Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00008

 

2024 01 25 207/МА2024/00008

 

 

Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.Б-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хаалттай хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11.790.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Б- миний бие цэргийн албаны болон сахилгын шийтгэл огт хүлээж байгаагүй. ...Би түүний удирдах албан тушаалтны хувьд түүнд хандан цэргийн дүрмийн дагуу ажил албан үүргээ гүйцэтгэх талаар цэргийн дүрэмд заасан шаардлагыг хэд хэдэн удаа тавьсан. Гэтэл Б.Б нь миний зүгээс тавьсан дээрх албаны шаардаагыг байнга эсэргүүцдэг байсан ба сүүлдээ хувийн өс хонзон болгон хандаж намайг түүнийг хүчиндсэн мэтээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргад бичгээр гомдол гаргасан байсан ба үүнээс хойш миний алба хааж байгаа Зэвсэгт хүчний ..... дугаар ангийн бие бүрэлдэхүүнд, зэрэгцээ байрлах Зэвсэгт хүчний ... дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний барилга инженерийн удирдах газар, түүний харъяа ангиуд /Улаанбаатар хотод байрлах ... дугаар анги, С аймагт байрлах ... дугаар анги, Б аймагт байрлах-... дүгээр анги, Б аймагт байрлах ... дугаар анги, А аймагт шинээр байгуулагдаж байгаа анги/, хамт энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргийн албан хаагч нарт амаараа худал мэдээлэл тарааж эхэлсэн. Тэр ч бүү хэл миний өмнө хааж байсан Зэвсэгт хүчний ..., ..., ... дүгээр ангийн албан хаагч нарт хүртэл дээрх худал мэдээллээ тараасан байдаг. Үүнээс гадна манай цэргийн ангид манай Г сумын харъяат хугацаа цэргийн албан хаагч нар болон тус ангид алба хаадаг офицер, ахлагч нарт мөн уг худал мэдээлэл тарааснаас болж нутаг усандаа ч очих нэр нүүргүй болж хохирч байна. Түүний худал мэдээлэлд үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын ........ дугаартай тушаалаар миний бие төрийн албанаас халагдах сахилгын шийтгэл хүлээсэн. Ингээд миний бие ажилгүй болж хохирсон бөгөөд үнэ зөвийг нь олохыг хүсч би өөрөө Зэвсэгт хүчний жанжин штабын төрийн албаны салбар зөвлөлд хандан гаргасанг харъяалах мөрдөн шапгах байгууллагаар шалгуулахаар Зэвсэгт хүчний жанжин штабаас О аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн байдаг. Тодруулбал үнэн зөвийг тогтоолгохоор хандсаны дагуу Зэвсэгт хүчний жанжин штаб нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ......... дугаартай албан бичгийг О аймгийн цагдаагийн газарт хүргүүлсэн О аймгийн цагдаагийн газраас 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарын хүртэл 7 сарын хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг хуульд зааснаар явуулсан. Би үнэхээр түүнийг хүчиндээгүй, гэмт хэрэг үйлдээгүй байсан тул үнэ мөнийг нь олж намайг буруугүй болохыг тогтоосон О аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. ...Иймд миний бие Б.Б-д холбогдуулан нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг түүнд даалгуулах шаардлагыг гаргаж байна. Мөн түүний худал мэдээлэл тараасан үйлдлээс болж надад учирсан бодит хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин 11.790.000 төгрөгийг Б.Б-эс гаргуулан авах нэхэмжлэл гаргаж байгааг тус тус шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Түүний надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл болон хүсэлт зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би өмнөх явдлыг нь бодоод энэ хүнд анхнаасаа дургүй байдаг ба аль болох харьцахгүй байхыг хүсдэг. Гэтэл өөрөө элдвээр араас хэлээд янз бүр болж явсаар 2022.04.19ны өдөр намайг согтоож байгаад хүчиндсэн байсан. Би өөдөөс нь гараараа болиулах гэж цохиод дийлээгүй. Үүнээс хойш намайг дарамталсан хэвээрээ байсан тул аргагүй эрхэнд 2022.07.01-нд энэ асуудлын талаар би Жанжин штабд гомдол гаргатал цагдаа руу миний өргөдлийн шилжүүлсэн байсан. Би энэ хүнийг ажлаас нь халж өгөөч гэж бичээгүй. Цаашдаа намайг ингэж доромжлох асуудал гаргуулахгүй болгох гэж өргөдөл бичсэн. Би түүнийг элдвээр хов яриа хэлж нэр төрийг нь гутаан доромжилсон зүйл надад байхгүй. Одоог хүртэл худал мэдээлэл тараасаар байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө хүчиндүүлж сэтгэл санааны хүнд дарамтанд орсон байж миний өөрийн нэр төртэй холбоотой асуудлын хүнд яриад явж байх уу. Харин ч ярих нь бүү хэл ичээд нууж явсаар өөрөө сэтгэл санаагаар маш хүнд явж байна. ... Дөнгөж төрчөөд байж байтад шүүхээс дуудаад өргөдлөө буцааж аваагүй бас л намайг хууран мэхэлж ашигласан болохыг мэдсэн. Эсрэгээрээ би нэр төрөө сэргээлгэх байтал миний жирэмсэн, нялх, биетэйг харгалзахгүйгээр намайг шүүхэд өгч байгааг бас нэг хүчирхийллийн хэлбэр гэж үзэж байна. Ер нь Э.Б- бол надад ажлын байрны бэлгийн дарамт учруулж, намайг дээрэлхэж ирсэн тул гомдолтой байна. ...Би энэ талаар нөхрөөсөө хүртэл нуусан байж өөр хүнд яриад явж байх уу. Миний бие түүнд холбогдох хэргийг хаасан прокурорын тогтоолд гомдол гаргаж байгаа болно. Иймд түүний нэхэмжлэл болон хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11.790.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Зэвсэгт хүчний жанжин штабын анхан шатны шүүхэд ирүүлсэн нотлох баримт хүргүүлэх тухай 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн .... тоот Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичигт Б.Бийн худал мэдээлэл тараасан өргөдөлд үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн тухайн мэдээлэл худал байсныг хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар тогтоож гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгосон учир ажилд нь томилон ажилуулсан талаар тодорхой дурьдсан. Энэ нөхцөл байдлыг хэрэгт авагдсан прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан баримтууд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ........ дугаартай Э.Б-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан тухай тушаал, ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь заалтаар нэхэмжлэгч Э.Б-ийг Цэргийн нийтлэг дүрмүүдийн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, албаны эрх мэдлээ хэтрүүлэн цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцагч Х.Б-ийн эрх хэмжээний асуудал биш бөгөөд Х.Б- эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан, нэхэмжлэгчийг хэсэг хугацаанд ажлаас чөлөөлсөнд Х.Б-ийн буруутай үйлдэл байхгүй... гэж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй нөхцөл байдлыг жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэсэн. Тодруулбал шүүхийн хийсэн дээрх дүгнэлтээр Э.Б-ийг ажлаас нь хугацаатай чөлөөлсөн мэт, хариуцагч Б.Бийн худал мэдээлэл агуулсан өргөдлийг үндэслэл болгож ажлаас нь бүр мөсөн чөлөөлөөгүй мэт ойлголтуудыг бий болгосон. Гэтэл хэрэгт Зэвсэгт хүчний жанжин штабын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны .... тоот албан бичигт Б.Бийн өргөдөлд дурдсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүчирхийлэлд өртсөн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, О аймгийн прокурорын газрын Прокурорын 2023 оны ... дугаар тогтоолоор Э.Б-эд холбогдох хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан тул ажилд нь томилон ажиллуулсан талаар дэлгэрэнгүй дурдсан байна. Хариуцагч Б.Бийн худал мэдээлэл агуулсан өргөдөл нь Э.Б-эд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах шууд үндэслэл болж шууд шалтгаант холбоотой /гэм хорын бүрэлдэхүүний шинж бүрэн хангагдсан/ байгааг шүүх анхаарч үзээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд Хэний ч ....нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо, халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. Монгол Улсын үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж тус тус заасан. Энэхүү суурь зарчмын хүрээнд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах талаар зохицуулалтыг тусгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд шүүхэд мэдүүлэх эрхийн талаар тодорхой зохицуулсан байна. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй, мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгодог ба уг худал мэдээллийг Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, электрон шуудангаар, хурал цуглаан дээр амаар хэлэх байдлаар, өргөдөл, албан тоот гэх мэт ямар нэгэн хэлбэрээр бусад этгээдэд хүргэгдсэн байхыг иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүнд, алдар хүндэд халдсан гэж ойлгодог. Б.Б нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд өөрийг нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүчиндсэн, бэлгийн дарамт учруулдаг байсан мэтээр худал мэдээллийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргад өргөдөл гаргах байдлаар хүргүүлсэн. Ингэж худал мэдээлэл хүргүүлсний улмаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нь худал мэдээлэлд үнэмшиж ажлаас нь Э.Б-ийг сахилгын зөрчлөөр чөлөөлж эрх зүйн сөрөг үр дагавар бий болсон байтал анхан шатны шүүх худал мэдээлэл тараагаагүй, эрх зүйн сөрөг үр дагавар бий болоогүй мэтээр дүгнэлт хийж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Хэрэг бүртгэлтийн хэргийн 13 дахь талд гэрч Ц.О-ийн мэдүүлэгт Б.Б надад Э.Б-эд хүчиндуулсэн гэж Зэвсэгт хүчний жанжин штабд өргөдөл гаргасны дараа хэлж байсан гэж тусгагдсан нь хариуцагч Б.Б нь амаар нэхэмжлэгчид хүчиндүүлсэн гэх худал мэдээллээ Ц.О-т тараасан болохыг нотлох нотлогоо юм. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт гэрч Ц.О-ийн мэдүүлгийг судалсан талаар дурдсан атлаа тухайн мэдүүлгийг хэрхэн үнэлж дүгнэж байгаа дүгнэлт бичилгүй орхигдуулж байгаад гомдолтой байна. Эндээс дүгнэхэд Б.Б нь Э.Б-ийн нэр хүнд, ажил хэргийн хүнд, алдар хүндийг гутаасан худал мэдээллээ бичгийн хэлбэрээр болон аман хэлбэрээр бусад этгээдэд хүргүүлсэн болохыг тогтоогдсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. 3 Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12-т Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасныг үндэслэн Б.Бийн худал мэдээлэл тараасан өргөдлийг зөвтгөн шийдвэрлэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гээд 1-д Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 2-д хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх гэж тус тус зааж иргэний үндсэн үүргийг хуульчлан тогтоосон байна. Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Арван долдугаар зүйлд заасан үндсэн үүргийг биелүүлэх учиртай. Хариуцагчийг анхан шатны шүүх өргөдөл гомдол гаргах эрхээ эдэлсэн гэж дүгнэсэн атлаа Арвандолдугаар бүлэгт заасан үндсэн үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт бичилгүй орхигдуулж нэхэмжлэгчийн худал мэдээлэл тараасан үйлдлийг зөв зүйтэй байж болох л үйлдэл мэтээр дүгнэлт хийж буруу жишиг тогтоох үр дагавартай шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйл болон 17 дугаар зүйлд заасан иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх эрх чөлөө болох өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх, ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг болох хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зэрэг эрх үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр баталж өдийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү хуулийн зорилт нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулсан байх ба иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргах өргөдөл гомдолд тавигдах шаардлага, хэлбэр, шийдвэрлэх журмыг нарийвчлан зохицуулжээ. Тодруулбал тус хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль бусад хуулийг зөрчих, бусдын эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй, 2 дахь хэсэгт Өргөдөл гомдол үнэн зөв байна гэж тус тус заасан нь иргэн өргөдөл гомдол гаргахдаа худал мэдээлэл тусгаж бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироохоос урьдчилан сэргийлж, өргөдөл гомдолдоо үнэн бодит мэдээдэл тусгахыг иргэнд үүрэг болгосон байна. Гэтэл анхан шатны шүүх Б.Бийн гомдолд үнэн зөв мэдээлэл тусгах шаардлага тавигдаж байгаа хуулийг хэрэглэлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 3-т Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ...бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй гэж заасан. Тэгтэл анхан шатны шүүх Б.Бийг эрх, эрх чөлөөгөө эдэлсэн гэж дүгнэж, эрх эрх чөлөөгөө эдлэхдээ худал мэдээлэл тарааж Э.Б-ийн эрх, эрх чөлөөг хохироосон байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй. Энэ мэтээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй үндэслэлгүй шийдвэр болсон байна. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсен тухайд: Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчиин өмгөөлөгчөөс хэргийг хаалттай хэлэлцэх хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүх хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн талаарх захирамж гарсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт хэргийг хаалттай болон нээлттэй хэлэлцсэн талаар огт тусгалгүй орхигдуулсан шийдвэрийн удирдтгал хэсгээр нотлогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хэргийн нотлох баримт, эсхүл үйл явдал, төр байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг бүрэн буюу түүний зарим ажиллагааг хаалттай явуулж болно" гэж заасан. Хэргийг хаалттай болон нээлттэйгээр хянан хэлэлцсэн эсэх асуудлыг шүүхийн шийдвэрт тусгахын эрх зүйн үр дагавар нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай тогтоолоор батлагдсан Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2.2. хэрэг, маргааныг хаалттай шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр-ийг цахим санд байршуулахгүй байхаар хориглосон хэм хэмжээг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой байна. Энэ агуулгаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхээргүй шийдвэр гаргажээ. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг цуглуулж бүрдүүлж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагад нийцэхүйц нотлох баримт цугларч байгаа эсэхийг тухай бүр хянаж дүгнэх учиртай. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой...учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ, 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж бүрдүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй, нотлох баримтыг ашиглан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч Б.Б нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тодруулахад Намайг хүчиндсэн болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна гэж удаа дараа хариулсан. Хэргийн оролцогчийн бичгийн болон аман хэлбэрээр гаргаж буй тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж зааснаар үнэн зөв байх хуулийн шаардлагад тавигдаж улмаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх учиртай байна. ...Хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажилагаагаар хохирогчоор хууль сануулан авсан 11 дэх талд байх ...Би хээр Б, О нарын хамтаар очоод архи согтууруулах ундаа хэрэглэсэнээс хойшхи болсон асуудлаа санахгүй байна... гэх мэдүүлэг, 08 дахь талд байх ...Бийг надтай бэлгийн харьцаанд орж байхыг би санахгүй байна... гэх мэдүүлгүүдээр няцаан үгүйсгэгдсэн үнэнд үл нийцэх тайлбар юм. Гэтэл анхан шатны шүүх харилцан зөрүүтэй эх сурвалжгүй өөрийнх нь мэдүүлгээр няцаагдсан Б.Бийн тайлбар, мэдүүлгийг хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг, 40.2-д Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг хэрэгжүүлээгүйг харуулж байна. Энэ нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтойгоор зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан шатны шүүийн ...... шийдвэрийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү гомдлыг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа болно. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, уг мэдээг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйлгахыг даалгуулах, учруулсан хохирол 11.790.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нар доорх үндэслэлүүдээр шүүхэд давж заалдсан гомдол гаргажээ.

2023 оны 06 дугаар сарын 28 ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нь ... иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-д зааснаар шүүх хуралдааныг бүрэн хаалттай явуулж өгнө үү ... гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байх ба шүүх 2023 оны 06 дугаар сарын 28 ны өдрийн 142 дугаар шүүхийн тогтоолоор ...нэхэмжлэгч Э.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-д холбогдох иргэний хэрэг нь хувь хүний нууцад хамаарах хэрэг... гэсэн дүгнэлтийг хийж шүүх хуралдааныг бүрэн хаалттай явуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх 2023 оны 08 дугаар сарын 15 ны өдөр , 09 дүгээр сарын 25 ны өдөр , 10 дугаар сарын 17 ны өдрийн шүүх хуралдааныг нээлттэй явуулж, 2023 оны 06 дугаар сарын 28 ны өдрийн 142 дугаар шүүхийн тогтоолын заалтаа хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-ийг зөрчсөн.

...Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг цуглуулж бүрдүүлэх талаар хуульд заасан журам зөрчсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй нотлох баримтыг ашиглан шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөед үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ... гэсэн агуулгатай давж заалдсан гомдол гаргаж байгаа боловч ямар агуулгатай нотлох баримтын талаар бичиж байгаа нь тодорхойгүй байх тул гомдлын энэ үндэслэлгүй хүлээн авах боломжгүй юм .

Шүүх хариуцагч Б.Бийн тайлбар, мэдүүлгийг яаж үнэлсэн талаар шүүхийн шийдвэртээ тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасан ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ..., мөн хуулийн 40.2-т заасан ....нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ... 118 дугаар зүйлийн 118 .4.-д үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана... гэснийг тус тус зөрчжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах үндэслэлтэй болно.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 273.790 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2023/...... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 273.790 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б