Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00951

 

“ С М Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.ЦагаанцоожХ.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “ С М Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ Ш Г” ХК-д холбогдох,

“Гэрээний үүрэгт алданги 199 728 017 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Ө.Энхтайваны гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “ С М Г” ХХК-ийн төлөөлөгч Н.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ С М Г” ХХК “ Ш Г” ХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Талууд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өр авлага барагдуулах протокол үйлдсэн ба тус протоколоор шатахууны үлдэгдэл төлбөр болох 438 214 131 төгрөгийг графикын дагуу төлөхөөр тохиролцсон боловч “ Ш Г” ХК графикын дагуу төлөөгүй тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус төлбөр барагдуулах гэрээний дагуу “ Ш Г” ХК нь шатахууны үлдэгдэл төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл “ Ш Г” ХК нь мөн л гэрээний үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг “ С М Г” ХХК-д төлөхөөр заасан. Тус заалтын дагуу “ Ш Г” ХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 199 728 017 төгрөг болсныг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Ө.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “ Ш Г” ХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж 386 150 704 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 70 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 63 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 79 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 20 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 123 150 704 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулж, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсноос хойш буюу алдангийн тухай зохицуулсан заалт үйлчлэхээ больсноос хойш 1 жилийн дараа тэрхүү заалтаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ Ш Г” ХК-иас алданги 193 075 352 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ С М Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 652 665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 156 591 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 123 326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ С М Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ Ш Г” ХК-иас алданги 89 467 894 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ С М Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 110 260 123 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж, 2 дахь заалтын ... хариуцагчаас 1 123 326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ С М Г” ХХК-д олгож ... гэснийг ... хариуцагчаас 605 289 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ С М Г” ХХК-д олгож ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 123 327 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Ө.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн нотлох баримтыг үнэлэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хариуцагч 1 жил гаруйн өмнө нэхэмжлэгчид үндсэн төлбөрөө төлөөд дуусгачихсан ч өнөөдөр тэрхүү төлөгдсөн төлбөрийн гэрээнийхээ дагуу алданги шаардах эрхтэй бөгөөд гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэсэн дүгнэлтээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан ‘Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэттэснээр дуусгавар болно” гэсэн заалтыг буруу тайлбарлах замаар хийсэн. Тодруулбал магадлалын Хянавал хэсэгт “...Гэтэл “ Ш Г” ХК нь мөн л гэрээний үүргээ хугацаанд нь үл биелүүлж шатахууны төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Учир нь хариуцагч тал гэрээнд заасан шатахууны үнэ төлөх хугацааг хэтрүүлсэн тул үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна..” гэж бичсэн. Иргэний хууль болон үүргийн эрх зүйн онолд үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, үүргийг зохих ёсоор гүйцэтгэх гэдэг ойлголтууд нь өөр өөр ойлголтууд бөгөөд үүргийг хугацаанд нь гүйцэтгэх гэдэг нь үүргийг ямар хугацаанд гүйцэтгэх ёстойг илэрхийлсэн ойлголт юм. Харин үүргийг зохих ёсоор гүйцэтгэх гэдэг нь ямар үүрэг гүйцэтгэх байсан юм, тэрхүү үүргээ гүйцэтгэж, үр дүнг гаргахыг илэрхийлсэн ойлголт билээ. Тийм ч учраас Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд энэхүү заалтаас үзэхэд, үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, зохих ёсоор гүйцэтгэх гэдэг нь тусдаа өөр өөр ойлголт гэдгийг тодорхойлон хуульчилсан нь илэрхий байна. Ийм учраас, шүүх зохих ёсоор гүйцэтгэх гэдэг ойлголтод хугацаанд нь гүйцэтгэх гэдэг ойлголт хамаарна гэж хуулийг буруу тайлбарласан.

Гэрээний үүргийн харилцаа дуусгавар болоогүй байх хугацаанд нэхэмжлэгч гэрээний дагуу алданги тооцож байгаагүй бөгөөд гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсноос хойш 12 сарын дараа алданги шаардаж байгааг нотлох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Тухайлбал нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх санхүүгийн баримтад “ Ш Г” ХК-иас авлагаа хэрхэн аваад, үлдэгдэл “0” болсон тухай дурьдсан байдаг, мөн “ Ш Г” ХК-иас хамгийн сүүлийн төлбөр төлсөн хугацаа болох 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхэмжлэгч байгууллагаас алданги тооцсон гэж, түүнийгээ гаргуулахаар нэг ч удаа шаардаж байгаагүй бөгөөд харин 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр л анх алданги шаардсан албан бичиг ирүүлсэн байдаг. Түүнчлэн шүүх өөрөө зохигчдийн хоорондын гэрээний үүргийн харилцаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болон дуусгавар болсон гэж дүгнэсэн. Учир нь магадлалын хянавал хэсэгт “..Хариуцагч “ Ш Г” ХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ “ Ш Г” ХК нь 386 150 704 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 70 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 63 000 000 төгрөг, 79 500 000 төгрөгийг 2015 оны 11 дүдгээр сарын 04-нд 79 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 20 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 123 150 704 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулж, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байдаг...” гэж дүгнэн бичсэн.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарын агуулгыг буруу ойлгож, алдангийг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн. Магадлалын хянавал хэсэгт “...Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр талууд алданги 89 467 894 төгрөг гэж тохиролцож эвлэрэн хэлэлцсэн боловч нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргасан учраас давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.2-т зааснаар шийдвэрлээгүй болохыг дурдсугай...” гэж бичсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй, үнэхээр шаардах эрхтэй байсан бол 193 075 352 төгрөг биш юм аа, шаардах эрхтэй гэж үзэн тооцоолоход 89 467 894 төгрөг болохоор байна гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс манайх алдангийн хэмжээг буруу тооцоолон гаргасан байсан, иймэрхүү хэмжээгээр гарах байх гэж тайлбар хэлсэн. Түүнээс нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч, эвлэрэн хэлэлцсэн асуудал байхгүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Шүүх зохигчдын гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, гэрээний үүргээс үүдэх шаардах эрх дуусгавар болсныг үл харгалзан, үндэслэлгүй шийдвэр гаргасан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хариуцагчийн үүргийн зөрчлийн талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч анхан шатны шүүх алдангийн хэмжээг зөв тогтоогоогүй байна.

Харин хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байхад давж заалдах шатны шүүх алдангийн хэмжээг багасгахдаа “...хариуцагч 89 467 894 төгрөг төлөхийг зөвшөөрсөн...” гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д нийцээгүй боловч уг хуулийн зохицуулалтаар тооцоход алдангийн хэмжээнд өөрчлөлт орохооргүй байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн талаар баримт байхгүй, давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлгүй байна. Хариуцагчийн тайлбарт “...алдангийг тооцоход 89 467 894 төгрөг байх боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэсэн санаа агуулагдсан байх ба нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгч “ С М Г” ХХКомпани хариуцагч “ Ш Г” ХКомпаниас  алданги 199 728 017 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнд үндэслэжээ.

Зохигчид худалдах, худалдан авах гэрээ болон төлбөр барагдуулах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны хэмжээ, шатахууны үнийг бүрэн төлсөн үйл баримтыг маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь худалдан авагч буюу “ Ш Г” ХКомпани үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн тул хэтэрсэн хугацааны алдангийг Төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтад заасан “...төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэсэн үүргийн дагуу шаардах эрхтэй гэжээ.

Зохигчид 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, “ Ш Г” ХК нь 383 214 131 төгрөгийг  2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирчээ. “ Ш Г” ХК нь 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 70 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 63 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 79 500 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 20 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 123 150 704 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж дуусгажээ. Төлбөр хийх хүртэл хугацааны алдангийг тус тус тооцоход  89 467 894 төгрөгийн алданги тогтоогдож байх ба хариуцагчийн гаргасан тооцоо үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болдог тул зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй  “ Ш Г” ХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн нэмэлт үүрэг болох алдангийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан тохиолдолд биелүүлэх ёстой бөгөөд улмаар гэрээний үүрэг дуусгавар болоогүй байна.

Иймд үндсэн үүргийг биелүүлснээр, гэрээний үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА