Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 489

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, ОВ 87071917 регистртэй, Балжин овогт Гончигийн Энхтөрийн нэхэмжлэлтэй,  

         Хариуцагч: Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдох,

       Ажилласан хугацааны цалин 2.000.000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхтөр, гэрч П.Ганбаатар, Б.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г.Энхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Давст суманд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Аваргын гараа нэртэй Бөхийн клуб нээгдсэн ба улмаар миний бие нь тус сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/76 дугаар захирамжийн дагуу тус клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар ажиллах болсон. Ингэж ажиллуулахдаа тушаал дээрээ цалингийн талаар дурдаагүй ба сарын 500.000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар амаар тохиролцсон. Улмаар миний бие нь 7 хоногт 2-3 удаа, 40-50 хүүхэд бэлтгэл хийлгүүлэн ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 9 дүгээр сард Улаангом суманд болсон Жудо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүхэд шалгаруулан оролцуулснаас 3 хүүхэд хүрэл медалийн төлөө барилдаж, 1 хүүхэд хүрэл медаль авсан. Миний бие нь Аваргын гараа бөхийн клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 сар гаруй ажилласан ба ажиллаж байх хугацаандаа ямар ч цалин аваагүй. Засаг даргаас цалингаа асуухад “Төсөв мөнгө байхгүй байна, төсөв мөнгө шийдэгдэхээр өгнө” гэдэг хариу өгч байсан. Гэвч миний бие нь цалингүй ч гэсэн 4 сар гаруй ажилласан ба цалин өгөхгүй байсан учир аргагүйн эрхэнд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаа орхисон. Ажлаасаа гарсны дараа ажилласан хугацааны цалин өгөхийг шаардахад “Хүлээж бай өгнө” гэж хүлээлгэсээр өдий хүрсэн. Мөн хандивын мөнгөнөөс сумын Засаг дарга 1.000.000 төгрөгийг надад өгнө гээд авсан гэсэн гэхдээ надад нэг ч төгрөг өгөөгүй. Иймд Увс аймгийн Давст сумын Засаг даргаас “Аваргын гараа” бөхийн клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар 4 сар ажилласан хугацааны цалин 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

       Хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг дарга Ж.Батсүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2014 оны 06 дугаар сард Увс нуур дэвжээний бөхийн галын тэргүүн Д.Дорлигжавын санаачлага, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэмжлэгээр тус суманд “Аваргын гараа” бөхийн дэвжээг нээж Гончиг овогтой Энхтөрд уг дэвжээг хариуцуулан өгч орон тооны бус дасгалжуулагч багшаар томилсон ба тухайн үед ямар нэгэн гэрээ байгуулж цалин хөлс тохироогүй. Эцэг, эх, суралцагч, тамирчид нараасаа төлбөр авч цалин хөлсөө зохицуулах улмаар бөхийн спортыг хөгжүүлэх чиглэлээр аймаг сумын Засаг даргын хөтөлбөр, бодлогод тусгагдсаны дагуу 2015-2016 оны төсөвт орон тоог баталж, өөрийг чинь авч ажиллуулна гэдэг чиглэл өгсөн. Гэвч энэ тухай үл ойшоон дэвжээг орхин одсон. 2014 оны 7-8-р сард сурагчид амарсан үеэр ажиллаагүй, 9-10-р сард хааяа нэг ажилласан. Тухайн үед Г.Энхтөрийн ажилласан цагийг бүртгээгүй, тэгээд ч өөрөө орлого бүрдүүлж ажиллах ёстой. Сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/76 тоот захирамж нь дэвжээ нээх тухай захирамж байсан гэдгийг дурдъя. Иймд Г.Энхтөрд ямар нэгэн цалин хөлс олгох ёсгүй юм” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Г.Энхтөр нь хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргаас ажилласан хугацааны цалин 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг дарга Ж.Батсүх нь ““Аваргын гараа” бөхийн дэвжээг нээж Г.Энхтөрд хариуцуулан өгч орон тооны бус дасгалжуулагч багшаар томилсон ба тухайн үед ямар нэгэн гэрээ байгуулж цалин хөлс тохироогүй. Тухайн үед Г.Энхтөрийн ажилласан цагийг бүртгээгүй, тэгээд ч өөрөө орлого бүрдүүлж ажиллах ёстой. Иймд Г.Энхтөрд ямар нэгэн цалин хөлс олгох ёсгүй юм” гэж маргаж байна.

       Увс аймгийн Давст суманд “Аваргын гараа” нэртэй бөхийн клуб нээн ажиллуулж, дасгалжуулагч, арга зүйч багшаар Г.Энхтөрийг томилон ажиллуулсан болох нь Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/76 тоот захирамжаар тогтооогдож байна.

        Нэхэмжлэгч нь “Аваргын гараа” нэртэй бөхийн клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан болох нь Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/76 тоот захирамж, гэрч П.Ганбаатарын “Би “Аваргын гараа” бөхийн клубд хичээллэж байсан. Тус клубын дасгалжуулагч багшаар Г.Энхтөр ажиллаж байсан. Би хичээллэж байх хугацаандаа тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Нямдаваагийн “Би тус клубыг нээгдсэн цагаас нь эхлэн хичээллэсэн. Манай клубын дасгалжуулагч багшаар Г.Энхтөр ажиллаж байсан. Би тус клубд хичээллэж байхдаа тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж, хүрэл медаль авч байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.   

      Хэрэгт авагдсан Б.Нямдаваагийн гэрэл зураг, Б.Нямдаваагийн талархал гэх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

     Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхтөр нь Увс аймгийн Давст сумын “Аваргын гараа” бөхийн клубд дасгалжуулагч, арга зүйч багшаар 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байх тул цалин хөлс авах эрхтэй байна.

      Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас ажилласан хугацааны цалин 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхтөрд олгож шийдвэрлэлээ.

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхтөрд олгох нь зүйтэй.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхтөрд олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхтөрд олгосугай. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР