Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 000027

 

                                              Н.Даваасүрэнд холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2016/00181/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Жавхлантуяа  

            Шүүгдэгч                                           Н.Даваасүрэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баттунсаг

            Хохирогч                                           Б.Цэндсүрэн

            Хохирогчийн өмгөөлөгч                Ж.Шинэжаргал

            Иргэний нэхэмжлэгчийн

            итгэмжлэгдсэн төлөөлөгч             А.Жавзансүрэн

            Нарийн бичгийн дарга                   Д.Оюунбилэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Даваасүрэнд холбогдох, 201614000252 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч өмгөөлөгч Н.Баттунсаг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, А.Жавзансүрэн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983-04-20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Сууц трейд” ХХК-ийн зам талбайн ажилд түр ажиллаж байсан, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 19 дүгээр гудамж 1140А тоотод оршин суух, ЙС-83042018 регистрийн дугаартай, Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэн.

 

Шүүгдэгч Н.Даваасүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил хийж байхад нь амь хохирогч Б.Ням-Очир “наад ажлаа хурдан хийцгээ” гэж бөгс рүү нь өшиглөхөд эргэж хараад зүүн хацар луу нь цохиж цементэн газарт савж унагаснаас бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулж, Б.Ням-Очир нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Жог овгийн Нямдэлэгийн Даваасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1.д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнд 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнгийн цагдан хоригдсон 215 /хоёр зуун арван тав/ хоногийг түүний эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 508 дугаар зүйлийн 508.1.д зааснаар шүүгдэгч Н.Даваасүрэнгээс 7.513.728 /долоон сая таван зуун арван гурван мянга долоон зуун хорин найм/ төгрөг гаргуулж хохирогч Б.Цэндсүрэнд олгох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт хавсарган үлдээж малгайтай саарал цамц, саарал богино өмд, ногоон эрээн өмд, хөх өнгийн алчуур, цагаан дэр, шар алчуур, улаан эрээн дэрний уут 2 ширхэг, цагаан малгай, цагаан путволка, хар хөх хантааз, ногоон цамц, хар оруулгатай цагаан гутал 1 хос, цэнхэр жинсэн өмд, шүүгдэгч Н.Даваасүрэнгийн хатаасан цус, ШША-наас авсан амь хохирогч Б.Ням-Очирын хатаасан цус зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Цэндсүрэн нь онгоцны зардал, сувилалын төлбөр, нотариатын хөлс, иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал нь 67 сая төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримт бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Даваасүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.

    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны 194 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Даваасүрэнгийн гэм буруугийн асуудал шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

 

Бодит нөхцөл байдалд Н.Даваасүрэн араас нь хүн халдах гэж байгааг огт мэдээгүй, мэдэх боломж байгаагүй /халдлага гэнэт болсон/, хир зэргийн халдлага ирж байгааг үнэлэх боломжгүй, халдлагат өртөнгүүт зөвхөн төрөлх зангаар л хамгаалах үйлдэл хийсэн, хохирогчийг хүнд зэргийн согтолттой гэдгийг мэдэх боломжгүй хоромхон зуурын үйлдэл болсон. Даваасүрэнгийн урд талд нь дүүрэн шороотой тэрэг байсан.

 

Цаг хугацааны хувьд холбогдогчийн сэтгэл зүйд ямар нөлөөлөл үүсэх тал дээр анхан шатны шүүх анхаарал хандуулсангүй. Даваасүрэнгийн үйлдэл нь хүний амь насыг бүрэлгэх санаатай үйлдэл биш гэдэг нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогчийн үйлдлийг дууссан байсан гэж дүгнэсэн байна. Энэ нь өрөөсгөл ойлголт бөгөөд цохьчихоод гүйгээд явсан ч юмуу, ямар нэг байдлаар түүний довтолгоон дуусчээ гэж үзэх үндэслэл байдаггүй.

 

Хохирогч дахин Даваасүрэнг цохих байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Даваасүрэнгийн үйлдэл халдлагат өртөнгүүт хэн ч сөхөө авах хугацаагүй үйлдэгдсэн гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

 

Болсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлтийг зөв өгөх нь бусдын хувь заяа, гэм бурууд тохирсон ял шийтгэх, шудрага ёсыг хэрэгжүүлэх зэрэгт туйлын ач холбогдолтой юм. Энэ бүхэн дээр анхан шатны шүүх бодит нөхцөл байдалд нийцсэн зөв зүйтэй хууль зүйн дүгнэлтийг хийсэнгүй.

 

Анхан шатны шүүх хуралдаанд шийдвэр уншихдаа шүүгдэгчийн өөрийн үйлдлийг илчилсэн, анх удаа, гэмшиж байгаа, хохирол төлбөр өөрийн боломжоор барагдуулж байгаа, хохирогчийн буруутай үйлдэл нь ял оногдуулахад хөнгөрүүлж үзэх нөхцөл байна гэж үзсэн атлаа шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр гардуулахдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байхгүй, согтуугаар хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ гэж хавтаст хэрэгт нотлогдоогүй байдлыг дүгнэсэн байна. Даваасүрэн ажлаа хийгээд согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Харин хохирогч хүнд зэргийн согтолттой байсан нь  нотлогдсон.

 

Санаатай болон болгоомжгүй хэрэг нь санаа зорилгоороо ялгагддаг. Н.Даваасүрэнгийн санаа зорилгыг харгалзан үзэж болгоомжгүйгээр зүйлчилж өгнө үү. Даваасүрэнд хохирогчийг алах битгий хэл цохих, муудалцах ч хүсэл байгаагүй гэдгийг өөрөө ч хэлдэг, гэрчүүд ч мэдүүлдэг гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, А.Жавзансүрэн нар давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Шийтгэх тогтоолын үндэслэх болон тогтоох хэсэгт ...Иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргал нь шүүхийн шийдвэрээр амь хохирогч эхнэр хүүхэддээ төлөх ёстой байсан төлбөр 67 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Иргэний нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүх үнэлэх боломжгүй иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэгч болон амь нас хохирогчийн бага насны хоёр хүүхдийн эрх ашгийг хохирооход хүрч байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.т хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт сэлт нь...шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад баримтаар тогтоогдоно гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч нь Орхон аймгийн сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 335 дугаар шийдвэр, Орхон аймгийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар магадлалыг хянасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ш12016/00102 дугаартай шүүхийн тогтоол, мөн хяналтын шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар тогтоолыг нотлох баримт болгон цуглуулж, нэхэмжлэл гаргасан.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, бодитойгоор, шулуун шударга, хууль зүйн хүрээнд үнэлж, дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан хэргийг шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байгаа болно. Шүүх иргэний нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн, иргэний журмаар шийдвэрлүүлэхээр дурдсан нь нэхэмжлэгч болон бага насны хүүхдүүдийн эрх ашгийг хохироосон дахин зардал чирэгдэл, цаг хугацаа шаардсан ажил боллоо.

 

2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 4 дэх өвөлтэйгээ золгож, нэхэмжлэгчийн бие муудаж, бусдын асаргаанд эмчлүүлж, бага насны хоёр хүүхэд орох орон гэргүй зутруухан амьдарч байгаа нөхцөл байдал бий болоод байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1., 95.2., 95.3., 95.4.т зааснаар ...нотлох баримт хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. Шүүх  эрх зүйн урамсарыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй... гэсэн заалтыг зөрчиж, хуулийг зөв хэрэглэж тайлбарласангүй, холбогдох хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлсэнгүй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийг иргэний хариуцагчаар татаж тогтоол гаргасангүй. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.т зааснаар Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан бол хохирлын хэмжээ, түүнийг арилгах үндэслэл, нөхцөлийг Иргэний хууль, бусад хуулиар тодорхойлно... гэсэн заалтыг шүүх зөрчсөн нь хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэсэн гэх эргэлзээг төрүүлж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1.9.т зааснаар прокурор иргэний нэхэмжлэлийг хангах талаар арга хэмжээ авсан эсэхийг шүүх анхаарсангүй, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.т зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжинд заасан иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зарлан дуудах хуудас хүргүүлэлгүй, хуульд заасан эрхээр хангаагүйгээс, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хурлын танхимд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр болсон шүүх хуралдаанд оролцох, хуульд заасан эрхээ эдэлж чадсангүй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.т шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна... гэж заасныг зөрчиж байх тул  Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах хуульд заасан эрхээр нь хангаж өгөхийг хүсэлт болгон давж заалдах гомдол гаргав гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Жог овогтой Нямдэлэгийн Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг  хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хянаж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Н.Даваасүрэнг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр  бусдыг  хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, А.Жавзансүрэн нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалж үзлээ. Үүнд :

 

1./  Шүүгдэгч Н.Даваасүрэн нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Сууц трейд” ХХК-ийн гүйцэтгэж байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-ын 20 дугаар байрны гадаа зам талбайн засварын ажил хийж байхад нь  хохирогч Б.Ням-Очир наад ажлаа хурдан хийцгээ гэж бөгс рүү нь өшиглөхөд эргэж хараад зүүн хацар луу нь цохиход Б.Ням-Очир цементэн талбайд унасны улмаас биед нь хүнд гэмтэл учирч 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан байна.

 

Энэ нь шүүгдэгч Н.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

 

-Би энэ үед “Сууц трейд” ХХК-ийн хийж байсан 3-ын 20-р байрны гадаа талбайг засварлах, хүүхдийн тогтлоомын талбай барих ажил хийж байсан..., тэр өдөр үдээс хойш гараад талбайгаа янзалж байхад нэг согтуу залуу байн, байн гарч ороод янз бүрийн юм яриад байсан бөгөөд бид тоогоогүй, өөрсдийн  ажлаа хийж байсан..., орой ажил тарах үед  манай нэг залуу тэрэгний тэвш дээр шороо хийгээд би тэргийг бариад зогсож байтал гэнэт араас нэг хүн өшиглөсөн... Би ажил хийж байсан болохоор цочоод өөрөөсөө холдуулах гээд  нүүр лүү нь цохьсон  чинь газарт уначихсан..., тэгээд  босохгүй болохоор нь  хамт ажиллаж байсан хоёр залуутай түүнийг өргөөд орцонд оруулсан бөгөөд их архи үнэртэж байхаар нь унтаж байгаад босох байх л гэж бодсон...,  Би үнэхээр түүнийг ална гэж бодоогүй... санаатай алаагүй... хэргийн талаар үнэн, зөв мэдүүлж байна...,  би маш их гэмшиж байна... гэсэн  мэдүүлэг, 

 

Гэрч Т.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

Бид тэр үед 3-ын 20-р байрын гадна талд шороо зөөгөөд бүгдээрээ ажлаа хийж байсан бөгөөд Даваасүрэн түрдэг тэрэг барьчихсан, би шороо хүрздээд байж байхад өндөр нуруутай, нүдний шилтэй нээх согтуу биш халамцуу байрын залуу  орц руу орох гэж байхдаа бид хоёрт хандан “хөөе ажлаа хий” гэж хэлсэн…,  Тэгснээ гэнэт хүрч ирээд Даваасүрэнгийн араас бөгс рүү нь өшиглөсөн бөгөөд   Даваасүрэн зөрүүлээд өөдөөс нь түүний нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон чинь тэр өндөр залуу хойшоогоо дээшээ хараад байрны дундах засмал зам дээр унасан..., Тэгээд босохгүй болохоор нь  би түүнийг очиж тэвэрч аваад дээш нь хоёр суганаас нь өргөж өндийлгөөд  түүнийг замаас холдуулъя гээд бид өргөж орц руу оруулсан…,  түүнээс архи үнэртэж байсан.

 

Тэгээд нэг давхарын айлын хаалгыг цохиж таних хүн байгаа эсэхийг нь асуухад 6-7 насны хүүхэд гарч ирээд мэдэхгүй гэж байсан..., түүнийг орцонд оруулж орхичихоод архи уучихаад архиндаа унтаад байгаа юм болов уу гэж бодоод жаахан унтаж байгаад сэргэх байх гэж бодоод үлдээсэн... Бид ч ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад түүнийг яаж байна гэж бодоод би нэг удаа орж харахад зүгээр хурхираад унтаж байгаа мэт байж байсан..., Цогоо нэг удаа очиж хараад унтаж байна гэж байсан..., орой ажил тарахдаа дахиад харахад хажуу тийш налчихсан, хурхираад байгаа байдалтай байсан…, Бид түүнийг амьсгалаад унтаад байгаа байдалтай байсан болохоор нь гайгүй байх гэж бодоод явсан бөгөөд санаа зовоод 23 цаг өнгөрч байхад нөгөө орцондоо очиж нөгөө залууг харах гэж очихд  эмнэлгийн машин ирээд зогсчихсон, түүнийг аваад явж байсан...,  Би Даваасүрэн, Цогоо хоёрын байрладаг 3-ын 6-р байрны  подволь руу очих гээд явж байхад өөдөөс энэ хоёр гарч ирсэн..., Тэгээд тэр хоёр болсон хэргийн талаар цагдаад мэдэгдэх гэж хэсгийн өрөө рүү орсон...  гэсэн мэдүүлэг, /хх-ийн 140-141-р хуудас /

 

Гэрч Б.Түмэнцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

Тэр өдөр үдээс өмнө цас ороод ажлаа түр зогсоогоод байрандаа амарч байгаад үдээс хойш ажилдаа гарсан…,  Тэгээд бид гурав зам хийх талбайдаа шороо асгаж тэгшлээд завгүй л ажиллаж байсан..., Өдөр 15-16 цагийн үед тэр залуу, өөрөөсөө гадна хоёр залуутай 3-ын 9-р байрын голын орцны үүдэнд зогсч байгаад бид гурав руу хандан хөөе тар нар наад ажлаа хурдан хийгээч, юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ гээд байсан…, Бид гурав тухайн үед нь ажлаа хийгээд маргааш нь цемэнт цутгана гэж байсан болохоор нэлээн шуурхай ажиллаж байсан...,  Мөн газар тэгшлэж давтдаг цохилттой давтагчийн бензин нь дуусчихсан, Даваасүрэн асаах гээд Жавхаа бид хоёр тамхи татчихсан зогсож байхад л тэр залуу тийм зүйл бид гуравт хандан 2-3 удаа хэлсэн юм...,

 

Бид гурав өөрсдийн хийх ёстой ажлаа хийж байтал нөгөө залуу тэрнээс хойш өөрийнхөө 3-ын 20-р байрын голын орцны үүдэнд гараад ирчихсэн,  эхнэртэйгээ явж байсан нэг ахтай хамт зогсоод бас л та нар ажлаа хурдан хийгээч гэх мэтийн зүйл яриад хөөе наашаа хүрээд ир гээд байсан..., нөгөө залуу хэсэг тэр хавиар харагдахгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад дахиад орцноосоо ганцаараа гарч ирээд өөрийнхөө байрны хамгийн доод талын орц руу орж байгаа харагдсан...,  Ингэхдээ бид нарт ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд  тэр үед би  3-ын 20-р байрны урд талын дэлгүүрийн ар талд Жавхаа, Даваасүрэн хоёрын зөөж асгаж байсан шороог тэгшлээд зогсож байсан…,  Тэгснээ 5 орчим минутын дараа нөгөө залуу  залуу өөрийнхөө орцноос гарч ирэхдээ амаа цагаан өнгийн салфитка мэт зүйлээр дарчихсан  явж байсан..., Тэгээд өөрийнхөө орц руу явахдаа мөн “хөөш та нарыг наад ажлаа хурдан хий” гээд байгаа юм биш үү? гэж байсан...,  Түүнийг тэгж хэлж байхад нь Жавхаа, Даваасүрэн хоёр бараг анзаараа ч үгүй хоёулаа түүнээс буруу тийш харчихсан зогсож байсан...,

 

Тэгээд тэр залуу өөрийнхөө орц руу явж байснаа гэнэт явган хүний замаас хажуу, баруун тийшээ гараад өөрөөс нь холгүй шороо зөөх гээд шороо тэргэнд ачиж байсан. Даваасүрэнг араас нь очоод өгзөг хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд авсан…,  Тэгэхээр нь Даваасүрэн эргэж хараад түүнийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохьтол  арагшаагаа саваад  ар дагзаараа газарт унасан..., Унангуут нь   Жавхаа, Даваасүрэн хоёр түүнийг өндийлгөөд тэвэрсэн бөгөөд тэр хавьд явж байсан нэг залуу хажууд ирсэн, тэгээд энд цагдаа байгаа шүү дээ цагдаад хэлээч гэж хэлчихээд өөрөө 3-ын 20-р байрын доош утсаар яриад яваад өгсөн…, Би цагдаагийн хэсгийн өрөө рүү очиж үзэхэд хүн байхгүй байсан...,  Намайг очиход Даваасүрэнд цохиулсан залуугаас архи үнэртэж байсан мөн сэрэхгүй байсан..., Тэгэхлээр нь Жавхаа, бид хоёр түүнийг орц руу оруулъя гээд түүнийг цохиулсандаа цохилт аваад мөн согтуудаа сэрэхгүй байна гэж бодоод орц руу оруулсан… гэсэн мэдүүлэг, / хх-ийн 142-143-р хуудас/

 

Гэрч Д.Цогбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

Тэр өдөр 12 цагийн үед Ням-Очир над руу ярьж танд “Хаан” банкны данс, карт байна уу? ээжээсээ мөнгө шилжүүлж авна гэхээр нь эхнэр Ж.Мөнхбаярын дансыг өгөөд орой уулзахаар болсон..., Тэгнээд Ням-Очир залгаж картаа аваад   3-20-19 тоотод байдаг гэртээ хүрээд ир гэхээр нь  би хүүхдээ цэцэрлэгээс авчихаад гэрт нь ороход тэр ганцаараа байсан ба ээжээсээ 30.000 төгрөг шилжүүлж автал карт өгсөн хүн өртэй байж таараад 10.000 төгрөг авсан гэж байсан…,  Тэгээд тэр  хүн нь  200 граммтай “Өргөө” гэдэг 1 шил архи өгөхөөр нь ганцаараа уусан гэж байсан…,

 

...нөгөө 10.000  төгрөгөөр нь Ням-Очир бид хоёр 0,75 литрийн 1 шил “Ерөөл” архи авч хувааж уусан, дараа нь 16 цагийн үед би тэдний  байрны урд дэлгүүрээс өөрийн мөнгөөр 1 шил 0,75 л-ийн “Ерөөл” архи авч уусан... Хоёр дахь архийг уух гээд байж байхад гаднаас Кенежбай, Мөнх-Очир гэх хоёр залууг Ням-Очир намайг архинд гарсан хойгуур утсаар дуудсан гээд орж ирсэн..., Тэгээд бид дөрөв нөгөө архиа ууж дуусаад Ням-Очир Кенежбайтай манай эхнэрийн картанд хүнээс мөнгө хийлгэсэн гээд гарч би Мөнх-Очиртой нь үлдсэн...,

 

Тэр хоёр гаднаас 30-40 минутын дараа 2 шил 0,75 л-ийн “Ерөөл” архи авч орж ирээд хоёр архийг  ууж байхад би унтаад өгсөн байсан...,  Би 21 цаг 30 минутын үед сэрэхэд ганцаараа  гэрт  нь үлдсэн  байсан..., Тэгээд Ням-Очир руу залгахад утас нь холбогдохгүй,  гэрээс нь гарах гэсэн чинь гаднаас цоожилсон байсан...,  22 цагийн үед  хаалга цохиж “3-р микрийн цагдаа байна, хаалгаа” гэхээр нь  би “намайг гаднаас цоожилсон байна” гэж хэлэхэд тэр  цагдаа Ням-Очирыг хүнд цохиулж, зодуулсан байна, 1-р давхарт хэвтэж байна гэхэд нь  би түүний халаасанд түлхүүрийг нь үз надад түлхүүр байхгүй гэж  хэлсэн.

 

Цагдаа гаднаас хаалга онгойлгож  бид хамт доошоо буусан…, Ням-Очирынх 3 давхарт байдаг, арктай 1 өрөө байр юм...,  очиход Ням-Очир толгойгоо орцны үүд рүү харуулаад хажуу талаар хэвтсэн байдалтай байсан. Уруул амнаас нь цус гарчихсан, уруул нь хавдсан, хөмсөгнийх нь дээд хэсгээс язарч цус гарсан байдалтай байсан учраас бид 3 түүнийг гэрт нь өргөж оруулсан..., Цагдаа түүнийг сэрээх гэж хацар руу нь гараараа зөөлхөн алгадахад уртаар амьсгаа аваад  сэрэхгүй байсан. Гэрт нь ороод гэрийнх нь гэрлийг асаах гэсэн чинь гэрэл нь буудаж унтарсан..., бид цагдаа, эмнэлэг дуудсан... гэсэн мэдүүлэг,/  хх-ийн 136-137-р хуудас/

 

Гэрч К.Кенежбайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Мөнх-Очир бид хоёр 16 цагийн үед  Ням-Очирыг  дуудахаар нь гэрт ороход  тэр ганцаараа  нилээн их согтуу байсан бөгөөд намайг архи уух гэж дуудсан гэсэн…,  Ширээн дээр нь 200 грамын  жижиг архи байсан, мөн 0,75 литрийн  архины хоосон шил байсан..., гэрт нь ороод  байж байхад түүний найз Цогбадрах гэдэг  залуу орж ирэхэд  талийгаач түүнийг “нөгөө юм аа гаргаач” гэхэд тэр  1 шил 0,75 литрийн архи  гаргаад   бид дөрөв  хувааж уусан...,  Тэр архийг ууж  дуусаад   Ням-Очир бид хоёр Цогоогоос түүнийг виза картыг нь аваад  дахиж архинд гарсан…,  Талийгаач гэртээ байхдаа 6-ын 11 дүгээр байранд байдаг Аянагуль гэдэг эмэгтэйтэй очиж уулзах хэрэгтэй байна гэж надаас машинтай таньдаг хүн байна уу гэхээр нь  Би таксинд явдаг танил дүү Эрдэнэбаярын  99356316 утас  руу залгаж  ирүүлээд  бид хоёрыг хүргэж өгсөн…,  

 

Орой 18 цагийн орчимд байх Эрдэнэбаярыг ирэхэд талийгаач  15.000 төгрөг аваад  бас  нэг архи, нэг ундаа, тамхи авсан…, тэр үед  Аянагультай утсаар ярьтал тэр завгүй гэсэн учир бид хоёр нөгөө машинаараа 3-ын 20-р байранд хүргүүлсэн..., Бид хоёр 0,75 литрийн 1 шил  “Ерөөл” архи авч  гэр лүү нь ороод Мөнх-Очир Цогоо  бид дөрөв  нэг, нэг  хундага уугаад нилээд   согтсон…,

 

Би нэмж архи уухгүй гээд  найз  Мөнх-Очирыг аваад гэрээс нь гарч гэрт нь  Цогоо, талийгаач хоёр үлдсэн..., Талийгаач дэлгүүрээс сүүлийн архийг авах гэж явахдаа өөрийнхөө байрны урд ажил хийж байсан залуучуудын хажуугаар нь өнгөрөхдөө согтуурхаж мөрөлж, шүргэчих гээд байсан..., Би түүнийг боль боль, тийм юм байхгүй шүү гэж хүнтэй маргалдуулахгүй гэсэндээ хориглосон…, Талийгаач мөн тэд нарт хандан хэрүүл өдсөн өнгө аястай үг хэлээд байсан болохоор нь түүнийг холдуулаад цааш нь түлхэж дэлгүүр рүү аваад орсон…, Тэр залуучууд руу яг юу гэж хэлснийг нь анзаарч сонсоогүй, лав л хэрэлдчих гээд л байсан…, Тэр залуучууд нь харин өөдөөс нь ямар нэг зүйл хэлээгүй, ажлаа хийж байсан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 138- 139-р хуудас /

 

Гэрч Г.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

Тэр өдөр 21 цагийн орчимд ажил тараад гэр лүүгээ явж байтал манай орцонд шатны хажуугийн зайнд, паарны хажууд ар нуруугаараа хана налчихсан нэг согтуу эрэгтэй хүн хагас суугаа байдалтай байхаар нь согтуу хүн гэж бодоод хажуугийн 3-р орцонд байдаг хэсгийн цагдаа руу орж манай орцонд согтуу хүн байна гэж хэлээд хамт түүн дээр очиход тэр хүн  ухаангүй согтуу байсан болохоор өөдөөс нь ямар нэг байдлаар дуугараагүй...,

 

Тэр цагдаа түүний   байгаа байдлыг  гар утсаараа дарж...,  нэг хүнтэй утсаар ярьж байснаа намайг тэр орцны 3 давхарт гараад голын хаалгыг нь цохиод “хүн байна уу” үзээд ир гэхээр нь  гарч хаалгыг нь цохиход эрэгтэй согтуу байрын хүн гаднаас цоожилсон  гэж  хэлсэн..., доод давхарт нэг согтуу хүн байна гэхэд  “наад хүн чинь мөн байхаа” халаасанд түлхүүр нь байгаа байх гэхээр нь  би  цагдаад хэлсэн..., Тэгээд намайг хажууд нь байж байхад цагдаагийн ажилтан тэр залуугийн ар гэртэй нь холбогдох хэрэгтэй гээд, мөн түлхүүрийг нь халаасанд нь үзсэн..., Цагдаагийн ажилтан түүний халаасанд байсан нэг  түлхүүрийг аваад бид хоёр 3 давхарт гарч гэрийг нь онгойлгоод  нөгөө залуутай уулзсан...,

 

Тэр залуу нилээн их согтуу байсан  ба цагдаа  ширээн дээр байсан архины шил болон бусад зүйлийн зургийг гар утсаараа авсан... Тэгээд 3-лаа доош бууж орцонд байсан залууг өргөж гэрт нь оруулаад цагдаа, эмнэлэгт дуудлага өгч байсан… гэсэн мэдүүлэг, /хх-ийн 122-123-р хуудас /

 

Гэрч Э.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

...Өрөөндөө байж байтал  21 цаг 40 минутын орчимд 21 тоотод  оршин суугч гэх Энх-Амгалан гэдэг 20 орчим насны залуу орж ирээд  “…гэр рүүгээ орох гэж явтал манай орцны  1-р давхарт ухаангүй согтуу хүн унтаж байна...” гэж хэлэхээр нь хамт  ороход  урьд нь зүс харж байсан, нэр, хаягийг нь сайн мэдэхгүй, манай цагдаагийн хэсэгтэй байранд байдаг залуу байсан...,  хэсгийн цагдаа Эрдэнэ-Очир руу залгаж манай байранд байдаг, урьд нь хэдэн сарын өмнө чамтай маргалдаад байсан гэх, шаардлагыг чинь эсэргүүцээд байсан  архи уугаад яваад байдаг залуу  хэн билээ... гэхэд  Эрдэнэ-Очир надад “...2-р орц, 3 давхарын голын хаалганд амьдардаг  Ням-Очир гэдэг  залуу...” гэж хэлсэн.

 

Тэгээд нь дуудлага өгсөн залууг 3 давхарт гараад голын хаалгыг цохиод хүн байна уу? үзээд өгөөч гэсэн чинь тэр хаалгыг цохиод бууж ирснээ хаалгаа онгойлгож өгөхгүй байна, гэрт нь нэг хүн байна, наад согтуу хүний чинь халаасанд нь гэрийнх нь түлхүүр байгаа гэж хэллээ гэсэн…, Гэрт нь ороход Цогоо гэх залуу байсан ба Ням-Очиртой хамт архи ууж байгаад унтсан байна…сая хаалга цохихоор нь сэрлээ гэж хэлсэн...,  түүнийг дагуулж  нөгөө залууг харуулахад манай найз мөн  гэж хэлсэн…,

 

Ингээд  цагдаа, эмнэлэг дуудсан..., түргэн ирэхгүй болохоор нь  гэрт байсан залуу болон дуудлага өгсөн залуу хоёртой  түүнийг  өргөөд гэр рүү нь оруулсан...,  өрөөндөө сууж байхад араас гадаа байрны дунд зам талбайн ажил хийж байгаа 2 залуу орж ирээд  надаас орцонд сууж байсан согтуу залуу яасан юм бэ? түргэн ирээд аваад явж байгаа юм уу? бие нь яасан юм бэ? гэж асуугаад “…би тэр орцонд байсан залуутай маргалдсан хүн  байна…, гэхээр нь  яагаад маргалдсан юм бэ”   гэхэд  асуухад   “...би зүгээр  ажлаа хийж байтал  гэнэт  араас нь ирж өшиглөсөн…,  мөн янз бүрээр хэлээд байсан..., тэгэхлээр нь эргэж хараад  нэг удаа түүний нүүрэн тус газарт гараараа цохьсон гэж  хэлсэн…,  унахаар нь орцонд оруулсан,  архи нь гарахаар босоод явах байх гэж бодсон...” гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг, / х.хийн 124-125-р хуудас /

 

Хохирогч Б.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

Тухайн хэрэг болсон өдөр би хотод байсан бөгөөд ээж рүү хэсгийн байцаагч залуу манай дүүг орцонд согтоод унасан байна, уруул нь хавдсан, цус гараад байна, ямар нэгэн юм мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн гэсэн..., Миний бие 2016-05-14-ний өглөө 9 цаг өнгөрч байхад ээж болон хамаатны Даваажав гэх хүний машинтай ирсэн..., ар гэрийн зүгээс зөвшөөрлийн хуудас бөглөн хагалгаа хийлгэсэн боловч дүүгээ аварч чадаагүй…, 2016-05-15-ны өдрийн 16 цаг 30 минутын үед нас барсан...,   миний дүүгийн буруу байгаа  байх..,  тухайн үед архи их уусан байсан...,  хуулийн дагуу шийднэ  байх... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 68-69-р хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаартай :

 

Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, зүүн өгзөг, баруун гарын сарвуу, дээд болон доод уруулд зөөлөн эдэд цус хуралт, дух, доод уруул, хуйханд дагз хэсэгт, доод эрүүнд язарсан шарх, хуйханд дагз оройг хамарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

Гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт нь  гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

 

Уруул, доод эрүүнд үүссэн зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хуйханд үүссэн цус хуралт, зулгаралт, язарсан шарх, чамархайн булчингийн цус хуралт нь үхлийн шалтгаан болсон гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтэл бөгөөд гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйл унах үед үүсэх боломжтой, бусад гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжтой.

 

Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэнэ. Талийгаач нь элэгний хатуурал, хэвлийн хөндий дэх шингэн, дэлүүний томрол, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчтэй бөгөөд эдгээр нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй…,  этилийн спирт 3.9 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана…,  талийгаач нь АII бүлгийн цустай…, талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан доорх баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан доорхи их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт болно..., эмч нар оношлогоо болон  эмчилгээ стандартын дагуу хийсэн… гэсэн дүгнэлт /хх-ийн 71-73-р хуудас/  болон  шүүгдэгч  гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.

 

Хэдийгээр гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа өөрөөр хэлбэл шүүгдэгч Даваасүрэнг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь араас нь өшиглөсөн болох нь тогтоогдсон боловч шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт цохисны улмаас унаж гэмтэл авсныг шүүгдэгчийн “болгоомжгүй” үйлдэл гэж үзэх   боломжгүй.   

