Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03439

 

 

 

 

 

2023 10 27

181/ШШ2023/03439

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХААХҮЯ -ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Т ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,688,437,186.96 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, прокурор Б.И нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХААХҮЯ /хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам/ нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан талуудын хоорондох 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ХҮГСДХ/ТБГ-04 дүгээр Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 3,338,188,809.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд мөнгөн төлбөр гаргуулах шаардлагын хэмжээг 1,688,437,186.96 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан Оёдол, нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхэд зээлийн бодлогоор дэмжиж, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монголын оёдлын нэгдсэн холбоо, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос санаачлан сурагчийн дүрэмт хувцсыг кластераар үйлдвэрлэж, Монгол ноосон даавуу үйлдвэрлэх төслийг ирүүлсэн. Эдгээр төсөл нь хэрэгжих брломжтой, зах зээл нь баталгаатай гэж үзэн дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай 250 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17.0 тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6.0 тэрбум төгрөг, нийт 23.0 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл эрхлэгчдэд 2013 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэн, сурагчийн дүрэмт хувцасны захиалга, үйлдвэрлэл, нийлүүлэлт, зээлийг ашиглах болон эргэн төлөх арга хэмжээг Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулан, зохион байгуулж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт даалгасан.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр хөдөө аж ахуйн яам /хуучнаар/, Хөдөлмөрийн яам хооронд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 дугаар Дамжуулан зээлдүүлэх гэрээ-г байгуулсан.

Уг гэрээг үндэслэн Т ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХҮГСДХ-1/4 дүгээр зээлийн гэрээ байгуулж Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлт-ийн санхүүжилтэд 1,836,000,000 төгрөгийн зээлийг Монголын оёдлын нэгдсэн холбооны дансаар дамжуулан, хариуцагч өөрийн дансаар авсан байдаг.

Т ХХК нь ҮХААЯ-тай байгуулсан ХҮГСДХ-1/4 Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлтийн санхүүжилтэд зориулж авсан зээлийн Эргэн төлөлтийн үүргээ биелүүлж 2013 оны 10 дугаар сарын 11-нээс 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 25 удаагийн гүйлгээгээр 1,864,350,000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан.

Талууд ХҮГСДХ-1/4 дүгээр Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлтийн гэрээг Аж үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг гарч /тухайн үеийн/ 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ-г дүгнэж тэмдэглэл үйлдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний үлдэгдэл, өр авлагын хэмжээ, төлбөр төлөгдсөн талаарх баримтыг үндэслэн гэрээг дүгнэсэн байдаг.

Мөн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх цогц ажлын хүрээнд Ноосон даавуу үйлдвэрлэх төсөл-д шаардагдах даавуу үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулж ҮХААЯ, М ХХК хооронд ХҮГСДХ-1/8 дугаар зээлийн гэрээг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 12.0 тэрбум төгрөгийг М ХХК-д оёдлын нэгдсэн холбоогоор дамжуулж олгосон.

2013 онд М ХХК-иас Т ХХК нь Сурагчийн дүрэмт хувцасны үндсэн материал болох ноосон даавуу, хээтэй даавуу нийт 1,687,259,849.40 төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг зээлээр авсан байдаг. Энэ ажлын хүрээнд М ХХК-д даавуу түүхий эдийн үнэд 138,800,000 төгрөгийн төлбөрийг төлсөн.

Хариуцагч Т ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХҮГСДХ-1/4 дүгээр зээлийн гэрээ болон Сурагчийн дүрэмт хувцасны үндсэн материал болох ноосон даавуу, хээтэй даавууны үндсэн төлбөрийг хүү, алдангийн хамт ҮХААЯ-д төлж барагдуулахаар тохиролцож 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ХҮГСДХ/ТБГ-04 дүгээр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан.

Энэхүү гэрээний 2 дахь хэсэг болох Төлбөр хэсгийн 2.1.1-д заасны дагуу 2013 онд байгуулсан зээлийн гэрээ Сурагчийн дүрэм хувцас үйлдвэрлэх зориулалтаар олгосон

- зээлийн төлбөр болох 1,191,858,844 төгрөг,

- зээлийн гэрээний 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хүү 29,943,413 төгрөг,

- зээлийн гэрээний 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх алданги 2,026,160 төгрөг,

2.2-т заасны дагуу М ХХК-иас хариуцагч Т ХХК-д олгосон дүрэмт хувцас үйлдвэрлэх үндсэн материал болох даавууны төлбөр болох

- даавууны үндсэн үнэ 1,548,459,849.44 төгрөг,

- даавууны зориулалттай зээлийн гэрээний 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хүү 109,856,087.82 төгрөг,

- даавууны зориулалттай зээлийн гэрээний 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх алданги 30,121,249.7 төгрөг төлөхөөр тохирсон байдаг.

Энэхүү Төлбөр барагдуулах гэрээний 2 дахь нөхцөлөөр хариуцагч Т ХХК нь ҮХААЯ-д 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2,912,265,602.96 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг.

Хариуцагч Т ХХК нь энэхүү гэрээний тохирсон үүргээ биелүүлээгүй бөгөөд яаманд төлөх ёстой дээрх төлбөрөөс яамны харьяа байгууллага тухайн үеийн Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төсөл-ийн данс болон Жижиг, дунд үйлдвэрийн газрын дансанд нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй өнеөдрийг хүрсэн байна.

Түүнчлэн ХХААХҮЯ нь Төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлагыг удаа дараа тус компанид хүргүүлж байсан боловч сурагчийн дүрэмт хувцастай холбоотой өр төлбөр байхгүй гэсэн худал тайлбар ирүүлэх, ажлын хэсгийн төлөвлөгөөт шалгалтын үед биеэр ирж тайлбар гаргахдаа уг төлбөрийг хүлээн зөршөөрдөг хэдий ч төрийн бусад байгууллага руу өр төлбөрөөс чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргах зэргээр ёс зүйгүй үйлдлийг удаа дараа хийсээр байгаа тул 2014 онд Т ХХК, ҮХААЯ хооронд байгуулсан ХҮГСДХ/ТБГ-04 дүгээр Төлбөр барагдуулах гэрээний 9.2-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна.

Иймд хариуцагч Т ХХК-иас 2014 онд Төлбөр барагдуулах гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж нэхэмжилж байгаа зээлийн төлбөр 1,846,915,602.96 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хүү 979,030,009.86 төгрөг, алданги 512,243,196.70 төгрөг, нийт 3,338,188,809.52 төгрөгийг гаргуулж төрийг хохиролгүй болгож өгөхийг хүсье.

 

1.2. ...Т ХХК нь Төлбөр барагдуулах гэрээний 2.1-д заасан буюу ХҮГСДХ-1/4 дүгээр Зээлийн гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангийг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Одоо уг гэрээний 2.2-т заасан буюу М ХХК-иас авсан даавууны үндсэн үнэ 1,548,459,849.44 төгрөг, даавууны зориулалттай зээлийн гэрээний хүү 109,856,087.82 төгрөг, алданги 30,121,249.7 төгрөг нийт 1,688,437,186.96 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлд хавсаргасан тооцоололд алдаа гарсан байх тул нэхэмжилж буй мөнгөн дүн дээр 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаарх хүү, алданги нэмэгдэж дахин тооцоолол хийлгэх шаардлагатай. ... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

2.1. ...Т ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай ХҮГСД-1/4 дүгээр Зээлийн гэрээний үндсэн дээр авсан 1,836,000,000 төгрөгийн зээлийг хүү, алдангийн хамт бүрэн төлж барагдуулсан. Энэ тухай олон удаа тус яаманд бичгээр мэдэгдэж байсан бөгөөд холбогдох баримтуудыг хамтад нь илгээж байсан болно.

Түүнчлэн М ХХК болон Ө ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МӨ-01 тоот Сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу Ө ХХК-иас даавуу авч байсан болно. Т ХХК-ийн удирдлагаас тодруулахад даавууны төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэдэг...

 

2.2. ...Төлбөр барагдуулах гэрээний 2.2.1-2.2.3-д заасан задаргаа мөнгөн дүнгүүд нь 2.2-т заасан нийт 1,758,259,078.4 төгрөгийн дүндээ тохирохгүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн уг гэрээнд хүү, алданги төлөхөөр тохиролцсон зохицуулалт бахйгүй байна. Т ХХК нь ҮХААЯ-тай даавууны зориулалттай зээлийн гэрээний харилцаанд ороогүй. Түүнчлэн Т ХХК нь даавууг худалдан авахдаа ямар нэгэн бичгийн гэрээ хийгээгүй тул хүү, алданги үүсэхгүй. Харин худалдаж авсан даавууныхаа үнэ 1,548,459,849.44 төгрөг төлөх л асуудал үүснэ. Уг дүнгээс НӨАТ хасагдвал 1,407,690,771 төгрөг болно. Үүнийг Төлбөр барагдуулах гэрээнд зааснаар 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх ёстой. Энэ өдрөөс шаардах эрх үүсэх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан. Т ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлбөр төлөхөө ямар нэгэн байдлаар илэрхийлж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүйн гадна, өнгөрсөн байна. Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Прокурор нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж, дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд:

...Сурагчийн дүрэмт хувцасны оёдлын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих, сурагчдыг цэвэр ноосон хувцсаар хангах үйл ажиллагааг Засгийн газраас хэрэгжүүлсэн. Оёдлын нэгдсэн холбоо зохион байгуулж М ХХК-ийн үйлдвэрлэсэн даавууг нийлүүлж төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Төлбөрийг төлөөгүй гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нотлох баримтуудаар нотлогдож байна. Талууд ч маргаагүй. Төлбөрийг төлөөгүй явдал нь төрийн эрх ашгийг зөрчиж байна. Мөн дараа дараагийн аж ахуйн нэгж байгууллагуудад зээл олгох, дэмжих үйл ажиллагаанд саад учруулж байгаа учир нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзнэ. Т ХХК төслийн хүрээнд авсан даавууны төлбөрийг буцаан төлөөгүй нь төр, нийтийн ашиг сонирхлыг тус тус зөрчиж байна. Т ХХК төлбөрөө төлөхгүй гэж байгаа нь ёс зүйгүй, хариуцлагагүй болохоо харуулж байна. Т ХХК-ийн захирал М.Жаргалмаа нь Яам болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү төлбөрөө төлсөн хэмээн албан бичгээр мэдэгддэг. Монголын оёдлын нэгдсэн холбооны тамга тэмдгийг ашиглаж, өөрсдийн төлбөрийг хамтад нь чөлөөлүүлэх агуулгатай албан бичиг хүртэл хүргүүлж байсан. Эдгээр ёс зүйгүй үйлдэл хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бичгийн тайлбараа 14 хоногийн дотор гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч тал төлбөрөө төлөөгүй гэх байдлаар мэтгэлцэж байгаа. Харин хариуцагч тал төлбөрөө төлсөн гэх боловч энэ талаар нотлоогүй атлаа шүүх хуралдааны үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг гаргаж байна. Төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Даавууны төлбөрийг төлөх хугацаа, график болоод шаардах эрх хэзээ үүссэн, гэрээг хэзээ дүгнэх талаар баримт байхгүй учир нэхэмжлэгч шаардлага гаргаснаар хариуцагч 30 хоногийн дотор гэрээний үүргийг биелүүлэх хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх боломжтой. Иргэний хуульд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаар заасан. Хүү, алданги тооцох эсэхийг шүүх шийдэх байх. Нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,688,437,186.96 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой. ... гэв.

 

4. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд

4.1. Нэхэмжлэгчээс: Т ХХК-ийн зээлийн нарийвчилсан тооцоо, Ш.М, А.Н, В.Б, Б.М, Б.Э нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /ҮХААЯ/ болон Хөдөлмөрийн яам-ны хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ҮХААЯ-201430716-001, ХЯ-9/201302 дугаар Дамжуулан зээлдүүлэх гэрээ, ҮХААЯ болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ХҮГСДХ-1/4 дүгээр Зээлийн гэрээ /хавсралт 1, 2/, ҮХААЯ болон М ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 дугаар Зээлийн гэрээ /хавсралт 1/, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог төлөөлж М ХХК болон Монголын оёдлын нэгдсэн холбоог төлөөлж Ө ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн МӨ-01 дүгээр Сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээ /хавсралт 1/, М ХХК, Т ХХК-ийн хооронд хийсэн 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /Т ХХК-д хүлээлгэн өгсөн даавууны тооцоо/, ҮХААЯ болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ХҮГСДХ/ТБГ-04 дүгээр Төлбөр барагдуулах гэрээ /хавсралт 1, 2, 3-1/, ҮХААЯ болон Т ХХК-ийн хоорондох 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн ХҮГСДХ-1/4 дүгээр Зээлийн гэрээг дүгнэсэн тухай тэмдэглэл, ХХААХҮЯ /ХХААХҮЯ/-аас М ХХК-д хүргүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/3253 дугаар Нотлох баримт ирүүлэх тухай албан бичиг, Могол ноос ХХК-иас ХХААХҮЯ-д ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 20/0103 дугаар хариу албан бичиг, ХХААХҮЯ-аас Т ХХК-д хүргүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01/256 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Т ХХК-иас ХХААХҮЯ-д ирүүлсэн 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр хариу албан бичиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргад 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 5/86 дугаар Өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг, Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци-иас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 02/21 дүгээр албан бичиг, ХХААХҮЯ-аас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 01/895 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, ҮХААЯ-аас Оёдлын нэгдсэн холбоонд хүргүүлсэн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05/188 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ҮХААЯ-аас ... ХХК-д хүргүүлсэн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05/189 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Төмөр трейд ХХК-иас Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хүргүүлсэн 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 195 дугаар албан бичиг, Могол ноос ХХК-иас оёдлын үйлдвэрүүдэд зээлээр олгосон даавууны болон зээлийн хүүгийн тооцоо /2014.5.15-ны өдрийн байдлаарх/, үүнээс Т ХХК-д ногдох хүүгийн тооцоо /2014.6.15-ны өдрийн байдлаарх/, ҮХААЯ-аас Т ХХК-д хүргүүлсэн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 05/930 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 01/2426 дугаар Урилга хүргүүлэх тухай албан бичиг, ЖДҮДС-н тооцооны нягтлан бодогч З.Бадамцэцэгийн гаргасан Сурагчийн дүрэмт хувцас төслийн зээлийн эргэн төлөлтийн тооцоо /2020.5.09-ний өдрийн байдлаарх/, Т ХХК-иас ХХААХҮЯ-ны хуулийн хэлтэст хүргүүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19/27 дугаар албан бичиг /мөнгөн шилжүүлгийн баримтын жагсаалт/, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 20/01 дүгээр албан бичиг /мөнгөн шилжүүлгийн баримтууд, жагсаалт/, ХХААХҮЯ-аас Т ХХК-д хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 01/2688 дугаар Гэрээ дүгнэх тухай албан бичиг, Т ХХК-иас ХХААХҮЯ-д /сайд, төрийн нарийн бичгийн дарга нарт/-д хүргүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 20/42 дугаар, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/43, 20/44 дүгээр, 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 20/45 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20/49 дүгээр албан бичгүүд, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэм хувцасны үйлдвэрлэлд олгосон зээлийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан зэргийн хуулбар, Т ХХК-ийн захирал М.Жаргалмаатай 2021 оны 2 дугаар сарын 09, 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд уулзсан уулзалтын тэмдэглэл, Т ХХК болон М ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн даавууны зээлийн тооцоо нийлэх уулзалтын тэмдэглэл ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/168 дугаар А.Наранмандахыг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийн хувилсан хувиуд /1хх 7-104, 132, 158-185, 188/-ыг,

 

4.2. Хариуцагчаас: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Алтангэрэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /1хх 107-108/-ийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2022/08956 дугаар захирамжийн дагуу Хаанбанк ХХК-иас: Монголын оёдлын нэгдсэн холбоо ТББ-ын 5099999690 дугаар дансны 2013 оны 7 дугаар сарын 18-наас 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга /1хх119-123/,

- 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШЗ2022/13799 дүгээр захирамжийн дагуу Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос: 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 470 дугаар Эрх олгох тухай тушаал, 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 385 дугаар тогтоол, ҮХААЯ-д хүргүүлсэн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 464 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, /хавсралтаар даавууны өртгийн тооцоо/, М ХХК болон Кингтекс ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Худалдааны гэрээ, хавсралтаар Даавуу нийлүүлэх хуваарь /1хх 146-154/-ийн хуулбар,

Монголын оёдлын нэгдсэн холбооноос: 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар хариу албан бичиг /1хх 184/-ийг,

ХХААХҮЯ-аас: ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/265 дугаар Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэл төсөл-ийн хэрэгжилтийн үйл ажиллагааг зохицуулах тухай тушаал, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэл, борлуулалт, зээлийн эргэн төлөлтөнд хяналт тавих тогтмол ажиллагаатай хяналтын багийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж, Хяналтын зөвлөлийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, ҮХААЯ-ны сайдын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/96 дугаар Хамтарсан хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын удирдамж батлах тухай тушаал /хавсралт 1, 2/, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/71, А/36 дугаар Хамтарсан ажлын бүрэлдэхүүн, ажлын удирдамж батлах тухай тушаал /хавсралт 1, 2/, Монголын оёдлын нэгдсэн холбоо-ноос ҮХААЯ-д хүргүүлсэн 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Батлан даалт, Итгэмжлэх олгох тухай албан бичгүүд, Оёдлын нэгдсэн холбоо болон кластерийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч долоон ААН-үүдийн хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар Хамтын ажиллагааны гэрээ, ҮХААЯ болон Оёдлын нэгдсэн холбоо нарын хооронд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ХҮГ-20130723 дугаар Хамтран ажиллах гэрээ, Оёдол, оёмол бүтгээгдэхүүн үйлдвэрлэл төсөл хэрэгжүүлэх нэгж-ээс Монгол улсын хөгжлийн банкинд хүргүүлсэн 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн В-2 дугаар албан бичиг, Монголын оёмол бүтгээгдэхүүн үйлдвэрлагч, экспортлогчдын холбоонд хүргүүлсэн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/2 дугаар албан бичиг, Оёдлын нэгдсэн холбоо-нд хүргүүлсэн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 130517/2 дугаар албан бичиг, Төмөр трейд ХХК-д хүргүүлсэн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн В-19 дүгээр Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Сурагчийн дүрэмт хувцасны чанарын хяналт /2013.11.15-26-ны өдөр хүртэл/, Оёдол, оёмол бүтгээгдэхүүн үйлдвэрлэл төсөл хэрэгжүүлэх нэгж-ийн 2013 оны 11 дүгээр сарын 01, 05, 07, 2013 оны 10 дугаар сарын 03, 04, 09, 14-ний өдрийн Ажлын тайлан гэх баримтууд /1хх 202-219, 227-231, 238-250, 2хх 1-19/-ын хуулбар,

- 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2023/16749 дүгээр захирамжийн дагуу гэрч Ч.Буянбаатар, Ч.Эрдэнэбат нарын гэрчийн мэдүүлэг, Ө ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/11 дүгээр мэдэгдлийн хариу албан бичиг /2хх 40-53/-ийг тус тус бүрдүүлсэн.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХААХҮЯ /хуучнаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам/ нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан талуудын хоорондох 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ХҮГСДХ/ТБГ-04 дүгээр Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 3,338,188,809.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд мөнгөн төлбөр гаргуулах шаардлагын хэмжээг 1,688,437,186.96 төгрөг болгон багасгаж, үүнийг нь прокурорын зүгээс дэмжсэн.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ... гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоол, Сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийг дэмжихэд 23.0 тэрбум төгрөгийн зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор шийдвэрлэсэн Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаар тогтоол зэргийг үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /цаашид ҮХААЯ гэх/ болон Хөдөлмөрийн яам-ны хооронд 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ҮХААЯ-20130716-001, ХЯ-9/2013/02 дугаар Дамжуулан зээлдүүлэх гэрээ, ҮХААЯ нь Т ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ХҮГСДХ-1/4 дүгээр Зээлийн гэрээ, М ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХҮГСДХ-1/8 дугаар Зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.

 

2. ХҮГСДХ-1/4 дүгээр гэрээгээр Т ХХК-д сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх санхүүжилтэд нь зориулж 1,836,000,000 төгрөгийг, ХҮГСДХ-1/8 дугаар гэрээгээр М ХХК-д сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд шаардагдах даавууны санхүүжилтэд зориулж 12,000,000,000 төгрөгийг тус бүр жилийн 7.0 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 4 сарын хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор харилцан тохиролцжээ.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлдүүлэгч ҮХААЯ нь зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон, зээлдэгч Т ХХК нь тохирсон хугацаанд зээлийн хуваарьт заасан төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

 

3. М ХХК нь нийт 798,866 метр даавууг зээлийн хөрөнгөөр бэлтгэж, энэхүү даавуунаас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх нэр бүхий оёдлын компаниуд түүний дотор Т ХХК нь 106,815.6 метр даавууг худалдан авсан гэх бөгөөд ийнхүү авахдаа тэднийг Монголын оёдлын нэгдсэн холбооноос итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Ө ХХК төлөөлж М ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр МӨ-01 дүгээр Сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

 

4. Тухайн компаниуд сурагчдын дүрэмт хувцасны борлуулалтын орлогоос нэгдсэн дансанд төвлөрүүлэх замаар даавууны үнийг төлөхөөр тохиролцсон, Т ХХК-тай тооцоо нийлсэн актыг үндэслэн М ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийг нэхэмжлэх эрхтэй боловч тус компани нь ХХААХҮЯ /цаашид ХХААХҮЯ гэх/-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

5. Улмаар ХХААХҮЯ болон Т ХХК-ийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ХҮГСДХ/ТБГ-04 дүгээр Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Т ХХК нь талуудын хоорондох ХҮГСДХ-1/4 дүгээр Зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,191,858,844 төгрөг, хүү 29,943,413 төгрөг, алданги 2,026,160 төгрөг /1,191,858,844+29,943,413+2,026,160=1,223,828,417/ болон М ХХК-иас олгосон даавууны төлбөрийн үлдэгдэл 1,548,459,849.44 төгрөг, даавууны зориулалттай зээлийн гэрээний хүү 109,856,087.82 төгрөг, алданги 30,121,249.7 төгрөг /1,548,459,849.44+109,856,087.82+30,121,249.7=1,688,437,186.96/ нийт 2,912,265,602.96 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ХХААХҮЯ-д төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар, бичгээр байгуулсан гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч талууд гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

6. Т ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд 25 удаагийн гүйлгээгээр нийт 1,864,350,000 төгрөгийг ХҮГСДХ-1/4 дүгээр Зээлийн гэрээний төлбөрт төлж бүрэн барагдуулжээ.

 

7. Зохигчид дээр дурдсан үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагчийн хувьд М ХХК-иас худалдаж авсан даавууны үлдэгдэл төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боловч үүнээс НӨАТ-ыг хасч тооцоогүй, мөн тус компанийн авсан зээлийн хүү, алдангийг төлөх үндэслэлгүй талаар маргаж, Төлбөр барагдуулах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзсан.

 

8. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан ба мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсгүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

 

Талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээнд төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хугацааг тохирсон учир нэхэмжлэгчид гэрээний үүргийг шаардах эрх энэ өдөр үүссэн ба хариуцагч 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөрийг төлөх хэлбэрээр шаардлагыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

 

Иймээс Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолбол гурван жилийн хугацаа 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дуусчээ.

 

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан талаар ямар нэгэн баримт хэрэгт цуглараагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. гэсэн зохицуулалтад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар нь үүргээс татгалзах эрхийг үүрэг гүйцэтгэгчид олгож байгаа учир нэхэмжлэгчийн шаардах эрх үгүйсгэгдэнэ.

 

Иймд хариуцагч Т ХХК-иас 1,688,437,186.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэх явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,688,437,186.96 болгож багасгасантай холбогдуулан тооцооллын алдаа гарсан гэх шалтгаанаар хүү, алдангийн тооцооллыг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дахин хийлгэх хүсэлтийг гаргасан.

 

Гэвч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчлэх бөгөөд дээрх хүсэлтийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн зохицуулалтад хамаарахгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 123 дугаар зүйлийн 123.2, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 1,688,437,186.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН