Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00252

 

 

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00252

 

 

Х-ны  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03439 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 1,688,437,186 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, прокурор Б.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Монгол Улсын Засгийн газар 2013 оны 07 сарын 06-ны өдөр сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолыг баталсан. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яам 2013 оны 07 сарын 16-ны өдөр ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 тоот Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслэн Т ХХК нь 2013 оны 07 сарын 23-ны өдөр ХҮГСДХ-1/4 тоот зээлийн гэрээ байгуулж Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлт-ийн санхүүжилтэд 1,836,000,000 төгрөгийн зээлийг Монголын оёдлын нэгдсэн холбооны дансаар дамжуулан, хариуцагч өөрийн дансаар авсан байдаг. Т ХХК нь 2013 оны 10 сарын 11-нээс 2015 оны 08 сарын 28-ны өдрийг хүртэл 25 удаагийн гүйлгээгээр 1,864,350,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан. Талууд 2014 оны 01 сарын 29-ний өдөр гэрээг дүгнэсэн. Мөн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх цогц ажлын хүрээнд Ноосон даавуу үйлдвэрлэх төсөл-д шаардагдах даавуу үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулж ХААЯ, М ХХК хооронд ХҮГСДХ-1/8 тоот зээлийн гэрээг 2013 оны 07 сарын 24-ний өдөр байгуулан 12,0 тэрбум төгрөгийг М ХХК-д оёдлын нэгдсэн холбоогоор дамжуулж олгосон. 2013 онд М ХХК-иас Т ХХК нь сурагчийн дүрэмт хувцасны үндсэн материал болох ноосон даавуу, хээтэй даавуу нийт 1,687,259,849 төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг зээлээр авсан байдаг. Энэ ажлын хүрээнд М ХХК-д даавуу түүхий эдийн үнэд 138,800,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Хариуцагч Т ХХК нь 2013 оны 07 сарын 23-ны өдөр ХҮГСДХ-1/4 тоот зээлийн гэрээ болон сурагчийн дүрэмт хувцасны үндсэн материал болох ноосон даавуу, хээтэй даавууны үндсэн төлбөрийг хүү, алдангийн хамт ҮХААЯ-д төлж барагдуулахаар тохиролцож 2014 оны 06 сарын 23-ны өдөр ХҮГСДХ/ТБГ-04 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Энэ төлбөр барагдуулах гэрээний 2 дахь нөхцөлөөр хариуцагч Т ХХК нь ҮХААЯ-д 2014 оны 10 сарын 15-ны өдрийн дотор 2,912,265,602 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч Т ХХК нь энэ гэрээний тохирсон үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн ХХААХҮЯ нь төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлагыг удаа дараа тус компанид хүргүүлж байсан боловч сурагчийн дүрэмт хувцастай холбоотой өр төлбөр байхгүй гэсэн худал тайлбар ирүүлэх, ажлын хэсгийн төлөвлөгөөт шалгалтын үед биеэр ирж тайлбар гаргахдаа уг төлбөрийг хүлээн зөршөөрдөг хэдий ч төрийн бусад байгууллага руу өр төлбөрөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргах зэргээр ёс зүйгүй үйлдлийг удаа дараа хийсээр байгаа тул 2014 онд Т ХХК, ҮХААЯ хооронд байгуулсан ХҮГСДХ/ТБГ-04 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 9.2-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна.

Иймд хариуцагч Т ХХК-аас Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.2-т заасан буюу М ХХК-иас авсан даавууны үндсэн үнэ 1,548,459,849 төгрөг, даавууны зориулалттай зээлийн гэрээний хүү 109,856,087 төгрөг, алданги 30,121,249 төгрөг, нийт 1,688,437,186 төгрөгийг нэхэмжилж байна. гэжээ.

