Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 68

 

“Содмонгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 181/2017/00308/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдох

            “Гэрээний үүрэгт алданги 199.728.017 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайваны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.                 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов

            Нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-аас:

 “Содмонгол групп” ХХК “Шарын гол” ХК тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Талууд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өр авлага барагдуулах протокол үйлдсэн ба тус протоколоор шатахууны үлдэгдэл төлбөр болох 438.214.131 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч “Шарын гол” ХК графикийн дагуу төлөөгүй тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус төлбөр барагдуулах гэрээний дагуу “Шарын гол” ХК нь шатахууны үлдэгдэл төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл “Шарын гол” ХК нь мөн л гэрээний үүргээ эс биелүүлж шатахууны төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг “Содмонгол групп” ХХК-д төлөхөөр заасан. Тус заалтын дагуу “Шарын гол” ХК-ийн манай компанид төлөх алдангийн хэмжээ 199.728.017 төгрөг болсныг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайванаас:

Хариуцагч “Шарын гол” ХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ “Шарын гол” ХК нь 386.150.704 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 70.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 63.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 79.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 20.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 123.150.704 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулж, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсноос хойш буюу алдангийн тухай зохицуулсан заалт үйлчлэхээ больсноос хойш 1 жилийн дараа тэрхүү заалтаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шарын гол” ХК-аас алданги 193.075.352 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.652.665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.156.591 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.123.326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр дуусгавар болно” гэсэн заалтыг буруу тайлбарласан. Үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, зохих ёсоор гүйцэтгэх гэдэг ойлголт нь хоорондоо өөр утга санааг илэрхийлдэг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтанд алдангийн хэмжээг буруу тооцож гаргасан байсан. Үүнийг үндэслэж гарсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь бодитой дүгнэлт гаргаж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-аас хариуцагч “Шарын гол” ХК-д холбогдуулж “Гэрээний үүрэгт алданги 199.728.017 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон буюу алдангийн тухай зохицуулсан заалт үйлчлэхээ больсноос хойш 1 жилийн дараа тэрхүү заалтаар нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхгүй гэж маргажээ.

Хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд “Содмонгол групп” ХХК “Шарын гол” ХК-тай 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өр авлага барагдуулах протокол үйлдсэн ба тус протоколоор шатахууны үлдэгдэл төлбөр болох 438.214.131 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.

“Шарын гол” ХК графикийн дагуу төлөөгүй тул 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу “Шарын гол” ХК нь шатахууны үлдэгдэл төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ.

Гэтэл “Шарын гол” ХК нь мөн л гэрээний үүргээ хугацаанд нь үл биелүүлж шатахууны төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлсөн нь Иргэний хуулийн 236 дгаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Учир нь хариуцагч тал гэрээнд заасан шатахууны үнэ төлөх хугацааг хэтрүүлсэн тул үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.  

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ /хэргийн дугаар хуудас/-ний 4 дэх заалтад шатахууны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг “Содмонгол групп” ХХК-д төлөхөөр заасан тул хариуцагч  алданги төлөх үүрэгтэй.

Хариуцагч “Шарын гол” ХК нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ “Шарын гол” ХК нь 386.150.704 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 04-нд 70.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-нд 63.000.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-нд 79.500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-нд 20.500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-нд 30.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 31-нд 123.150.704 төгрөгийг тус тус хэсэгчлэн төлж барагдуулж, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байдаг.

Хариуцагч “Шарын гол” ХК нь нэхэмжлэлийн шаардлага 386.150.704 төгрөгнөөс 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 70.000.000 төгрөг төлснийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талууд төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу “Шарын гол” ХК нь шатахууны үлдэгдэл төлбөрөө 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон тул дээрх шатахууны төлбөр 70.000.000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд төлсөн гэж үзнэ.

Талууд шатахууны төлбөрийг гэрээний хугацаа хэтрүүлж төлсөн гэж маргасан боловч хариуцагч 89.467.894 төгрөг төлөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр мөн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шүүхийн шүүх хуралдаан дээр талууд алданги 89.467.894 төгрөг гэж тохиролцож эвлэрэн хэлэлцсэн боловч нэхэмжлэлийн үндэслэлийн талаар маргасан учраас давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2-т зааснаар шийдвэрлээгүй болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Шарын гол” ХК-аас алданги 89.467.894 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 110.260.123 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэж,

2 дахь заалтын ... хариуцагчаас 1.123.326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-д олгож ... гэснийг  ... хариуцагчаас 605.289 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Содмонгол групп” ХХК-д олгож ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.123.327 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           О.НАРАНГЭРЭЛ 

                                             ШҮҮГЧИД                                           Л.АМАРСАНАА

                                                                                                         С.ОЮУНЦЭЦЭГ