Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00497

 

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/00497

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

ХХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00001 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х-т холбогдох,

 

6,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ХХХХХ дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХХХХХХ, ХХХХХХ-ийн мал нядалгааны газрын эзэн гэх Х, Х.ХХХХХХХ нарыг ажлын шугамаар таньдаг болсон.

Дайвар бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, хариуцагч нь дайврыг Улаанбаатар хотруу надад нийлүүлэхээр тохиролцсон.

1.2. Уг тохиролцооны дагуу өөрийн Хаан банкны 5017132126 тоот данснаас тус банкны 5795026010 данс руу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс мөн сарын 19-ний өдрийн хооронд нийт 9,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Х өөрийн дансаа өгөөгүй, миний данс битүүмжлэгдсэн байгаа, өөр данс руу шилжүүлээд өгөөрэй гэсэн учир хэлсэн данс руу нь шилжүүлсэн.

1.3. Хариуцагч нь 2,000,000 төгрөгийн дайвар бүтээгдэхүүн нийлүүлсэн, мал бага орж байна, өөр хүмүүс ирээд шууд газар дээрээс нь аваад байгаа болохоор их хэмжээгээр гаргаж чадахгүй байна гэж хэлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд үлдэгдэл барааг нийлүүлээгүй. 2023 оны 8 сард миний бие тухайн нядалгааны газар очиж 174 ширхэг бог малыг 580,000 төгрөгт тооцож нядлуулсан.

Иймд уг мөнгийг суутгаад, үлдэх 6,920,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Би ХХээс 9,500,000 төгрөгийг аваагүй. ХХ нь миний салсан эхнэр болох Х.ХХХХХХХтэй утсаар тохиролцоод дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор 15,000,000 төгрөг өгч, авахаар тохиролцсон байсан. Х.ХХХХХХХд 1,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 8,500,000 төгрөгийг цувуулж өгсөн. Энэ мөнгийг түүний охин ХХХХ-ийн дансаар шилжүүлэн авч байсан.

2.2. Миний бие Х.ХХХХХХХ гэх хүнээс салсан бөгөөд түүний өрнөөс 2,600,000 төгрөгийг төлсөн тул өмнөөс нь дахиж төлөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хаас 6,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,670 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

ХХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00001 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар хүлээж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үнэлэхгүйгээр хэрэгт авагдсан дансны хуулга баримтыг үндэслэн, мөнгийг ХХХХ- гэдэг хүний дансаар шилжүүлсэн учраас уг мөнгийг хариуцагчийг авсан гэж үзэхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэтэл шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дүгнэхгүйгээр дансны хуулгаар ХХХХ-д шилжүүлсэн тул хариуцагчийг өөрөө авсан гэж үзэхгүй гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн.

4.2. Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа зөвхөн Хын банкны дансаар шилжүүлэх, түүний банкны дансаар мөнгийг шилжүүлсэн тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр байгуулсан гэж үзнэ гэх тохиролцоог хийгээгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өгсөн дансанд л тухайн мөнгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эхнэр Х.ХХХХХХХгээс салсан байсан гэсэн атлаа малын дайвар бүтээгдэхүүн 15,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон, үүнээс 9,500,000 төгрөгийг хэдэн удаагийн гүйлгээгээр, ямар хүний дансаар авсан гэдгийг ингэж нарийн сайн мэдэхгүй, хуульд заасан үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүргээ зөрчиж байхад шүүх дээрх нөхцөл байдлыг ХХХХХХрч үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг ХХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00001 дугаар шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ХХ нь хариуцагч Х-т холбогдуулан 6,920,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь ...ХХ нь салсан эхнэр Х.ХХХХХХХтэй тохиролцсон, би 9,500,000 төгрөгийг аваагүй, ...Х.ХХХХХХХгийн охин ХХХХ-ийн данс руу мөнгийг шилжүүлсэн... , ...Х.ХХХХХХХгийн өмнөөс 2,600,000 төгрөгийг нь төлсөн, одоо төлөхгүй... гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4. Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Х, Х.ХХХХХХХ нар нь хамтран амьдарч байсан, тэрээр ХХХХХ дүүрэгт байрлах мал нядалгааны газар ажиллуулдаг, ХХ нь тэдгээрээс малын дайвар бүтээгдэхүүн авдаг байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

4.2. ХХ нь малын дайвар бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор өөрийн эзэмшлийн ХААН банкны 5017132126 тоот данснаас Хын нэрлэн заасан ХААН банк дахь 5759026010 тоот данс руу 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн гүйлгээгээр 9,500,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-7-10/ Уг дансыг Х.ХХХХХХХгийн охин ХХХХ-ийн данс гэж хариуцагч тайлбарлажээ. /хх-20-21/

4.3. Х нь ХХт 2,000,000 төгрөгийн үнэ бүхий малын дайвар бүтээгдэхүүн нийлүүлсэн, мал нядалгааны хөлсөнд 580,000 төгрөг суутган авсан үйл баримтад талууд маргаангүй. /хх-28/

 

5. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасан тул Х, н.ХХХХХХХ нарыг бусдаар үүрэг гүйцэтгүүлсэн гэж үзнэ.

 

Дээрхээс дүгнэхэд Х, Х.ХХХХХХХ болон ХХ нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээний нэг тал болох Х, Х.ХХХХХХХ нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх тул үүрэг гүйцэтгүүлэгч буюу ХХ нь үүргийн гүйцэтгэлийг Хаас шаардаж байгаа нь мөн зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцнэ. Иймд би хариуцахгүй, Х.ХХХХХХХгээс салсан гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй.

 

6. Хариуцагч Х нь 2,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий малын дайвар бүтээгдэхүүн нийлүүлж, үлдэх 7,500,000 төгрөгт бүтээгдэхүүн нийлүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Уг зөрчилтэй холбогдон нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 7,500,000 төгрөгөөс мал нядлуулсан 580,000 төгрөгөө суутган тооцож, үлдэх 6,920,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэж байна.

 

Хариуцагч Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ХХХХХ дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2024/00001 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хаас 6,920,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХт олгосугай гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Хаас улсын тэмдэгтийн хураамжид 125,670 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ХХт олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД