Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 000029

 

                                       С.Одхүүд холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

 

                                                                        Хэргийн индекс 142/2016/0216/Э

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ц.Идэрмөнх

            Ялтны өмгөөлөгч                            Р.Бямбажав

            Нарийн бичгийн дарга                   Б.Ганчимэг     нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолтой С.Одхүүд холбогдох, 201614000492 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан С.Одхүүгийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985-09-22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Баруун дэнжийн 01б-ийн 5 тоотод оршин суудаг, урьд нь:

 

- 2006-09-18-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар,

 

-2011-07-05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар 540.000 төгрөгөөр торгох ялаар,

 

-2016-04-28-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1.д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ОЮ-85092215 регистрийн дугаартай, Монголмууд овогт Сүхээгийн Одхүү.

 

Ялтан С.Одхүү нь 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт  найз охин Д.Баттуяаг зодож  биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Монголмууд овогт Сүхээгийн Одхүүг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч С.Одхүүд 5 /тав/ жил 6 /зургаа/ сар  хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1.д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар хорих ялын заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сараар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6.д зааснаар шүүгдэгч С.Одхүүд оногдуулсан 6 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч С.Одхүүгийн цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн бор шар өнгийн куртик, цагаан өнгийн даавуун эмэгтэй хүний цамц, цагаан өнгийн дэр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар С.Одхүүгээс 349.450 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Баруун дэнжийн 6-2 тоотод оршин суух Д.Баттуяад олгох, 1.650.550 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Одхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтан С.Одхүү давж заалдах гомдолдоо:

 

Миний бие гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би Дэнж багийн 1б-5 тоотод 67 настай тэтгэвэрт байдаг аав Сүхээгийн хамт амьдардаг. Ааваас минь өөр намайг гэх хүн байхгүй. Хол газар хоригдох юм бол аав минь эргэж очиж чадахгүй. Хоригдох хугацаандаа засрал хүмүүжлээ сайн олж, хичээн хүмүүжих болно.

 

Иймээс эдгээр байдлыг минь харгалзан үзэж ялын дэглэмийг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 3-ын 8 тоот Ш.Баттулгын гэрт 2016 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө ялтан С.Одхүү, хохирогч Д.Баттуяа болон Ш.Баттулга, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Базар нар архи, согтууруулах ундааны зүйл ууж согтуурсан үедээ С.Одхүү, Д.Баттуяа нар гарч яваад  гудамжинд С.Одхүү нь Д.Баттуяаг  зодож  биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

Ялтан С.Одхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Баттуяа бид хоёр найзууд, танилцаад жил гаруй болж байна..., Тэр өдөр найз Баттулгынд очиж Д.Мөнх-Эрдэнэ, Г.Базар, Баттуяа бид нар архи ууцгаасан..., шөнө  нь Баттуяа бид хоёр гэр лүүгээ явахаар тэднийхээс гарсан..., Тэр үед би нилээн их согтсон байсан тэгээд Д.Баттуяаг хоёр алгадаж, нэг удаа цохьсон нь үнэн…,  Баттуяад учирсан гэмтлийг би учруулсан..., Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна. Хохирлыг төлнө...  гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Баттуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

Би С.Одхүүтэй танилцаад нэг жил болж байна..., Тухайн үед бид нар Баттулгынд архи ууцгаасан..., Тэгээд шөнө нь гэр лүүгээ харихаар явж байгаад гудамжинд Одхүү намайг хэрцгийгээр зодсон..., Би тэр үед нилээн согтуу байсан..., Гэхдээ тэднийхээс гараад явж байхдаа гудамжинд намайг зодоод дараа нь гэрт хүргэж өгсөн санагдаж байна..., тэрнээс хойшх зүйлийг санахгүй байна..., Ер нь Одхүү архи уухаараа хэцүү, намайг урьд нь зодож байсан..., Одоо миний бие тааруу эмчлүүлж байгаа, их мартамхай болсон… би гомдолтой…, Эмчилгээний зардал 2.0 сая төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...2016-10-31-ний өглөө жижүүртэй байх үед 10 цаг 20 минутанд Даваа овогтой Баттуяа гэх эмэгтэй бусдад зодуулсан шинжтэй ирсэн бөгөөд тэр эмэгтэйг найз нь гэх нэг залуу авч ирсэн..., Түүний биеийн байдал хүнд, нүүр, толгой нь нэлэнхүйдээ цус болсон, даралт унасан, хөл гар нь маш хүйтэн, хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан...  гэсэн мэдүүлэг, /хх.ийн 28 хуудас/

 

Гэрч Ч.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...нэг удаа шөнө 00 цагийн үед Баттуяагийн гэрт их дуу чимээ гараад байхаар нь гэрт яваад ороход Одхүү Баттуяаг зодсон байдалтай давс асгачихсан, Баттуяа хацраа бариад зогсож байсан..., Би тэр хоёрт баахан үглэж байгаад гарч ирсэн..., Гэтэл дахин нэг удаа намайг байхгүй байхад манай гэрт Баттуяа авраарай, туслаарай гээд гүйгээд ороод ирсэн байсан..., ...Ер нь Одхүү Баттуяаг их зоддог шинжтэй байсан... гэсэн мэдүүлэг, /хх.ийн 29 хуудас/

 

Гэрч Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Баттуяагаас хэргийн талаар асуухад Одхүү намайг гудамжинд зодсон, би нэлээд архи уусан байсан болохоор маш их согтолттой байсан..., Одхүү намайг цохиод байсныг санаж байна, нэг мэдэхэд би эмнэлэгт ухаан орсон... гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, /хх.ийн 30 хуудас/

 

Гэрч Г.Базарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Тэр өдөр бид хэд нилээн их архи уусан учир би унтаж байгаад нэг сэрсэн чинь бүгдээрээ унтсан харин Баттуяа, Одхүү хоёр байхгүй байсан бөгөөд тэднийг хэзээ явсаныг мэдээгүй..., Гэтэл өглөө нь Одхүү орж ирээд “Баттуяа болохоор байсан..., цустайгаа хутгалдсан гэртээ байна” гэхээр нь Баттуяагийн гэрт ороход  тэрээр дотуураа цагаан цамцтай, гадуураа бор шар өнгийн куртиктэй, нүүр ам нь цус болсон орон дээрээ хэвтэж байсан..., Бид  наад хүн чинь үхлээ цагдаа, түргэн дууд гэхэд Одхүү түүний куртикыг нь тайлаад  би ахыг дуудчихлаа  эмнэлэг явна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, /хх.ийн  31 хуудас/

 

Гэрч Л.Сүхээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...С.Одхүү миний хүү төрсөн хүүхэд одоо бид хоёр амьдарч байгаа..., Сүүлийн үед архи нилээн ууж байгаа..., ажил олдохгүй энэ тэнд тааралдсан хар, бор ажил хийгээд л явж байгаа..., Тэр үед Одхүү би самранд явлаа гэж хэлж байсан..., 2016 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэртээ байгаагүй... гэсэн мэдүүлэг, /хх.ийн  36 хуудас/

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016-11-01-ний өдрийн 746 дугаартай:

 

...Д.Баттуяагийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 3 дугаар зэргийн няцрал, тархины эдэд зүүн тал бөмбөлөгт цусан хураа, зөөлөн бүрхүүл дор цус харвалт, хуйханд язарсан шарх, хамрын ясны хугарал, нүүрэнд олон тооны зулгаралт, хүзүү нуруунд зулгаралт, цээж, баруун чихний дэлбээ, зүүн гарын сарвуу, баруун шуу, баруун өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт зүүн гарын алганд шарх зэрэг гэмтэл үүссэн бөгөөд эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ…, Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна…,

 

Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн 3-р зэргийн няцрал, тархины эдэд зүүн тал бөмбөлөгт цусан хураа, зөөлөн бүрхүүл дор цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт, хамрын ясны хугарал, нүүрний олон тооны зулгаралт, баруун чихний дэлбээний зөөлөн эдийн гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..., Хүзүү, нурууны зулгаралт, цээж зүүн гарын сарвуу, баруун шуу, баруун өвдөгний зөөлөн эдийн цус хуралт, зүүн гарын алган дахь шарх нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

 

Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно…, Зүүн гарын алган дахь шарх нь хуучин гэмтэл бөгөөд бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 40 хуудас/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулжээ.

 

Мөн ялтан С.Одхүү урьд нь 3 удаа ял шийтгүүлж байсан, түүнчлэн  хорих ялаар шийтгүүлж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийг баримтласан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм бурууд тохирсон байна.

 

Хохирогч Д.Баттуяа эмчилгээний зардал гэж 2.0 сая төгрөг нэхэмжилсэнээс  шүүх  нотлох баримтаар тогтоогдож байгаа  шинжилгээний зардал 70.000 төгрөг, R зураг 20.000 төгрөг, шинжилгээний төлбөр 18.500 төгрөг, ЭМД-д төлсөн 47.000 төгрөг, боолтны зардал 48.750 төгрөг, толгойн СТ 125.000 төгрөг, эм тарианы зардал 20.200 төгрөг, нийт 349.450 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьджээ.

 

С.Одхүүд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь цуглуулж бэхжүүлсэн, эрх бүхий шинжээч дүгнэлт  гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Одхүүгийн гаргасан “...гэм буруугаа хүлээж байна..., настай аав маань намайг эргэж чадахгүй тул ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр  өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Сүхээгийн Одхүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

 

                        ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

 

                                                                                                                        Ц.ТУЯА