт, талийгаач Н.Баттулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо хэрэгт авагдсан дуу дүрсний бичлэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарлаж байгаа боловч талийгаач нь амьд ахуйдаа хэнд зодуулсан талаараа гар утсаараа дуу дүрсний бичлэг хийсэн ба үүнийг үгүйсгэсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх дуу дүрсний бичлэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан байна.

Талийгаач Н.Б  нь амь насанд аюултай хүнд гэмтлийг авч эмнэлгийн тусламж авсан боловч тухайн гэмтлийг даалгүй нас барах нь хүнд гэмтлийн улмаас эмчлэгдэж амь нас нь аврагдах боломжтой байсан нөхцөлд аливаа хэлбэрээр эмчлүүлэхгүй удаах эсхүл өөр шалтгаанаар хохирол гэмтлийг даамжруулсны улмаас нас барах хоёр нь ялгаатай байгаа тул энэ талаар бичсэн өмгөөлөгч нарын гомдлын няцаагдаж байна.

Амь хохирогчийн эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа  гэх гэмтлийн улмаас амь нас нь хохирсон бөгөөд амь тэнссэн байдлыг талийгаачийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь эмнэл зүйн шинж, шинжилгээгээр нотлогдож тогтоогдсон байна.

Иймд талийгаач Н.Баттулгын амь нас хохирсон гэмтэл үлхийн шалтгаан нь шүүгдэгч Л.Л , Х.Ц  нарыг бүлэглэж Н.Баттулгын зодсон үйлдлээс болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Л  нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд удаа дараа мэдүүлэг өгөхдөө эрс зөрүүтэй мэдүүлсэн байгаа нь түүний бүхэлд нь нотлох баримтын хэмжээнд үнэлэн Х.Ц гийн үйлдэл оролцоог тодорхойлох боломжгүй юм.

Шүүгдэгч Х.Ц гийн өмгөөлөгч нараас Х.Ц  нь амь хохирогч Н.Б  сандлаар цохисон, гадаа гарахад нь өшиглөсөн гэх үйлдэл баримт хангалттай нотлогдоогүй гэж тайлбарладаг. Мөн шүүгдэгч Л.Л гийн өмгөөлөгч нараас Л.Л гийн хохирогч руу хийсэн үйлдэл нь өөрийгөө хамгаалах, хийж буй үйлдлийг таслан зогсоох шинжийг агуулсан байдаг бөгөөд Н.Б  алах  зорилго шууд болон шууд бусаар агуулаагүй гэж тайлбарладаг боловч үйл баримтын хувьд шүүгдэгч Х.Лхамаа Цогтоо нар нь 2-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод хохирогч Н.Б тай хамт......-нийд архи ууж улмаар хохирогч Н.Б  нь шүүгдэгч Л.Л тай эхэлж маргалдан гадаа гарч харилцан зодолдсон байна. Ийнхүү Л.Л , Н.Б  нар маргалдаж зодолдох үед шүүгдэгч Х.Ц  гэрээс гарч Х.Лхамаа үйлдлийг дэмжин Баттулгын толгойн тус газар өшиглөсөн, мөн сандлаар толгойн тус газар нь цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.Л гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд намайг цохиж авсны дараа Н.Б  ах газарт унасан байхад Х.Ц  ах ирээд Н. Баттулга ахын нүүр лүү нь өшиглөж авахад би Х.Ц  ахыг цааш нь та болиоч гэж хэлж түлхээд Н.Б  ахыг татаад та намайг уучлаарай гэж хэлээд босгоход хамрынх нь дээд талд язарч цус гарсан босож ирсэн. Н.Б  ах Х.Ц  ахаа та намайг газарт унасан байхад өшиглөөд гэж хэлж их уурлаж босож ирээд та нарыг алнаа гээд машин руугаа гүйсэн....”, гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 103-108 /, мөн шүүгдэгч Л.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд би босгох гэхэд хажуугаас Цогтоо ах талийгаачийн нүүрэн тус газарт нь өшиглөж би Цогтоо ахыг яаж байгаа юм гээд цааш түлхээд талийгаачийг босгоод ирэхэд нүүр хамраас нь цус гарсан байталтай байсан. Тэгэхэд талийгаач босож ирээд Х.Ц  ахыг чи яаж байгаа юм хүн унасан байхад өшиглөлөө гээд чамайг буудаж ална гэхэд Х.Ц  ах хашаанаас гүйгээд гарсан....” гэх мэдүүлэг мөн хохирогч Н.Баттулгын 94990927 дугаарын Самсунг утсыг эд мөрийн баримтаар 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хураан авсан утасны бичлэгийг СД-нд буулгасан бичлэгт талийгаач нь “..хоёр хүргэндээ зодуулсан...” талаар өөрийн яриаг бичсэн бичлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны доорхи цусан хураа гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.:..” гэх дүгнэлт болон 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдаж хэрэгт хавсаргагдсан шүүх хуралдааны хэлэлцэгдсэн мөрдөн шалгах нууц магадалгааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, тэдний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй гэмтэл учруулсан боловч тэдний хохирогчийн толгойд цохисон, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэл хүндэрч нас барсан буюу Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Санаатай үйлдлийн улмаас болгоомжгүйгээр хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэр”-ийн улмаас хохирогчийг алсан гэж гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л.Л , Х.Ц  нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна. Амь хохирогч Н.Б  нь хүнд гэмтлийн улмаас нас барсан тул хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эмнэлгийн тусламж яаралтай авсан бол амь нас аврагдах боломжтой байсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан өмгөөлөгч нарын санал, гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Л , Х.Ц  нар нь талийгаач Н.Б  цохисон үйлдэл нь нотлогддог, шүүгдэгч нарын цохисон үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Л.Л , Х.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”- ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Л , Х.Ц  шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Шүүгдэгч Л.Л , Х.Ц  нар нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

                         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                             зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Л , Х.Ц , шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ, Н.Энхжаргал нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Л.Л , Х.Ц  нар нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг тэдгээрийн эдлэх ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.