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн гаргасан “...Н.Даваасүрэнгийн үйлдэлд бусдыг санаатай алах гэмт хэргийн субъектив санаа, зорилго байхгүй харин түүний үйлдэлд болгоомжгүй гэмт хэргийн шинж байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2. /Мөн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, А.Жавзансүрэн нарын гаргасан :

 

...нэхэмжлэгч Р.Өлзийжаргалд хохирогч Б.Ням-Очир 67.0 сая төгрөг төлөх ёстой бөгөөд тэрээр одоо нас барсан учир 67.0 сая төгрөгийг шүүгдэгч Н.Даваасүрэнгээс гаргаж өгнө үү..., энэ тухай  нотлох баримтаа  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2.т заасны дагуу шүүхийн 335 дугаар шийдвэр, 76 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015-09-11-ний 563 дугаар  тогтоолыг үндэслэл болгож байна...,

 

...мөн шүүх  яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжинд заасан иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг  мэдэгдээгүй  учраас шүүх хуралдаанд оролцож чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг  дахин хэлэлцүүлнэ үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  Учир нь :

 

Хохирогч Б.Ням-Очир иргэний нэхэмжлэгч гэх Р.Өлзийжаргал нар гэр бүл болон амьдарч тэдний дундаас хоёр хүүхэд төрсөн..., тэд  хамт амьдарч байгаад  салж тэдний өөрсдийн хүсэлтээр Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүх 2015-04-03-ны өдрийн 335 шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээсэн..., хяналтын шатны шүүх 2016-04-10-ны 102 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж  тэдний дундын өмч  болох Орхон аймаг Баян-Өндөр  сумын Оюут баг 2-1а байрны 24 тоот  3 өрөө орон сууцыг  хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоож,  Б.Ням-Очироос  Р.Өлзийжаргал болон  2 хүүхдэд оногдох хувь болох 67.500.000 төгрөг /90.0 сая:4=22.500.0,х3= 67.500.000/ олгохоор шийдвэрлэжээ.

 

Дээрх тогтоолоор хохирогч Б.Ням-Очир, Р.Өлзийжаргал нарын дундын өмчийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд  шийдвэрийн биелэлтийг

шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэх ба харин энэ нь шүүгдэгч Н.Даваасүрэнгийн үйлдэлтэй ямар ч холбогдолгүй байхаас гадна эрүүгийн гэмт хэргийн улмаас бусдад  учруулсан хохирол биш.

 

Гэтэл шүүх шүүгдэгч Н.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад Р.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт   итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Ганбаатар, А.Жавзансүрэн нарын  2015-04-07-ны өдөр бичигдсэн итгэмжлэлийг үндэслэн энэ эрүүгийн хэрэгт оролцохоор хүсэлт гаргасныг хүлээн авч Р.Өлзийжаргалыг иргэний нэхэмжлэгчээр татсан нь буруу байна.  /х.хийн189-191.,197 хуудас/

 

Нэгэнт шүүх иргэний нэхэмжлэгчээр Р.Өлзийжаргалыг татсан учраас Б.Ганбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгджээ. /х.х 3-ийн 81-р хуудас/

 

Иймд иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан шүүгдэгчээс “дундын өмчийн оногдох хэсэг болох 67.900.000 төгрөг”  гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг болон давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүгдэгч Н.Даваасүрэн нь гэмт хэрэг үйлдэх үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ажлаа хийж байсан... нь тогтоогдсон байхад түүнийг “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл болно” гэж түүний эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн байна.

 

Мөн давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад шүүгдэгчийн ар гэрээс хохирогч С.Должинсүрэн, Б.Цэндсүрэн нарт шийтгэх тогтоолд заасан хохирлоос 2.0 сая төгрөг төлсөн бөгөөд энэ талаарх баримтаа ирүүлсэн байна. 

 

Н.Даваасүрэнд холбогдох хэргийн  мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох  баримтыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан, сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч тогтоол гарахад ач холбогдолтой байх  бүх  байдлыг шалгаж тогтоожээ.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1.,325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн давж заалдах гомдол болон иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбаатар, А.Жавзансүрэн нарын  нэхэмжлэл болон давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Н.Даваасүрэн нь  давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх  ажиллагааны явцад хохирогчид 2.0 сая төгрөг нэмж  төлсөн болохыг дурдсугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

 

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

 

                                                                                                                        Ц.ТУЯА