Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/29

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,                                                                               

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч Л.С, түүний өмгөөлөгч Э.Сайханаа,

гэрч С.Ч, А.Л,

шинжээч Л.Жаргалтогтох,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                      

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-н А-д холбогдох эрүүгийн 1817002220105 дугаартай хэргийг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “” ХК-нд к ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын  дүгээр баг  дугаар байрны  дугаар орцны тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н А /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.А нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р баг, Шивээгийн 1-11 тоот хашааны үүдэнд Л.С-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р баг, Шивээгийн 2-2 тоот хашааны үүдэнд Л.С-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 1-11 тоот хашааны үүдэнд хохирогч Л.С-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон, мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 2-2 тоот хашааны үүдэнд хохирогч Л.С-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Хохирогч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Өглөө 11 цагийн үед ажлаас буугаад Н ахтай эрт буусан юм чинь нэг юм ууя гээд ярьсан. Тэгээд бүгдээрээ цуг явъя гээд Шивээд очоод би нэг юм авсан. Тэгээд тэр архиа ууж дуусаад ахиад нэг юм авсан. Уугаад сууж байхад Ч ирээд нэг шил архи авч өгсөн. Орой 6 цагийн үед би ахиад нэг шил архи авсан. Нийтдээ 4 шил архи уусан. Тэр үед Н, А, Ч бид нар цуг уусан. Уугаад байж байхад Ү гэдэг манай нэг найз ирсэн. Би Ү-тай энийгээ ууж дуусчхаад танайд очоод юм идчихээд гэртээ харина гэж ярьсан. А-г аавыгаа ярихаар нь би ахын дүү ээж, аавыгаа ярьдаггүй юм гэж хэлсэн. Надаас манай аав мундаг хүн биз дээ ахаа гэхээр нь би танай аавын чинь мундгийг мэднэ ахын дүү архи уусан үедээ битгий ийм зүйл ярь гэж хэлсэн. Бусдаар бол харааж барьсан зүйл байхгүй. Тэгээд архиа дуусчхаад би Ч-г түшээд явж байсан чинь араас маш хүчтэй цохисон. Би хөл алдаад газар унасан чинь миний нүүр лүү хоёр удаа хүчтэй цохисон. Юугаар цохисныг нь би мэдэхгүй байна. Тэгээд би өөрөө босоод гүйгээд явж байгаад машинд дайруулангаа алдсан. Тэгсэн чинь манай 10 жилийн ангийн дуу хөгжмийн багш явж байсан. Тэгээд миний хамар, амнаас маш их цус алдаад явж байгаад Ч-тай таарсан. Ч намайг чи яасан юм бэ гэхээр нь би А намайг цохчихлоо гэсэн. Тэгсэн хоёулаа явъя гээд цуг явж байсан чинь контейнерийн хажууд А, Л хоёр байсан. Тэгэхээр нь би А чи ахыгаа яаж байгаа юм бэ миний ам, хамраас цус гараад байна шүү дээ гэсэн чинь А хувцсаа тайлаад ирээд ахиад хоёр цохиж нэг алгадсан. Хүн хорьсон үгүйг би сайн мэдэхгүй байна. Би босоод гэр лүүгээ гүйж очоод гэрийнхээ гадаа 30 минут орчим зогссон чинь цус намдахгүй байсан. Тэгээд гэртээ ороод цус намдахгүй болохоор нь эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очиход цагдаа, эмнэлгийн дарга хоёр байсан. Тэгээд үзүүлсэн чинь эрүү, шүд хугаралттай байна гэсэн. Тэр шөнөдөө цус намдаах болон тайвшруулах тариа хийлгэж хоноод маргааш нь Чойрын эмнэлгээр явсан. Чойроос 13а маягт аваад хотод очоод 31-ний өглөө хагалгаанд орсон гэв.

 

1.3. Гэрч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр Н над руу залгахаар нь очсон чинь С, А, Н, Ү нар байсан. Намайг ороход энэ хэд уугаад сууж байсан.  С намайг нэг шил архи авч өг гэхээр нь чи архи уухаараа тавтиргүй, олон юм ярьдаг авч өгөхгүй гэсэн чинь чиний үгэнд орноо гэхээр нь нэг юм авч өгсөн. Тэрийг уусны дараа С ахиад нэг юм авсан. Тэгээд орой 08 цаг өнгөрөөгөөд бид гараад Н ахын хашаанаас нэлээн хол явж байсан чинь С-н араас А нэг алгадаад авсан. С тонгойгоод босоод ирэхээр нь утасны гэрэл тусгаад харсан чинь амнаас нь цус гоожсон байсан. Тэгээд С-г би дагуулаад явсан.  Тэгээд би ийшээ ороод цүнхээ аваад ирье чи гэр лүүгээ явж байгаарай гэж хэлчхээд цүнхээ аваад гараад ирсэн чинь С төв зам дээр машины урдуур орохоо шахсан. Тэр үед нь би хол байсан болохоор сонссон чинь машины доогуур орох чинь дутаа юу гээд хүмүүс ярьж байгаад нөгөө хэд нь машиндаа суугаад явсан. Тэр үед А над руу хүрээд ир гээд ярихаар нь очсон чинь араас С ирээд чи ахыгаа яаж байгаа юм бэ гэхэд А нэг цохиод авсан. Тэгээд би А-г бариад авсан чинь С-н ард дагз руу нь цохисон. А гэр лүүгээ гүйгээд яваад өгсөн. Бид хэд манай гэрийн гадаа ирээд тарцгаасан гэв.

 

1.4. Гэрч А.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Бид нар ажлаасаа буугаад ажлынхаа ахынд очсон. Тэднийхээс орой гарч яваад ийм зүйл болсон. А С хоёр маргалдаад А гурван удаа цохисон гэв.

 

1.5. Шинжээч Л.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Л.С-н биед үзлэг хийсэн. Юм идэж, ууж болохгүй хамаг бие, толгой өвдөнө гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр шүдний бэхэлгээтэй, толгойн орой, нүүр, эрүү, дагз, хүзүүний хоёр талаар эмзэглэлтэй. Яаралтай тусламжийн хуудас, улсын клиникийн төв эмнэлгийн хэвтэн эмчлүүлсэн тухай бичлэг зэргийг үндэслээд С-н биед доод эрүүний зүүн хэсэг болон баруун булангийн зөрүүтэй хугарал, зүүн доод дөрөвдүгээр шүдний хугарал гэмтэл учирсан. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 10 дугаар сарын 28-ны үед үүссэн байх боломжтой. Доод эрүүний зүүн хэсэг болон баруун булангийн зөрүүтэй хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн доод дөрөвдүгээр шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлтийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан гэв.

 

1.6. Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 7 цагийн үед “Шивээ-Овоо” ХК дээр ажил дээрээ очсон. Тухайн өдөр ажил дээрээ засвар үйлчилгээний ажил хийж байгаад 11 цагийн үед буусан. Албаны ажилчдын унаа 14 цагт явдаг юм. Хамт ажилладаг Н ах эхнэрээ машинтайгаа хүрээд ир гээд дуудсан. Н ахын эхнэр 11 цаг өнгөрч байхад ирсэн. Н ахын машинд С, Л бид нар суугаад Шивээговь сум руу явсан. Шивээговь суман дээр ирэхэд 12 цаг болж байсан. Тэгтэл С ах хэдүүлээ хэсгээрээ ганц шил архи ууя гээд өөрөө дэлгүүр лүү ороод Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад гарч ирсэн. Тэгээд Н-н гэрт очоод Ерөөл нэртэй 0.75 литрийн архийг Н, С бид гурав хувааж уусан. Л Н ах жоохон хүүхэд гээд архи өгөхгүй байсан. Би эхний архинаас нээх уугаагүй. Тэр архи дуусаад С ах дахиад нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчирсан. Нах, С бид нар тэр архийг ууж байтал гаднаас Ч, Ү нар Н ахын гэрт орж ирсэн. Ү Ч хоёрыг С утсаар дуудаж авчирсан. Ү энэ архинаас уугаагүй. Мөн Л ганц нэг хундага уусан. Энэ архийг дуусгаад С ах намайг тамхи татъя гээд аваад гарсан. С түрүүлээд гадаа модон жорлонд орсон. Тэгээд намайг жорлонд татаж оруулаад пизда минь наашаа хар гээд нэг удаа гараараа баруун талын шанаа руу цохисон. Би жорлонгоос гарах гэсэн намайг багалзуурдаад нэг удаа зүүн шанаа руу алгадсан. С ах чи битгий хачин юмнуудын хажууд аавыгаа яриад бай, би угаасаа танай аавыг мэднэ чамайг ална шүү гээд байсан. Намайг багалзуурдаад тавихгүй байхаар нь С-н гар луу цохиж тавиулаад Н ахын гэр лүү орсон. Гэрт ороод С ах Ч-с архи нэхээд байсан. Ч чи агсан зантай шүү гэж хэлээд дэлгүүр яваад нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авчирсан. Тэр архинаас Ч, С, Н нар уусан. Ү, Л бид гурав уугаагүй. С над руу агсарах гээд байхаар нь уугаагүй. Тэр архийг уучихаад С ах Ү бид хоёр луу агсраад чи хачин бацаан гэх зэргээр доромжлох үг хэлээд байсан. С ах Ү хоёр хамт гараад Экс нэртэй 0.75 литрийн архи авсан. Тэр архинаас Ү, Л нар уугаагүй, бусад нь уусан. Би тэр архинаас хоёр хундага уучихаад найз охинтойгоо утсаар яриад сууж байгаад буцаад ороо ирсэн тэр архи нь дууссан байсан. Намайг буцаад ороход С ах нилээн муудсан байсан. С чанга, чанга дуугараад Н ахын хүүхдийг сэрээгээд байсан. Н ах С-д хандаад чимээгүй бай, хүүхэд сэрээгээд байна гэж хэлж байсан. С, Н ахтай юм яриад нэг хэсэг суусан. Сүүлдээ С Н ахтай муудах гээд пизда гээд байхаар нь бид хэд аваад Н-н хашаанаас гарсан. С буцаж Н-н гэр лүү орох гээд энэ Н пизда ингэх болоогүй гээд байхаар нь би урдуур ороод хорьсон. С намайг түлхээд эргээд цаашаа харахаар нь баруун гараараа баруун хацар луу ар талаас нь алгадсан.  С эргээд над руу дайрсан Ч цааш нь С-г аваад явсан. Би Л-г дагуулаад найз Б-н хашааны гадаа очоод Б-н машинаар хүргүүлэх гээд дуудсан. Б-н гэр нь Н ахын эгнээний ар талын үзүүрээсээ 2 дахь хашаанд байдаг юм. Б гараад ирэхээр нь эгнээнийх нь баруун үзүүрт зогсож байхдаа Ч луу залгаад хаана байна гэсэн чинь чи өөрөө хаана байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь Б-тэй уулзаад зогсож байна гэж хэлсэн чинь одоо би очлоо гэсэн. С, Ч нар хүрээд ирсэн. С ах ирээд А ахын дүү чи намайг цохиж байгаа юм уу гэрлээ тусга даа гэсэн, би гар утасныхаа гэрлийг тусгаад хартал миний өөдөөс цустай шүлсээ өмд рүү нулимсан. Тэгэхээр нь зүүн хацар луу баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон. С зугтаагаад баруун тийшээ гэр лүүгээ яваад өгсөн. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан байх. Би цагийг нь мэдэхгүй байна. Маргааш нь ажил дээрээ очсон чинь С ах ирээгүй байхаар нь утас руу нь залгаад та хаана байна гэсэн чинь гэртээ байна, одоо Чойр явах гэж байна, хэн бэ гэсэн чинь А байна гэсэн чинь за битгий хуцаад байгаарай пизда минь, чи намайг яаж байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь та яагаад ажилдаа ирээгүй юм бэ гэсэн чинь би ийм нүүртэй яаж очих юм бэ гэсэн. С ах ажлаар яаж байна, намайг асууж байна уу гэхээр нь нээх ярихгүй байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/

 

1.7. Хохирогч Л.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа 11 цагийн үед буугаад Шивээговь суманд 12 цагийн үед ирсэн. Тухайн өдөр Н-н эхнэрийн машинтай “Шивээ-Овоо” ХК-с Шивээговь суманд очсон юм. Тухайн үед А, Л, Н бид нар хамт ажлаас буусан юм. Шивээговь суманд ирээд ганц нэг шил архи уухуу гээд бид нар хоорондоо ярилцаад би дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи авсан. Тэр архиа аваад Н гэрт очоод уусан. Архи ууж байхад А аавыгаа магтаад над руу үг хаяад байсан. Тухайн үед би А-д хандаад аав ээжийнхээ талаар ярьдаг газар, ярьдаггүй газар гэж байдаг шүү, энд ажил ар гэр ярихгүй гэж хэлсэн. А хэлбэр дүрсээрээ янз бүр болоод гараа зангидаад байсан. Би А-д айлд ирчихээд томоотой архи уу, айл хүндрүүлж болохгүй шүү гэж хэлсэн. А тухайн үед за ах гэж байсан. Н ахын эхнэр бид нарт хоол хийж өгсөн. Ер нь Н ах бид хоёр хоорондоо голдуу яриад байсан. Би архи ууж эхэлснээс хойш 2 шил 0.75 литрийн 1 шил 0.75 литрийн Ерөөл архи авсан. Миний авсан 2 дахь шил архи талдаа орж байхад Ч орж ирсэн. Араас удаагүй Ү орж ирсэн. Тэгээд би Ч-т хандаад найздаа нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн. Ч- надад хандаад миний найз архи уухаараа найздаа үг хаяад байдаг шүү томоотой уугаарай гэж хэлээд гарч яваад дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авчирсан. Тэр архийг Н, А Л Ч бид нар ууцгаасан. Ү архи уудаггүй гээд уугаагүй байх. Ү ээж ирж байгаа гэлүү удаагүй яваад өгсөн. Би гурав дахь шил архинаас бараг уугаагүй амсаад өгөөд байсан. 3 дахь шил архи дуусахаар нь би яваад 0.5 литрийн Экс архи авчирсан. Тэр хэд мөнгө байхгүй гээд байсан. Мөн архи уух гээд байхаар авч өгсөн юм. Тэр хэд цалин буухаар болно гээд байсан. 4 дэх шил архинаас би ганц хундага уусан. Бусад нь бүгд уусан. Н ах нилээн согтсон байсан. 4 дэх шил архийг ууж дуусгаад Н ахын гэрээс гарцгаасан.  Бид хэдийг явахаас өмнө Н ахын эхнэр бид нарт хоол хийж өгсөн. Тэр хоолноос бид нар идсэн. Би гарахдаа Н ахад сайхан амраарай маргааш ажил дээр уулзъя гэж хэлээд, дүү нь цалингаа буухаараа ирж сайхан танилцана гэж хэлээд гарсан. Н ахын гэрээс гарахад гадаа харанхуй болсон байсан. Цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Н ахын хашаанаас гараад Ч бид хоёр сугадалцаад оюутан цагаа болон одоо ажиллаж байгаа газрынхаа талаар яриад явж байтал ар талаас баруун хацар луу хүчтэй цохисон. Эргээд хартал А байсан. Би яаж байна гэсэн чинь А миний зүүн хацар луу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би хөл алдаад доошоо тонгойсон чинь 3 удаа миний эрүү нүүр лүү өшиглөсөн. Би тухайн үед цохиулсандаа нилээн манарсан. Тухайн үед баруун талын эрүү унжаад байгаа юм шиг санагдаад байсан. Зүүн талын эрүү нилээн хөндүүрлээд өвдөөд байсан. Би босоод зугтаагаад гүйж байгаад гэр байрны шийдний хажуу талд машинд дайруулах шахсан. Жолооч нь бууж ирээд чи хүнд гай болох нь уу үхлээ ш дээ гэж хэлсэн. Тэр машин намайг мөргөөгүй. Тухайг үед миний хамар амнаас цус гарсан байдалтай байсан. Одоо санаад байхад буруу санаж байж магадгүй машины жолооч А гэдэг дуу хөгжмийн багш байсан санагдаж байна.  Би зодуулаад манарсан байсан болохоор сайн санахгүй байна. Машины жолооч намайг загначихаад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд би гэр лүүгээ явж байтал Ч-тай тааралдаад хөгшөөн чи яагаад алга болчих воо чи хоншоортой юм аа хөгшөөн гэсэн. Ч надад хандаад хоёулаа нөгөө хэд дээр очъё гэсэн. Би тэгье гээд дагаад явсан. Тэгээд поошигоор барьсан хашааны гадаа очсон чинь миний мэдэж байгаагаар А, Л нар байсан. Би очоод А-д хандаад чи ахыгаа яагаад цохиод байгаа юм бэ, миний нүүр амыг хар гэж хэлсэн. Тэгтэл А дээгүүрх хувцсаа тайлаад тэнд байсан хүмүүсийн нэгэнд нь бариулж байсан. Тэгээд А над руу хүрч ирээд миний зүүн хацар луу гараа зангидаж байгаад хоёр удаа хүчтэй цохиод нэг удаа мөн зүүн хацар луу алгадсан. Тэгэхээр нь зугтаагаад гэрийнхээ гадаа очсон. Гэрийнхээ гадаа цус гоожуулаад 30 орчим минут байж байгаад гэртээ орсон. Гэрт ороход манай аав, ээж дүү ах нар байсан. Би урд нь хүнд зодуулж цохиулаагүй. Миний эрүүнд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Би эрүүл саруул биетэй байсан. А-д зодуулснаас болж 3 шүд унаж, эрүү хоёр хугарсан. Би Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт эрүүний хагалгаанд 6 цаг орсон. 2018 оны 11 дүгээр сарын 01-с 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн.

А-г санаатайгаар намайг алахаар зодсон гэж бодож байна. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардал болон бусад зардлуудаа нэхэмжилнэ. 

Анх би эрүү хугарсан гэж мэдээгүй. Сүүлдээ эрүү хавдаад хоолой руу хавдар нь ороод боогдоод бие муудаад ирэхээр нь эмнэлэг цагдаад хандсан. Эхлээд би адилхан уусан юм гэж бодоод тоогоогүй. Тухайн үед эрүү хугартал зодсон гэж бодоогүй.

Намайг доошоо тонгойсон  байх үед нэг хүн 3 удаа эрүү нүүр лүү өшиглөсөн. Намайг тухайн үед А зодож байсан. Бусад нь цохисон үгүйг мэдэхгүй байна.

Одоо миний шүдэнд аппарат хийгээд бэхэлсэн байгаа. Хоол унд идэж чадахгүй шөл гуурсаар ууж байна. Надад А-н аав нь 500 000 төгрөг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн. Эхлээд миний 3 шүд унасан. Хагалгаа хийх явцад А-д цохиулсны улмаас 2 шүд хугарсан байсан. Тэр шүдийг болон дээр нь нэмээд 1 шүд авсан. Эрүү эдгэрсний дараа нийт 4 шүд хийлгэх шаардлагатай байгаа. Одоогоор өөр нэмж хэлэх ярих зүйл алга... гэх мэдүүлэг хх-ийн 6-7 дугаар хуудас/

...Анх очихдоо шүд өвдөөд гэж хэлээд үзүүлсэн. Унасан шүднээс цус гараад тогтохгүй байна гэж хэлээд өвчин намдаах тариа болон цус тогтоох тариа хийсэн. Хүнд зодуулсан талаар хэлээгүй. Тэр шөнөдөө өвдөөд болохгүй болохоор маргааш нь Шивээговь сумын эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд намайг Чойрын эмнэлэгт үзүүл гэсэн. Надад мөнгө байхгүй болохоор Чойрын эмнэлэг рүү явж чадаагүй. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чойрын эмнэлэгт үзүүлсэн. Чойроос Улаанбаатар хот руу яаралтай яв  гэсэн. Тэр шөнөдөө Улаанбаатар хот руу явсан.

Эхлээд А миний ар талаас миний баруун шанаа руу хүчтэй цохисон. Би эргээд хартал мөн нэг удаа цохисон. Тэгээд би газар сөхрөөд унасан чинь мөн шанаа нүүр лүү цохиод байсан, хөлөөрөө өшиглөсөн. Гараараа цохисон, алийг нь мэдэхгүй байна. Хажууд байсан хүмүүс эхлээд намайг А нэг удаа цохисон гээд худлаа яриад байгаа юм. Би энэ хүмүүсийг үг нэгтгээд худлаа хэлж байна гэж бодож байна. Мөн намайг Н-н хашаанд 00-н өрөөнд А-г цохисон гэж мөн худлаа хэлээд байгаа. Тийм зүйл болоогүй. Би тухайн үед архи уусан байсан ч гэсэн болсон асуудлын талаар мэдэж байна.

Намайг Улаанбаатар хотод эмнэлэгт байхад 1 000 000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш надтай уулзаагүй. Хохирол барагдуулаагүй байна. Эмчилгээний зардал болон цаашид шүд хийлгүүлэх зардлаа гаргуулж авна. Би эмчилгээнд гарсан зардал болон бусад зардлаа баримтаар гаргаж өгсөн. Цохиулах үед унасан 1 шүд унасан. Мэс заслын үед 3 шүд авсан. 4 шүд хийлгэх шаардлагатай байгаа. Нэг шүдийг хувийн эмнэлэг 2 400 000 төгрөгөөр хийнэ гэсэн. Нийт 9 600 000 төгрөг болохоор байгаа, энийг мөн нэхэмжилж байна. Баримтаар гаргаж өгсөн 3 205 570 төгрөгийг мөн нэхэмжилнэ. Нийт 12 805 570 төгрөгийг А-с нэхэмжилнэ. Цаашид эрүүний бэхэлгээ хийсэн төмрийг авахуулахад зардал гарна, энийг тухайн үед нэхэмжилнэ. Миний доод эрүү, уруул мэдээгүй болсон байгаа. Цаашид яахыг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

 

1.8. Гэрч А.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шивээ-Овоогийн уурхай дээр засварын ажилтай гээд бид хэдийг дуудсан. Тэгээд очиход засварын ажил явагдаагүй. Оройн автобус хүлээхээр орой буух гээд байсан. Тэгтэл Н ах эхнэрээ машинтайгаа хүрээд ир гэсэн. Н ахын машинтай Шивээговь сум руу 12 цагийн үед ирсэн. Шивээговь суманд ирээд А бид хоёр машинаас буух гэсэн чинь С ах дагаад явж бай Н нэг шил архи авч өгнө гэж хэлсэн. Тэгээд С ах дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авсан. Тэгээд Н ахын гэрт очсон. Дэлгүүрээс авсан архийг Н ах, С ах нар голдуу ууцгаасан. А бид хоёр тэр архинаас бараг уугаагүй. Архи арай дуусаагүй байхад Ү ах ирсэн. Тэгээд байж байтал Ч ирсэн. Ч-с С ах нэг шил архи аваад өгчих гэсэн. Ч С-д хандаад чи уухаараа янз бүр болоод байдаг шүү чамд нэг юм аваад өгье гээд дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авчирч өгсөн. Тэр архийг Н, С, Ч нар ууцгаасан. Ү архи уудаггүй гээд уухгүй байсан. Би мөн тэр архинаас нь уугаагүй. А уусан үгүйг мэдэхгүй байна. Уусан бол ганц нэг хундага л уусан байх. Тэр архи дуусаад С ах яваад Экс нэртэй 0.75 литрийн архи аваад ирсэн. Тэр архийг Н, С, Ч нар голчлоод ууцгаасан. Ү яваад өгсөн байсан. Би мөн энэ архинаас уугаагүй. А энэ архинаас ганц нэг хундага уусан байх. Н ах архи хэрэггүй гээд бид нарт өгөхгүй байсан. Тэгээд 20 цагийн үед Н ахын гэрээс С, Ч, А бид хэд гарсан. Хашааных нь гадаа С, Ч нар юм яриад зогсож байтал А араас нь очоод С-н ар талаас нь баруун хацар луу нэг удаа алгадсан. Би А-г араас очоод татаад авсан. Ч С-г цааш нь аваад явсан. Би араас нь гар утасны гэрэл тусгаад явж байхад С гэрлээ тусгадаа гэхээр нь би гар утасныхаа гэрлийг тусгасан чинь шүлсээ хаясан. Шүлс нь цустай байсан. С-г Ч аваад явсан. А бид хоёр Н ахын арын эгнээний баруун үзүүрт байдаг А-н найз Б-н хашааны гадаа очоод Б-г дуудаж гаргаж ирээд юм яриад зогсож байхдаа А Ч луу залгаад хүрээд ир гэсэн. Тэгтэл С Ч-тай хамт хүрээд ирсэн. С-л А-д хандаад чи агаагаа яаж байгаа юм миний амнаас цус гараад байна гэж хэлсэн. Тэгсэн А очоод С-н нүүр орчимд нь цохисон. С ах цаашаа гүйгээд явсан. Ч, Б нар А-г бариад үлдсэн. С ах цаашаа гүйгээд явсан. А С-н нүүрний аль хэсэгт цохисныг сайн харж чадаагүй. Тэгээд жоохон зогсож байгаад С ахын араас алхаад явсан байхгүй байсан. Тэгээд 9-р байрны гадаа жоохон сууж байгаад би гэртээ орсон. Намайг гэрт ороход 21 цаг нилээн өнгөрсөн байсан. Цагийг бол нарийн сайн мэдэхгүй байна.

Миний амнаас цус гараад байна гэж хэлж байсан. Түүнээс шүдний талаар юм хэлээгүй. Дараа нь А хоёр удаа С-г цохиход зугтаагаад явсан. Яасан талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

1.9. Гэрч С.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал 14 цаг өнгөрч байхад манай ажлын Н над руу утсаар яриад гэрт хүрээд ирээ хүлээн авахын хэдээрээ сууж байна гэж хэлсэн. Хүлээн авах гэдэг нь манай ажлын нэг хэсэг хариуцан ажилладаг газрыг хэлдэг юм. Би Н-н гэр лүү алхаж байхад С байн байн залгаад байсан. Н-н гэрт яваад очиход Л, Ү, Н, А, С нар байсан. Тэр хэд Н-н гэрт архи уугаад сууж байсан. Н-н гэр нь зүүн гэр байранд байдаг, хаягийг нь сайн мэдэхгүй байна. Өөрөө яваад олоод очиж чадна. Намайг ороход тэр хэдийн ууж байсан архи дуусаж байсан. С надад чи ганц шил архи авч өг гээд байхаар нь дэлгүүрээс 0.75 литрийн Ерөөл архи авч өгсөн. Тэр архийг С, Н бид гурав голчлоод уусан. Л, А нар ганц нэг хундага уугаад суугаад байсан. Тэр архи дуусаад С би нэг шил архи авна гээд гараад явсан. С 0.75 литрийн Экс нэртэй архи авчирсан. Би Н ахын хүүхэдтэй тоглоод гаран орон тэр архинаас нь хэд татсан. Тэгээд 20 цагийн үед Н ахын гэрээс гараад хашааных нь гадаа  С-той юм яриад зогсож байтал А араас нь ирээд С-н ар талаас нь баруун хацар луу нэг удаа алгадсан. Би А-г цааш түлхэж холдуулаад С-г дагуулаад явсан. С миний амнаас цус гараад байна гэж хэлж байсан. Тэгээд явах замдаа мастерын машинаас цүнхээ авах гээд түрүүлээд дэлгүүр лүү гүйж очоод цүнхээ аваад гараад ирсэн чинь 15 дугаар байрны хойд талд байдаг тоглоомын талбайн хажуу зам дээр С явж байгаад машины урдуур орохоо шахсан. Тэр машин С-г мөргөөгүй. Тэр машинаас хоёр залуу бууж ирээд амьнаасаа уйдаад байна уу, хүнд гай боллоо ш дээ загнаад байсан. Тэгээд тэр хоёр залуу машиндаа суугаад яваад өгсөн. С-г тэр хоёр зодоогүй. Би С-н наанаас явж байхад А над руу залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд би С-г дуудсан чинь би энд байна гээд намайг чиглээд явсан. Би түрүүлээд зүүн гэр байрны хар поошигон хашааны буланд А-н байгаа газар очсон. А, Л, Б нар байсан. Би С-с арай түрүүлээд явсан. С миний араас ирээд А-д хандаад чи агаагаа яаж байгаа юм бэ, амнаас цус гараад байна гэж хэлсэн. С миний зүүн гар талд, А миний баруун гар талд зогсож байсан. А миний урд талаар орж ирээд С зүүн шанаа руу нэг удаа гараараа цохиод авсан. С зугтаах гэхэд мөн араас очоод цохиод авсан, толгой хавьд нь цохисон байх. Би хаана нь цохисныг хараагүй. С 100 орчим метр газар зугтааж гүйж байгаад цаашаа тайван алхаад яваад өгсөн. Тухайн асуудал 20 цаг 45 минутын орчим болсон байх. А над руу 20 цаг 35 минутанд залгасан байсан. Би А ах гэж цохиж байгаа юм бэ гэсэн чинь Н ахын гэрт байхад намайг алгадаад байсан гэж хэлсэн. Бид хэд тэр газар жоохон зогсож байгаад манай гэрийн гадаа бөөндөө ирээд жоохон юм ярьж байгаад би гэр лүүгээ орсон. Тэр хэд харина гээд явцгаасан. Би маргааш нь ажлаасаа буугаад явж байхад С-ын хамаатны залуу явж байхад нь таараад уулзсан чинь С-л ахын эрүү нь аймар болсон байна лээ гэхээр нь орж уулзъя гэж бодоод гэрт нь ороход С гэртээ хэвтэж байсан. С өөрөө үг хэлж чадахгүй байсан. Ээж рүүгээ хоёр хуруугаа гозоолгоод ам руугаа заагаад над руу заагаад байсан. Би бодохдоо хоёр шүд унасан гэж надад хэлж байгаа юм байна гэж ойлгож байсан. Би хамаатных нь хүүхдээс асуухад хоёр шүд нь унасан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

1.10. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай нөхөр Шивээ-Овоо ХК-нд конвейрийн машинч хийдэг юм. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр Н ажлаасаа буусан байна, ирээд авчих гээд утсаар ярьсан. Би өөрийнхөө машиныг унаад Шивээ-Овоогийн уурхай дээрээс нөхрөө очиж авсан. Тухайн үед манай машинд С, А, Л нар суугаад хамт ирсэн. С-г урд зүс мэднэ. А, Л нарыг тэр өдөр анх удаа харсан. Шивээговь сум руу орж байхдаа би Н-т будаатай цай хийсэн гэж ярьж байтал С танайд очоод хоол цай уугаад ганц шил архи ууя гэсэн. Тэгээд замаараа дэлгүүрээс 1 шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад тэр хэдтэй хамт манай гэрт очсон. Тэгээд тэр хэд архи ууцгаасан. Миний санаж байгаагаар 3 шил архи уусан санагдаж байна. Сүүлд Ч, Ү нар манайд ирсэн. Тэр хэд архи уугаад юм яриад сууцгааж байгаад манай гэрээс гарсан. Ү арай түрүүлээд гарсан. Дараа нь С, А, Ч, Л нар хамт манай гэрээс гарсан. Манай нөхөр гэртээ үлдсэн. С манай нөхөр Н-тай голдуу юм яриад байсан. Тэр хэд гарахдаа манай нөхрийг ах сайхан амраарай гэж хэлээд гарсан. Тэр хэдийг гарахад цаг 20 цагийн үе болж байсан байх. Нарийн цагийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

1.11. Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 12 цагаас оройн 19 цаг хүртэл манайд буюу Шивээгийн 1-12 тоотод А, С, Л нарын хамт ажлаас бууж ирээд С танайд 1 шил архи ууя гээд дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 литрийн архи аваад ороод ирсэн. Тэгээд бид нар хувааж уугаад дуусаж байтал Ч манайд ороод ирсэн. Тэгтэл С Ч-г архи авч өг гээд Ч дэлгүүрээс Ерөөл нэртэй 0.75 граммын архи авч өгсөн. Тэгээд тэр архиа бид 5 хувааж уугаад дараа С 1 шил 0.75 литрийн граммын Экс нэртэй архи дэлгүүрээс аваад манайд хувааж уусан. Тэгээд тэр архиа уугаад манайхаас С, А, Ч, Л нар манайхаас гараад явсан, би гэртээ унтах гээд үлдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Манай гэрт маргалдаж муудсан хүн байхгүй. Гадаа гараад муудацгаасан юм байна лээ. Манай гэрээс А, С, Ч, Л нар хамгийн сүүлд хамт гарцгаасан. Манай гэрээс гарахдаа хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй. Би өөрөө нилээн согтсон байсан.

Тухайн өдөр манай гэрт энэ хоёр маргалдаж муудсан зүйл байхгүй. Дараа нь энэ хэдээс сонсож байхад манай гэрээс гараад муудацгаасан гэсэн. Мөн өдөр нь С А-г 00-н өрөөнд оруулаад цохисон гэж сонссон. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.12. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Зодооны хэргээр шалгагдаж байгаа гэж мэдсэн. Болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Манай хүү өөрөө надад ярихдаа С манай аавыг доромжлоод байсан болохоор цохисон гэсэн. Мөн цустай шүлсээ нулимаад байхаар нь гараараа нэг алгадаад 2 удаа цохисон гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл алга... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.13. Гэрч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 28-ны орой гэртээ байж байтал /цагийг нь мэдэхгүй байна/ гадаа харанхуй болсон байсан. Манай хүү Л.С гаднаас амнаас цус гарсан орж ирсэн. Яасан талаар асуухад дэнжид ажлынхаа хүнийд архи ууж байгаад ажлынхаа газрын хүнд зодуулсан гэж хэлсэн. С өглөө ажилд гарахдаа биедээ ямар нэгэн гэмтэлгүй эрүүл саруул гарсан. Би С-г өрөөндөө ороод унт гэсэн. С өрөөндөө ороод унтаж чадахгүй шүд толгой өвдөөд байна гээд орилоод байхаар нь эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Сумын эмнэлэг өвчин намдаах тариа, цус тогтоох тариа хийж өгсөн. Маргааш нь гэртээ хэвтээд эрүү шүд өвдөөд өнжсөн. Сүүлдээ ухаан алдаж унаад байхаар нь Говьсүмбэр аймгийн эмнэлэгт ирээд жижүүр эмчид үзүүлсэн чинь эрүү нь хугарсан байна Улаанбаатар хот руу яв гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын тасагт хэвтээд мэс засалд орж хугарсан эрүүгээ хадуулсан. Эрүү нь хоёр газар хугарсан байсан . Цагдаад хандах гэсэн чинь С нэг газар ажиллаж байгаа хүмүүс яах юм бэ гээд байсан. Мөн зодсон гэх А-н ээж нь хэдүүлээ эндээ учраа ольё, битгий цагдаад хандаач гээд байсан болохоор цагдаад хандаж мэдэгдээгүй. Сүүлдээ биеийн байдал нь муудаад байхаар цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тухайн асуудал болох үед цагдаад хандаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

1.14. Гэрч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр надад үзүүлээгүй. Өөр эмчид үзүүлсэн. Харин Улаанбаатар хотод эрүүний хагалгаанд орж ирээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзүүлсэн. С 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бусдад зодуулсан байсан. Эрүү нь баруун булан, зүүн талын их биеийн хэсгээр 2 газар хугарсан байсан. Одоо миний хяналтанд ажлаас эмнэлгийн чөлөөтэй явж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.15. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 313 дугаартай дүгнэлтэд:

- Л.С-н биед доод эрүүний зүүн хэсэг болон баруун булангийн зөрөөтэй хугарал, зүүн доод 4-р шүдний хугарал гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 10 дугаар сарын 28-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Доод эрүүний зүүн хэсэг болон баруун булангийн зөрөөтэй хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Зүүн доод 4-р шүдний хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/

 

1.16. Шинжээч эмч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Эрүүний зүүн хэсгийн болон баруун булангийн зөрөөтэй хугарал, зүүд доод 4-р шүдний хугарал гэмтлүүд нь 2 буюу түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Л.С-н биед хамгийн анх үзлэг хийсэн эмчийн үзлэгээр доод эрүүний зүүн талын эгнээний араасаа 5 дахь шүд унасан, цус шүүрсэн гэсэн байдаг. Энэ нь зүүн доод 4-р шүдний хугарал буюу унасан гэсэн үг юм. Харин УЗТЭЭНМЗ-ын тасагт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн бичиг баримтанд унасан шүдний талаар болон мэс заслын үед авагдсан шүдний талаар огт дурьдагдаагүй байдаг. Иймээс шинжээч эмчийн дүгнэлтэнд зүүн доод 4-р шүдний хугарал гэж оруулсан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

1.17. Хохирогч Л.С-н өвчтөний түүх, мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц сэргээх үеийн хуудас /хх-ийн 89-96 дугаар хуудас/

 

1.18. Хохирогч Л.С-н мэс заслын тэмдэглэл, /хх-ийн 97-98 дугаар хуудас/

 

1.19. Хохирогч Л.С-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, /хх-ийн 99-102 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Аз-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.А-г үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Г.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манайд ажилд ороод сар гаран болж байгаа. Зан байдлын хувьд гайгүй л зантай залуу шиг байсан. Ажиллаад удаагүй болохоор зан байдлын талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай хүү их өрөвч зөөлөн зантай. Ажилд их сайн. Ямар ч ажил хийсэн голохгүй хийдэг. Хүнд их тусархуу. Урд нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Хүнтэй эвсэг харьцаатай. Сая аавыг доромжлоод байсан болохоор тэрэнд уур нь хүрсэн байх гэж бодож байна. Түүнээс түүнд гар хүрч зодох хүн биш ээ... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

2.3.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар /

 

2.4. Шүүгдэгч Б.А-н  “Шивээ-Овоо” ХК-иас гаргасан цалингийн тодорхойлолт /хх-ийн 57 дугаар хуудас/

 

2.5. Шүүгдэгч Б.А-н хувийн байдлыг тогтоосон тухай баримтууд /хх-ийн 59-61 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

           Иймд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.  

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

 

          Шүүгдэгч Б.А нь хохирогч Л.С-д 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 /нэг сая/ төгрөг төлсөн байна.

 

          Хохирогч Л.С нь шүүгдэгч Б.А-с хохиролд гарсан зардал болох 7 284 052 /долоон сая хоёр зуун наян дөрвөн мянга тавин хоёр/ төгрөг, нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 258 528 /дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга таван зуун хорин найм/ төгрөгийг шүүгдэгч Б.А-с гаргуулж хохирогч Л.С-д олгож, хохирол болох 3 025 524 /гурван сая хорин таван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь:

          Хавтаст хэргийн 69, 74, 76, 77, 78, 79, 80, 82, 84 дүгээр хуудас Төмөрзаяа Тогтзаяа гэх дардас бүхий хоолны баримтууд 305100 төгрөг, 67, 75 дугаар хуудсанд авагдсан 68000 төгрөгийн хоолны баримт нийт 360900 төгрөгийн,

          Хавтаст хэргийн 68, 69, 70, 74, 79, 80, 81, 83, 85 дугаар хуудсанд авагдсан зарцуулалт нь тодорхойгүй банкны пос машины баримт 318150 төгрөг, 69, 71, 81, 83, 86 хуудсанд авагдсан ахуйн хэрэгцээнд хүнсний зүйл авсан 233474 төгрөг, 76 дугаар хуудсанд авагдсан Тэнгис кино театрт кино үзсэн 5000 төгрөг, 86 дугаар хуудсанд Мобикомд гар утасны төлбөр төлсөн 8000 төгрөгийн баримт нийт 564624 төгрөгийн баримтууд нь дээрх 360900 төгрөгийн баримттай нийлээд бүгд 925524 төгрөг болж байна. Уг 925524 төгрөгийг хохирогч Л.С нь эмчилгээндээ зарцуулсан эсэх нь тодорхойгүй, Төмөрзаяа Тогтзаяа гэх дардас бүхий хоолны баримтуудад хэн уг хоолыг авсан нь тодорхойгүй, уг баримттай хамт нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд хавсаргагдаагүй зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирлоос хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Мөн хохирогч Л.С нь шүүх хуралдаанд 2 100 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэнэ гэх эмчийн тодорхойлолт гаргаж өгсөн нь бодитоор гарсан зардал биш байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

          Харин хохирогч Л.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.А-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу тус тус баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Боржигин овогт Б-н А-г үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.А нь хохирогч Л.С-д 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1 000 000 /нэг сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Л.С нь шүүгдэгч Б.А-с хохирол болох 7284052 /долоон сая хоёр зуун наян дөрвөн мянга тавин хоёр/ төгрөг, нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 258 528 /дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга таван зуун хорин найм/ төгрөгийг шүүгдэгч Б.А-с гаргуулж хохирогч Л.С-д олгож, хохирол болох 3 025 524 /гурван сая хорин таван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Хохирогч Л.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.А-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