 2. Хариуцагч татгалзал, хариу тайлбартаа: Т ХХК нь 2013 оны 07 сарын 23-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай ХҮГСД-1/4 тоот зээлийн гэрээний үндсэн дээр авсан 1,836,000,000 төгрөгийн зээлийг хүү, алдангийн хамт бүрэн төлж барагдуулсан. Түүнчлэн М ХХК болон Ө ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 07 сарын 18-ны өдрийн МӨ-01 тоот сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу Ө ХХК-иас даавуу авч байсан болно. Т ХХК-ийн удирдлагаас тодруулахад даавууны төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэдэг. Төлбөр барагдуулах гэрээний 2.2.1-2.2.3-т заасан задаргаа мөнгөн дүнгүүд нь 2.2-т заасан нийт 1,758,259,078 төгрөгийн дүндээ тохирохгүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн уг гэрээнд хүү, алданги төлөхөөр тохиролцсон зохицуулалт байхгүй. Т ХХК нь ҮХААЯ-тай даавууны зориулалттай зээлийн гэрээний харилцаанд ороогүй. Түүнчлэн Т ХХК нь даавууг худалдан авахдаа ямар нэгэн бичгийн гэрээ хийгээгүй тул хүү, алданги төлөх үүрэг үүсэхгүй. Харин худалдаж авсан даавууны үнэ 1,548,459,849 төгрөг төлөх асуудал үүснэ. Уг дүнгээс НӨАТ хасагдвал 1,407,690,771 төгрөг болно. Үүнийг Төлбөр барагдуулах гэрээнд зааснаар 2014 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлөх ёстой. Энэ өдрөөс шаардах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Т ХХК нь 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс хойш төлбөр төлөхөө ямар нэгэн байдлаар илэрхийлж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүйгээс гадна, өнгөрсөн байна. Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Прокурор тайлбартаа: Сурагчийн дүрэмт хувцасны оёдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, сурагчдыг цэвэр ноосон хувцсаар хангах үйл ажиллагааг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Оёдлын нэгдсэн холбоо зохион байгуулж М ХХК-ийн үйлдвэрлэсэн даавууг нийлүүлж төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Төлбөрийг төлөөгүй нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нотлох баримтуудаар нотлогдож байна. Төлбөр төлөөгүй нь төрийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн дараа дараагийн аж ахуйн нэгж байгууллагуудад зээл олгох, дэмжих үйл ажиллагаанд саад учруулж байгаа учир нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзнэ. Т ХХК төслийн хүрээнд авсан даавууны төлбөрийг буцаан төлөөгүй нь төр, нийтийн ашиг сонирхлыг тус тус зөрчиж байна. Т ХХК-ийн захирал М.Ж нь Яам болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү төлбөрөө төлсөн хэмээн албан бичгээр мэдэгддэг. Монголын оёдлын нэгдсэн холбооны тамга тэмдгийг ашиглаж, өөрсдийн төлбөрийг хамтад нь чөлөөлүүлэх агуулгатай албан бичиг хүртэл хүргүүлж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бичгийн тайлбараа 14 хоногийн дотор гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал төлбөрөө төлөөгүй гэж мэтгэлцэж байгаа. Харин хариуцагч тал төлбөрөө төлсөн гэх боловч энэ талаар нотлоогүй атлаа шүүх хуралдааны үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг гаргаж байна. Төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Даавууны төлбөрийг төлөх хугацаа, график болоод шаардах эрх хэзээ үүссэн, гэрээг хэзээ дүгнэх талаар баримт байхгүй учир нэхэмжлэгч шаардлага гаргаснаар хариуцагч 30 хоногийн дотор гэрээний үүргийг биелүүлэх хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх боломжтой. Иргэний хуульд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар заасан. Хүү, алданги тооцох эсэхийг шүүх шийдэх байх. Нэхэмжлэлийн багасгасан шаардлага 1,688,437,186 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 1,688,437,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Х болон Т ХХК 2014 оны 06 сарын 23-ны өдөр ХҮГСДХ/ТБГ-04 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК нь талуудын хоорондох АҮГСДХ-1/4 дүгээр зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,191,858,844 төгрөг, хүү 29,943,413 төгрөг, алданги 2,026,160 төгрөг, М ХХК-иас олгосон даавууны төлбөрийн үлдэгдэл 1,548,459,849 төгрөг, даавууны зориулалттай зээлийн гэрээний хүү 109,856,087 төгрөг, алданги 30,121,249 төгрөг, нийт 2,912,256,602 төгрөгийг 2014 оны 10 сарын 15-ны өдрийн дотор ХХААХҮЯ-нд төлөхөөр харилцан тохиролцсон.

5.2.  Энэ хугацаанд Т ХХК-иас 2015 оны 08 сарын 28-ны өдөр хүртэл нийт 25 удаагийн төлөлтөөр 1,864,350,000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Төлбөр барагдуулах гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулахаар Т ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийхэд төлбөрөө төлнө гэж мэдэгдсэн боловч 2019 оны 10 сарын 16-ны өдрийн 19/27 тоот албан бичгээр 1,864,350,000 төгрөгийн төлбөр бүрэн төлсөн гэж мэдэгдэж, үлдэгдэл төлбөр төлөхөөс татгалзсан.

