Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2019/ДШМ/01

 

   Б.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд прокурор Э.Н, нарийн бичгийн дарга Х.Г нарыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/08 дугаар шүүгчийн захирамжтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.А холбогдох 1817002220105 дугаартай 1 хавтас 133 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 1-11 тоот хашааны үүдэнд Л.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон, мөн үргэлжилсэн үйлдлээр Шивээгийн 2-2 тоот хашааны үүдэнд Л.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Б А холбогдох эрүүгийн 1817002220105 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Н би, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр  хүлээн авч хянавал:

Яллагдагч Б.А нь согтуурсан үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Шивээгийн 1-11 тоот хашааны үүдэнд Л.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон, мөн үргэлжилсэн үйлдлээр Шивээгийн 2-2 тоот хашааны үүдэнд Л.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.            

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Б.А Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр,

- Гэрч А.Л, С.Ч нарын мэдүүлэг нь хохирогч Л.С мэдүүлэгтэй ноцтой зөрөөтэй байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах,

- Яллагдагч Б.А нь Н гэрээс гарч явахдаа хохирогч Л.С биед халдсан, хэсэг хугацааны дараа Б гэрийн гадаа хохирогч Л.С биед дахин халдсан байхад дээрхи хөнгөн, хүндэвтэр хоёр гэмтлийг хэдийд нь учруулсан талаар мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй байна. Дээрхи гэмтлүүдийг эхний үйлдлээр эсхүл дараагийн үйлдлээр аль эсхүл тус тусад нь учруулсан эсэхийг тогтоох.

- Яллагдагч Б.А үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн алийг нь журамлан тусгай ангийн аль гэмт хэргээр зүйлчлэгдэх эсэхийг шийдвэрлэх зэрэг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шүүх өөрийн санаачлагаар хэргийг прокурорт буцаасан нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

1. Хохирогч Л.С “...Н ахын хашаанаас гараад Ч бид хоёр сугадалцаад оюутан цагаа болон одоо ажиллаж байгаа газрынхаа талаар яриад явж байтал ар талаас баруун хацар руу цохисон.

Б гэрийн гадаа ...зүүн хацар луу гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохиод 1 удаа мөн зүүн хазар луу алгадсан. ...А зодуулснаас болоод 3 шүд унаж, эрүү 2 хугарсан... ” гэсэн мэдүүлэг нь,

Гэрч А.Л “... гадаа С, Ч нар юм яриад зогсож байтал А араас нь очоод С ард талаас нь баруун хацар руу 1 удаа алгадсан . ...С, А хандаад чи агаагаа яаж байгаа юм миний амнаас цус гараад байна гэж хэлсэн. Тэгтэл А очоод С нүүр орчимд цохисон. С цаашаа тонгойгоод явахад нь мөн 1 удаа нүүр орчимд нь цохисон...” гэсэн мэдүүлэг,

Гэвч С.Ч “...Н ахын гэрээс гараад хашааных нь гадаа С юм яриад зогсож байтал А араас нь ирээд С ар талаас нь баруун хацар луу 1 удаа алгадсан. ...Б гэрийн гадаа зүүн шанаа руу 1 удаа гараараа цохиод авсан. ...А миний урд талаар орж ирээд С зүүн шанаа руу 1 удаа гараараа цохиод авсан. С зугтаах гэхэд мөн араас очоод цохиод авсан. Толгой хавьд цохисон байх...” гэсэн мэдүүлгүүдээр,

Яллагдагч Б.А нь Н гэрийн гадаа ар талаас баруун хацар руу 1 удаа хүчтэй цохьсон. Улмаар Б гэрийн гадаа зүүн хацар руу 3 удаа хүчтэй цохисон зэрэг үйлдлүүдээр тогтоогдсон болно.

Харин хохирогч Л.С “...эргээд хартал А миний зүүн хацар руу баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Би хөл алдаад доошоо тонгойсон чинь 3 удаа миний эрүү, нүүр рүү өшиглөн, цохисон...”гэсэн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нотлогдоогүй буюу тухайн үед цуг байсан гэрч С.Ч, А.Л нарын дахин мэдүүлэг авах ажиллгаагаар нотлогдохгүй үгүйсгэгдэж байсан болно.

Иймд дээрх тогтоогдож буй яллагдагч Б.А хохирогч Л.С “эрүүл мэндэд хохирол учруулах”-ын тулд хийгдэж буй 4 ижил үйлдлийг тодорхой хугацаанд үргэлжлүүлснээр хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсныг үргэлжилсэн 1 гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн мөрдөн шалгах ажиллгааны явцад шинэжээчийн дүгнэлт, мэдүүлгээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь 2 буюу түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэж тодорхойлсноор өөр, өөр хугацаанд үргэлжилсэн 1 гэмт хэргийн шинжтэй байх талтай байна.

2. Яллагдагч Б. 2 удаагийн зодсон үйлдэл нь 5-10 минутын зайтай үргэлжилсэн байдаг бөгөөд хохирогч нь эрүүний хугарал болон шүдний хугарал гэмтлийн аль гэмтлийг нь эхэнд нь авсан, аль гэмтлийг нь сүүлд нь авсан гэдгийг тодорхойлох боломжгүй гэж үзэж байна. Учир нь дээрх эрүүний болон шүдний хугарал гэмтэл нь эмчийн үзлэг болон шинжилгээгээр тодорхойлогдох, далд хэлбэрийн гэмтэл юм.

Мөн нөгөөтэйгүүр тухайн хохирогчийн цохиулсан болон гэмтэл авсан газар нь нэг цэгт үүссэн бөгөөд өөр, өөр газарт цохиж зодсоны улмаас өөр, өөр газарт үүссэн гэмтэл биш бөгөөд эрүүний нэг хугарал гэмтэл нь шүдний хугаралтай хоорондоо холбоотойгоор 1 үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй юм. Энэ талаар шинэжээч эмчийг шүүх хуралд оролцуулан шүүхийн хэлэлцүүлэгт тодруулах бүрэн боломжтой юм.

3. Хохирогч Л.С эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол нь хэзээ нь үүссэнийг тодорхойлох боломжгүй буюу завсарлах хугацаанд эмчид үзүүлэх болон шинжилгээ хийлгэх зэргээр тодорхойлуулаагүй тул шүүхээс дээрх яллагдагчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 5, “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 1.9.2 дахь хэсэгт заасан “шинжлүүлэгч нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол гэмтэл тус бүрээр гэмтлийн зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж гэмтлийн зэргийг тогтоох” гэснийг баримтлан шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээр байна.

Түүнчлэн хэргийн шалгах явцад прокурор, мөрдөн нар нь хэргийн оролцогч нартай уулзах, дахин мэдүүлэг авах зэргээр хохирогчийн мэдүүлгийг мухарлах зорилгоор хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн болно.

  Иймд шүүгчийн захирамжинд заасан эрүүл мэндэд үүссэн хохирлын талаар нэмж тодруулах ажиллагаа нь шинжээч эмчийг шүүх хуралд оролцуулан нөхөн гүйцэтгэх боломжтой байх ба өөрөөр цаашид ямар ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй, тодорхой ажиллагаа хийгдсэнээр тогтоогдох боломжгүй, ойлгомжгүй байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлтэй байна.

Иймд Б.А холбогдох Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.     

 

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

           Б.А нь архидан согтуурсан үедээ буюу 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед хохирогч Л.С Шивээговь сумын 2 дугаар баг Шивээгийн 1-11 тоот хашааны үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсон, мөн үргэлжилсэн үйлдлээр /10 орчим минутын дараа / Шивээгийн 2-2 тоот хашааны гадаа мөн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодон хохирогчийн эрүүг хоёр хэсэг газраар хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, шүдийг нь хугалж хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүхээс хэргийг буцаахдаа гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах гэсэн байх боловч зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэх гэрч хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах ажилагааг /гэрч хохирогчийг дахин байцаах байдлаар/ хийсэн, мөн шаардлагатай гэж үзвэл тухайн гэрчүүдийг шүүх хуралдаанд дуудан оролцуулах боломжтой байна.

           Яллагдагч Б.А үйлдсэн хэрэг нь 5-10 минутын зайтай хоёр хэсэг хэд хэдэн удаагийн / прокурорын эсэргүүцэлд тодруулснаар эхний удаа 1, дараа нь 3  удаа цохисон гэж үзсэн байна / үйлдлээр үйлдэгдсэн байх ба үүнийг прокуророос хэд хэдэн удаагийн  үргэлжилсэн  үйлдлээр үйлдэгдсэн нэг гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй, мөн энэ үндэслэлээр  хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохиролын аль хүнд хэсгээр нь хохиролыг тооцож зүйлчилсэн нь зөв байна гэж үзлээ.

           Шүүхээс “ дээрх гэмтлүүдийг эхний үйлдлээр эсхүл дараагийн үйлдлээр, аль эсхүл тус тусад нь учруулсан эсэхийг тогтоох “ гэсэн байх бөгөөд хэрвээ шаардлагатай гэж үзвэл хохирогч, яллагдагчаас гадна шаардлагатай гэрч , шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Иймд прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЗ/08 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                                           ШҮҮГЧИД                            Г.ТЭШСУУРЬ 

                                                                                        Х.БАЙГАЛМАА