Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00402

 

 

 

 

 

 

 

 

     2024          02            26                                           210/МА2024/00402                           

 

 

Т.*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 181/ШШ2023/03478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******-тайшир” *******-д холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,325,0 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтөмөр, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “*******” худалдааны төвийн хойд талын 11/1 дүгээр байрны гадаах зогсоолд өөрийн эзэмшлийн - УАУ улсын дугаартай ******* ******* /******* *******/ маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан тавьсан.

Гэтэл тухайн өдрийн 14.30 цагийн үед танихгүй дугаараас хүн залган “машины чинь дээрээс юм уначихжээ” гэж хэлэхэд нь гараад харахад миний машины дээрээс тухайн барилгын гадна талын хананы плита ховхорч унасан байсан.

1.2. “*******-тайшир” ******* нь “Метромалл” худалдааны төвийн хойд талын 11/1 дүгээр байрыг бүхэлд нь хариуцан ажилладаг байна.

1.3. “” ХХК автомашины баруун дээд мөр, баруун урд хаалга, капут, урд салхины шил, баруун урд крыло, баруун урд толины гадна гэр, дотор хяналтын камер гэх зэрэг эвдрэл гэмтлийн хохирлыг 2,325,0 төгрөгөөр үнэлсэн.

1.4. Иймд эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,325,0 төгрөгийг “*******-тайшир” *******-оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Т.*******ийн “******* тайшир” *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Тухайлбал 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан гэнэтийн осолд манай байгууллагын зүгээс тодорхой арга хэмжээ болон урьдчилан сануулах, сануулж болох нөхцөл байдал байгаагүй.

2.3. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч оршин суугчдын машин тавих зориулалт бүхий талбайн хажууд зогсоолын орох гарах урсгалыг хааж 11/1  байрны 2 орцны хогийн сав байрладаг байсан хэсэгт тээврийн хэрэгслээ шахан байрлуулсан байдаг. Мөн нэхэмжлэгч нь манай төлбөртэй зогсоолд гэрээ, төлбөргүйгээр машинаа байрлуулсан.

2.4. Иймд манай *******-ны зүгээс Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэм хор учирсан бол тухайн байшин барилгын өмчлөгч буюу эзэмшигч хариуцахгүй.  Мөн гэм хор учирсан этгээдийн буруутай үйлдлээс болж хохирол учирсан бол эзэмшигч хариуцахгүй гэх заалтын дагуу манай ******* нь иргэн Т.*******ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 2,325,0 төгрөгийг нөхөн төлөхөөс татгалзаж байна.

2.5. Манай байрны фасад нуралттай байсан, нэхэмжлэгч нь фасад унаж машин эвдэлсэн гэж яригдаж байсныг мэдсээр байж машинаа тавьсан нь буруу. Хэрэв манай *******-той гэрээ байгуулсан бол бид тодорхой зай гаргаж өгөх боломжтой байсан гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

“******* тайшир” ******* нь барилгын засвар үйлчилгээг байнга хийлгээгүй, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй тул гэм буруутай гэж үзэж байна гэжээ

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* тайшир” *******-ноос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 2,325,0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож,

Иргэдийн төлөөлөгч Г.Билгүүн нь “*******-тайшир” ******* нь барилгын засвар үйлчилгээг байнга хийлгээгүйгээс бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй тул гэм буруутай гэж үзэж байна гэж дүгнэснийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,161 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******-тайшир” *******-оос улсын тэмдэгтийн хураамжид 52,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

5.1. “******* тайшир” ******* нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Метромалл” худалдааны төвийн хойд талын 11/1 дүгээр байрны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг эрхлэн явуулдаг билээ. Манай *******-ны эзэмшлийн зогсоол биш, тус зогсоол нь “ ” // ХХК-ийн эзэмшлийн талбай болно. Тус зогсоолд тусгай хэрэгсэл /чип/-тэй зөвхөн оршин суугчид нэвтэрч, тээврийн хэрэгслээ байрлуулж ашигладаг билээ. Гэтэл нэхэмжлэгч Т.******* нь манай байрны оршин суугч биш атлаа 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зөвшөөрөлгүйгээр манай эзэмшлийн талбайд нэвтэрч, автомашины зогсоолын зориулалтын бус газар буюу оршин суугчдын машин тавих зориулалт бүхий талбайн хажууд, зогсоолын орох гарах урсгалыг хааж, хогийн сав байрладаг байсан хэсэгт тээврийн хэрэгслийг хэт шахан байрлуулсны улмаас эд хөрөнгөд нь хохирол учирсан байдаг.

Тус “ ” ХХК-ийн эзэмшлийн талбайд авто машин тавих зориулалтын талбайг заагласан тэмдэг, тэмдэглэгээ, хашлага хаалтыг тус бүр тавьсан байдаг бөгөөд нэхэмжлэгчийн авто машинаа байрлуулсан тус байршилд авто машин байрлуулахыг хориглосон тэмдэг байсаар байхад нэхэмжлэгч дур мэдэн тус байршилд өөрийн өмчлөлийн автомашиныг байрлуулсан байсан.

5.2. Нэхэмжлэгчийн өмчлөлийн авто машинд учирсан хохиролд манай “******* тайшир” ******* нь санаатай болон болгоомжгүй аль ч үйлдлээр гэм хор учруулаагүй зогсоолын талбай буюу “ ”ХХК-ийг хариуцагчаар татах нь зүйтэй.

5.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу манай “******* тайшир” *******-г гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн өмчлөлийн - УАУ улсын дугаартай ******* ******* маркийн авто машинд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан нөхцөлийг шүүх огт харгалзан үзээгүй, түүнчлэн тус гэм хор учрахад “******* тайшир” ******* нь ямар санаатай болон болгоомжгүй үйлдэл гаргаж, тус үйлдлийн улмаас гэм хор учирсан болох талаарх нэг ч баримт хэргийн материалд хавсаргагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч “******* тайшир” *******-ны үйлдэл болон нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байхад шүүх “******* тайшир” *******-г гэм хор учруулсан гэж дүгнэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 , 168 дугаар зүйлд тус тус заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 181/ШШ2023/03478 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга:

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хариуцагч нь тайлбар, үндэслэлээ нотлох үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй.

6.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн томилсон шинжээч “” ХХК-ийн 2,325,0 төгрөгийн дүгнэлтийн талаар хариуцагч тал маргадаггүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “” ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхөө илэрхийлсэн байдаг.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд заасан үндэслэлээр зөв дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “*******-тайшир” *******-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,325,0 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан, хэрэглэсэн төдийгүй иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

3.1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11-1, 11-2 байрны оршин суугчид “******* тайшир” ******* байгуулж, сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байна. /хх-14/

3.2. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Т.*******ийн УАУ улсын дугаартай автомашин дээр 11-1 тоот орон сууцны гадна хананы плита унаж, үүний улмаас Т.*******ийн эд хөрөнгөд 2,325,0 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, зохигч талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-7-9, 47-49/

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “11-1 байрны гадна хананы плита хуурч унасан нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй учир Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хариуцлага хүлээхгүй” гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.2 дахь хэсэгт заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онгой нөхцөл байдалд орон сууцны хананаас плита ховхорч унасан үйл явдал хамаарахгүй юм.

Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар заасан ба “******* тайшир” ******* нь  11-1 тоот орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүргээ биелүүлээгүйн улмаас орон сууцны гадна хананы плита унаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 2,325,0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

4. “Т.******* зөвшөөрөлгүй манай эзэмшлийн талбайд нэвтэрч, зориулалтын бус газар автомашинаа байрлуулсан, нэхэмжлэгчийн буруутай эс үйлдлээс гэм хорын хохирол учирсан, ... *******-ны үйлдэл болон эд хөрөнгөд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй” гэсэн хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Учир нь хариуцагчийн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...өмнө нь орон сууцны хананаас плита унаж байсан...” гэсэн тайлбараас үзэхэд орон сууцны гадна хананы завсар үйлчилгээг гүйцэтгээгүй гэм буруутай болох нь тогтоогдож байна. “******* тайшир” *******-нд харьяалагдаж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн хананаас плита унаж байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй шууд шалтгаант холбоотой тул нэхэмжлэгч нь *******-ны эзэмшлийн талбайд нэвтэрч, зориулалтын бус газар автомашинаа байрлуулсан эсэх нь ач холбогдолгүй юм.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын -ний өдрийн 181/ШШ2023/03478 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,161 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                       

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

   Ч.ЦЭНД