5.3.  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг бөгөөд Т ХХК нь 2014 оны 10 сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнд заасан төлбөрөө төлөхөөс татгалзсан 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс шаардах эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэж байна. Тиймээс 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш удаа дараа 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 01/2688 дугаар "Гэрээ дүгнэх тухай албан бичиг, 2022 оны 01 сарын 16-ны өдрийн 01/256 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Т ХХК-д төлбөр төлөх тухай мэдэгдсэн боловч төлөлт огт хийгдээгүй тул 2022 оны 05 сард шаардах эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ХХААХҮЯ, Т ХХК-ийн хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд заасан 1,688,437,186.96 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр барагдуулах гэрээ талуудын хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгч талын шаардлага гаргах эрх 2014 оны 10 сарын 15-ны өдөр дууссан. Үүнээс 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2017 оны 10 сарын 15-ны өдөр дуусч байгаа. Гэтэл хариуцагч 2015 оны 08 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн учраас 2015 оноос эхлэн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолж эхэлнэ гэж үзвэл 2018 оны 08 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Хугацаа дууссанаас хойш хариуцагч тал үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлээгүй, шаардлагыг хүлээн зөвшөөрснөө ямар нэг байдлаар илэрхийлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

7.   Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч төлбөрийг төлөөгүйгээ хүлээн зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар шинээр тайлбар гаргасан. Шүүх үүнийг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэгч талыг мэтгэлцүүлэлгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцсыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн хүрээнд Х , Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран төслийг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Х бусдын өмнө үүрэг хүлээсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.2-т заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй учраас хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар огт мэтгэлцүүлээгүй учраас нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Х нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан нийт 3,338,188,809 төгрөг гаргуулах шаардлага анх гаргаж, улмаар хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр шаардлагаа багасган төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 1,688,437,186 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. /1хх 1-6, 2хх 54-72/

3.   Хариуцагч нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...даавууны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү, алданги тооцогдохгүй, НӨАТ-ыг хасаж тооцох ёстой, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /1хх 113, 2хх 54-72/

4.   Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучнаар/ болон Т ХХК 2014 оны 06 сарын 23-ны өдөр ХҮГСДХ/ТБГ-04 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь үндсэн зээл 1,191,868,844 төгрөг, зээлийн хүү 29,943,413 төгрөг, зээлийн гэрээний алданги 2,026,160 төгрөг, даавууны үнэ 1,548,459,849 төгрөг, даавууны зээлийн хүү 109,856,087 төгрөг, даавууны зээлийн алданги 30,121,249 төгрөгийг тус тус 2014 оны 10 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /1 хх 32-39/

4.1.  Хариуцагч Т ХХК нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай 2013 оны 07 сарын 23-ны өдөр байгуулсан ХҮГСДХ-1/4 тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт 2013 оны 10 сарын 11-ний өдрөөс 2015 оны 08 сарын 28-ны өдрийн хооронд нийт 1,864,350,000 төгрөгийг төлсөн болох нь холбогдох банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон, зохигчид энэ талаар маргаагүй. /1хх 13-17, 80, 81-93/

4.2.  Харин хариуцагч Т ХХК нь М ХХК-аас авсан даавууны үнэд нийт 138,800,000 төгрөгийг төлсөн, 1,548,459,849 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болох нь тогтоогдсон. /1хх 32-42, 61/

Хариуцагч Т ХХК нь даавууны төлбөрийг төлж барагдуулсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй.

5. Нэхэмжлэгч Х нь хариуцагч Т ХХК-аас Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу даавууны үлдэгдэл төлбөр 1,548,459,849 төгрөгийг шаардах эрхтэй боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул анхан шатны шүүх холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Тодруулбал:

5.1. Талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4-т зааснаар хариуцагч Т ХХК нь төлбөрийг 2014 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх 32-39/

5.2.  Иймд нэхэмжлэгч нь Төлбөр барагдуулах гэрээ-ний үүргийг хариуцагчаас 2014 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу тоолбол хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 10 сарын 15-ны өдөр дууссан байна.

5.3.  Хариуцагч Т ХХК-аас хамгийн сүүлд төлбөр төлсөн хугацаа буюу 2015 оны 08 сарын 28-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолбол хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 08 сарын 28-ны өдөр мөн дууссан байна.

5.4.  Хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

6.   ...Төлбөр барагдуулах гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулахаар Т ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийхэд төлбөрөө төлнө гэж мэдэгдсэн... гэх давж заалдах гомдлоо нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотолж чадаагүй.

7.   Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаар бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зохицуулсан тул прокурорын гаргасан ...төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй... гэсэн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн, талууд гэрээний харилцаанд орсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэн маргааныг шийдвэрлэх боломжгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03439 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД 

Д.НЯМБАЗАР