Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00536

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 18 210/МА2024/00536

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05417 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.*******т холбогдох,

 

13,052,113 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. С.*******, Д******* нар нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 100 ширхэг хувьцаатай буюу 1,000,000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ******* ******* ХХК-ийг байгуулж, 50, 50 хувиар буюу тус бүр 500,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг эзэмшдэг байсан.

1.2. 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр С.******* нь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Д*******д 500,000 төгрөгөөр худалдахаар болсон.

1.3. Хувьцаа шилжүүлэх гэрээгээр компани байгуулагдсанаас хойш 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх компанийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан татварын өрийг 50, 50 хувиар хувааж төлөхөөр тохиролцсон.

Иймд татварын өр 26,104,227 төгрөгийн тал хувь болох 13,052,116 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөтэй ******* ******* ХХК-ийг байгуулж, Д******* 50-ийн хувьцааг эзэмшиж байсан. 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл татварын өр төлбөр байгаагүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-т зааснаар татварын өрийг төлөх үүсэх үндэслэлгүй.

2.2. ******* ******* ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон.

Иймд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага биелүүлэхээс татгалзаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******ээс 10,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,252,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,733 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.*******ээс 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.1. Нэхэмжлэгч тал Э.*******, Д******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* ******* ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ-нээс татгалзаж, компанийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг хувьцааг буцаан Э.*******т шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Гэвч шүүхийн зүгээс шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2022/28574 дугаартай захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

4.2. ******* ******* ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/01629 дугаар магадлалд тусгагдсанаар тус гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон байна.

Хэргийн баримтаас Д*******гийн Э.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэл, эрэн сурвалжлуулах хүсэлтээр ******* ******* ХХК-ийн Э.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан 13,052,113 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... эрх шилжүүлэх гэрээний 3.1-т зааснаар татварын өрийг төлөх үүрэг үүсээгүй, гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан, маргажээ.

 

3. Э.*******, Д******* нар 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч нь өөрийн эзэмшдэг нэг бүр нь 10,000 төгрөг, нийт 500,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг худалдах, худалдан авагч нь төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлж, тооцоо дууссан гэж гэрээний 3.1-д тусгасан байна.

 

4. Талууд мөн өдрөө ******* ******* ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч Э.******* нь тус компанийн нийт хувьцаа, эрх, үүргийн 50 хувийг эрх хүлээн авагч Д*******д шилжүүлэх, гэрээний 3.1-д Компанийг байгуулсан үеэс 2018.05.18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдаад байгаа улсад төлөх татварын өрийг талууд 50, 50 хувиар хувааж хариуцах нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-8/

 

5. Дээрхээс дүгнэхэд Д*******, Э.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул гэрээний нэг тал нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Хэрэгт Д*******гээс нэхэмжлэгч ******* ******* ХХК-д шаардах эрх олгосон баримт авагдаагүй байна. Иймээс нэхэмжлэгч нь талуудын байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй.

Иймд хариуцагч Э.*******ийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх иргэд хооронд хийгдсэн хэлцлийг хуулийн этгээд болон иргэний хооронд хийгдсэн мэтээр дүгнэж, улмаар гэрээний оролцогч биш этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийн нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд журамд нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/05417 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Э.*******т холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,052,113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД