Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00442

 

 

 

 

 

    2024          03            04                                           210/МА2024/00442               

 

 

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/00068 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* ******* *******” ГХОХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 82,370,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Р.Батцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Л.******* 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “******* ******* ******* *******” ХХК /одоо “******* ******* *******” ГХОХХК болон өөрчлөгдсөн/-ийн ерөнхий захирал *******-ын иргэн / /-тай тохиролцсоны үндсэн дээр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан.

1.2. Дээрх гэрээгээр Л.******* өөрийн өмчлөлийн 2007 онд үйлдвэрлэгдсэн / / 3,6L маркийн УНП улсын дугаартай WVGZE77L87D01331922 моторын дугаартай, хар өнгийн суудлын автомашиныг худалдан авагч болох “******* ******* *******” ХХК-ийн ерөнхий захирал -ийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгөх, төлбөрийг төлж барагдуулсны дараа автомашины өмчлөгчийн нэрийг шилжүүлэхээр, худалдан авагч гэрээгээр тохиролцсон автомашины үнэ 125,000 юанийг төлөхөөр тус тус тохиролцсон.

1.3. Ийнхүү гэрээгээр тохиролцсоны дагуу Л.******* нь гэрээнд гарын үсэг зурсны дараа автомашиныг “******* ******* *******” ХХК-ийн ерөнхий захирал -гийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгсөн. Мөн гэрээгээр худалдан авагч нь төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 3 сарын хугацаанд бүрэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд автомашиныг түрээслэн ашигласнаар тооцож, сар бүр 2,000 юанийг худалдагч талд гэрээний үндсэн үнийг бүрэн төлж дуусах хүртэл төлөхөөр тохиролцсон байна.

1.4. Гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авагч автомашиныг өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж байгаа хэдий ч гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлээгүй. Худалдан авагч нь төлбөрийг төлж барагдуулах тухай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Төлбөрийн төлөвлөгөө”-г бичиж өгсөн. Энэхүү баталсан төлбөрийн төлөвлөгөөгөөр талууд нийт төлөгдөх өр төлбөрийн хэмжээг 210,000 юань байхаар тохиролцсон ба худалдан авагч нь төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 30-наас өмнө бүрэн төлж барагдуулахаар болсон. Гэвч худалдан авагч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн төлөвлөгөөнд заагдсан 210,000 юанийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

1.5. 2021 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч хариуцагч тухайн хаяг дээр оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаснаар дээрх хаягт оршин суудаг болохыг тогтоосон.

1.6. “******* ******* *******” ХХК-ийн ерөнхий захирал нь холбогдож нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрч 2022 оны 06 дугаар сараас эхлэн төлөхөөр тохиролцон “Өр барагдуулах тухай гэрээ” байгуулсан хэдий ч үүргээ гүйцэтгээгүй.

Иймд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 210,000 юань буюу 82,370,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “******* ******* *******” ГХОХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Л.*******гаас УНП улсын дугаартай / / маркийн автомашиныг 125,000 юаниар худалдан авахаар тохиролцсон нь үнэн болно. Манай компани тухайн үед тохиролцсон үнэ болох 125,000 юанийг тухайн гэрээ байгуулагдсан өдрийн ханш /Монгол төгрөгийн/-аар тооцон төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.2. Харин сүүлд манай компанийн захирлыг хууль мэдэхгүйгээр нь далимдуулан хүчээр тулгаж, тохирсон үнийг 210,000 юань болгож үндэслэлгүйгээр өсгөж хэлцэл хийсэн тухай тэмдэглэл үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хууль бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж үзэж байна гэжээ.

2.3. Түүнчлэн энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Л.******* нь “******* ******* *******” ГХОХХК-ийн захирал тао-г дарамталж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3 жилийн хүү 72,000 юанийг, нийт 197,000 юанийг төлнө гэх бичиг хийлгэсэн. Ямар үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээ дээр хүү тооцож хийлгэсэн бэ? энэ гэрээ дээр ямар нэгэн алданги, анзын талаар огт дурдагдаагүй байна.

2.4. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн төлөвлөгөө хийлгүүлж авсан. Энэ гэрээ дээр түрээсийн гэрээ гэж, түрээсийн төлбөр нэмж, нийт 210,000 юанийг төлнө гэж байгуулсан. Анх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч түрээсийн гэрээ гэсэн байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хөрөнгө шилжсэн. Иргэний хуульд зааснаар анз нь торгууль, алданги гэх хоёр хэлбэртэй. Хэрэв та хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэг бол торгууль төлнө, нэг бол алданги төлнө. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй юм чинь чи түрээс төлнө гэх агуулгатай түрээсийн гэрээ байгуулсан тул энэ гэрээг хууль бус гэрээ гэж үзэж байгаа.

2.5. Хэрэв шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн тохиолдолд 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тухайн үеийн төгрөгийн ханшаар буюу 300.68 төгрөгийг 125,000 юаниар тооцож, нийт 37,585,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “******* ******* *******” ГХОХХК-иас 82,370,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 569,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* ******* *******” ГХОХХК-иас 569,802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх “******* ******* *******” ГХОХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Л.*******гаас УНП Улсын дугаартай / / маркийн автомашиныг 125,000 юаниар худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тодорхой байхад “... гэрээ байгуулнаас хойш 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд бүрэн төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд автомашиныг түрээслэн ашигласнаар тооцож, сар бүр 2000 юаныг худалдагч талд гэрээний үндсэн үнийг бүрэн төлж дуусах хүртэл тохиролцсон, ... худалдан авагч нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн төлбөрийн төлөвлөгөөнд 210,000 юань буюу 82,370,400 төгрөгийг төлж барагдуулахаар” гэрээ байгуулсан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2. Шүүх “Худалдах-худалдан авах гэрээ”-нд үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг Иргэний хуулийн 232 дугаар зүйл алданги, торгууль гэх хоёр аргаар хангахаар заасан байхад худалдан авах гэрээнд түрээсийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь мөн үндэслэлгүй хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

4.3. Түүнчлэн сүүлд “******* ******* *******” ГХОХХК-ийн захирлыг хууль мэдэхгүйгээр нь далимдуулан, хүчээр тулгаж тохирсон үнээ 210,000 юань болгож үндэслэлгүйгээр өсгөж хэлцэл хийсэн тухай тэмдэглэл үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн энэхүү үйлдэл нь нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн хууль бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж үзэж байна.

Иймд Л.*******гийн “******* ******* *******” ГХОХХК-д холбогдуулан гаргасан 210,000 юань буюу 82,370,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/00068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулагдаж, гэрээнд зааснаар 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлбөрийг төлж барагдуулахаар тусгасан. Гэвч 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөрт багтаан гэрээний төлбөрийг төлөөгүй.

5.2. Тухайн үеэс хойш 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийн төлөвлөгөөг гаргахдаа түрээсийн төлбөр болон төлөх ёстой мөнгөн дүнг 210,000 юань гэж тохиролцсон. Уг тохиролцооноос өөр төлбөр нэмж тооцогдохгүй гэж харилцан тохиролцсон. Тухайн төлөвлөгөөний дагуу төлбөрийг төлөөгүй учраас уг нөхцөл байдлаас шалтгаалж анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Л.*******гийн хариуцагч “******* ******* *******” ГХОХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 82,370,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас  хариуцагч тал 37,585,000 төгрөгийг  зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, “...хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, худалдах, худалдан авах гэрээнд түрээсийн гэрээний зохицуулалт орсон нь хууль бус, хүчээр гэрээ хийсэн...” гэх үндэслэл заан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.

Тодруулбал, талууд 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Автомашин худалдан авах гэрээ”-гээр 2007 онд үйлдвэрлэгдсэн Таурэг / Touareg/ маркийн, 57-67 УНП улсын дугаартай автомашиныг 125,000 юаниар худалдах-худалдан авах, худалдан авагч нь гэрээний үнийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор  төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулаагүй тохиолдолд сар бүр 2,000 юанийг түрээсээр ашигласнаар тооцон төлбөрөө бүрэн төлөх хүртэлх хугацаанд худалдагч талд төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх-6-7/

 

4. Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу худалдагч Л.******* автомашиныг худалдан авагч “******* ******* *******” ГХОХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримтад талууд маргаангүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.  

 

5. Худалдан авагч тал худалдан авсан автомашины үнэ төлөх үүргээ дээрх гэрээгээр тохирсон хугацаанд гүйцэтгээгүй байна.

Тэрээр “******* ******* *******” ГХОХХК-ийн ерөнхий захирал *******-ын иргэн нь  / / 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр автомашины үнэ 125,000  юань, 3 жилийн хүүнд 72,000 юань, нийт 197,000 юаныг төлөх тухай,

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Төлбөрийн төлөвлөгөө” нэртэй баримтаар автомашины төлбөр нийт 210,000 юань болсон, 2019 оны 7 дугаар сарын 15-наас төлж, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах тухай баримт тус тус үйлдэн баталгаа гаргаж өгсөн байна.  /хх-6-7, 9-10/

5.1. Талууд 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Өр төлбөр барагдуулах тухай гэрээ” нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр 2014.09.10-ны өдрийн “Автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг, уг гэрээний нөхцлийг харилцан тохиролцсныг, мөн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нийт төлөх төлбөрийн хэмжээг 210,000 юань гэж   тодорхойлж, төлбөрийг барагдуулаагүй байгаа талаар дурдаж, гэрээний 2 дахь заалтаар төлбөр төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

5.2. Гэрээний 2.1-д төлбөр төлөгч нь 210,000 юанийг монгол төгрөгөөр тооцон 82,370,400 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах, үүргийн баталгаа болгох зорилгоор 54-54 УН, 54-53 УН улсын дугаартай хоёр тээврийн хэрэгслийн эзэмшлийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлэн, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр харилцан тохиролцож, гарын үсгээ зурж, компанийн тамга дарж баталгаажуулжээ. /хх-12-15/

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч дээрх баримтыг “...хүч хэрэглэн бичүүлсэн хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэж тайлбарлан маргаж, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй тохиолдолд татгалзлын үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэрэгт хариуцагч талын татгалзлын үндэслэлийг нотолсон баримт авагдаагүй байна. Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд талуудын үйлдсэн 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн баримтыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэх боломжгүй тул “...Гэрээний төлбөрийн хэмжээг 210,000 юань гэж тодорхойлсон хэлцлүүдийг хариуцагч нь нэхэмжлэгчийн дарамт, шахалтаар мөн хууль мэдэхгүйн улмаас үйлдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ...” гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

7. Зохигчид 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Өр төлбөр барагдуулах тухай гэрээ” нэртэй гэрээ байгуулж, тооцоо нийлэхдээ худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210,000 юанийг монгол төгрөгөөр тооцон 82,370,400 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариуцагч “******* *******” ГХОХХК нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх боловч уг үүргээ гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч Л.******* нь уг тооцоо нийлсэн баримтаар тохиролцсон үнийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

8. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд:

8.1. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

8.2. Хариуцагч “******* *******” ГХОХХК-ийн ерөнхий захирал Гуа / / нь үүрэг гүйцэтгэхтэй холбогдон 2 удаа баталгаа гаргасан, мөн талууд 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлж, үүргийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийн шаардах эрх уг өдрөөс үүссэн гэж үзэх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч Л.******* 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хугацаа дуусаагүй гэж үзнэ. Иймээс энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн  боловч тогтоох хэсэгт Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болжээ. Уг алдаа нь хэргийн шийдэлд нөлөөхгүй тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 569,802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.НЯМБАЗАР

 

        ШҮҮГЧИД                              С.ЭНХБАЯР

 

   Ч.ЦЭНД